Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2017/ДШМ/000

 

Б.Соёл-Эрдэнэд холбогдох захиргааны зөрчлийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Зөрчил гаргагч Б.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга А.Батдорж нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн гаргасан 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч зөрчил гаргагч Б.Соёл-Эрдэнийн давж заалдах гомдлоор Б.Соёл-Эрдэнэд холбогдох захиргааны зөрчлийн материалыг 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Зэвэг овогт Бямбын Соёл-Эрдэнэ, 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймаг, Өлзийт сум, 5 дугаар багт оршин суух, /регистрийн дугаар ВП79052517/

Б.Соёл-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэх зөрчилд холбогджээ.

Анхан шатны шүүх: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар Б.Соёл-Эрдэнийг 7 хоног баривчлах шийтгэл ногдуулж, зөрчил гаргагч Б.Соёл-Эрдэнийг баривчлагдах хугацааг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 00 минутаас эхлэн тоолж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-т зааснаар баривчлах шийтгэлийн гүйцэтгэлийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж шийдвэрлэжээ.

Зөрчил гаргагч Б.Соёл-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өлзийт сумын иргэн Б.Соёл-Эрдэнэ миний бие 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр 7 хоногийн хугацаагаар баривчлагдсан болно. Шүүгч Д.Батцэнгэлийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар шийтгэвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие согтууруулах ундаа хэрэглээгүй байсан, баривчлах шийтгэлийг эдлээд дууссан, намайг баривчлагдсан байхад манай гэрийнхэн давж заалдах гомдол гаргаад намайг согтууруулах ундааны зүйл уугаагүй гээд бичсэн байсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй байна гэв.

ХЯНАВАЛ:

Б.Соёл-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчил гаргасан болох нь

Зөрчил гаргагч Б.Соёл-Эрдэнийг зөрчлийн талаар асуусан тэмдэглэл, түүнд “А” ангилалын жолоодох эрхийн үнэмлэх байхгүй талаарх тодорхойлолт, Б.Соёл-Эрдэнэ нь 0.65 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл зэрэг зөрчлийн материалд авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс Б.Соёл-Эрдэнэд ногдуулсан шийтгэл нь зөрчил гаргагчийн гаргасан зөрчлийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөв хэрэглэж, түүнд зөрчлийн материал болон зөрчлийг бүртгэх хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан байгаа нь хуулиар олгогдсон оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна

Иймд шийтгэвэрийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Б.Соёл-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийтгэвэрийг хүчингүй болгох боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь

хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар шийтгэвэрийг хэвээр үлдээж зөрчил гаргагч Б.Соёл-Эрдэнийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                    Т.ДАВААСҮРЭН