Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2019/0638

 

К.Х-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0065 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу К.Х-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0065 дугаар шийдвэрээр: ”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, К.Х-ийг тус сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,

        Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

        Хариуцагч давж заалдах гомдолдоо: “К.Х нь Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг нээж зохих ажиллагааг хийхэд дээд сургуульд бакалаврын зэрэгтэйгээр мэргэжил эзэмшсэн диплом нь хуурамч болох нь тогтоогдсон.

        Түүний хуурамч диплом авсан үйл баримт нь түүнийг Засаг даргын орлогчид томилохоос өмнө болсон бөгөөд Засаг даргын орлогчоор томилогдох үед түүнийг ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй.

        ... Хуулиар Аливаа албан тушаалтанд тавигдах шаардлага тавигдаагүй үндэслэлээр хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй

        Нэхэмжлэгч К.Х-ийн нэхэмжлэлийн улмаас миний хууль ёсны эрх ашиг давхар хөндөгдөж байгаа.Би тийм учраас тухайн хэргийн хариуцагчаар оролцох ёсгүй байсан. Нэхэмжлэгч К.Х-ийг урьд эрхэлж байсан Засаг даргын орлогчийн албан тушаалд эргүүлэн тогтоосноор би Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж цаашид ажилгүй болж эрх ашиг маань зөрчигдөх байсан. Намайг энэ хэргийн хариуцагчаар татан оролцуулснаар миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох, хуульд заасан хэргийн оролцогчийн эрх эдлэх эрх маань зөрчигдсөн.

        Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт бүрэн цуглуулаагүйгээс давж заалдах шатны шүүх гомдлын агуулгад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

        Нэхэмжлэгч К.Х-аас “Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дугаартай “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, К.Х-ийг тус сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хянан шийдвэрлэжээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар шүүх нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохдоо маргаан бүхий захиргааны акт хууль зөрчсөнийг тогтоохоос гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх ёстой.

        Энэ хэргийн тухайд шүүх хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 /сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх/-т заасан шаардлагыг хангасан эсэх, мөн К.Хавдалмаликийг ажлаас халсан Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Б/84 дүгээр захирамжийн “хуурамч диплом ашиглан хууль бус томилогдсон эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон” гэх үндэслэлийг шалгаж дүгнэлт өгөхөөс гадна нэхэмжлэгч К.Х Засаг даргын орлогчоор томилогдох үедээ өөрийн боловсролын байдлыг хэрхэн тодорхойлсон, өөрөөр хэлбэл, “дээд боловсролтой” гэж тодорхойлж байсан эсэх нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх ач холбогдолтой байна.

        Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргийн хүрээнд К.Х-ийн анх төрийн албанд томилогдохдоо бүрдүүлсэн материалыг гаргуулах замаар, тухайлбал, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 9.2-т “Төрийн албан хаагчийн анкет үнэн зөв бичигдсэн эсэхийг ... мэргэжлийн диплом, гэрчилгээ (үнэмлэх, сертификат)-тай тусган шалгаж баталгаажуулна” гэж заасны дагуу төрийн албан хаагчийн анкетыг нэхэмжлэгчээс бөглүүлж авсан эсэх, тухайн анкетад нэхэмжлэгч боловсролынхоо талд хэрхэн тусгасан, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөхөд боловсролын асуудал яригдсан эсэхийг тодруулах хэрэгтэй.

        Мөн шаардлагатай гэж үзсэн бол цагдаагийн байгууллагад гэрчээр өгч байсан баримтуудыг хүлээн авч дүгнэлт өгөх бус энэ талаар сумын Засаг даргаар ажиллаж байсан Х.Х-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэрчээр асуух байжээ.

        Нөгөөтэйгүүр, хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/91 дүгээр тогтоолыг нотлох баримтын шаардлага хангуулах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.5-д заасан шаардлагад нийцнэ.

        Эдгээр асуудлыг тодруулаагүй, холбогдох баримтуудыг хуульд нийцүүлэн бүрдүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2019/0065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                                                          Ц.САЙХАНТУЯА

                                        ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР