| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0104/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 109
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч Б.О-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ө-,
Шүүгдэгч Ш.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б- холбогдох 1918000970083 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш.Б- 1984 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Б- нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ний шөнө 23 цагийн орчим өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.О-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Б- нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ний шөнө 23 цагийн орчим өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эхнэр Б.О-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Ш.Б-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Б.О- бид хоёр машины сэлбэгний мөнгөнөөс болж маргалдаад би Б.О-ын нүүр лүү нь машины түлхүүр шидсэн. Тэгэхэд Б.О-ын духнаас цус гарсан бөгөөд орой нь 23 цагийн орчим Б.О- гэртээ ирэхээр нь би “хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ?” гэж асуухад “чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Би Б.О-ыг гэрээс хөөж гаргасан чинь буцаад ороод ирэхээр нь “тэгвэл би явья” гээд гарах гэсэн чинь Б.О- явуулахгүй гээд хаалганы урд зогсоод намайг хоёр гараараа бариад авахаар нь би гарыг нь тавиулах гээд хоёр гарых нь шуу руу цохиод бид хоёр ноцолдоод би Б.О-ыг ор луу түлхээд дал руу нь хоёр удаа цохичихоод гараад явсан.
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиад ийм үйлдэл гаргахгүй.” гэх мэдүүлэг,
-Хохирогч Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр нөхөртэйгөө муудалцсан байсан бөгөөд орой нь аавындаа бууз хийж байгаад гэртээ орж ирсэн. Тэгтэл манай нөхөр намайг “хаагуур янхантаад яваад байгаа юм бу?” гэж хэлсэн. Тэгээд миний гарыг цохихоор нь цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирэх үед манай нөхөр гэрээс гараад явчихсан байсан. Манай нөхөр надаас уучлалт гуйж дахиж зодохгүй гэх хэлсэн.
...бид одоо эвлэрч хамртан амьдарч байгаа бөгөөд надад Ш.Б-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Насанд хүрээгүй гэрч О.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнө 23 цагийн үед ээжийг гэрт орж ирэхэд аав “хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ?” гэхэд ээж “чамд ямар хамаатай юм, би аавынд бууз хийж байгаад ирлээ.” гэж хэлээд унтах гэж байсан чинь аав босож ирээд ээжийг зайл гээд гэрээс гаргаад хаалгаа түгжсэн. Ээж хаалга татсаар байгаад ороод ирсэн чинь аав “тэгвэл би явъя” гээд гарах гэтэл ээж аавыг гаргахгүй гээд хаалганы урд суусан. Тэгээд тэр 2 гарна, гарахгүй гэж ноцолдож байгаад ээж орон дээр суусан чинь аав “чи ямар ядаргаатай юм бэ?” гээд ээжийн зүүн мөр лүү гараараа 2-3 удаа цохьсон, мөн манай дүүгийн гутлыг ээж рүү авч шидсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,
-“...зүүн мөр, гар зөөлөн эдийн няцралтай” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 12/,
-“Б.О-ын биед зүүн мөр, нуруу, баруун шуу, бугуй, зүүн бугалга, шууны цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.О-ын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 138 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 14/,
-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 29-30/,
-Хохирогч Б.О-, шүүгдэгч Ш.Б- нараас гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 38-39/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгч Ш.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял,хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ш.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ын эрүүл мэндэд “зүүн мөр, нуруу, баруун шуу, бугуй, зүүн бугалга, шууны цус хуралт” бүхий гэмтэл учирсан боловч хохирогч Б.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Ш.Б-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэж мэдүүлж байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ш.Б- нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Дархан-уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Зурагтын задгайд байх өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эхнэр Б.О-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Ш.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ш.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцож, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Б- гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ш.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ш.Б-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ш.Б-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ