Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 115

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.М-,

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-; холбогдох эрүүгийн 1918000000096 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.Б-, 1966 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жор баригч, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.2-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял,

-1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 2 жилийн хорих ял, 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 4 жилийн хорих ял нийт 8 жил 4 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн орчим Тоёота Приус маркийн 45-99 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчиж зорчигч Г.Ц-ыг бүрэн буугаагүй байхад хөдөлгөөнөө эхэлж зорчигч Г.Ц-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн орчим Тоёота Приус маркийн 45-99 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчсний улмаас зорчигч Г.Ц-ыг автомашинаас бүрэн буугаагүй байхад нь хөдөлгөөнөө эхэлж, зорчигч Г.Ц-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:           

 

-Шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр биржийн өмнөөс эрэгтэй, эмэгтэй 2 хүн аваад шинэ Дархан чиглэлд явсан. Тухайн хоёр хүн Үйлчилгээний төв дээр буухдаа эрэгтэй нь зүүн талын хаалгаар, эмэгтэй нь болох Г.Ц- нь баруун талын хаалгаар буухдаа “ёо ёо” гэхэд хүмүүс шуугилдаад байхаар нь би сандарсандаа тоормос дээрээс хөлөө аваад, машинаа хөдөлгөсөн. Би машинаа зогсоогоод бууж харахад Г.Ц- гуай газар унасан байсныг би эмнэлэгт хүргэж өгсөн.

...Би хохирогчид нийтдээ 400000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн 2 суга таяг өгсөн.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-7/,

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хэргийн 8/,

-Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хэргийн 9/,

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 10/,

 

-Хохирогч Г.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...биржийн замын урд талаас таксинд суугаад Үйлчилгээний төвийн баруун талын машины зогсоол орчимд очоод дүү Гансүх зүүн тийшээ зам талруу буугаад би баруун талруу хаалга онгойлгоод буух гээд баруун хөлөө дөнгөж газар тавиад эргээд буух гэтэл машин гэнэт хөдлөөд би газарт савж унасан. Тэр үед би болон ойр хавьд байсан хүмүүс орилж, жолооч ч машинаа зогсоосон.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/,

 

-Гэрч Г.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өөрийн төрсөн эгч Г.Ц-тай хамт Дарханы 2 дугаар эмнэлэг орчихоод захын хажуу талын зам дээрээс таксинд суусан. Машины арын суудалд сууж явсан нэг хүн Номингийн буудал дээр буугаад эгч Г.Ц- бид хоёр машины арын суудал дээр сууж үлдээд Үйлчилгээний төвийн автомашины зогсоол дээр 14 цаг өнгөрч байхад очиж зогсоод таксины жолоочид мөнгөө өгөөд би зүүн талын хаалгаар буугаад машины ардуур тойроод явж байтал машин гэнэт хөдлөөд хүмүүс орлилдсон. Тэгэхээр нь очоод хартал эгч Г.Ц- газарт унасан байсан. Тэгээд жолооч “уучлаарай, уучлаарай” гэж байснаа эгч Г.Ц-ыг машинаас бууж байгаад бараг өөрөө халтираад уначихсан гэх утга бүхий зүйл яриад байхаар нь би цагдаа дуудъя гэсэн. Тэгээд эгч Г.Ц- их зовиуртай өвдөөд байсан болохоор шууд тухайн машиндаа суулгаад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах руу очиж үзүүлсэн. Эмнэлэгт очоод үзүүлэхэд эгч Г.Ц-ын хөл нь хугарсан гэж байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 25/,

-“Г.Ц-ын биед баруун хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Г.Ц-ын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 184 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 26/,

 

-“Жолооч Д.Б- нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 14 цаг 17 минутын орчим Дархан сум 16 дугаар баг Үйлчилгээний төвийн зүүн талын зам дээр Приус 20 маркийн 4599 ДАР улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4-т “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй гэсэн дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргасан гэж үзэн ослын дүгнэлт гаргаж байна. Зорчигч Г.Ц- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. Ослын үндсэн шалтгаан /Хариулт 1 дээр тусгагдсан жолоочийн буруутай үйлдэл болно/.” гэх 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 30/,

 

-Д.Б-ын жолоодож явсан 45-99 ДАР улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 34-38/,

 

-Хохирогч Г.Ц-д Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хэргийн 48/,

 

-“...Жолооч Д.Б- нь эмчилгээний зардал 400000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо гомдол, санал байхгүй.” гэх хохирогч Г.Ц-аас шүүхэд ирүүлсэн хүсэлт /хэргийн 100/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ц-ын биед “баруун хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байх тул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-ыг жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч Г.Ц- нь хэдэн төгрөгийн, ямар эмчилгээ хийлгэсэн талаар бичгийн баримт ирүүлээгүй байна.

Хэдийгээр хохирогч нь ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч нь сайн дураар 400000 төгрөг хохирогчид төлсөн /хэргийн 100/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн орчим Тоёота Приус маркийн 45-99 ДАР улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т заасан “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчсний улмаас зорчигч Г.Ц-ыг автомашинаас бүрэн буугаагүй байхад нь хөдөлгөөнөө эхэлж, зорчигч Г.Ц-ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Б-од анхааруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.Б-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б-од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Б-од үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Б-од анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ