| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0120/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 122
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч Г.Г- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г- холбогдох эрүүгийн 1918000000101 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Г- 1979 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126 дугаар зүйлийн 126.2.5-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан Номин” Худалдааны төвийн гадаа, мөн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өөрийн гэртээ эхнэр Д.П-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан Номин” Худалдааны төвийн гадаа, мөн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр өөрийн гэртээ эхнэр Д.П-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “цээжний ар хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 2 сарын 13-ны өдөр манай эхнэр Д.П-тай хамт ногоо зардаг найз нь над руу залгаад “танай эхнэр утсаа авахгүй байна, надаас 4000000 төгрөг зээлээд 4300000 төгрөг болгож өгнө гэсэн алга болчихлоо” гэж ярьсан. Тэгээд би Д.П-ыг Дархан номин худалдааны төвийн гаднаас очиж аваад гэртээ очоод “чи яагаад надад хэлэхгүй хүнээс мөнгө зээлсэн юм бэ” гэж асуухад Д.П- “Би өөрөө аваагүй, найздаа зээлүүлсэн” гэж хэлсэн. Манай эхнэр Д.П- мөнгө зээлэхдээ гэрээ хийж авчихаад өөрөө хүнд өгөхдөө гэрээ хийгээгүй дансаар шилжүүлсэн байсан. Тэгээд би зүүн хөлний шагай руу нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би 2 хүүхдээ цэцэрлэгээс аваад ирэхэд Д.П- явсан байсан. Маргааш нь би эмнэлгээр очиж Д.П-, хадам ээж хоёрыг аваад гэртээ ирээд байж байхад Д.П- дахиад 250 шуудай байцаа авах гээд хүнтэй утсаар яриад байсан. Би тэрийг нь хэрэггүй гэж хэлэхэд эхнэр Д.П- “чи хүнд тус болъё гэж боддоггүй юм уу?” гэж хэлэхээр нь би уурлаад орноос татаж унагаад дэгээ төмрөөр гар луу нь нэг удаа цохиод гэрээс явсан.
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиад ийм хэрэг хийхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-Хохирогч Д.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...чи надад хэлэхгүй хүнээс мөнгө зээлсэн байна, муу гичий минь гээд миний зүүн хөл рүү 2 удаа өшиглөөд авсан. Тэгэхээр нь би “юун мөнгө вэ?” гэж асуухад “чи хүнээс 4000000 төгрөг зээлээд 4300000 төгрөг болгож өгнө гээд авсан байна” гэж хэлэхээр нь би Г.Г-эд “би аваагүй юмаа, Д- зээлж өгсөн юм” гэж хэлсэн чинь Г.Г- намайг суу гээд машиндаа суулгаад гэрт ирээд үгийн зөрүүгүй миний шилбэ рүү өшиглөөд, загнаад байсан. Маргааш нь буюу 2019 оны 2 сарын 19-ний өдөр Г.Г- над руу уурлаад “чи ямар ч ашиггүй хүний юм авч ирэх гэлээ” гээд миний хөл рүү 2, 3 удаа өшиглөхөөр нь би хөлөө дээш нь өргөөд орон дээр хэвтсэн чинь хөлнөөс татаж газар унагаад нуруу руу нэг удаа өшиглөхөөр нь уйлаад босоод ирсэн чинь эргэж хараад дэгээ төмөр аваад миний баруун гарын шуу, бугалга хэсэг рүү нэг нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8/,
-Гэрч Д.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 2 сарын 21-ний өдөр манай найз Д.П- над руу залгаад “би 1 дэх өдөр нөхөр Г.Г-эд зодуулаад ээжийнд хоносон. Маргааш нь дахин нөхөр Г.Г-эд зодуулаад найз дээрээ очиж хоносон. Өөр хонох газар байхгүй” гэхэд нь би “манайд хүрээд ир” гэж дуудсан.
...бид 2 ярилцахад тэр “манай нөхөр намайг анх танилцсан цагаасаа эхлээд л зоддог байсан. Жирэмсэн байхад хүртэл гэдэс рүү өшиглөөд зоддог байсан, тэгээд хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй төрсөн” гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 9-10/,
-Гэрч Ч.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 2 сарын 19-ний 16 цагийн орчим би хүүхдээ цэцэрлэгээс авах гээд Г.Г- ахын машинд дайгдах гээд гэрт нь ороход Д.П- эгч утсаар яриад хүнээс байцаа авах гээд байгаа бололтой Г.Г- ах “байцаа авч яах гээд байгаа юм бэ?” гэсэн утгатай юм яриад маргалдаад байж байсан. Би үүдний өрөөнд Г.Г- ахыг “хурдан явъя, цэцэрлэг тарлаа” гэж дуудсан. Тэгээд Д.П- эгч утсаар ярьж дуусаад орон дээр гараад гутлаа тайлсан чинь Г.Г- ах гутлыг нь аваад Д.П- эгчийн хөл рүү цохисон бөгөөд би очоод Г.Г- ахыг татаад авах хооронд Г.Г- ах Д.П- эгчийн хөл рүү 2-3 удаа өшиглөөд авсан. Би Г.Г- ахыг аваад гадагшаа гарах хооронд Д.П- эгч араас гутлаа аваад шидсэн чинь Г.Г- ах буцаад зуухны хажуугаас дэгээ төмөр аваад Д.П- эгчийн байсан өрөө рүү орсон. Би араас нь ороод Г.Г- ахыг аваад гарсан юм. Би Г.Г- ахыг дэгээ төмрөөр Д.П- эгчийг цохисон эсэхийг нь хараагүй. Ингээд Г.Г- ах бид хоёр явж хүүхдүүдээ цэцэрлэгээс аваад ирэхэд Д.П- эгч гараад явсан байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 12-13/,
-“Зүүн шагай, баруун гар зөөлөн эдийн няцралтай” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн15/,
-“Д.П-ын биед зүүн шилбэ, гуя, баруун шуу, бугалганы цус хуралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 195 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16/,
-Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 36-37/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн бөгөөд шүүгдэгч Г.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Г-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.П-ын биед “зүүн шилбэ, гуя, баруун шуу, бугалганы цус хуралтууд” бүхий гэмтэл учирсан боловч хохирогч Д.П-д шүүх хурлын тов мэдэгдэхэд “...Г.Г-ээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Бид эвлэрсэн хамт хэвийн амьдарч байгаа. Би ажилтай учир хуралд очиж чадахгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” /хэргийн 69/ гэж мэдүүлж байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан Номин” Худалдааны төвийн гадаа, мөн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэртээ эхнэр Д.П-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “цээжний ар хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Г-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Г.Г- нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Г.Г-эд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг 7 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцож, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч - Г.Г-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Г-эд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 700000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 7 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Г-эд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Г.Г-эд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ