Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2024/01221

 

 

 

 

 

 

 

 

    2024          06            10                                        210/МА2024/01221

 

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 104/ШШ2024/00192 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-ын хариуцагч Ч-т холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,250,435 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Ч-т 11 жил хүний нөөцийн менежерээр ажиллаж байна. Тус газрын захирлын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/202 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас халсан.

1.1. Иймээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2023/00143 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2023/01056 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00956 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, Ч--ын хүний нөөцийн менежерээр эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн.

1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн бөгөөд дундаж цалин хөлс тооцох журмын дагуу сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж болох 1,401,995 төгрөгөөр 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс хойших 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 161 хоногийн цалингийн олговор болох 10,748,682 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт хийсэн тооцооллоор нийт 10,250,435 төгрөг болж байна тул үлдэх 498,247 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

1.3. Мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, баталгаажилт хийлгэх хүсэлтэй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Тухайн асуудлаар 2022 оны 11 сараас эхлэн Авлигатай тэмцэх газар дээр шалгагдсан бөгөөд Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/15586 тоот албан бичгээр “...байгууллагын хүний нөөцийн менежер Ц.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.9-т заасныг зөрчсөн байх тул түүнд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, цаашид дээрх төрлийн хууль бус үйлдлийг байгууллагын хэмжээнд гаргуулахгүй байх арга хэмжээ авч ажиллана уу” гэсний дагуу ажлаас халсан.

2.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа орсон. Нэхэмжилж байгаа цалин нь 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 11 дугаар сар буюу ажилдаа орсон өдөр хүртэлх цалинг дундаж цалин хөлснөөс тооцож, 161 хоногийн цалин олговор гэх боловч байгууллагын цалингийн нягтлан бодохоор 161 хоногийн ажилсан өдөр гарч ирээгүй. Нэхэмжлэгч Ц.Б нь 168 хоног ажиллахаас 154 хоног ажилсан гэж үзэж байгаа. Үүнээс ээлжийн амралт 22 өдөр, сарын цалин нь 1,010,880 төгрөг байдаг. Нийт авах ёстой цалин нь 6,887,768 төгрөг байна. Нийгмийн даатгалд 1,016,090 төгрөг, хүн амын орлогын албан татварт 755,556 төгрөгийг хасаж нийт 5,087,192 төгрөгийн цалин бодогдсон.

2.2. Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар 21-ний хүртэлх цалин хөлсөө шүүхийн шийдвэрээр шийдүүлсэн. Анхан шатны шүүх дундаж цалингаас тооцож олгохоор шийдвэрлэсэн. 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх цалин хөлс буруу бодогдсон байсан хэдий ч шүүхийн дагуу авсан. Гэвч нэхэмжлэгч Ц.Б-ын ажилд орсноор тооцоод үзэхээр 2023 оны 03 дугаар сард 8 өдөр, 2023 оны 04 дүгээр сард 20 өдөр, 2023 оны 5 дугаар сард 23 өдөр,2023 оны 6 дугаар сард 21 өдөр, 2023 оны 7 дугаар сард 16 өдөр, 2023 оны 8 дугаар сард 23 өдөр, 2023 оны 9 дүгээр сард 21 өдөр, 2023 оны 10 дугаар сард ээлжийн амралт тооцуулахгүй гэвэл 21 өдөр нийт 153 хоногийн тооцоо гарч байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаад 161 хоногийн цалин гэж яриад байгаа тооцооллын задаргаа нь хэрэгт байхгүй байна. Нэхэмжлэгч манай байгууллагад 153 хоног ажилласан. Хүний нөөцийн ажилтны сарын цалин 1,010,880 төгрөг байдаг. 2023 оны 07 дугаар сард 1,160,000 төгрөг болгон нэмсэн. Үүнийг нэмэгдүүлж 6,887,768 төгрөгийн цалин хөлс гарсан. Үүнээс нийгмийн даатгалыг хасахгүйгээр Хүн амын орлогын албан татвар хасагдах ёстой гэж үзээд 5,087,910 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчид цалинг өгөх боломжтой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч-аас ажилгүй байсан хугацааны цалин 10,250,435 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, 10,250,435 төгрөгөөс ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ч-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,929 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 178,956 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Манай байгууллага нь Авилгатай тэмцэх газарт 2022 оны 10 дугаар сард ажилтан Ц.Б-ыг байгууллагаас их хэмжээний мөнгө завшсан асуудлыг шалгуулсан. Тухайн асуудлыг Авилгатай тэмцэх газар шалгаж, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/15586 тоот албан бичгээр “Ц.Б нь албан тушаалаа урвуулан ашиглаж, удирдах ажилтнуудыг төөрөгдөлд оруулан, байгууллагын өмч хөрөнгөнөөс завшсан нь тогтоогдож байна” гэснээр хүний нөөцийн ажилтан Ц.Б-ыг ажлаас чөлөөлж, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, хэрэг нь шүүхийн шатанд байгаа. Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн бичгийн дагуу ажлаас чөлөөлсөн, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан байхад иргэний журмаар ажлаас буруу халагдсан гэж маргаж ажилдаа эгүүлэн тогтоолгосон.

4.1. Одоо цалин нэхэмжэлж буй асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэсний дараа шийдүүлэх талаар анхан шатны шүүхэд хариу тайлбараа гаргасан бөгөөд хэргийг шийдвэрлэхэд чухал нотлох баримт болох Авилгатай тэмцэх газраас ирсэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/15586 тоот албан бичиг нь бүрэлдэхүүнтэй хурал эхлэхийн өмнө хавтаст хэргээс алга болсон бөгөөд хэрэгт манай байгууллагаас гаргасан чухал нотлох баримт байхгүй байна гэхэд шүүгчийн туслах хайгаад олохгүй байна гэж 40 орчим минут хайснаар хуралд орсон. Хурлыг хариуцагч талын нотлох баримтгүйгээр шийдвэрлэсзн. Хурал дууссаны дараа шүүгчийн туслах танай баримтыг олсон гэж хэлсэн. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр №104/1111112024/001922 тоот Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авснаар тухайн баримтыг үнэлж хэргийг шийдвэрлээгүйг мэдсэн. Иймд хэргийг шийдвэрлэхэд чухал нотлох баримтыг хэрэг шийдвэрлэхэд санаатайгаар алга болгосон, эрүүгийн журмаар хзрэг эцэслэн шийдвэрлэсний дараа хэргийг шийдвэрлүүлэх нь зүйтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талаас нотлох баримт алга болсон гэх асуудал ярьдаг боловч хэргийн материалаас үзэхэд уг баримт нь байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт алга болсон, уг баримтыг шүүх үнэлээгүй гэх гомдлын агуулга үндэслэлгүй. Мөн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсний дараа энэ хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой гэх агуулгыг гомдолд дурдсан боловч энэ талаар гомдол үндэслэлгүй. Учир нь Ц.Б-ыг ажилд эгүүлэн тогтоосон 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас ажилд орох хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ч-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,748,682 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 498,247 төгрөгөөр багасгаж, 10,250,435 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь 5,087,910 төгрөг төлөхийг зөвшөөрч, 5,162,525 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2023/00143 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2023/01056 дугаартай магадлалаар Ц.Быг Ч-ын хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт баталгаажилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2023/00956 дугаартай нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, дээрх шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ./хх8-18, 19-22, 23/

3.1. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.

4. Хариуцагч нь уг шийдвэрийн дагуу Ч-ын даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/200 дугаартай тушаалаар Ц.Б-ыг Захиргаа удирдлагын хэсгийн хүний нөөцийн менежерээр ажилд эгүүлэн томилсон байна./хх-5/

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ц.Б нь ажлаас чөлөөлсөнөөс хойш ажилд эгүүлэн томилогдох хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Ч-аас шаардах эрхтэй.

4.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор олгохоор зохицуулсан.

4.3. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн 1 өдрийн цалинг 66,131 төгрөгөөр тооцсон нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн заалт болон Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д нийцсэн байна.

4.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид олгох олговрын хугацааг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажлын 155 өдөр гэж тодорхойлж, нэг сарын дундаж цалин олговор 66,131 төгрөгөөр тооцож нийт 10,250,435 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6. Хариуцагч тал нэхэмжлэгч Ц.Б-ыг албан тушаалаа урвуулан ашиглаж, удирдах ажилтнуудыг төөрөгдөлд оруулан, байгууллагын өмч хөрөнгөөс завшсан гэх үндэслэлээр эрүүгийн журмаар шалгагдаж байгаа гэж тайлбарласан боловч энэ нь хөдөлмөрийн эрхийн маргаан буюу цалин хөлстэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд саад болохгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Авилгатай тэмцэх газраас ирсэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 06/15586 тоот албан бичиг нь хурал эхлэхийн өмнө хавтаст хэргээс алга болж, хурлыг хариуцагч талын чухал нотлох баримтгүй, уг баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулгаар гомдол гаргажээ. Хэргийн 126-127 дугаар талд дээрх баримт авагдсан байна. Иймд нотлох баримт хэргээс алга болсон гэж үзэх боломжгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 104/ШШ2024/00192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Т.БАДРАХ

 

         ШҮҮГЧИД                             Б.МАНДАЛБАЯР

 

                                                        Д.ЦОГТСАЙХАН