Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 337

 

   

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

2016 оны 09 дүгээр

сарын 19-ний өдөр                               Дугаар   337                                Баруун-Урт

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын 1 дүгээр баг “Үйзэн” гэх газар нутаглах, /РД:ЛЖ56093012, утасны дугаар 94223558/, Эрх даа лам овогт Дашдэндэвийн Монхооны 

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Монхоон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Эрх даа лам овогт Дашдэндэвийн Монхоон нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1956 онд төрсөн. 1972 онд сургуулиа төгсөж илгээлтээр нэгдлийн малчнаар гарч байсан. 1975 он хүртэл Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1975 онд цэрэгт татагдаж Улаанбаатар хотын Барилгын цэргийн 158 дугаар ангид 1978 он хүртэл 3 жил цэргийн алба хаасан. 1979 оноос дахин нэгдлийн гишүүнээр элсэн орж мал тууварт явж байсан. Ингээд 1990 онд зах зээлд шилжиж нэгдэл тартал нэгдлийн малчнаар ажилласан. Одоо тэтгэврээ тогтоолгох насанд хүрсэн бөгөөд архиваас лавлагаа авахад 1981-1989 онд авч байсан цалингийн түүвэр хагас дутуу олдсон, 1972-1975, 1979-1990 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр маань баталгаажуулаагүй байна. Иймд миний 1972-1975, 1979-1990 онуудад Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Эрх даа лам овогт Дашдэндэвийн Монхоон нь 1972-1975, 1979-1990 онуудад Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Эрх даа лам овогт Дашдэндэвийн Монхоон нь 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1979 оны 01 дүгээр сараас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 213/15 тоот архивын лавлагаа, 1981 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нээсэн Д.Монхооны хөдөлмөрийн дэвтэр, 

 

-гэрч Авга овогт Цэрэнгийн Чулуунбаатар /РД:ЛЖ57040114/-ийн; Монхоон бид хоёр нэг ангийн хүүхэд юм. Би багаас нь танина. Д.Монхоон нь 1972 оноос илгээлтээр хөдөө гараад Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар 1972-1990 он хүртэл ажилласан. Монхоон хонь, тэмээ хариулж байгаад сүүлдээ тууварт хэдэн жил явсан. Д.Монхоон нь 1975-1978 онуудад Улаанбаатар хотод цэргийн алба хааснаас бусдаар тасралтгүй ажилласан. Тухайн үед цалинг бэлнээр өгчихөөд дэвтэр дээр нь бичилт хийхгүй яваад байсан үе байдаг гэх мэдүүлэг,

 

         -гэрч Түмэн овогт Дагдангийн Хүрэлбаатар /РД:ЛЖ56072111/-ийн; Би Д.Монхоонтой Онгон сумын дунд сургуульд 1-7 анги хүртэл хамт сурч байсан. Энэ хүнийг багаас нь мэднэ. Д.Монхоон нь 1972 оноос илгээлтээр хөдөө гараад Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар 1972-1990 он хүртэл ажилласан. Монхоон хонь малладаг байсан, энэ хугацаанд цэргийн алба хаасан байх. Хэдэн онд цэргийн алба хаасныг нь сайн санахгүй байна  гэх мэдүүлэг зэргээр зэргээр тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хүсэлт гаргагч Д.Монхооны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн    70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Эрх даа лам овогт Дашдэндэвийн Монхоон нь 1972 оны 01 дүгээр сараас 1975 оны 06 дугаар сарыг дуустал, 1979 оны 01 дүгээр сараас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Онгон сумын “Хөгжилт” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Монхооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн        70 200 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЗУУ