| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0324/и |
| Дугаар | 338 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 338
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 09 дүгээр
сарын 19-ний өдөр Дугаар 338 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар баг “Сэнжит” гэх газар нутаглах, /РД:ЛА56090136, утасны дугаар 95809290/, Намхай овогт Аюушын Ганбаатарын
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09-р сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч А.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1978-1981 онд Ардын цэргийн Улаанбаатар хот дахь 150 дугаар ангид 3 жил цэргийн алба хааж ирээд Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж ахуйд 1981-1983 оны 3 дугаар сар хүртэл тракторчнаар ажиллаж байгаад Асгат сумын “Соёмбо” нэгдэлд шилжин очиж нэгдлийн туслах бригадад тракторч, дизельчинээр ажиллаж мөн бусад шаардлагатай бүх ажлуудыг 1991 он хүртэл хийж байсан боловч Хөдөлмөрийн дэвтрийн зарим бичилтүүд хийгдээгүй, хагас дутуу бөглөгдсөн зэрэг зөрчлүүд байгаа юм. Иймд миний Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж ахуйд 1981-1983 оны 3 дугаар сар хүртэл тракторчнаар, 1983-1990 онуудад Асгат сумын “Соёмбо” нэгдэлд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Намхай овогт Аюушын Ганбаатар нь ахуйд 1981 оноос 1983 оны 3 дугаар сар хүртэл Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж тракторчнаар, 1983 оноос 1990 онуудад Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчин, дизельчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Намхай овогт Аюушын Ганбаатар нь 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж ахуйд хүртэл тракторчнаар, 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчин, дизельчнээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 184/15 тоот архивын лавлагаа, А.Ганбаатарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 216/15 тоот лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар,
-гэрч Бууралдаа овогт Жалхаасүрэнгийн Ганхуяг /РД:ЛА53022009-ын: Миний бие А.Ганбаатартай Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэл 1983 оноос эхлээд хамт ажилласан. Энэ үеэс л түүнийг таньдаг болсон. А.Ганбаатар нь Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд тракторын жолоочоор 1983 оноос эхлэн нэгдэлд тартал ажилласан. Нэгдэл нь 1994 онд тарсан байх. Нэгдэл тараад компани болсон. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд бичээчээр 1973 оноос 1995 он хүртэл ажлаад тэтгэвэртээ гарсан гэх мэдүүлэг,
-гэрч Зээрднүүд овогт Сарангэрэлийн Сумъяажав /РД:ЛА58042610/-ын: А.Ганбаатар бид нар нэг үеийн хүмүүс. А.Ганбаатарыг багаас нь танина. А.Ганбаатар цэргээс халагдаж ирээд Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж ахуйд 1981-1983 оны 2 сар хүртэл тракторын жолоочоор ажиллаж байгаад 1983 оны 3 дугаар сараас Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. Би 1987 онд Дарьганга сумруу шилжсэн. Тэр үед А.Ганбаатар нь ажлаа хийж байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдэлд нярав, кассны эрхлэгчээр 1980-1987 он хүртэл ажиллаж байсан гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч А.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Намхай овогт Аюушын Ганбаатар нь 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Асгат сумын “Соёмбо” нэгдлийн туслах үйлдвэрлэлд ажилчин, дизельчнээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.Ганбаатар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ