| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0123/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 121
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Т.Б- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б- холбогдох эрүүгийн 1818008970126 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Б-, 1998 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Б- нь 2018 оны 11 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн 8 дугаар байрны гадна иргэн Н.Д-гийн гээгдүүлсэн Самсунг А-6 маркийн гар утсыг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б- нь 2018 оны 11 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн 8 дугаар байрны гадна иргэн Н.Д-гийн гээгдүүлсэн Самсунг А-6 маркийн гар утсыг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 800000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би утсыг олох үед хөлдсөн байдалтай, хүйтэн унтарсан байсан.
...Буруутайд тооцож байгаа зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлсөн.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, дахин ийм алдаа гаргахгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 9/,
-Н.Д-гийн эзэмшлийн 99200428 дугаартай гар утасны хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /хэргийн 10/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Н.Д-гээс гаргасан өргөдөл /хэргийн 11/,
-Самсунг А6 маркийн гар утас 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 14-15/,
-Самсунг А6 маркийн гар утсыг Н.Д-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 16/,
-Хохирогч Н.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 сарын 20-ны өдөр 21 цагийн орчим би гэртээ байж байгаад гарсан. Тухайн үед ээж эмнэлэгт хэвтэж байсан болохоор эмнэлэг орсон. Би найз Б-ын эзэмшлийн 52-34 УНУ улсын дугаартай цагаан өнгийн кролла пилтер маркийн автомашинаар нөхөр Нямдоржийн хамт явж байсан юм. Гэр рүүгээ харих замдаа ах Намсрайтай утсаар ярьж байгаад машин дотор нэг газар тавьчихсан байсан юм. Тэгээд гэртээ орчихоод 5-10 минут болсон байх машинаа гражид тавихаар гарахад машин дотор байсан гар утас алга болсон байсан.
...би гар утсаа олж авсан болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19/,
-Гэрч Б.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эхнэртэйгээ эмнэлэг яваад буцаад гэртээ ороод буцаад гараад ирэхэд манай машин дотроос эхнэрийн гар утас алга болсон байсан. Хамгийн сүүлд машин дотор AUX оролтоор машины хөгжимтэй холбоод дуу сонсож байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 21/,
-Гэрч Г.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дарханаас Шарынгол сумын Дархан баг Уурхайчдын 9-4 тоотод хадам аав Т- гэрт нөхөр Батхуягийн хамт ирчихээд байж байтал орой 21 цагийн орчим манай хадам дүү Т.Б- гаднаас орж ирсэн. Бид нар ойр зуурын юм ярьж байтал Т.Б- “би гар утасныхаа дэлгэцний кодыг солиод мартчихсан юм аа, та Дарханд очоод кодыг нь гаргуулаад өгөөч” гээд надад гар утсаа өгөхөөр нь үзэж байгаад “надад зарчихаач” гээд Т.Б-эс асуухад “зарна” гэхээр нь өөрийн барьж байсан Сасунг Эс-6 маркийн гар утсыг мөн 200000 төгрөг нэмж өгөөд авсан юм. Тэгээд хоёр хоногийн дараа Дарханд ирээд манай нөхөр нөгөө гар утсыг аваад “ТЕДИ” төв рүү ороод хэсэг хугацааны дараа гарч ирээд “болчихлоо, 20000 төгрөгөөр кодыг нь гаргуулсан” гэхээр нь би сим картаа уг гар утсанд хийгээд ашиглахад зүгээр ярьж болж байхаар нь тэгээд хэрэглэж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 25/,
-Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 сарын 21-ний өдөр Дарханаас Шарын гол сумын Дархан баг Уурхайчдын 9-4 тоотод аав Т-н гэрт ирчихээд байж байтал 21 цагийн орчим манай дүү Т.Б- гаднаас орж ирсэн. Тэгээд бид нар ойр зуурын юм ярьж байтал Т.Б- “би гар утасныхаа дэлгэцийн кодыг солиод мартчихсан, та Дарханд очоод кодыг нь гаргуулаад өгөөч” гээд манай эхнэрт гар утсаа өгөхөд манай эхнэр Билгүүн “надад зарчихаач” гээд тэр хоёр тохиролцоод байсан. Манай эхнэр өөрийн барьж байсан Сасунг Эс-6 маркийн гар утсан дээр 200000 төгрөг нэмж өгөөд авсан юм. Тэгээд хоёр хонгийн дараа Дарханд ирээд би нөгөө гар утсыг аваад “ТЕДИ” төв рүү орсон, эхнэр машиндаа үлдсэн юм. Теди төвийн код гаргана гэсэн хаягтай лангуун дээр очоод уг гар утасны кодыг нь 20000 төгрөгөөр гаргуулаад эхнэр Билгүүнд өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 27/,
- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 800000 /найман зуун мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 30-31/,
-Гэрч Г.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 сарын 21-ний 21 цагийн орчим найз охиноо гэр лүү нь оруулж өгчихөөд гараад ирсэн чинь Т.Б- “найз нь нэг гар утас олсон” гээд зогсож байхаар нь харсан чинь дэлгэц нь кодтой харагдсан. Тэгээд бид гэр гэр рүүгээ явцгаасан.” гэх мэдүүлэг /хэргийн 57-58/,
-“Би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Миний бие жирэмсэн тул цагдаа, шүүхийн дуудсан цагт очих боломжгүй байгаа байдлыг харгалзан намайг шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хохирогч Н.Д-гээс гаргасан хүсэлт /хэргийн 62/,
-“Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх Т.Б-эс гаргасан хүсэлт /хэргийн 63/,
-Хохирогч, яллагдагч нараас гаргасан баталгаа /хэргийн 65/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч Т.Б- нь 2018 оны 11 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн 8 дугаар байрны гаднаас иргэн Н.Д-гийн гээгдүүлсэн Самсунг А-6 маркийн гар утсыг завшиж, бага хэмжээнээс дээш буюуу 800000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Д-д 800000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Миний бие жирэмсэн тул цагдаа, шүүхийн дуудсан цагт очих боломжгүй байгаа байдлыг харгалзан намайг шүүх хуралд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 62/ гаргасан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Т.Б-эс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Т.Б- нь 2018 оны 11 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багийн 8 дугаар байрны гадна иргэн Н.Д-гийн гээгдүүлсэн Самсунг А-6 маркийн гар утсыг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 800000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Т.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч –Т.Б- гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Т.Б-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Т.Б-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ