| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0083/Э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2019-03-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 93
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Б.Нямдорж,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогч Э.Э-,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ц-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-,
Шинжээч Д.Т-,
Шүүгдэгч Т.О-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн M6K-; холбогдох 1818009600035 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.О- 1990 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, эмээ, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.О- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны хойд талын замаар “Lexus RX-330” маркийн 5858 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Э.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.О- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны хойд талын замаар “Lexus RX-330” маркийн 5858 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Э.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Т.Т.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Э.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 сарын 19-ний орой ажлаа тараад харьж явахдаа таксинаас буугаад зүүн гар тал руу харахад цаанаас ирж байсан машин зайтай байсан. Тэгээд баруун тал руугаа харсан “Чандмань” дэлгүүрийн тэнд 2 машин харагдаж байсан бөгөөд миний урд талын машинаас олон хүн бууж байсан юм. Би зам хөндлөн гараад явж байхад баруун урд талаас гэрэл гялбасан бөгөөд би үсрэх боломжтой байсан ч гэнэт нөгөө машин дайрсан байсан. Би дайруулахын өмнө ухаан санаа эрүүл байсан. Би авто ослын дүгнэлтийг гарахад нь зөвшөөрөөгүй, ойр орчмын камерын бичлэгийг хавсаргах хүсэлттэй байна гэдгээ хэлсэн. Ойр орчмын камерын бичлэг олдоогүй учир Рояал зочид буудлаас зам руу харж байгаа хэсэгхэн бичлэг л олдсон гэсэн. 2 дугаар эгнээнд гэрэл гялбаад явж байхад хүн тэр машины урдаас алхахгүй нь ойлгомжтой шүү дээ. Би анхны мэдүүлэгтээ худлаа ярих боломжгүй.
...биеийн байдал сайжирч байгаа. Хохиролд 10016000 төгрөг өгсөн бөгөөд эмчилгээний зардалд энэ мөнгө хүрээгүй. 701923 төгрөгийн эмчилгээ нэмж хийлгэсэн.
...Би 90000000 төгрөгөөр байр авч, сар бүр 3600000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн. Одоо 5900000 төгрөг төлөөгүй байгаа. Нийт 6601923 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-10/,
-Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах шинэ хорооллын 18 дугаар байрны хойд зам дээр гарсан зам тээврийн ослын бүдүүвч зураг /хэргийн 11/,
-Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хэргийн 12/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын гэмт хэргийн талаарх дуудлага хүлээн авах бүртгэлийн дэвтрийн хуулбар /хэргийн 13/,
-“Туулын Т.О-ийн согтуурлыг драгер багажаар үлээлгэн шалгахад 0.00 хувь байлаа гэх” согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 14/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 15-16/,
-Камерын бичлэгтэй 1 ширхэг сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 17/,
-Гэрч С.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний орой 20 цаг 05 минутад миний 88378687 дугаарын утсанд 88226068 дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн залгаад “Э.Э- гэдэг хүн 21 дүгээр байшингийн хажууд машинд мөргүүлсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би “Дархан” зочид буудлаас ертөнцийн зүгээр зүүн талд очиход зам дээр ташуу байрлалтай урсгал сөрсөн цагаан өнгийн Тоёота Харриэр маркийн машин, мөн цагдаа байсан. Цагдаагаас мөргүүлсэн хүн хаана байгаа талаар асуухад эмнэлэг рүү авч явсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 29/,
-Гэрч Э.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Такси барих гээд зогсож байхад такси ирээд зогсож байтал замын цаанаас ертөнцийн зүгээр урд талаас эрээн хувцастай нэг залуу гүйж гарч ирж байгаа харагдсан ба шинэ Дархан талаас хуучин Дархан явах замд цагаан өнгийн Харриэр маркийн машин тухайн хүнийг мөргөчих шиг харагдсан. Гэхдээ тухайн үйл явдал маш хурдан болсон учир би ойлгоогүй. Би очоод хартал машин дор нөгөө эрээн хувцастай хүн хэвтэж байсан. Хажуугаар нь явж байсан хүмүүс ирээд машин доор орсон залууг татаж гаргаад түргэн тусламж дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30/,
“...Э.Э-гийн биед хавсарсан гэмтэл, тархи доргилт, дагзны язарсан шарх, зүүн эгэм, зүүн дал ясны сэлтэрхийтэй хугарал, зүүн 2 дугаар, баруун 7-10 дугаар хавирганы хугарал, уушиг няцрал, аарцаг ясны цагираг тасарсан эрвээхэй хэлбэрийн зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөг ясны хүзүү болон дээд 1/3 хэсгийн хоёрлосон зөрөөтэй хугарал, шээсний сүвний язрал няцрал, хурц цус багадал, гэмтлийн шок, зүүн мөр, сарвуу өвдөгний зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.1.13, 3.1.15-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Э.Э-гийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 24-ний 47 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 41/,
-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 45-48/,
-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 49/,
-“Эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардлын үнэлгээний дүн 490000” гэх ослын улмаас “LEXUS RX330” маркийн суудлын авто машинд учирсан хохирлыг үнэлсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 53-55/,
“Т.О- нь Лексус RХ-330 маркийн 5858ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.2-т “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн.
-Явган зорчигч Э.Э- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлэг 5.6-т “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Н-н гаргасан шинжээчийн дүгнэлт /хэргийн 60/,
-“Э.Э-гийн биед тогтоогдсон хүнд гэмтлийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ хэд байх, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 1 дүгээр сарын 29-ний 133 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 64/,
-“Э.Э-гийн биед өмнө гаргасан 47 тоот дүгнэлтэд тусгагдаагүй гэх зүүн 2 хавирганы хугарал, баруун 1 дүгээр хавирганы хугарал, баруун далны хугарал, нурууны чихэгдсэн хугарал гэмтэл тогтоогдсонгүй. Өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 68/,
-Хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 91-122, 145-149, 156/,
-Хохирол төлбөр төлсөн баримт /хэргийн 128-130, 209-210/,
-Хохирогч Э.Э-гийн эмчилгээ хийлгэсэн тухай эмийн хуудас, өвчний түүх /хэргийн 165-196/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Т.Т.О-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” бөгөөд шүүгдэгч Т.О- нь мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хохирогч Э.Э-гийн эмчилгээний зардалд 10016000 төгрөг төлсөнд талууд маргахгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Хохирогч Э.Э- нь хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа эмчилгээ хийлгэсэн зардалд 701923 төгрөг, орон сууцны зээлийн төлбөрийн үлдэгдэлд 5900000 төгрөг, нийт 6601923 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг гаргасан бөгөөд эмчилгээ хийлгэсэн зардал болох 701923 төгрөгийг шүүгдэгч Т.О- төлж барагдуулах үүрэгтэй байна.
Орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр нэхэмжилж байгаа 5900000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн тухайд шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
Хохирогч Э.Э- нь захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг “Дархан шар бүрд” ХХК-тай байгуулж, 88000500 төгрөгийн үнэ бүхий орон сууц авахаар тохиролцож, гэрээний үүргийн дагуу бэлэн мөнгө 50 сая төгрөг, бартерт газар 16 сая төгрөг өгч, үлдэгдэл 22000500 төгрөгийг сар бүр 3600000 төгрөгөөр тооцож, 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна. /хэргийн 97-99/
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан боловч гэмт хэргийн улмаас хохирогчид учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байх тул 2018 оны 12 дугаар сард төлөх төлбөр буюу 3600000 төгрөгийн зарим хэсэг буюу гэмтэл авснаас хойшхи хугацаанд оногдох 1509677 төгрөгийг шүүгдэгч Т.О-эс гаргуулж, хохирогчид Э.Э-д олгож, иргэний нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 4390323 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.О-эс 2211600 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Э-д олгохоор шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5-т заасны дагуу ажлын 5 хоногийн завсарлага авч, энэ хугацаанд 2211600 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирсан байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т.О- нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний орой Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны хойд талын замаар “Lexus RX-330” маркийн 5858 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Э.Э-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.О- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа байдал, ар гэр болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Т.Т.О-ийг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан нөхцөлийг хангасан тохиолдолд хорих ялаас чөлөөлөхөөр зохицуулсан боловч нэмэгдэл ялаас чөлөөлөх зохицуулалт хуульчлагдаагүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.О-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, эрх хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 01722833 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.О-д буцаан олгож, шүүгдэгч Т.Т.О-ийн 840345 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.О-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч Т.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.О-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Т.Т.О-ийг хорих ялаас чөлөөлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Т.О-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Т.О-ийн 840345 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 01722833 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Т.О-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Т.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ