Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 569

 

 

 

 

 

   2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2016/00569

 

 

         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

        Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 5-р хороолол, 5-р байр, 26 тоот хаягт оршин суух Майдар овогт Жамсранжавын Болиймаа /рд:ХГ62082642/-гийн нэхэмжлэлтэй,

 

        Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Боролмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 оны 8 сарын 26-ны өдөр төрсөн Шаазангийн үйлдвэрийн даргын 1983 оны 4 сарын 14-ний өдрийн 32 дугаар тушаалаар хэвлэх тасагт аяга чимэглэгчээр ажилд орсон. Улмаар 2000 оны 07 сарын 01-ний өдөр шаазангийн үйлдвэр татан буугдахад ажилаас гарсан. Ажилд авсан тушаалд Жамсранжав гэсэн аавын нэрийг Жамсран гэж буруу бичсэн байдаг. Иймд намайг 1983 оны 4 сарын 14-ний өдрөөс 2000 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд шаазангийн үйлдвэрт ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Ж.Болиймаа нь Шаазангийн үйлдвэрийн хэвлэх тасагт аяга чимэглэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.

 

        Нэхэмжлэгч Ж.Болиймаад Шаазангийн үйлдвэрээс 1990 оны 4 сарын 12-ны өдөр 266313 тоот хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон ба уг хөдөлмөрийн дэвтэрт тухайн үеийн тамга дарагдсан, цээж зураг наагдсан байна.

 

        Ж.Болиймаа нь тухайн үеийн БНАГУ-ын Техник мэргэжлийн сургуульд 1980 оны 3 сард элсэн суралцаж, 1983 оны 03 сард Шаазангийн үйлвэрт хуваарилагдан ажлын гараагаа эхэлжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Болиймаа нь Шаазангийн үйлдвэрийн хэвлэх тасагт аяга чимэглэгчээр 1983 оны 4 сарын 14-ний өдрөөс 2000 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Шаазангийн үйлдвэрийн даргын 1983 оны 4 сарын 14-ний өдрийн 32 дугаар тушаалын хуулбар, нэг тушаалаар ажилд орсон гэрч О.Болормаа /рд:ХН63121366/, Д.Мягмар /рд:ЧК64022502/ нарын мэдүүлэг, “Нэгэн жарны Монгол шаазан урлаачид” номд хэвлэгдсэн фото зураг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Болиймаагийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шаазангийн үйлдвэрийн даргын 1983 оны 4 сарын 14-ний өдрийн 32 дугаар тушаалд Жамсранжавын Болиймаагийн нэрийг Жамсрангийн Болиймаа гэж ташаа бичсэнийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Майдар овогт Жамсранжавын Болиймаа /рд:ХГ62082642/-г 1983 оны 4 сарын 14-ний өдрөөс 2000 оны 7 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Шаазангийн үйлдвэрийн хэвлэх тасагт аяга чимэглэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Болиймаагаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР