Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ягнайжав Туул |
Хэргийн индекс | 150/2023/00179/и |
Дугаар | 209/МА2024/00057 |
Огноо | 2024-07-02 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 209/МА2024/00057
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 150/ШШ2024/00006 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч "*******" ХХК,
"*******" ТӨХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,
Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч "*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч "*******" ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, нэмэгдүүлсэн шаардлага:
Хариуцагч нь намайг Засгийн газрын 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай 49 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх шүгэл, шүүр, шувуу, шилжүүлэн авах зэрэг 5 ажиллагааны хүрээнд ЗГХЭГ-аас ирүүлсэн чиглэлийн дагуу ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэсэн утга бүхий тайлбарыг нэмж ирүүлсэн байна. Энэ тайлбар нь үндэслэлгүй.
Намайг “*******” ХХК-д дотоод хяналтын мэргэжилтнээр 2 сарын туршилтын хугацаагаар ажиллуулах Б/12 дугаартай тушаалыг 2023 оны 1 дугаар сарын 26-ны өдөр гаргасны дагуу уг ажлын байранд ажиллаж байтал 2023 оны 04 сарын 10-ны өдрийн Б/33 дугаартай тушаалаар ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад нийцэхгүй гэсэн хууль бус шалтгаанаар үндэслэлгүйгээр ажлаас халсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын 2011 оны 311 дугаар тогтоолоор баталсан "Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг зөрчсөн учраас Хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг хүчингүйд тооцуулахаар, ажилгүй байсан хугацааны цалин анх гаргасан нэхэмжлэлд буруу ташаа тусгагдсан байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин 40,130,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.
Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК-ийн охин компани болох “*******” ХХК-ийн Дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллаж байсан ажилтан ******* надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад нийцэхгүй гэсэн үндэслэлээр захиргааны санаачилгаар цуцлахдаа хэд хэдэн хууль, журмыг зөрчсөн байна.
Хариуцагч "*******" ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ”Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын 3.3 дах заалтын дагуу ******* намайг мэргэжлийн хувьд Дулааны станцын буюу "******* ХХК"-ийн дотоод хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй гэж тусгажээ. Эндээс тус компанийн Дотоод хяналтын мэргэжилтэн нь уг журмын дагуу дотоод хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэгч ажилтны орон тоо гэдэг нь тодорхой нотлогдож байна. Гэтэл дотоод хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор МУЗГ-ын 2011 оны 331 дугаар тогтоолоор баталсан "Аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг зөрчиж, журмын зохих заалтуудыг буруу ойлгож хэрэглэсэн байгаа нь хууль журамд нийцээгүй ажлын байрны тодорхойлолт гаргах үндсэн нөхцөл болсон байна. Дотоод хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсгийн Албан тушаалд тавигдах тусгай шаардлага гэсэн хэрэгт уг албан тушаалтны мэргэжлийг Бизнесийн удирдлага, санхүү гэж тусгасан байгаа нь зөвхөн дотоод аудит санхүүгийн хяналт шалгалт, үнэлгээ мониторинг хийх үүрэгтэй мэтээр буруу ташаа ойлголтоор журмыг буруу хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Төрийн өмчит компаниудад 2011 оноос эхлэн дээр дурдсан журмын 2.2 дугаар зүйлд заасан зорилгын хүрээнд, 4.1 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах дотоод хяналтын алба, хэлтэс, ажилтныг томилон ажиллуулах шаардлага тавигдсан. Би эзэмшсэн мэргэжлийн хувьд ч, дулааны станцдаа засварчнаас эхлээд мастер, захирал хүртэл 26 жил ажилласан дадлага туршлагын хувьд хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэх бүрэн боломжтой юм.
...“*******“ ХХК нь Хөтөл хотын хэрэглэгчдийг дулаан, хэрэглээний хүйтэн, халуун усаар хангах ажил үйлчилгээг эрхэлдэг. Энэ компанийн ажил үйлчилгээний чанар, найдвартай ажиллагаа нь нийлүүлэгдэж буй нүүрсний илчлэг, үнслэг, дэгдэмхий зэрэгт хяналт тавихаас эхлээд, дулаан үйлдвэрлэж буй зуух түүний дагалдах техник тоног төхөөрөмжийн болон хотын инженерийн шугам сүлжээний ус, дулааны алдагдалгүй найдвартай, хэвийн ажиллагааг хангаж байж л хэрэгжинэ. Эндээс дотоод хяналтын мэргэжилтний хэрэгжүүлэх үйл ажиллагаа түүнд тавигдах мэргэжлийн тусгай шаардлага тодорхойлогдох юм. Түүнчлэн журмын 3.2-т дотоод хяналт шалгалтын ажилтан нь тухайн аж ахуйн нэгж байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлээр боловсрол, мэргэжил эзэмшиж мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай байна гэж хуульчлан журамласан байгаа бөгөөд ******* миний мэргэжил, ажлын дадлага туршлагын хувьд энэ шаардлагад бүрэн нийцэж байгаа болно.
...Дотоод хяналт шалгалт явуулах журмаа боловсруулан мөрдөж байгаа нь нотлогдоод байгаа учир Дотоод хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг эрх зүйн зөрчилтэй, хууль зөрчиж гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ******* миний хувьд эзэмшсэн мэргэжил, ажилласан байдал, ажлын дадлага туршлагын хувьд энэхүү заалтад бүрэн нийцэж байгаа тул хууль журам зөрчиж боловсруулан мөрдөж буй хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг хүчингүйд тооцож, "*******" ХХК-ийн хяналтын мэргэжилтний ажлын байранд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 40,130,000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ. /1 хх 145-174-р тал/
2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
...Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Хөтөлийн *******” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” 124 дүгээр тогтоолоор “*******” ТӨХК-ийн өмчийн хэлбэрийг өөрчлөн, хувийн өмчөөс төрийн өмчид буцаан авах шийдвэр гарсан болно.
Дээрх тогтоолоор “*******” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын Засгийн газар бүртгэгдэж, компанийн дүрмийн 1.4 дэх хэсэгт “*******” ТӨХК нь 100 хувь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Засгийн газраас эрх олгосон төрийн байгууллага /ТӨБЗГ/ байна” гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчийн эрхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлж байгаа билээ. Харин хариуцагч “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “*******” ТӨХК болно.
...Тодруулбал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай “Чиглэл хүргүүлэх” тухай албан бичгээр: “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж, дараах хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг чиглэл болгож байна. ...Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварыг болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон, ...дээрх хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, шийдвэр бүрийг өөрийн эрхэлсэн салбар, нэгж бүрд шалган тогтоож, дүнг 2013 оны 04 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлнэ үү” гэсэн чиглэлийг ирүүлсэн.
Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А-1/482 дугаар “Мэдээлэл хүргүүлэх тухай" албан бичгээр: ... Ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангасан эсэх” гэх зэрэг мэдээллийг ирүүлэх, хэрэгжилтийг шаардсан байдаг. Ийнхүү төрийн эрх бүхий байгууллагаас ирүүлсэн үүрэг, чиглэлийн хүрээнд “*******” ТӨХК, “*******” ХХК-ууд нь компанийн хэмжээнд нийт ажилтнуудын судалгааг авч, тухайн ажлын байранд тавигдах шаардлага, болзлыг хангаж байгаа эсэхийг тодруулан нягтлахад ******* нарын гурван иргэн тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн. Ингээд хариуцагч “*******” ТӨХК нь Засгийн газраас хэрэгжүүлж буй шүүр ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажилласан талаар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01/394 дугаар “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байдаг.
“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар батлагдсан Дотоод хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагын хувьд ...тухайн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан байх зэрэг тусгай шаардлагыг хангахгүй байсан.
Иймээс ...Гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/33 дугаартай “*******г ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
...хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байхаас гадна “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “*******г ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” Б/33 дугаартай тушаал нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1 хх 140-142-р тал/
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК-д холбогдуулан гаргасан “*******” ХХК-ийн дотоод хяналтын мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн үйл баримтад хуульд зааснаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж дүгнэж байна.
...хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч *******г Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасны дагуу сэлгүүлэн ажиллуулах тушаал гаргах хууль зүйн үндэслэлтэй байхад хууль зөрчиж анх ажилд орж байгаа ажилтны адил туршилтын хугацаа хэрэглэн тушаал гаргаад, туршилтын хугацаа дуусмагц ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа үйл баримтад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар гаргасан Улсын Дээд шүүхийн зөвлөмжийг анхаарч үзээгүй. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр учир хэлцэл хийхэд тавигдах хуульд заасан шаардлагыг хангасан буюу гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, тухайн гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох ёстой гэж үзнэ. Уг шаардлагыг хангаагүй хөдөлмөрийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус болно гэж тусгасныг шүүгч анхаарахгүй, туршилтын хугацаагаар ажиллуулах тушаал гаргаад ажлаас халсан үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.
Түүнчлэн анхан шатны шүүхээс Монгол улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Хэрэг эрхлэх газрын 595 дугаартай чиглэл хүргүүлэх албан бичгийн хэрэгжилтийг үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Дотоод хяналт шалгалтын мэргэжилтэн нь компанийн эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд гүйцэтгэх албан тушаалтан юм. Гэтэл Засгийн газраас тус компанид ирүүлсэн албан тоотын 4-р заалтад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтан гэж тодорхой заасан байгаад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь ажил олгогчийн хууль зөрчсөн тушаал, шийдвэрийг залруулж хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна
...Төрийн хяналт шалгалтын тухай хууль , Засгийн газрын 2011 оны 311 дугаар тогтоолоор баталсан ”Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу охин компанидаа дотоод хяналтын мэргэжилтэн ажиллуулахаар Хөтөл Цемент Шохой ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь шийдвэрлээд түүнийг энэ албан тушаалд томилжээ. Энэ бол маш зөв шийдвэр бөгөөд дээр дурдсан журмын 2.2-т зааснаар дотоод хяналтыг дулааны станц, дулаан хуваарилах төвийн үйл ажиллагааг бүхэлд нь хамарч явуулах учир Доржсүрэн өөрийн ажлын дадлага туршлагын хувьд тэнцэх юм.
..Дотоод хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахдаа тодорхойлолтын 3 дахь хэсгийн Албан тушаалд тавигдах тусгай шаардлага гэсэн хэрэгт уг албан тушаалтны мэргэжлийг Бизнесийн удирдлага, санхүү гэж тусгасан байгаа нь зөвхөн дотоод аудит санхүүгийн хяналт шалгалт, үнэлгээ мониторинг хийх үүрэгтэй мэтээр буруу ташаа ойлголтоор журмыг буруу хэрэглэсэн байхад шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсон гэж дүгнэж байна. Уг журмын 1.7 дугаар зүйлд "... аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит хяналт шинжилгээ, үнэлгээ мониторинг хийхэд энэ нийтлэг журам хамаарахгүй" гэж журамласан байдаг. Гэтэл дотоод хяналтын мэргэжилтний үйл ажиллагааны чиг үүргийг зөвхөн санхүүгийн аудит хийхээр тусгасан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Өмгөөлөгчийн зүгээс хууль зөрчиж гаргасан ажлын байрны тодорхойлолтыг хүчингүйд тооцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй болно.
... *******гийн хувьд эзэмшсэн мэргэжлийн хувьд ч , дулааны станцдаа засварчнаас эхлээд машинч, засварын бригадын дарга, мастер, захирал хүртэл 26 жил ажилласан дадлага туршлагын хувьд хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, гүйцэтгэх бүрэн боломжтой юм. Гэтэл яагаад энэ албан тушаал дээрээ одоо эрхзүйч мэргэжилтэй, дулааны станц дулаан хуваарилах төвд нэг өдөр ажиллаж үзээгүй ыг ажиллуулаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм. шүүх хуралдааны өмнө өгсөн биеийн байцаалт дээрээ Хяналтын мэргэжилтэн гэж албан тушаалаа танилцуулсан, асуултад ч мөн ингэж хариулсан байдаг. Эндээс тус компани нь ажилтан ажилчдадаа жигд шаардлага тавьдаггүй, ялгавартай ханддаг байдал нь харагдаж байна.
...Дотоод хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг эрх зүйн зөрчилтэй, хууль зөрчиж гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад шүүх үүнд үнэлэлт дүгнэлт хийгээгүй, тус компанийн хууль зөрчиж гаргасан тушаалыг үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ. /2 хх 39-41 тал/
5.Хариуцагч “*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******оос давж заалдсан гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:
...******* нь 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийг “дулаан хангамж, агаар сэлэлт”-ийн мэргэжлээр “Сантехникийн инженер”-ийн бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд тус мэргэжил нь “*******” ХХК-ийн “Дотоод хяналтын мэргэжилтэн” гэх ажлын байрны тодорхойлолтод заасан “мэргэжил”-ийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. /2 хх 48-49 тал/
ХЯНАВАЛ:
6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
8.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч "*******" ХХК, "*******" ТӨХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...ажилгүй байсан хугацааны цалинд 40,130,000 төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, маргажээ. / 1 х.х-1-3, 162-164/
Хэргээс судлан үзэхэд :
9.Нэхэмжлэгч *******г "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад нь "*******" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/82 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, улмаар хариуцагч "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 тоот тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн туршилтын 2 сарын хугацаагаар дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэжээ. / 1 х.х-38-39/
Улмаар туршилтын хугацаагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн 2 сарын хугацаанд буюу 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр “*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/30 тоот тушаалаар нэхэмжлэгч *******г 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс үндсэн ажилтнаар томилон ажиллуулж байгаад эрх бүхий байгууллага шаардсан гэх үндэслэлээр 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/33 тоот тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. / 1 х.х-37,40/
10.Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч ******* нь ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, дотоод хяналтын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот албан бичгийн хуулбар зэргийг ирүүлжээ. / 1 х.х-47-48, 86-88/
11.Хариуцагч "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/42 тоот тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн туршилтын 2 сарын хугацаагаар дотоод хяналтын мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсний дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлын А/11 тоот тушаалаар тус компанийн нийт ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг баталсан бөгөөд уг тушаалаар “дотоод хяналтын мэргэжилтэн”-ийн албан тушаалд тавигдсан тусгай шаардлагыг “бизнесийн удирдлага, санхүү”-ийн мэргэжилтэй байна гэж баталсан байна. / 1 х.х-86-88/
12.Туршилтын хугацаагаар ажиллаж байсан ажилтныг үндсэн ажилтнаар томилох үед дотоод хяналтын мэргэжилтний ажлын байранд тавигдах үндсэн шаардлага буюу ажилтны мэргэжил тохирохгүй, ажлын байрны тодорхойлолтод тавигдах үндсэн шаардлагыг хангахгүй болох нь илэрхий байсан бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч нь тус ажилтныг үндсэн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
Гэтэл ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага хангахгүй гэдгийг мэдэж байсан атлаа ажилтныг үндсэн ажилтнаар томилон ажиллуулж байгаад ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасантай нийцэхгүй.
Тодруулбал, ажил олгогчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангахгүй гэдгийг мэдэж байсан атлаа ажилтныг үндсэн ажилтнаар томилон ажиллуулсан буруутай ажиллагааг ажилтан хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******г "*******" ХХК-ийн дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулж олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
13.Нэхэмжлэгч ******* нь ажлаас халагдахаас өмнөх 3 сар буюу 2023 оны 1 дүгээр сард 5,395,000 төгрөг, 2 дугаар сард 15,896,960 төгрөг, 3 дугаар сард 2,359,770.96 төгрөгийн цалин авсан болох нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байна. / 1 х.х-4/
Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.6-д “ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-т заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно гэж заасны дагуу нэг ажлын өдрийн дунджаар тооцох нь зүйтэй.
Нэхэмжлэгч *******гийн ажлаас халагдахаас өмнөх 3 сарын цалингийн задаргаанаас үзэхэд 2023 оны 2 дугаар сард авсан цалин болох 15,896,960 төгрөгөөс нэмэгдэл цалин болох 12,060,542 /ээлжийн амралтын мөнгө 7,066,724+удаан жилийн нэмэгдэл 4,993,818=12,060,542 төгрөг/ төгрөгийг хасаж, ажилтны 2023 оны 02 дугаар сард авсан цалинг 3,831,418 төгрөг гэж тооцох нь зүйтэй. / 1 х.х-234/
Иймд 2023 оны 1 дүгээр сард 5,395,000 төгрөг, 2 дугаар сард 3,831,418 төгрөг, 3 дугаар сард 2,359,770.96 төгрөгийн цалин авсан гэж тооцоход 1 сард оногдох дундаж цалин 3,862,062.9 төгрөг, 1 өдөрт оногдох цалин /3,862,062.9:21=/183,907.7 төгрөг байна.
Нэхэмжлэгч ******* нь ажлаас халагдсанаас хойш анхан шатны шүүхийн шийдвэр гартал буюу 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 186 хоног ажилгүй байсан байх тул дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 34,206,843 төгрөгийг хариуцагч "*******" ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,923,157 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон асуудалд хариуцагч “*******” ТӨХК буруугүй тул “*******” ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 150/ШШ2024/00006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын
“Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч "*******" ХХК, "*******" ХХК-нд холбогдуулан гаргасан ...*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг
“Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******г "*******" ХХК-ийн дотоод хяналтын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, "*******" ХХК-иас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 34,206,843 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,923,157 төгрөгийг болон "*******" ТӨХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
Тогтоох хэсгийн 2 дахь заалтад
“...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу хариуцагч "*******" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 328,984 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Я.ТУУЛ