Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/0286

 

“Э-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Г.Банзрагч

Д.Мөнхтуяа

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгийг хүчингүй болгуулах тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0211 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0299 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:   

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0211 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 33.15, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Э-Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгийг хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0299 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0211 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э-Ө” ХХК-ийн “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол    

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/MA2018/0299 тоот магадлалыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б би эс зөвшөөрч давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хяналтын шатны шүүх хуралдаанд дараах гомдлыг гаргаж байна.

4. Нэхэмжлэгч “Э-Ө” ХХК нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга дээрх албан бичгээр “Э ү” ХХК-иас зарласан тендер шалгаруулалт явуулахдаа тендерийн үнэлгээний хороо тендерийн хүчинтэй байх хугацаа 1 хоногоор хэтэрсэн байхад шийдвэр гаргасан гэж үзэж “Э-Ө” ХХК-ийг шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шийдвэр байсан.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тендер хүчинтэй байх хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэх хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн биелэлтийг түдгэлзүүлсэн тохиолдолд тендерийн хугацаа зогсох талаар зохицуулсан хуулийн заалт байхгүй, тендерийг анхны 45 хоног 1 удаа сунгасан 30 хоног нийт 75 хоногт багтаан явуулах ёстой гэж хэт хатуу байдлаар дүгнэж шийдвэрлэсэн.

9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан энэхүү дүгнэлтийг шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

10. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.5 дахь хэсэгт заасан тендер шалгаруулалтыг зохион байгуулах анхны 45 хоног хугацаа, мөн хуулийн 29.4-т заасан хугацааг 30 хоногоор сунгаж нийт 75 хоногийн хугацаа нь тендер шалгаруулахтай /тендер нээх, тендерийг хянан үзэх, үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох зэрэг/ холбоотой тендерийн үнэлгээний хороонд олгосон хугацаа болохоос тендер шалгаруулалттай холбогдож гарсан гомдлыг төрийн эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх хугацаа биш.

11. Ийм учир хуулийн 55.4 дэх хэсэгт тендер шалгаруулахтай холбоотой гарсан шийдвэрийг түдгэлзүүлж болохоор зохицуулсан. Сангийн яамны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тендерийн материалыг гомдлын дагуу татаж авсан 6-1/5203 тоот албан бичигт /хэргийн 26 дугаар хуудас/ хуулийн 55.4-т заасны дагуу гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж байна гэсэн байдаг.

12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд түдгэлзүүлсэн бол хугацаа тоолох ажиллагааг яах ёстой талаар нарийвчлан зохицуулаагүй ч гэсэн Захиргааны ерөнхий хуулинд энэ талаар төсөөтэй харилцааг зохицуулсан заалт байдаг.

13. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15 дахь хэсэгт “иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зохицуулсан ч гомдол гаргаад гомдлыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн тохиолдолд хугацаа тоолох ажиллагаа тасалдах тухай зохицуулсан хуулийн заалт.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт “шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасан.

15. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд “захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн” тохиолдолд тухайн тендер шалгаруулах хугацаа түдгэлзэх, эсвэл үргэлжлэн тоологдож явах эсэх талаар нарийвчлан зохицуулаагүй учир шүүх Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15 дахь хэсэгт заасан төсөөтэй харилцааг ерөнхийлөн зохицуулсан хуулийн хэм хэмжээг үндэслэл болгосон. Харин үүнийг давж заалдах шатны шүүх “хуулийн зохицуулалт байхгүйг анхаараагүй нь буруу” гэж дүгнэсэн.

16. Ер нь түдгэлзүүлнэ гэдэг нь эрх зүйн ерөнхий ойлголтын хүрээнд тухайн шийдвэрийн биелэлт зогсохоос гадна тухайн процессын үргэлжлэлийг тоолдог хугацаа мөн түр зогсох тухай ойлголт байгаа. Тендер шалгаруулах процессоос гадна эрүү, иргэн, захиргааны процессын хуульд тухайн ажиллагаатай холбоотойгоор түдгэлзүүлэх шийдвэр гарсан тохиолдолд тухайн процессыг тоолдог хугацаа ч мөн адил зогсдог.

17. Тендерийн гүйцэтгэгч шалгаруулах ажиллагааг түдгэлзүүлсэн тохиолдолд тендер хүчинтэй байх хугацааг зогсоохгүй бол тендер шалгаруулалттай холбогдож гарсан захиалагчийн шийдвэрт тендерт оролцогч нар удаа дараа гомдол гаргавал тендерийн үнэлгээний хороо үнэлгээ хийх хугацаагүй болохоор байгаа.

18. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтанд зөв дүгнэлт хийж “түдгэлзүүлсэн хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа зогсох бөгөөд түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц тендерийн хугацааг үргэлжлүүлэн тооцох ёстой байсан байна” гэж шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт өөрийн эрх хэмжээний хүрээнд маргааны үйл баримтыг зөв үнэлж, хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байдаг.

19. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/MA2018/0299 тоот магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Нэхэмжлэгч “Э-Ө” ХХК-иас “...тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан байхад 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тендерийн үнэлгээ хийсэн нь хууль зөрчсөн талаар дурдсан... Сангийн яамны шийдвэрийг “Э ү” ХХК-ийн үнэлгээний хороо 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 1 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин үнэлгээ хийж манай компанийг тендерт шалгарсан гэж үзсэн” гэж, хариуцагчаас ““Э ү” ХХК нь тендер зохион байгуулахдаа хуулийн хугацаанд тендерийг зохион байгуулах буюу үнэлгээний хорооны шийдвэрийг хуулийн хугацаанд гаргах үүрэгтэй...энэ үүргээ биелүүлээгүй нь тухайн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй” гэж тус тус маргажээ.   

21. Нэхэмжлэгч “Э-Ө” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зарласан ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай ““Э ү” ХХК-ийн Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кВ-ын шугамыг барих нээлттэй тендер шалгаруулалтын ажил” нэртэй тендерт оролцож, уг тендерт “шаардлага хангасан материал ирүүлсэн боловч үнийн саналаар шалгараагүй” гэсэн захиалагчийн мэдэгдлийг эс зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, тус яамнаас 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6-1/5418 тоот албан бичгээр “Э ү” ХХК-д “...тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн хуульд заасан хугацаанд багтаан дахин хийхийг мэдэгдсэн”-ээр үнэлгээний хороо 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин үнэлгээг хийж, “Э-Ө” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3-д заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ХБ-114-12/973 тоот гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлжээ.

22. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т захиалагч нь “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах” –аар, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан бүх тендерээс татгалзан нөхцөл үүсээгүй байх тул “Э ү” ХХК-иас нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах хуулийн зохицуулалттай.

23. Энэ хугацаанд “Э ү” ХХК-иас 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ХБ-114-12/807 тоот албан бичгээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт тендер хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгах хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6-1/5636 тоот албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

24. Маргаан бүхий захиргааны акт болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн  “...тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан байх тул тухайн тендер шалгаруулалт хүчингүй болсон ... хуульд заасны дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан бичгээр хариуцагч “Э-Ө” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

25. Давж заалдах шатны шүүхийн ““тендер хүчинтэй байх хугацаа” гэдэг нь тухайн тендерийг нээснээс хойш тендер шалгаруулалт зохион байгуулж дуусгах хугацааг ойлгох бөгөөд уг хугацаа нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа болон эрх бүхий этгээдэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй” гэсэн дүгнэлт нь зөв боловч тухайн тохиолдол тендерт оролцогч нар уул асуудлаар маргаж байсан, маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх явцад Үнэлгээний хороо тендер хүчинтэй байх хуульд заасан хугацааг нэг хонгоор хэтрүүлж 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийсэн нь нэхэмжлэгчээс үл хамаарч байгааг  анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

26. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн холбогдох хэсгийг баримталсан нь буруу боловч энэ нь тухайн шийдвэрийн шийдэлд нөлөөлөхгүйг дурдах нь зүйтэй байна.

27. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 221/МА2018/0299 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН