| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0113/Э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2019-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | 166/2019/0113/Э |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 114
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч М.Д-,
Шүүгдэгч Д.А- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А-т холбогдох 1918000000124 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.А-, 1978 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.А- нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 19 цагийн орчим хамтран амьдрагч М.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А- нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 19 цагийн орчим байх өөрийн гэртээ хамтран амьдрагч М.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь “цээжний ар хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 3 дугаар сарын 4-ний орой 19 цагийн орчим нөхөр М.Д-тэй хамт гэртээ нэг шил архи хувааж ууж байгаад маргалдсан. Намайг нөхөр М.Д- “гэр орноо цэвэрлэсэнгүй, хүнтэй хамт архи уулаа” гээд уурлаад байсан. Үүнээс болоод бид хоёр хэрэлдэж байсан. Нэг мэдсэн чинь би гартаа хутга барьчихсан, М.Д- орон дээр хэвтчихсэн, нуруу орчмоос нь цус гарч байсан. Тэгээд би хутгаа шидээд цусыг нь дарж цэвэрлээд унтсан. Шөнө М.Д- намайг дуудаж сэрээгээд “яасан юм бэ?” гэхээр нь “би хатгачихсан” гэж хэлээд бид хоёр эмнэлэг явсан.
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиад ийм хэрэг хийхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Хохирогч М.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өглөө ажлаасаа буугаад эхнэр болон ажлынхаа залуутай хамт алжаалаа тайлах гэж гурвуулаа 0.7 литрийн архи 2 шилийг уусан. Би найзын хамт гэрээч гарч яваад үдээс хойш нь 18-ийн буудал дээрээс салаад гэр үүгээ явсан. Гэртээ харих замдаа 1 шил архи авч, тэр архиыг эхнэртэйгээ хамт ууж байхдаа бид хоёр маргалдсан. Би эхнэрийгээ хоол унд хийхгүй, гэр орноо цэвэрлэсэнгүй гэж уурласан.
...Шөнө ам цангаад ус уух гээд бостол нуруу хөндүүр болсон байсан. Цус гоожоод тогтсон байхаар нь Д.А-ээс юу болсон талаар асуухад “би орой хутгаар хатгасан байна” гэж хэлсэн. Миний хувьд манай эхнэр намайг хутгаар хутгалсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-9/,
-Гэрч Г.Л- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 5-нд Дарханы Нэгдсэн эмнэлэгийн хүлээн авах, яаралтай түргэн тусламжийн тасагт өвчтөн М.Д- ирж үзүүлэхэд цээжний зүүн талд шархтай, шархыг шалгахад хурц үзүүртэй хутгаар үүсгэгдсэн байж болох гүн нуруу руу хатгагдсан шарх байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг шарх нь төмөр дээр унахад үүссэн шарх биш байсан. Учир нь унаснаас үүссэн шарх бол урагдсан шарх байх магадлалтай байдаг.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/,
-“М.Д-гийн биед цээжний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 216 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21/,
-Шинжээч эмч Э.О- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт очиж М.Д-г үзсэн. Тухайн үед М.Д-гийн биед зүүн далны доод хэсэгт 2.2 см мэс заслын 2 оёдол бүхий зах ирмэг тэгшхэн шарх тогтоогдсон. Уг шархыг М.Д- нь өөрийн гараар үүсгэсэн байх боломжгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 24/,
-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 32-33/,
-Хохирогч М.Д-гийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэнтэй холбоотой баримтууд /хэргийн 57-65/,
- Хохирогч М.Д-гийн “...Д.А- нь надаас уучлалт гуйсан тул надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 69,73/,
-Шүүгдэгч Д.А-ийн “...бид 2 эвлэрч хамтран амьдарч байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хэргийн 74/,
-Хохирогч М.Д-, шүүгдэгч Д.А- нараас гаргасан баталгаа /хэргийн 77/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгч Д.А-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмааршийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял,хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.А-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Д-гийн биед “цээжний ар хэсэгт шарх” бүхий гэмтэл учирсан боловч хохирогч М.Д- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Д.А-ээс нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй.” гэж мэдүүлж байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.А- нь согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 19 цагийн орчим байх өөрийн гэртээ хамтран амьдрагч М.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.А-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.А- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Д.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Д.А-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг арван сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцож, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.А-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Харьд овогт Дарьсүрэнгийн Д.А-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.А-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.А-т анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ