Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 94

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Г-,

Шүүгдэгч Ч-З- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.З- холбогдох эрүүгийн 1918000850089 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ч-З- 1949 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 70 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч-З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 24-нөөс 1 дүгээр сарын 25-нд шилжих өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, дал, баруун өгзөг, зүүн гарын сарвууны 2-3 дугаар хурааны ар хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч-З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 24-нөөс 1 дүгээр сарын 25-нд шилжих өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн Шивээтийн 1-3 тоотод иргэн Ц.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, дал, баруун өгзөг, зүүн гарын сарвууны 2-3 дугаар хурууны ар хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Ч-З-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 24-ний орой хөзөр тоглох санаатай Б- ахын гэрт очсон. Би очих замдаа 0.5 литр “Ерөөл” архи аваад 21:00 цагийн үед И- гэрт очиж, хөзөр тоглож байгаад, гарч гэр рүүгээ явсан. Гэр рүүгээ явж байхад хохирогчийн гэр нь гэрэлтэй байхаар нь айлгая гэж бодоод хохирогчийн гэрийн цонхыг цохиход Алтанбаяр хаалга тайлж өгсөн. Би О- айлгах санаатай араас нь барьж байгаад “битгий манай гэрт орж хулгай хийгээд байгаарай, чи намайг элэг бариад байна уу, би чамайг энэ хутгаар хатгавал чи үхнэ, би чамайг ийм хулгайч болгож өсгөөгүй байх шүү.” гэхэд намайг түлхчихээд ухас хийгээд “намайг хутгаар хатгачихлаа” гээд байхаар нь “чи битгий баашлаад бай, хутгалаагүй шүү” гэж хэлэхэд Ц.О- хажуугаар гүйгээд гарахад өгзгөнд нь хатгасан.

...гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-7/,

-Хүрэн иштэй хутга 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 10/,

-Хохиролтой холбоотой баримт /хэргийн 13/,

 

-Хохирогч Ц.О-ын мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр би гэртээ найз А- хамт унтаж байсан чинь 01 цагийн орчимд хүн хаалга нүдэхээр нь босоод харсан чинь Ч-З- ах байсан. “Яах гэж байгаа юм бэ?” гэсэн чинь “хаалгаа нээ” гэхээр нь нээхгүй байсан чинь Ч-З- ах цонх хага цохисон. Тэгэхээр нь би А- “хаалгаа нээчих” гэсэн чинь А- босоод хаалга нээхэд Ч-З- ах гартаа хутга барьчихсан орж ирээд намайг “хулгай хийлээ чи” гэж хэлэхээр нь би толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрсөн чинь миний дээрээс ирээд нуруу руу, өгзөг рүү хутгалахаар нь би гарч гүйгээд дүү О- гэрт очоод цусаа угаагаад цагдаа дуудсан.

...миний буруугаас болж ийм хэрэг болсон учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/,

 

-Гэрч А.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.О-ынд унтах гэж байхад О- гаднаас ирээд бид 3 унтаж байтал шөнө хаалга цохих шиг болоод би онгойлгож өгтөл Ч-З- ах орж ирээд Ц.О-тай маргаад эхэлсэн. Тэгээд тэд ноцолдоод Ц.О-ыг Ч-З- ах бариад авсан. Хутгалж байхыг нь хараагүй. Тэд том өрөөнд ноцолдож байгаад Ц.О- гэрэлтэй жижиг өрөөнд орж ирэхэд биенээс нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 19-20/,

 

-Гэрч Ц.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...унтаж байхад хэрүүл шуугиан болоод байхаар нь босоод хартал Ц.О-ын биеэс цус гарчихсан, Ц.О-ын дүү Н-, А- нар байсан. Би юу болсон талаар асуухад “намайг Ч-З- ах хутгалчхаад явлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 21-22/,

 

-Ц.О-ын биед дал хооронд, баруун өгзөг, зүүн гарын сарвууны 2-3 дугаар хурууны ар хэсгийн шархнууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 31/,

-“Ч-З-гийн согтуурлын зэргийг хэмжих багажаар хэмжихэд 0.33 хувьтай байлаа.” гэх илтгэх хуудас /хэргийн 41/,

 

-“Хохирол төлбөрт 350000 төгрөгийг төлсөн тул Ч-З-гээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх шүүгдэгч, хохирогч нараас гаргасан хүсэлт /хэргийн 57/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч Ч-З-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О-ын биед “...дал хооронд, баруун өгзөг, зүүн гарын сарвууны 2-3 дугаар хурууны ар хэсгийн шархнууд” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Ч-З-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Ц.О- нь “...миний буруугаас болж ийм хэрэг болсон учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15-16/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ч-З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 1 дүгээр сарын 24-нөөс 1 дүгээр сарын 25-нд шилжих өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн Шивээтийн 1-3 тоотод иргэн Ц.О-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, дал, баруун өгзөг, зүүн гарын сарвууны 2-3 дугаар хурааны ар хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ч-З-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч-З- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч-З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ч-З-д анхааруулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ч-З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч-З-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 300000 төгрөгөөр төлж барагдуулахыг шүүгдэгч Ч-З-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ч-З-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 17 см, бариул 11 см урттай модон иштэй 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч-З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ