Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1572

 

ХХХХХ-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04816 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХХХ

Хариуцагч ХХХ-д холбогдох,

 

Ажлаас халагдсаны тэтгэмж 1 245 756 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХХХ /цаашид ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ гэх/-д эрдэм шинжилгээний мэргэжилтэн ХХХ-ыг тус байгууллагын захирлын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 63 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

ХХХ нь захирлын тушаалыг авсны дагуу 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай захиргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халагдсаны тэтгэмж авах хүсэлтийг гаргасан. Түүний хүсэлтийг хүлээн авч 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 66 тоот захирлын тушаалаар ХХХ хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж болох 1 245 756 төгрөгииг олгосон. Гэтэл ХХХ нь тэтгэмжийг авсны дараа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажлаас үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах нэхэмжлэлийг гаргасан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 735 тоот шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг батлан ХХХ ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзан нэхэмжлэгчийн ажлаас халсан 63 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас чөлөөлсөн тухай тушаалд өөрчлөлт оруулах, ажлаас халагдсанаас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстой тэнцэх хэмжээний олговор 2 371 277 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрүүдэд нөхөн бичилт хийж баталгаажуулах, хариуцагчаас нэхэмжлэгчид ажил олгогчийн тодорхойлолт гаргаж өгөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Манай байгууллага нь ХХХын нэхэмжлэлийн шаардлагаас ажилд эгүүлэн тогтоолгохоос бусад шаардлагыг хүлээн зөвшөөрч түүний шаардлагуудыг биелүүлсэн. ХХХ-д ажлаас халагдсанаас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2 371 277 төгрөгийг олгохдоо түүнд олгосон ажлаас халагдсаны тэтгэмж 1 245 756 төгрөгийг суутган авч үлдэх мөнгийг олгох гэсэн боловч тэрээр тэттэмж, олговор хоёрыг давхардуулан авах эрхтэй гэж үзэн суутгуулаагүй.

Манай байгууллага болох ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ нь төрийн байгууллага бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж шилэн дансаар тайлагнадаг. Хариуцагч ХХХ нь төсвийн хөрөнгөөс ажилгүй байсан хугацааны мөнгийг ажлаас халагдсаны тэтгэмжтэй давхардуулан авах эрхгүй бөгөөд энэ нь хууль зөрчсөн явдал юм. Иймээс ХХХаас ажлаас халагдсаны тэтгэмж 1 245 756 төгрөгийг эргүүлэн авах хууль зүйн үндэстэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХХ болон ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ хооронд хөдөлмөрийн маргааныг эцсийн байдлаар зохицуулсан эвлэрлийн гэрээ болон үүнийг баталсан шүүгчийн захирамж байгаа тухайд, ХХХ нь ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ-д эрдэм шинжйлгээний мэргэжилтнээр ажиллаж байгаад ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ-гийн захирлын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан.

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан энэхүү тушаал нь хууль зөрчсөн, үндэслэлгүй тушаал гэж ХХХ үзээд хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэж байх хугацаанд хариуцагч болох ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ нь хэд хэдэн удаа эвлэрэх саналыг тавьж, үндэслэлгүй тушаал гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Ийнхүү удаан хугацаанд зөвшилцсөний эцэст талууд эвлэрэхээр болж хариуцагч нэхэмжлэлийн бүхий л шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий эвлэрлийн гэрээг байгуулсан ба нэхэмжлэгч зөвхөн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан.

Тухайн үед итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ нь нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны олговрыг өмнө нь өгсөн ажлаас халсны тэтгэмжийг хасалгүйгээр бүрэн олгох, ажлаас халсан тушаалыг өөрчилж ХХХ өөрийн хүсэлтээр ажлаас
чөлөөлөгдсөн тухай тушаал гаргах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх, хариуцагчаас нэхэмжлэгчид ажил олгогчийн тодорхойлолт гаргаж өгөх гэсэн эвлэрлийн санал тавьж байсан.

Ажлаас халсан тэтгэмжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагад байгаагүй, мөн хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй учраас эвлэрлийн гэрээнд олговрын хэмжээг бүтнээр нь бичсэнээр дээрх 1 дүгээр тохиролцоо бүрэн биелнэ гэж үзээд эвлэрлийн гэрээнд энэ тухай тусгайлан заах шаардлагагүй гэж үзсэн. Мөн шүүгчийн амнө талууд зөвшилцөж байхад шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмнө нь төлсөн тэтгэмжтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргах эсэх талаар асуухад “...нэхэмжлэгч эвлэрэх саналыг зөвшөөрвөл сөрөг нэхэмжлэл гаргахгүй” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой хэлж байсан.

ХХХын хувьд зөвхөн дээрх 4 тохиролцоо дөрвүүлээ биелнэ гэсэн нөхцөлийг үндэслэн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаан бүрэн дуусгавар болж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл тус эвлэрлийн гэрээний дагуу ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ нь ХХХ-д өмнө нь олгосон тэтгэмжийг шаардахгүйгээр ажилгүй байсан хугацааны олговрыг бүтэн олгоно, энэ тохиолдолд ХХХ нь ажилдаа эргэж орохгүй гэсэн тохиролцоо хийгдсэн ба энэхүү эвлэрлийн гэрээг баталсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7350 дугаар захирамж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг бүруу ташаа илэрхийлсэн тухайд, эвлэрлийн гэрээ буюу шүүгчийн захирамжийг биелүүлэх явцад хариуцагч ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ тохиролцсонооноосоо гэнэт буцаж ХХХ-д олговрыг бүрэн төлөхгүй, ажлаас халсны тэтгэмжийг хасаж төлнө хэмээн өмнө нь төлсөн тэтгэмжийг хасаж 1 125 521 төгрөгийг ХХХын дансанд шилжүүлсэн. Энэхүү үйлдлийнхээ учир шалтгааныг ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ-гийн нягтлан бодогч ХХХХ тайлбарлахдаа “...Нөхөн олговор өгөөд, өмнө нь өгсөн мөнгөө буцааж авах тухай тушаал гарсан учраас бид ХХХ өгөх олговроосоо өмнө нь өгсөн тэтгэмжээ суутгаж аваад шилжүүлж байна. Тэр шүүх дээр хэн юу гэж тохиролцсон нь бидэнд хамаагүй. Бид хэзээ ч тийм утгагүй зүйл хийхгүй...” гэж байсан. Үүнээс үзэхэд ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ болон ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ-гийн эрх бүхий этгээдүүд болох дарга, нягтлан бодогч нарын хооронд энэхүү эвлэрлийн гэрээний үндсэн нөхцөлийн талаар нэгдсэн нэг ойлголт байгаагүй, энэхүү гэрээг хийхдээ ХХХ нь ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ-тэй зөвлөлдөөгүй, эвлэрлийн гэрээг хийх болсон үндсэн нөхцөлүүдийн талаар тайлбарлаж өгөөгүй гэдэг нь тодорхой болсон.

Үүний улмаас ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны үндсэн дээр хариуцагч болох ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн ба ийнхүү гэрээ бүрэн биелэгдсэн гэж үзэн миний бие шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаах хүсэлт гарган хаалгасан. Гэтэл ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл гаргаж, амлалтаасаа буцаж ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа нь ХХХын эрх, ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчиж буй үйлдэл болж байна. Дээрхээс дүгнэхэд эвлэрлийн гэрээг байгуулахтай холбоотойгоор хэргийн оролцогчид дараах хүсэл зоригтой байсан. Үүнд:

ХХХ нь ажилгүй байсан хугацааны олговрыг өмнө нь авсан тэтгэмжийг суутгахгүйгээр бүрэн авах тохиолдолд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзах, ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ ажилгүй байсан хугацааны олговроос тэтгэмжийг суутган төлөх, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны
олговрыг тэтгэмжийн мөнгийг суутган тооцолгүйгээр бүрэн олгох байсан.

Үүнээс үзэхэд ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэл зориг зөрүүтэй байсан байна. Иймд хэрэв ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ энэхүү нэхэмжлэлээсээ татгалзахгүй тохиолдолд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр буст тооцуулах нөхцөл байдал үүссэн гэж үзэх бүрэн боломжтой байна.

Бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тухайд, нэхэмжлэгч болох ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ нь ХХХд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүрэн эрхийг олгосон ба харин нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх нь итгэмжлэлд заасан эрхүүдээр хязгаарлагддаг. Гэтэл ХХХХХХ нь өөрт олгосон бүрэн эрхийг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүндээ гарын үсэг зурсан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байна. Иймд хариуцагч нь ХХХ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн дээр дурдсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХаас 1 245 756 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХХХХХд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч болох ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ нь ХХХд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүрэн эрхийг олгосон хэдий ч нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох байтал шүүгч үүнийг үл харгалзан нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гаргасан мэтээр үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Талууд удаан хугацаанд зөвшилцсөний эцэст эвлэрэхээр болж хариуцагч ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ нь нэхэмжлэгч ХХХын нэхэмжлэлийн бүхий л шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий эвлэрлийн гэрээг байгуулсан ба нэхэмжлэгч зөвхөн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа буцсан.

Шүүх ажлаас халагдсаны тэтгэмжийн асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7350 дугаар захирамжийн дагуу шийдвэрлэсэн хөдөлмөрийн маргаан болон эвлэрлийн гэрээнээс тусдаа зүйл гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг харгалзан үзээгүй.

ХХХын хувьд одоо ажил хийхгүй байгаа, ажлаас халагдсан учраас одоогийн энэ үр дагаврууд бий болсон. ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ нь үндэслэлгүй тушаал гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хэрэв тушаал гаргаагүй бол ХХХ ажилгүй болохгүй, ингээд цаг, мөнгөө үрээд явахгүй байсан.

Харин ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ сүүлд ажлаас халсан шийдвэрээ засаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн мэт тушаал гаргасан нь зөвхөн эвлэрлийн гэрээнийхээ үүргийг биелүүлж байгаа явдал бөгөөд ХХХ-ыг ажлаас халсан гэсэн бодит нөхцөл байдлыг үгүйсгэж чадахгүй. Тушаалыг өөрчлүүлэх нь зөвхөн ХХХын дараагийн ажил амьдралд хэрэгтэй гэж үзсэн үүднээс бид эвлэрлийн гэрээнд тусгуулсан.

ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ нь ХХХ-ыг анхнаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнтэй адилтган үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгох үндэслэл байхгүй болсон гэж шийдвэр гаргах нь үндэслэлгүй юм.

Гэтэл шүүгч энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр ХХХ-ыг ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учир ажлаас халагдсаны тэтгэмж авах эрхгүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн /цаашид ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ гэх/ хариуцагч ХХХаас 1 245 756 төгрөг гаргуулахаар шаардсан үндэслэлээ ажилгүй байсан хугацааны олговор олгосон тул ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийг давхардуулан олгох үндэслэлгүй, буцаан гаргуулна гэж тайлбарласныг хариуцагч ХХХ эс зөвшөөрч хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг урд нь эвлэрлийн гэрээгээр дуусгасан, шүүгчийн захирамжаар баталгаажуулан, шийдвэр гүйцэтгэгдсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч  ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ-гийн захирлын 2015 оны 07 дугаар 31-ний өдрийн 63 дугаар тушаалаар ХХХ-ыг тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалаас захиргааны санаачилгаар чөлөөлж, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжид 1 245 756 төгрөг олгохоор шийдвэрлэж, тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдсон байна. 

Түүнчлэн, ХХХ нь ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2 371 277 төгрөгийг ХХХ-д олгох, ХХХ нь ажилдаа эргэн орохгүй байх нөхцөлөөр эвлэрснийг шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 7530 дугаар захирамжаар баталсан нь хэрэгт авагджээ.

Талуудын хооронд үүссэн дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлын талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ нь ХХХ-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул түүнд 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Иймд ҮАБЗ-ийн дэргэдэх ССХ нь Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ХХХ-д тэтгэмж олгосон байх тул хариуцагч ХХХ уг мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй олж авсан гэж үзэх боломжгүй байна.

Ажилтан ХХХын нэхэмжлэлээр үүссэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны маргааны явцад талууд тодорхой нөхцөлөөр эвлэрч, ажилгүй байсан хугацааны олговор олгож байгаа нь ХХХ-ыг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлсөн үйл баримтыг өөрчлөхгүй, ажил олгогчийн хувьд хуульд зааснаар олгосон мөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар буцаан шаардах үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар талууд эвлэрэн хэлэлцсэн нь ажил олгогчийн хуулийн дагуу өмнө биелүүлсэн үүрэг дуусгавар болсон эсхүл хүчин төгөлдөр бус болсон гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул тэтгэмжид олгосон 1 245 756 төгрөгийг буцаан шаардсаныг хангах үндэслэлгүй. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийг хангахдаа хэргийн нөхцөл байдал, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд зөвтгөх боломжтой байх тул дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ХХХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 34 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ