| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0144/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 146
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч Э.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э холбогдох эрүүгийн 1818008320110 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Э 1995 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн Гавшгай овоот 1 дүгээр гудамжны 6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 16:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэрт байрлах 1б байранд үйл ажиллагаа явуулдаг оёдлын цехэд ажиллаж байсан иргэн Ж.Б Самсунг К4 загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 16:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэрт байрлах 1б байранд үйл ажиллагаа явуулдаг оёдлын цехэд ажиллаж байсан иргэн Ж.Б Самсунг К4 загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, залилан авч, 350000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...16 дугаар багт байх Үйлчилгээний төв рүү явж байгаад найз Ононбаттай таарч хамт нэг шил 0.75 литрийн архи хувааж ууж байгаад Ононбат гэр лүүгээ явсан. Би үлдэгдэл архиа тэндээ орхиод Ж.Б оёдлын цех дээр очоод “гар утсаараа нэг яриулаач, ах Лхагваатай ярих гэсэн юм” гэж хэлж аваад Дархан 50 цогцолборын урт талд суугаад утсаар ярьж байснаа санаж байна. Дараа нь Ж.Б утсыг аваад 16 давхрын урдаас Улаанбаатар явах гээд таксинд суусан санагдаж байна. Улаанбаатар хотод очоод 21 дүгээр хороололд нэг орцонд унтаад өгсөн. Өглөө 8 цагийн үед сэрэхэд надад Ж.Б гар утас байсан. Улаанбаатар хотод хоёр хоног орцоор явж байтал Ж.Б утасны цэнэг дууссан. Хүний утас гуйж байгаад Ж.Б дугаар луу залгаад үзэхэд симээ сэргээчихсэн утас нь холбогдож байсан. Ингээд Болорчимэгт “би одоо хотоос гарах гэж байна, өглөө утсыг чинь хүргээд өгье” гэж хэлсэн. Утсаар ярьчихаад приус-20 маркийн машинд суугаад Дархан-Уул аймагт ирээд таксины жолооч ахад Ж.Б гар утсыг түр үлдээгээд “мөнгө олж ирээд гар утсаа авъя” гэж хэлсэн. Тэгээд Дархан-Уул аймагт таньж мэдэх хүн байхгүй учир мөнгө олдохгүй байсан болохоор Ж.Б утсыг тухайн жолоочоос авалгүй үлдээчихсэн.
“...би хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 7/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 8-10/,
-Хохирогч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хар өнгийн куртиктэй нэг эрэгтэй орж ирээд утсаараа нэг яриулаач гээд гуйхаар нь би өөрийн гар утсаа өгсөн. Тэгээд ажлаа хийгээд сууж байхад өөдөөс хараад миний утсаар хүнтэй яриад байгаа бололтой сууж байсан. Тэр үед гаднаас хүн ороод ирэхээр нь би босоод тухайн хүнд үйлчилж байхад миний утсаар ярьсан чигтээ алхаад гарч байхыг би харсан. Тэгээд би тухайн үедээ эргэж орж ирэх байх гэж бодоод үлдсэн. Хэсэг хугацааны дараа орж ирэхгүй байхаар нь гараад хартал нөгөө залуу алга болсон байсан.
...тэгтэл 2-3 хоногийн дараа миний дугаар луу үл таних дугаараас залгаад миний гар утсыг авч явсан эрэгтэй “би санаатай авч яваагүй шүү,Улаанбаатар хотод явж байна” гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж холбоо бариагүй.
...би гар утсаа 2018 оны 10 дугаар сард Мобикомоос 500000 төгрөгийн лизингийн нөхцөлтэйгөөр худалдаж авч байсан. LG-K4 маркийн саарал өнгөтэй шинээрээ шахуу ямар ч эвдрэл гэмтэлгүй гар утас байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/,
“…Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны байдлаар 350000 төгрөг байна.” гэх 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 24-25/,
-“...Энхтайван овогтой Элбэгбаяраас эд зүйлээ хүлээн авч гомдол саналгүй болсон.” гэх хохирогч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлт /хэргийн 66/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Э-г бусдыг хуурч, бусдын эд хөрөнгийг залилан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-д 350000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “миний бие Ж.Болорчимэг нь Э.Э-с эд зүйлээ хүлээн авч гомдол саналгүй болсон.” гэх тодорхойлолт ирүүлсэн /хэргийн 66/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 16:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р багийн нутаг дэвсгэрт байрлах 1б байранд үйл ажиллагаа явуулдаг оёдлын цехэд ажиллаж байсан иргэн Ж.Б Самсунг К4 загварын гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” гэж хуурч, залилан авч, 350000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Э.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Э нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Э ыг бусдыг хуурч, эд хөрөнгийг нь залилан авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Э 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.Э үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Э.Э анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ