Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

        Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн иргэн С.Нэргүйн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Жинст багийн иргэдийн нийтийн хурлын дарга Г.Болор-Эрдэнэд холбогдох Есөнбулаг сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 28-ий өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулж, Жинст багийн Засаг даргыг сонгох хурлыг хууль тогтоомж, хурлын дэгийг зөрчсөн болохыг тогтоох, Засаг даргад нэр дэвшүүлсэн саналын тоог хүчингүй болгуулах  шаардлага бүхий  хэргийг шүүгч Б.Саранчимэгээс 2017 оны 04 дүгээр сарын  05-ны  өдрийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад                                        хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Нэргүй, хариуцагч Г.Болор-Эрдэнэ, гуравдагч этгээд Л.Мөнхнасан , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч  С.Нэргүй нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан Жинст багийн иргэдийн Нийтийн хурлаар Засаг даргаар Л.Мөнхнасанг өргөн мэдүүлсэн 04 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Жинст багийн Иргэдийн Нийтийн хурлаар Засаг дарга сонгох ажлыг ахалж ажилласан ажлын хэсгийн ахлагч Н.Оюунцэцэг ажлын ур чадваргүй, зохион байгуулалтгүй хэт нэг талыг барин ажиллаж бүртгэлийг замбараагүй бүртгэсэн, дугаар давхардсан бүртгэлийн хуудас дээрх санал өгсөн хүний тоо, гарын үсэг зурсан хүний тоо, тогтоол дээрх саналын тоотой зөрүүтэй, бүртгэл хөтөлж дууссанаас хойш орж ирсэн нэр бүхий хүмүүсийг өөрсдөөр нь бүртгэлийн хуудас дээр нэрийг нь бичүүлж гарын үсгийг нь зуруулж дугаар өгөлгүй саналыг нь авсан. Саналаа өгөх гээд Иргэдийн Нийтийн хурал дуусаагүй байхад ирсэн иргэдийг оруулахгүйгээр хаалгаа түгжсэн, хаалгыг хоёр удаа түгжсэн  хэрнээ дараа нь ирсэн иргэдийг оруулж саналыг нь авсан. Бүртгэлийг богино хугацаанд хийж явуулсан нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчиж ялгаварласан байдалтай хандсан нь ноцтой зөрчил гэж үзэж байгаа учраас Иргэдийн Нийтийн хурлын багийн дарга сонгох сонгууль нь шударга бус явагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Оюунцэцэг ажлын хэсгийн ахлагч хаалга барьсан. Заалны хаалгаа түгжсэн, төв хаалгыг жижүүрээр нь түгжүүлсэн байгаа. Үүнийг харсан гэрч байгаа үүдэн дээр нь ирээд буцсан иргэд бол бүгд мэдэж байгаа. Г.Амгалан гэдэг иргэн өндөр настай хөгшин хүн хөгшнөө дагуулаад, хүүхдүүдээ дагуулаад нэг гэр бүлийн 6 хүн ирээд бид нар яагаад ч орж чадахгүй буцлаа шүү гээд утсаар хэлээд би энэ дотроос яах ч арга байхгүй та буцдаа хэдий болтол үүдэнд зогсох уу гээд явуулсан байгаа. Шат өөд хүмүүс цувраад зогссон байхад хаалгаа түгжээд одоо бүртгэл дууссан та нар хуралдаа эрт ирэхгүй яасан юм гэдэг байдлаар явагдсан. Манай баг бол 1241 орчим сонгогчтой. 20 өрх дутмаас нэг хүн ирсэн байхад хурал хүчинтэй болдог. Энэ хурал хүчинтэй болсон. Гэхдээ цаана нь олон иргэн ирээд орох гээд орж чадалгүй буцсан энэ иргэдийн эрх зөрчигдсөн. Тэгж хаалга түгжчихээд оруулахгүй байсан хэрнээ сүүлд нь нэр бүхий Г.Ариунболд, Ч.Удвал, Р.Батмөнх гээд гурван хүн өөрсдөө нэрээ бичээд гарын үсгээ зураад саналын хуудас аваад санал өгсөн байх жишээтэй. Бүртгэл нь дуусаад санал хураалт дуусаж байхад орж ирсэн. Манай багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Д.Дамдин-Очир тэргэнцэртэй ирсэн байсан. Эхнэр нь ард нь  түрээд хамгийн сүүлд хүмүүс шингэрэх гээд саналыг нь өгүүлэх гээд хараад зогсож байсан. Д.Нарангэрэл хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Тэр хүмүүс тэр гурван хүнийг яваад өгөхөөр нь ингэж болохгүй шүү дээ бүртгэл дууссан байхад гэж хэлсэн байгаа. Энэ хүмүүс хэлээд байхад бүртгэж байсан Нямаа Болдоо ахаа нааш ир энд гарын үсгээ зураад өг гэж хэлээд өгүүлээд явуулчихлаа гэсэн. Хурал тарсаны дараа бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ тэргэнцэртэй нь өргөж гаргаад гэрт нь хүргэж өгөөд явж байхад багийн дарга минь наад сонгууль чинь будилаантай болчихлоо бүртгэл дууссанаас хойш орж ирсэн хүмүүс өгчихлөө урт үстэй хүн бичиг баримтаа ав Болдоо ахаа гэж хэлээд иргэний үнэмлэхийг нь өглөө Болдоо гэдэг нэртэй хүн юм шиг байна гэсэн. Тэгээд би маргааш нь зохион байгуулж ажилласан ажлын хэсэг дээр ороод би нэртэй нь танилцая тэр хүнийг үнэн хэлж үү худлаа хэлж үү гэдэг байдлаар ороод харсан үнэхээр тэгсэн байсан. Би гар утсан дээр баталгаажуулж аваад шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлээ бичсэн байгаа. Хурлын бүх материалтай танилцья гэсэн танилцуулаагүй 3 хоносон. Тэгээд 3 хоногийн дараа танилцсан наад саналын хуудас чинь тамга дарж баталгаажуулаагүй задгай очсон байсан материалтай танилцах үед Эрдэнэбат дарга, Оюунцэцэг хоёртой сууж байгаад өөрийн багийн тамгыг дээд тал нь 3 удаа, доод талд нь 3 удаа дарсан байгаа гэв. Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Г.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу  тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Жинст багийн Иргэдийн нийтийн хурлыг Н.Оюунцэцэг, Б.Билэгдэмбэрэл, С.Жавхлантуяа, А.Нямаа, З.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 01-р сарын 28-ны өдөр зохион байгуулсан. Сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Намуун-Эрдэнэ, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Сувданцэцэг нар хяналт тавин хамтран ажилласан.

Багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дэгээ батлуулан ажлаа зохион байгуулан явуулсан.

Ажлын хэсэг А.Нямаа, З.Болорнаран нар иргэдийн нэрсийг бичиж, Б.Билэгдэмбэрэл иргэний үнэмлэхийг шалган, хаягийн нарийн хуудас байхгүй иргэнийг С.Жавхлантуяа хүн ам өрхийн мэдээллийн санд компьютер дээр шүүж нэрсээ бичсэн.

Тооллогын комиссыг иргэд дундаасаа 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгон Тооллогын комисс санал хураах, тоолох, дүн гаргах ажлыг зохион байгуулан явуулж, багийн Засаг даргад нэр дэвшигч Л.Мөнхнасан 50.81 хувийн санал авсныг тооллогын комисс тогтоол гаргаж,  иргэдийн Нийтийн Хурлаар Л.Мөнхнасанг Жинст багийн Засаг даргаар баталсан. Гэтэл 2017 оны 01-р сарын 30-ны өдөр багийн Засаг даргад нэр дэвшигч С.Нэргүй ирээд өөр багаас хүн ачиж ирсэн, 3 иргэн сүүлд ирж санал өгсөн, нэрсийн жагсаалтад гарын үсэг зураагүй хүн байна гэж маргаан гарган санал хураалт явуулсан материалтай танилцах хүсэлт гаргасны дагуу материалтай танилцуулсан. Ажлын хэсэг нэрсийн жагсаалтад бичигдсэн бүх хүнийг Жинст багийн цахим Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн сүлжээгээр шалгахад бүгд мэдээллийн санд байсан бөгөөд нэг ч өөр багийн иргэн байхгүй байсан.

Бид хаалга түгжиж бүртгэл зогсоосон юм байхгүй бүртгэлээ авч иргэдийн саналыг авсан. Сүүлд бичигдсэн нэр бүхий 3 иргэн гурвуулаа Жинст багийн иргэн байсан учир иргэний сонгох, сонгогдох эрхийн дагуу саналыг авсан. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлд Багийн иргэдийн Нийтийн Хурлын талаар 2 заалт байдаг бөгөөд нэрсийн жагсаалт гаргаж заавал гарын үсэг зуруулна гэсэн заалт байхгүй бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын ажлыг эмх цэгцтэй явууулахын тулд нэрсийг нь бичиж гарын үсэг зуруулсан.  Ажлын хэсэг 1-400 дугаар бэлтгэн авч ирсэн байсан. Нэрсийн жагсаалтын 211-т Баатарын Ичинхорлоо бичигдсэн боловч С.Жавхлантуяагаар хүн ам өрхийн мэдээллийн . санд шүүлгэхэд нэр нь байгаагүй тул энэ дугаарыг    нэр    бичсэн А.Нямаа    Ч.Намуун-Эрдэнэд хэлж устгуулан, нэрийг дарж хүн бичээгүй үлдээсэн байлаа. 

 Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын нэрсийн жагсаалтад 266 иргэн бүртгэгдсэнээс 244 иргэн саналаа өгч жагсаалтад 241 иргэн гарын үсэг зурсан байгаа бөгөөд тооллогын комисст орж ажилласан Д.Жаргал, Д.Долгорсүрэн, Ш.Дариймаа нар санлаа өгсөн боловч тооллогын комиссын ажил ихтэй байсан учир гарын үсэг зураагүй байгаа болно. Нэрсийн  жагсаалтын 81, 229,230,231,232 дугаарууд тухайн үед олдоогүй, хүмүүс яааруулаад байхаар нь дугаар алгасч бүртгэсэн гэж бүртгэл хөтөлсөн З.Болорнаран,  А.Нямаа нар тайлбарлалаа.

Санал хураагаад дууссаны дараа дугаарууд үлдсэн   хуйлсан дугаар бүхий цаасан дотроос  гарч  ирсэнийг     тухайн  үед     иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  нарийн  бичгийн дарга Д.Сувданцэцэгт хүлээлгэн өгсөн болно. Цаасан дээр дугаар бичээд өгөхөөр иргэд өөрсдөө бичээд саналаа өгнө гэж ярилцаад гараар бичиж өгөөгүй дугаараа алгасч бичсэн. Нэрсийн жагсаалтын 81.211, 229, 230, 231, 232 дугааруудад иргэдийн нэрс бичээгүй дугаарч олгоогүй, гарын үсэг зуруулаагүй болно.

Нэрсийн жагсаалтад 270 хүн бүртгэгдсэнээс 153,154 дугаар давхардаж, 272 болж өгөөгүй 6 дугаарыг хасаад 266 иргэн нэрсийн жагсаалтад бичигдэн тоо таарч байгаа бөгөөд бүгд Жинст багийн иргэд байгаа болно.

Ажлын хэсэг хэт нэг талыг барьж ажилласан гэжээ. Ажлын хэсгийнхэн төрд тангараг өргөсөн албан хаагчид улс төр, намаас ангид байж ажлаа хийсэн гэж би үзэж байна.  Нэг талыг барьсан ямар ч үйлдэл байхгүй. Тухайн үед иргэд олноороо ирж ачаалал ихтэй байснаас дугаараа олохгүй яарч тэвдэн дугаар алгассанаас өөр зүйл байхгүй.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.10 "Баг хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх дутмаас, хороо аймгийн төвийн сумын багт 20-30 өрх  тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно" гэжээ.  Манай талаас хаалга барьсан нэг талыг барьсан асуудал гаргаагүй гэж хурлын дарга миний хувьд үзэж байна. Хурлын үеэр хаалга түгжсэн иргэдийг оруулаагүй эрхийг нь хаасан гэдэг асуудал үнэхээр гараагүй. Би хуралд нэр дэвшээд анхны хуралд орсон. Эхний Иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгох үед хуучин дарга нь даргалаад явсан. Дараа нь би ажлаа аваад хурлыг удирдсан байгаа.

         Гуравдагч этгээд Л.Мөнхнасан нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  1 дүгээр сарын 28-ны өдөр багийн Засаг даргын сонгууль болсон. Манай баг дээр тайван амгалан сонгууль болсон гэж үзэж байна. Хаалга барьсан асуудал бол байхгүй өөрөө хамгийн сүүлд ирсэн хоёр хүнийг хөтөлж оруулж ирээд гарын үсэг зуруулаад санал өгүүлсэн. Ирсэн иргэд болгон саналаа өгсөн. 250 хүн саналаа өгсөн бид хоёрыг хүндлээд ирээд саналаа өгсөн иргэдээ хүндлэх хэрэгтэй гэж бодож байна би гомдолтой байна гэв.

  Гэрч  Л.Туяа нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө: Их хүнтэй байсан. Хурал тарахын өмнөхөн хаалга түгжсэн. Одоо бүртгэхгүй шүү гэж байсан тэгээд хаалга түгжээд оруулахгүй байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-т Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг чөлөөлөх, огцруулах буюу огцрох тухай хүсэлтийг нь хэлэлцэх тохиолдолд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн Хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно” гэж зааснаар Есөнбулаг сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын /ИНХ/ тухайд хурал хүчинтэй эсэх дээр маргаан үүсээгүй харин багийн Засаг даргыг сонгох санал хураалт хууль тогтоомж зөрчсөн, хурлын дэгээ зөрчсөн, бүртгэл дууссаны дараа иргэдээр санал өгүүлсэн, санал өгсөн хүний тоо гарын үсгээр баталгаажаагүй, дугаарлалт алдаатай, хаяггүй иргэнд дугаар өгсөн байх магдлалтай бүртгэлийг богино хугацаанд хийж дуусгаад иргэдийг оруулахгүй хаалга түгжсэн тул 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн багийн  иргэдийн Нийтийн Хурлын Жинст багийн Засаг даргыг сонгох хурлыг хууль тогтоомж, хурлын дэгийг зөрчсөн болохыг тогтоох, багийн иргэдийн Нийтийн Хурлын 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Засаг даргад нэр дэвшүүлсэн саналын тоог хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

          2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуралдсан Есөнбулаг сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг аймгийн  Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас томилогдсон Н.Оюунцэцэг, С.Жавхлантуяа, А.Нямаа нарын бүрэлдэхүүнтэй комисс хурлын зохион байгуулалт, тухайн багаас хуралд оролцохоор ирсэн иргэдийг хүн ам өрхийн мэдээллийн сангийн программаас шүүж тулган бүртгэл хөтлөх зэрэг ажлыг хариуцан ажилласан байгаа нь хэргийн оролцогч нарын тайлбар, ажлын хэсгийн гишүүдийг шүүх гэрчээр асуусан тэмдэглэлээр тогтоогдож байна.

Багийн Засаг даргыг сонгох сонгуульд Монгол ардын намаас Л.Мөнхнасан, Ардчилсан намаас С.Нэргүй нар нэр дэвшин өрсөлдөж 244 иргэн санал өгсөнөөс Л.Мөнхнасан 124 буюу 50.81 хувийн санал, С.Нэргүй 120 буюу 49.19 хувийн санал авсаныг тооллогын комисс танилцуулж, Л.Мөнхнасанг Жинст багийн Засаг даргаар томилуулах тухай багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг уншиж танилцуулан сумын Засаг даргад өргөн мэдүүлэхээр болсон талаарх багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Есөнбулаг сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 04 дүгээр тогтоолоор хавтаст хэргийн материалд авагдсан байна. 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох...” гэж зааснаар багийн Иргэдийн Нийтийн Хуралд тухайн багийн сонгуулийн насны иргэн бүр оролцох эрхтэй бөгөөд багийн Засаг даргыг сонгох санал хураалтад саналаа өгөхөөр ирсэн иргэдийг хуралд оролцох иргэдийн бүртгэл хаасан нэрээр сонгох эрхийг хязгаарлах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл бүртгэл дууссаны дараа хурлын дэгээ зөрчин Г.Ариунболд эхнэр Ч.Удвал, Р.Батмөнх нарыг санал өгөх иргэдийн бүртгэлийн хуудсан дээр өөрөөр нь бүртгэл хөтлүүлж санал өгүүлсэн гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

           Багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцож байгаа иргэд санал өгөхдөө тухайн бүртгэлд бүртгэгдсэн нэрийн ард гарын үсгээ зурах байдлаар багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон байна. Багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон иргэдийн гарын үсэг зурсан байдал, санал өгсөн иргэдийн саналын хуудас зөрүүтэй байгаа хэдий ч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийт Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүгийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан тохиолдолд уг саналын дүнг баталгаажуулж нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох бөгөөд санал хураалтад оролцсон иргэд нь багийн Засаг даргад санал өгсөн  иргэдийн бүртгэлд гарын үсгээ зурсан байхыг шаардахгүй, энэ нь тухайн хурлын зохион байгуулалтын асуудал байсан байна.

              Хэрэгт авагдсан тооллогын комиссын тогтоол, шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах үед саналын хуудасыг тоолсон, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар санал өгсөн иргэдийн тоо, санал авсан байдалд маргаагүй зэрэг байдлаас Жинст багийн Засаг даргыг сонгох санал хураалтад 244 иргэн оролцож 124 буюу 50-иас дээш хувийн санал авсан Л.Мөнхнасанг Есөнбулаг сумын Жинст багийн Засаг даргад томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгосон Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Мөн багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцохоор ирсэн иргэдийг хуралд оруулаагүй, хаалга түгжсэн гэх асуудал нь хангалттай нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

         1  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Нэргүйн нэхэмжлэлтэй Есөнбулаг сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох, багийн Засаг даргыг сонгох хурлыг хууль тогтоомж, хурлын дэгийг зөрчсөн болохыг тогтоох, багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн саналын тоог хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2 . Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

       4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ