Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2024/00056

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2024/00586 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажлын хөлс 15,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Би 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл *******, ******* нарын ******* дугаар бүхий нүүрс зөөх зориулалт бүхий Норд бенз автомашины жолоочоор ажилласан ба энэ хугацаанд нийт 30 удаагийн тээвэрлэлт хийсэн. Нэг удаагийн тээвэрлэлтээс жолооч 500,000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. Энэ хугацаанд хариуцагч нарт 45,000,000 төгрөгийн орлого оруулсан. ******* надад огт цалин өгөөгүй. Иймд хариуцагч нараас цалин 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие ******* дугаартай машиныг аваад 6 жил *******д залилуулж, ашиглуулж байна. ******* одоо машины дугаарыг өөрчлөн өөр компанид ажиллаж, машиныг минь өөрийн ашиг сонирхолд ашиглаж байгаа. Одоо шүүхийн шийдвэр биелүүлэхэд шалгагдаад явж байна. Энэ хүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн машины жолоочоор ажиллаж байгаагүй, зүгээр намайг залилсан гэжээ.

3.Хариуцагч *******ы татгалзал тайлбарын агуулга:

******* нь ******* дугаартай машиныг залилан авч 6 жил ямар ч хүүгүй ашиглаж, хувьдаа хэрэглэж, машины дугаарыг өөрчилж, удаа дараа чирэгдэл учруулж, сүүлдээ шүүхэд хандаж байгаа үйлдэл нь ёс зүйгүй, хүндлэлгүй байгаад үнэхээр дургүй хүрч байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн *******, ******* нарт холбогдуулан гаргасан ажлын хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2024/00586 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Шүүх төрсөн ах, дүү нарын хооронд буюу зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нараас ажлын хөлсөө шаардах эрхтэй байна гэж зөв дүгнэсэн боловч шаардах эрх хэзээ үүссэнийг буруу тооцож шийдвэр гаргасан.

Учир нь хариуцагч нар өөрсдийн өмчлөлд байсан Норд бенз 47-91 маркийн нүүрс тээврийн автомашиныг өөрийн төрсөн дүү болох *******д хүлээлгэн өгч 47,000,000 төгрөг хүлээн авсан байсан ба 2023 онд 11,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг ******* хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамжаар баталгаажсан байсан. Анх ах дүүгийн холбоотой зохигч нар болох *******, ******* нарын хооронд автомашин өгч авалцсан харилцаа үүссэн боловч хариуцагч болох бэр эгч ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. ******* нь хүүхдээ алдаад удаагүй, нэхэмжлэгч ******* нь энэ тухай мэдээгүй, буяны ажилд оролцож чадаагүй, уулзаагүй байсан учраас нэхэмжлэлийг шууд хүлээн зөвшөөрсөн. ******* нь хүүхдээ золгүйгээр нас барсан явдалд буруутгах байдалтай *******г хараан зүхэж байсныг төлөөлөгч миний бие хоёр ч удаа сонсож байсан учраас нэхэмжлэгч хүүхдийн нас барсан хэрэг холбогдолтой эсэхийг шүүх хуралдааны явцад асуусан нь тэмдэглэлд тусгагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2019 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарын ажлын хөлсийг хэзээ өгөх, автомашины төлбөрт суутгах эсэх талаар зохигчид ярилцаагүй, тохиролцоогүй болох нь тайлбар, шүүх хуралдааны явцад хангалттай ойлгомжтой байсан. Гэвч шүүгч энэ маргааны зүйл болох цалин хөлсийг шаардах эрх нэхэмжлэгчид 2023 оны 7 сард хариуцагч ******* нэхэмжлэл гаргаснаар үүссэнийг үл харгалзан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохих ёсоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            6. Хариуцагч нараас давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй байна. 

ХЯНАВАЛ:

7.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

8.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

9.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч  *******, ******* нарт холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл *******, ******* нарын эзэмшлийн ******* дугаартай, нүүрс тээвэрлэх зориулалт бүхий Норд бенз автомашины жолоочоор ажилласан хугацааны цалинд 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

Хэргээс үзэхэд:

10.Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл *******, ******* нарын ******* дугаартай, нүүрс тээвэрлэх зориулалт бүхий Норд бенз автомашины жолоочоор ажиллаж байсан, улмаар 2019 оны 09 дүгээр сард тухайн машиныг *******д 58,000,000 төгрөгөөр зарж, үүнээс үлдэгдэл 12,650,000 төгрөгийг ******* төлөөгүй ба энэ талаар шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байгаа боловч харин зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаж, цалин хөлс төлөх талаар тохиролцож байсан болох нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. 

Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 09 дүгээр сар хүртэл хариуцагч нарын ачааны машинаар нүүрс тээвэрлэлт хийсэн, үүний орлого нь хариуцагч *******ы данс руу орсон үйл баримт тогтоогдож байгаа боловч хариуцагч *******ы “наад машинаараа ажлаа хийгээд яв, цалингаа өөрөө аваад яв, ахдаа илүүчлэх юм байвал өгөөрэй” гэж хэлсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч няцааж чадаагүй байна. / х.х-99/

Түүнчлэн гэрч Б.Амармэнд “...дунд ах болох ******* жолоочоор ажиллахаар болсон.  ...нэг удаагийн тээвэрлэлт 500,000 төгрөг байдаг. Цалин өгч байгаагүй, би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн боловч энэ нь  талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэдгийг нотлох баримт биш юм. /х.х-45-46/

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба энэ үүргээ зохигчид  биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Талуудын хооронд цалин хөлс өгч, авалцах талаар тохиролцож байсан болох нь бичгийн баримтаар нотлогдоогүй байхад анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй.

Мөн талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй байхад анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж байгаа учир давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 06-ны өдрийн 135/ШШ2024/00586 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“...75 дугаар зүйлийн 75.2.1” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,213 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                                           

                                   ШҮҮГЧИД                                       Р.ҮҮРИЙНТУЯА                                                                    

                                                                                                 Я.ТУУЛ