Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2024/00054

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2024/00607 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

   Нэхэмжлэлийн шаардлага: "Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

   ...******* нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-221/20153, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4-221/21654 дугаартай мэдэгдлүүдээр ******* ХХК-д үл хөдлөх хөрөнгийн үнийн саналаа ирүүлэх, 2 өрөө байр 236,421,672 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг тус тус мэдэгдсэн байна. Гэтэл тус байрны хамтран өмчлөгч ******* нь энэ байрыг 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн орон сууц санхүүжилтийн гэрээгээр 70,497,000 төгрөгийн санхүүжилтээр өмчлөөд авсан.

Тухайн байрны хамтран өмчлөгч нь байна. Тиймээс ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т заасан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэсэн заалтын дагуу уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож өөрийн өмчлөлийн орон сууцны талаар мөн хуулийн 33 дугаар зүйлд зааснаар үнэлгээний талаар санал хүсэлтээ гаргах, 122 дугаар зүйлийн 122.1-т төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд тухайн эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно гэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй байсан.

Гэтэл нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус 2 өрөө байрыг 90,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Энэ орон сууцны үнэлгээ болон худалдан борлуулсан ажиллагааны талаар өмчлөгч *******д мэдэгдсэн талаар ямар нэгэн баримт бичиг бол ирээгүй. Мөн үнийн санал аваагүй. Тиймээс нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/23 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мөн газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4-121/26664 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож ******* нь орон сууц өмчлөх эрхийнхээ дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож санал хүсэлтээ гаргах эрхийг нь хангаж өгнө үү гэжээ. /хх 1-2-р тал/

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

..."*******" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох ******* болон түүний нөхөр ******* нарын өмчлөлийн *******,******* тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү******* дугаартай 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 22070107/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22070107/01 тоот тогтоолоор хураан авч тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нараас үнийн санал авах тухай мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр авагч талаас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 326 дугаартай албан бичгээр хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/380 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин *******ийг томилж тухайн орон сууцны зах зээлийн үнийг тогтоолгоход 236,421,672 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгчид танилцуулж тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ. /хх 35/

 3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д тус тус заасныг баримтлан *******ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 13/23 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 12 сарын 26-ны өдрийн 4-221/26664 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгож, *******ын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, санал хүсэлтээ гаргах эрхийг хангуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй, ...эрх үүргийг эдлэх тул ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэх ёстой. Гэтэл эхнэрт нь өгсөн албан мэдэгдлийг ******* мэдсэн, амаар тайлбар гаргаж байсан, түүнд нь гарын үсэг зурахаас татгалзсан, эхнэрийнхээ компани төлбөрийн талаар санал хүсэлт гаргасан, ажиллагаануудыг мэдэж байсан үндэслэлээр түүний эрхийг хязгаарлах нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. /хх 102-р тал/

            5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч ******* Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэх үндэслэл заан маргасан байна. /хх1х, хх35х/

3.******* Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлоо Дархан-Уул аймгийн сум дундын шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д нийцжээ.

   4.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 3671 дугаартай Нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 184.1, 184.3-т зааснаар Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч Б.Батсүрэнгийн 2021 оны 09 сарын 22-ны өдрийн 0006 дугаартай нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулж, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 400 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон, тус гүйцэтгэх хуудсаар төлбөр төлөгч "*******" ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Бат-Оргил/-аас нийт 344,223,337 төгрөг гаргуулж, төлбөр авагч "" ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч /-д олгохоор заасан байна./хх-ийн 37-38/

4.1 Энэхүү гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22070107 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн, улмаар 2022 оны 06 сарын 09-ний өдрийн 22070107/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Ж.Сувд-Эрдэнэ, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ү- улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3-р хороо, 17060 үйлдвэр гудамжны 47 б байрны 112 тоот хаягт байрлах 47 мкв 2 өрөө орон сууцыг битүүмжилж, тэмдэглэл үйлдэн төлбөр төлөгч "*******" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох Ж.Сувд-Эрдэнээр гарын үсэг зуруулжээ.

 Мөн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22070107/221-1 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор тус үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, тэмдэглэл үйлдсэн, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр мөн өдрийн 4-221/20153, 4-221/20154 дугаартай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн байх ба ийнхүү хураах, битүүмжлэх ажиллагааг хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай тус тус нийцжээ. /хх39, 48-58х/

4.2 Дээрх 2023 оны 10 сарын 09-ний өдрийн 4-221/20153, 4-221/20154 дугаартай мэдэгдэлд ...үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэхийг мэдэгдэж, хэрэв дурдсан хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгохыг анхааруулсан байх ба энэ талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөр төлөгч Ж.Сувд-Эрдэнэ гарын үсэг зурж, хамтран өмчлөгч ******* гарын үсэг зурахаас татгалзсан байна. /хх 55-57х/

4.3 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй, мөн төлбөр авагч хүсэлт гаргасан зэрэг нөхцөлийг үндэслэн Ж.Сувд-Эрдэнэ, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ү- улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3-р хороо, 17060 үйлдвэр гудамжны 47б байрны 112 тоот хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн нь  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн байх ба төлбөр төлөгч “...үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн боловч үнэлгээтэй холбоотой гомдол гаргаагүй.

4.4 Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12/19 дүгээр тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 132,303,579 төгрөгийн 70 хувь буюу 92,612,505 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэснийг төлбөр төлөгч Ж.Сувд-Эрдэнэд танилцуулахад тогтоолыг хүлээн аваагүй, гарын үсэг зурахаас татгалзсан, түүнчлэн 112 тоот үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 90,000,000 төгрөгөөр борлогдсон, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үүсэхгүй талаарх мэдэгдлийг шуудангаар хүлээн авсан болохоо  Ж.Сувд-Эрдэнэ илэрхийлсэн тэмдэглэл /хх66х/ хэрэгт авагдсан ба 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13/15 дугаар албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг Ж.Сувд-Эрдэнэд гардуулсан тухай 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагджээ./хх61-66х/

5.Нэхэмжлэгч ******* нь нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш боловч тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.-д зааснаар өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар шүүхэд гомдлоо гаргасан тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болох бөгөөд энэ эрхийнхээ дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, санал, хүсэлтээ илэрхийлж байсан болох нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн *******ын гарын үсэг бүхий “...манай эхнэр байхгүй, манайх төлбөрийг барагдуулах нь үнэн...” гэсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “...******* ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч Ж.Сувд-Эрдэнийн  ******* 47 дугаар байр 112 тоотод ирэхэд Ж.Сувд-Эрдэнэ болон ******* нар байв. 2023 оны 10 сарын 09-ний өдрийн 4-221/20153 дугаар албан бичгийг Ж.Сувд-Эрдэнэд гардуулан өгч гарын үсэг зуруулав. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дотор үнийн санал ирүүлээгүй тохиолдолд шинжээч томилон хөрөнгүүдийг үнэлүүлэх болохыг мэдэгдсэнээр тэмдэглэлийг дуусгав” гэсэн *******ын гарын үсэг зурахаас татгалзсан тэмдэглэл, *******ын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “...байрны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түр түдгэлзүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий хүсэлтээр тогтоогдож байна./хх51, 55, 59х/

6.Иймд анхан шатны шүүхийн “....******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж байсан зэргээс үзэхэд гомдол гаргагч *******д хуульд заасан дуудлага худалдаанд оролцох, үнийн санал гаргах зэрэг өмчлөгчийн хувиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх байдлаар гомдол гаргагч ******* нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд оролцож, санал хүсэлт гаргаж байсан, тухайн явагдаж байгаа ажиллагаануудыг мэдэж байсан үйл баримт тогтоогдож байна гэж үзнэ...Гомдол гаргагч тал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчид албан ёсоор бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй, зөвхөн "*******" ХХК-д мэдэгдлийг хүргүүлдэг байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар *******ын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр оролцох эрхийг хязгаарласан, хориглосон, татгалзсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байсан үйл баримт тогтоогдохгүй байгаа бөгөөд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д заасан эрхээ хэрэгжүүлж тус ажиллагаанд оролцох эсэх нь гомдол гаргагч *******ын хүсэл зоригоос шууд хамааралтай юм. ...Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэж байсан атлаа тус ажиллагаанд өмчлөгч, гуравдагч этгээдийн хувиар оролцоогүй байдалд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа эрх бүхий этгээдийг буруутгах үндэслэлгүй байна.” гэсэн дүгнэлт үндэстэй, нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 08-ны өдрийн 135/ШШ2024/00607 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МЯГМАРСҮРЭН                                                        

                                            ШҮҮГЧИД                                     Я.ТУУЛ  

                                                                                                        Р.ҮҮРИЙНТУЯА