Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 1573

 

 МАГАДЛАЛ

 

2016.09.14                                               № - 1573                                        Улаанбаатар хот

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00059 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч ХХХХХ-д холбогдох,

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/59 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр ХХХгаас 129 300 450 төгрөг гаргуулж ХХХд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ байрны ХХ тоотод байрлах 132.8 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэх ажиллагааг явуулсан.

Төлбөр төлөгч ХХХ надаас болон төлбөр авагч ХХХ нараас үнийн санал авахад бид харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “ХХХХ” ХХК-ийг томилон үнэлгээ хийлгэсэн.

Шинжээч 273 900 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ХХХд мэдэгдсэн. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдэгдэх хуудсаар орон сууцыг 191 730 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн. Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч би зөвшөөрөөгүй тул дахин шинжээч томилж үнэлүүлэх хүсэлтийг гаргасан боловч хүлээн аваагүй. Маш багаар үнэлсэн үнийнхээ 70 хувь болох 191 730 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрээр ХХХгаас 129 300 450 төгрөг гаргуулж ХХХд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу төлбөр авагч хүсэлт гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 15302657 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Төлбөр төлөгч ХХХ-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгө болох орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 121/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны 121/01 дугаартай тогтоолоор хураан авсан.

Төлбөр төлөгч ХХХгаас 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үнийн санал авахад 464 800 000 төгрөгийн үнийн санал өгсөн. Төлбөр авагч ХХХ энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний “ХХХХХХ” ХХК-ийг шинжээчээр томилсон.

Шинжээч уг орон сууцыг 273 900 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/6528 дугаартай мэдэгдлээр ХХХд мэдэгдсэн. Орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар тооцон 191 700 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны дуудлага худалдаа явуулахад хэн ч оролцоогүй тул хоёр дахь дуудлага худалдааг 273 900 000 төгрөгийн 50 хувиар тооцон 136 950 000 төгрөгөөр 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ байрны гэрчилгээ нь миний нэр дээр гарчихсан юм. ХХХ түүний нөхөр н.Мөнхбат нар нь надад өгөх ёстой мөнгөө өгөх хэрэгтэй. ХХХ нь 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн хэргийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдолтой гэж нэхэмжлэл гаргасан. Тэд итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг хөлслөн шүүх хуралд оруулан өөрсдийн санасан шийдвэрийг гаргуулахын тулд шүүхийн ажиллагааг удаашруулж, хүндрүүлж янз бүрийн зальт аргыг хэрэглэж байна. Би шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгчтэй яг ижил саналтай байна гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар ХХХХХ-д холбогдох Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/59 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай ХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 714 дүгээр захирамж хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Тухайлбал нэхэмжлэгчиин итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг гаргуулах, хэргийн талаар шаардлагатай мэдээллийг мэдэж байгаа гэрчийг асуулгах тухай хүсэлтийг гаргасан боловч хангалгүй орхиж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдлүүлээгүй.

Үүний улмаас шүүгчээс татгалзаж байсан удаатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХХ-д холбогдуулан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэрийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/59 тоот үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шинжээч эд хөрөнгийг хэт багаар үнэлсэн тул 191 730 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахгүй гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4603 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1130 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 899 дүгээр тогтоолоор ХХХгаас зээлийн гэрээний үүрэг, улсын тэмдэгтийн хураамжид нийт 129 375 000 төгрөгийг ХХХд олгохоор шийдвэрлэсэн байна. /хх 21-38/

Дээрх шийдвэрийн дагуу үүсгэгдсэн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 4340 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн явуулсан хариуцагч ХХХХ-ны төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ХХХ-ийн барьцаа эд хөрөнгө болох 5 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах, албадан дуудлага худалдаанд оруулах, шинжээч томилж эд хөрөнгийг үнэлүүлэх, тухай бүрт нь мэдэгдэх зэрэг ажиллагаа нь хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. /хх 4, 6, 20, 42-61/

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тухай бүрт нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч битүүмжлэгдсэн орон сууцны үнэлгээний талаар санал гаргаж байсан атлаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй тул шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болно.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ХХХгаас өөрийн орон сууцыг 464 800 000 төгрөгөөр үнэлэгдэнэ гэх саналыг төлбөр авагч ХХХ эс зөвшөөрснөөр талууд үнийн санал дээр харилцан тохиролцож чадаагүй тул шинжээч томилж, уг шинжээчийн үнэлгээгээр барьцаа эд хөрөнгө болох орон сууцыг 273 900 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 49-57/

2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн дээрх үнэлгээний дүгнэлттэй нэхэмжлэгч ХХХ 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр танилцсан нь хэрэгт авагдсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийн дагуу битүүмжилсэн орон сууцыг 273 900 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээний 70 хувиар тооцсон анхны болон 50 хувиар тооцсон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

Нэхэмжлэгчээс албадан дуудлага худалдааг явуулах тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ үнэлгээтэй холбоотойгоор буюу орон сууцыг хэт багаар үнэлсэн гэж маргасан ч уг үндэслэлээ нотлоогүй, хуульд заасан хугацаанд гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг баримтлан хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн үнэлгээний дүгнэлт гаргасан шинжээчийг гэрчээр асуулгах нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаантай харилцаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ