Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 87

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-,

Шүүгдэгч О.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Боржигон овогт Отгонбаярын О.Э-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918000900090 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, О.Э- 1994 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, найз охины хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч О.Э- нь 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 1 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “Молор” зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн С.С.У-ын монетон ээмэг, монетон бөгж, монетон гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Э- нь 2019 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “Молор” зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн С.С.У-ын монетон ээмэг, монетон бөгж, монетон гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч О.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр бааранд С.У-тай танилцаад буудалд орсон. Буудлаас гарахдаа эд зүйлүүдийг нь аваад гарсан.

...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

-Хохирогч С.У-ас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5/,

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хэргийн 6/,

-Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 7/,

 

-Хохирогч С.С.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө бааранд үйлчлүүлж байгаад шөнө 00 цагт баар хаагаад гарахдаа үл таних 2 залуутай танилцаж машинд нь юм ярьж байсан чинь гэнэт буудалд ирсэн байсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан.

...унтаад өглөө сэрсэн чинь нөгөө 2 залуу явчихсан, ганцаараа буудлын өрөөнд байсан. Тэгээд эд зүйлээ бүрэн байгаа эсэхийг шалгаж үзтэл миний тухайн өдөр зүүж явсан монетон гинж, бөгж, ээмэг 1 хос зэрэг эд зүйл байхгүй байсан.

...би өөрийн алдсан зүйлсээ бүрэн буцааж авсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 9-11/,

 

-Гэрч Ц.Б-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бааранд ороод тэнд сууж байсан 2 эмэгтэйтэй танилцаад хамтдаа баарнаас гарч дэлгүүрээс нэг том савтай пиво авч хувааж уусан. Бид нараас эгч эмэгтэй нь найзууд руугаа явлаа гэж яваад С.У- гэх эмэгтэй О.Э- бид хоёртой үлдсэн. Тэгээд О.Э-, С.У- нар буудал руу орлоо гээд “Молор” нэртэй буудал руу орсон. Би эхнэрээ тосох гээд автовокзал руу явсан. Манай эхнэр 02 цаг 40 минутын орчим ирээд би “Молор” буудлын гадаа ирээд О.Э-ыг “явъя” гэж дуудчихаад хамтдаа гараад Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу явсан юм.

...Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очсоны дараагаар О.Э- С.У-ын ээмэг, бөгж, гинжийг авсан гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,

 

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 16-17/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 2 дугаар сарын 2-ны байдлаар 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 19-20/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч О.Э- 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 1 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “Молор” зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн С.С.У-ын монетон ээмэг, монетон бөгж, монетон гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч О.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.У-д 450000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 19-20/ нотлогдож байх бөгөөд хохирогч С.У- нь ...би өөрийн алдсан зүйлсээ бүрэн буцааж авсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 9-11/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч О.Э- 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 1 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах “Молор” зочид буудалд хамт үйлчүүлж байсан иргэн С.С.У-ын монетон ээмэг, монетон бөгж, монетон гинж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Т.Амгаланбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Э- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч О.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч О.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 450000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Э-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч О.Э-ад согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч О.Э-ад анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч О.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.     

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Я.ТУУЛ