Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2017/ДШМ/000

 

Н.Мэндбаярт холбогдох захиргааны зөрчлийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Зөрчил гаргагч Н.Мэндбаяр

Нарийн бичгийн дарга А.Батдорж нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн гаргасан 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч зөрчил гаргагч Н.Мэндбаярын давж заалдах гомдлоор Н.Мэндбаярт холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Хас овогт Наянтайн Мэндбаяр, 1973 оны 7 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, 74-37 тоотод оршин суух, /регистрийн дугаар ВЭ73071212/

Н.Мэндбаяр нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, гутаан доромжилсон гэх зөрчилд холбогджээ.

Анхан шатны шүүх: Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр 4.6, 22 дугаар зүйлийн 221,- д зааснаар Н.Мэндбаярт 30 хоног баривчлах шийтгэл ногдуулж, 56 цагийн албадан сургалтанд хамруулж, түүний баривчлах хугацааг 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 18 цаг 00 минутаас, албадан сургалтанд хамруулах хугацааг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагаас эхлэн тоолж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т тус тус зааснаар зөрчил гаргагч Н.Мэндбаярт ногдуулсан 30 хоногийн баривчлах, 56 цаг албадан сургалтанд хамруулах шийтгэлийн гүйцэтгэлийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

Зөрчил гаргагч Н.Мэндбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн оройн 21 цагийн орчимд гэртээ гэр бүлийн хүн болох Б.Батгэрэлийг согтуугийн улмаас доромжилсон болох нь тогтоогдсон 33 дугаар шийтгэврийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай анхан шатны шүүх шийтгэврийг оногдуулсаны дагуу миний бие Н.Мэндбаяр нь 0-2 настай хүү болох М.Төгсболд, 0-12 насны хүү болох М.Билгүүнболд нар цэцэрлэг сургуультай тул орой, өглөө хүргэж өгч, авах хүн байхгүй. Миний бие Н.Мэндбаяр нь 2008 онд авто аваарт орсоны улмаас 80 хувийн нурууны гэмтэлтэй учир группт байдаг болон сахарын өвчин болох хавсралт өвчин үүссэн учраас миний 30 хоногийн баривчлах хугацаанаас хасч өгнө үү. Төлбөр болох төлбөрийг яаралтай төлж барагдуулна, сургалтанд хамрагдаж 4 төрлийн хүчирхийлэл байдаг гэдгийг мэдэж авсан дахин зөрчил гаргахгүй гэв.

ХЯНАВАЛ:

Зөрчил гаргагч Н.Мэндбаяр нь эхнэр Б.Батгэрэлийг гутаан доромжилж, хүзүүг нь боох болон цохиж зодох явцдаа “хоёр хүүхэддээ гай болохгүй үхлээ” гэж хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг албадан бичвэр бичүүлсэн нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 221 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил гаргасан нь зөрчлийн материалд авагдсан захиргааны зөрчлийг хянан шалгах тухай тэмдэглэл, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын эргүүлийн цагдаа С.Батбаярын илтгэх хуудас, Б.Батгэрэлийн “хоёр хүүхэддээ гай болохгүй үхлээ” гэх бичвэр, Б.Батгэрэл, Н.Мэндбаяр нараас зөрчлийн талаар асуусан тэмдэглэл зэрэг зөрчлийн материалд авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд хуульд заасан баривчлах шийтгэл ногдуулж сургалтанд хамруулахаар шийдвэрлэсэн нь зөрчил гаргагчийн гаргасан зөрчлийн хэр хэмжээ, шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Иймд Н.Мэндбаярын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийтгэвэрт өөрчлөлт оруулах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх шийтгэвэрийн удирдлага болгосон заалт болон тогтоох хэсэгт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 гэх мэтээр хуулийг буруу хэрэглэж бичсэн байгааг дурдаж, харин тогтоох хэсгийн 1 дэх заалтад Н.Мэндбаяр баривчлах шийтгэл ногдуулахдаа хуулийг зохих диспозицийг сонгоогүй шийтгэл ногдуулсан байгаа нь буруу тул энэ талаар шийтгэвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар шийтгэвэрийн Удирдлага болгон Тогтоох хэсэгт “...Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.1, 18 дугаар зүйлийн 18.3...” гэснийг “...Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4, 7 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 3...” гэж

Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, 22 дугаар зүйлийн 221-д...” гэснийг “...Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6, мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар...” гэж,

3 дахь заалтад “...20 дугаар зүйлийн 20.4...” гэснийг “...20 дугаар зүйлийн 4...” гэж,

4 дэх заалтад “...19 дүгээр зүйлийн 19.1, 19 дүгээр зүйлийн 19.2.1...” гэснийг “...19 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-ийн 1...” гэж тус тус өөрчилж, зөрчил гаргаж Н.Мэндбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

   ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

           ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                        Т.ДАВААСҮРЭН