| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00341/И |
| Дугаар | 398 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 398
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сум 5 дугаар баг, 10-03 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЛ65020165, Дааганууд овогт Шээрэвийн Тунгалагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1965 онд төрсөн, 51 настай. Би Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 16 настайгаасаа буюу 1981 оноос эхлэн малчнаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэлд малчнаар 1989 оныг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1981 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Н.Аръяабал, О.Оюунгэрэл нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Тунгалаг нь 1981 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Шээрэвийн Тунгалагийн 1981 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Аръяабал, О.Оюунгэрэл нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Н.Аръяабалын “Миний бие 1981 онд 8 дугаар төгсөөд илгээлтийн эзэн болж, Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчин, саальчнаар ажиллах болсон. Миний бие нь тус нэгдэлд 1990 он хүртэл ажилласан. Намайг Ялалт нэгдлийн Баянзүрх бригадад малчнаар ажиллаж байсан Ш.Тунгалаг нь Үүрэг нуур бригадад малчнаар ажиллаж байсан. Ш.Тунгалаг нь голдуу бог мал маллаж байсан. Ш.Тунгалагтай нэг нэгдэлд хамт мал маллаж байсан учраас түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Ш.Тунгалаг нь 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан ба 1990 онд нөхөр Аюурзана нь Байгаль орчны хяналтын байцаагчаар томилогдож, тэднийх Сагил сумын төв рүү шилжин ажиллах болсон. Тухайн үед Ялалт нэгдлийн даргаар Содномжамц, намын хорооны даргаар Сайжрах, нэгдлийн орлогч даргаар Ш.Мижид гэх хүмүүс ажиллаж байсан”, гэрч О.Оюунгэрэлийн “Миний бие 1978 оноос 1990 оны хооронд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн гуанз, зочид буудалд тогоочоор ажиллаж байсан. Ш.Тунгалаг нь 1980 онд 7 дугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болж Ялалт нэгдлийн Үүрэг нуур бригадад малчнаар ажиллах болсон. Бид нэг нутаг усны хүмүүс бөгөөд жил бүрийн хавар буюу 3 дугаар сард болдог малчин, төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Ш.Тунгалагийн ээж Оролзодын хамт оролцож байсан учир Ш.Тунгалагийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. Ш.Тунгалаг нь 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 221 дүгээр шийдвэр хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ш.Тунгалаг нь 1981 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Н.Аръяабал, О.Оюунгэрэл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Тунгалагийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар 8 жил 10 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дааганууд овогт Шээрэвийн Тунгалагийн 1981 оны 3 дугаар сараас 1989 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар 8 /найм/ жил 10 /арав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ