Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 127

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч У.У /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.У холбогдох эрүүгийн 1918000000098 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, У.У / 1990 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, “Комфорт” зочид буудалд хаалгач ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 207 дугаар байрны 41 тоотод оршин суух хаягтай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч У.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Парк таун” хотхоны 45 дугаар байрны 1 дүгээр орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн З.Г эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч У.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Парк таун” хотхоны 45 дугаар байрны 1 дүгээр орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн З.Г эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч У.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч эхнэр хүүхдээсээ салсан байсан. Хүүхэддээ гутал авч өгөх гэсэн юм, размерыг нь мэдэхгүй байна гэж асуугаад байсан. Тэгэхээр нь би “өөрийнхөө хүүхдийн размерыг мэдэхгүй байхдаа яадаг юм бэ?” гэхэд “чамд ер нь ямар хамаатай юм бэ?” гэж хэлээд маргалдсан.

...Хохирогч надад гар хүрсэн зүйл байхгүй. Эвээр ярих гэж үзсэн боловч чадахгүй байж юундаа айсан юм бэ? гэж хэлээд томроод байсан.

...Хохирогчид хохирол төлбөр болгож 240000 төгрөг төлсөн.

...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хохирогч З.Г Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 3/,

 

-Хохирогч З.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би ажлынхаа газрын хүмүүстэй архи ууж байгаад Ууганбаяртай маргалдсан. Гэхдээ нэг их сүртэй зүйлээс болоогүй ээ. Тэгээд маргалдаж байгаад гадаа гараад учраа олохоор болоод орц руу гарсан. Тэгээд би “та юунд уурлаж бухимдаад байдаг юм бэ?, хүмүүстэй ямар сонин харилцдаг юм бэ?” гэж хэлсэн. Тэгсэн чинь уурлаад миний нүүрний баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэгсэн чинь би манараад хойшоо унасан унахдаа шат толгойгоороо мөргөөд миний толгойноос цус гарч эхэлсэн. Тэгээд би босоод гэр лүү нь орсон бөгөөд Отгонзул эгч миний толгойны цусыг арчиж өгсөн. Тэгээд би “явлаа явлаа” гэсэн чинь Ууганбаяр ах “хэрэггүй ээ, би явлаа.” гээд гараад явсан. Тэгээд би маргааш нь цагдаад өргөдөл өгсөн.

...У.У надад 240000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй ээ, бид 2 эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 5-6/,

 

-Гэрч М.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У.Г хоёр гэрт байхад хоорондоо юм ярьж байсан. Тэгээд тэр хоёр орц руу гараад явсан. Тэгээд тэр хоёр буцаж орж ирэхгүй удаад байхаар нь би хаалгаа нээгээд харсан чинь Ганшагайгийн толгойноос цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би Г.г А гэр лүү дагуулж ороод цусыг нь угааж өгөөд Ууганааг “чи яаж байгаа юм бэ?” гээд загнасан чинь Ууганаа юм дуугаралгүй гараад явсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/,

 

-Гэрч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У, Г нар хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Ууганбаяр орцонд тамхи татаж байхад нь Ганшагай надад “гараад учраа олоодохъё” гэж хэлж гарсан. Би тухайн үед ямар учраас маргалдсаныг нь сайн мэдээгүй. Тэгээд би хэсэг хугацааны дараа араас нь орц руу гарсан чинь Ганшагайг Ууганбаяр цохиод, унахдаа шатны ирмэг толгойнхоо дагзаар цохиод цус гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед “боль” гээд болиулаад Ууганбаяр гэр лүүгээ явсан, харин Ганшагай гэрт орж цусаа цэвэрлэсэн. Тэгээд тухайн үед “эмнэлэгт үзүүлье” гэхэд Ганшагай “хэрэггүй” гээд байхаар нь “архи уухаа болъё” гээд амарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн “...дагзанд 5 см орчим язарсан шархтай, оёдол тавив.” гэх тодорхойлолт /хэргийн 19/,

 

-“З.Г биед дагзны хуйхны шарх, тархи доргилт, дээд уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. З.Г биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 2 сарын 19-ний өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч З.Г эрүүл мэндэд “дагзны хуйхны шарх, тархи доргилт, дээд уруулын зулгаралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 188 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 18/ нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч У.Ууганбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч З.Г нь мөрдөн байцаалтын шатанд “...У.У надад 240000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй ээ, бид 2 эвлэрсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 6/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч У.Ууганбаяраас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч У.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Парк таун” хотхоны 45 дугаар байрны 1 дүгээр орцонд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн З.Г эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч У.Ууганбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч У.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч У.У нь бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч З.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд ноцтой хор уршиг учирч үлдээгүй, шүүгдэгч нь эхнэр, 6 сартай хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээсээ ганцаараа ажил төрөл эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг ар гэрийн амьдралын болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч У.Ууганбаярт анхааруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У.У-гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У.У 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч У.Ууганбаярт оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч У.У-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч У.У-т анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ