Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2024/00059

 

Б.Энхбайгалийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны  11 дүгээр сарын 22-ны өдрийн 150/ШШ2023/00194 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Энхбайгалийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "*******" ТӨХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлага:

“...******* миний бие 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "Цемент Шохой" ХК-тай хөдөлмөрийн гэрээг байгуулан, гүйцэтгэх Захирлын Б/381 дугаар тушаалын дагуу Хангамж, маркетинг борлуулалтын хэлтэст Хангамжийн инженерээр томилогдон ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад компанийн удирдлага, өмчийн хэлбэр өөрчлөгдсөн бөгөөд "*******" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаар тушаал гарч намайг албан тушаал буулган Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилж, гэрээ байгуул­­­­ах үүргийг Захиргаа, хүний нөөцийн хэлтэст үүрэг болгосон байдаг.

Миний бие дээрх тушаал шийдвэртэй танилцаж гомдол гаргахаар бэлдэх явцад 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Б/230 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж миний албан тушаалыг бууруулсан тушаал дээрээ хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй атлаа хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсныг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шуудангаар хүлээн авсан.

...хөдөлмөрийн ноцтой зөрчлийн заалтыг баримтлан ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэж 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч тус нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 446 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан.

... татгалзсан захирамжид дурдсанчлан ажил олгогч болох "Цемент Шохой" ТӨХК болон Сэлэнгэ аймгийн Сайхан суманд хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс өнөөдрийг хүртэл байгуулагдаагүй байгаа тул намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан анхны албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ. /1 хх 1-2-р тал/

...Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 22,690,288 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэжээ. /1 хх 209-210-р тал/

... ******* ТӨХК-ийн борлуулалт, логистикийн хэлтэст борлуулалтын мэргэжилтнээр томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 32,300,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ. /2 хх 58-р тал/

2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

...Манай компани Хөдөлмөрийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллагад байлгана гэж заасны дагуу гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/274 дугаар тушаалын дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2-т заасны дагуу "*******" ТӨХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулсан тул тус комиссоор хууль заасан журмын дагуу урьдчилсан журмаар шийдвэрлэх боломжтой байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1 хх 88-р тал/

... Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 22,690,288 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /2 хх 24-25-р тал/

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхбайгалийг “Цемент Шохой” ТӨХК-ийн Борлуулалт логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны олговор 32,300,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхбайгалиас улсын тэмдэгтийн хураамжид 319,450 төгрөг, хариуцагч “Цемент Шохой” ТӨХК-иас 70,200 төгрөг тус тус гаргуулж улсын  орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, ******* нар давж заалдах гомдолдоо:

...нэхэмжлэгч Б.Энхбайгалийн тухайд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалын дагуу уг компанид анх ажилд орж байгаа ажилтан биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу өөр ажилд сэлгүүлэн ажиллуулахаар ажил олгогчийн дангаараа шийдвэрлэсэн тушаалын дагуу Борлуулалтын ажилтны ажил, албан тушаалд томилогдоод байгаа ажилтан учраас хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 59.6 дугаар зүйлд ажилтан сэлгэн ажиллахаас “татгалзсан үндэслэлээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахыг хориглоно гэж заасан байна. Нэхэмжлэгч Б.Энхбайгалийн хувьд ажил олгогч түүнийг тушаал бууруулан өөр ажил албан тушаалд сэлгүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаартай тушаалыг энэ оныхоо 5 дугаар сарын 2-ны өдөр хүлээн аваад 3 өдөр ч болоогүй байхад ажлаас халах тушаал гаргасан байгаад шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Үүнтэй яг ижил нөхцөл байдал бүхий нэхэмжлэгч *******д холбогдох  Улсын Дээд шүүх хяналтын журмаар хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн дээр дурдсан зүйл заалтыг үндэслэн ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэсэн бөгөөд үүнтэй холбоотой эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисон байдаг / УДШ-ийн 2023 оны 5 дугаар сарын 30 -ны өдрийн 001/ХТ2023/00101 дугаартай тогтоолын 21 дэх хэсэгт /

Үүнийг дурдсан шалтгаан нь Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт зааснаар Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана гэсэнтэй холбоотой бөгөөд Б.Энхбайгалийн нэхэмжлэлтэй иргэнийн хэрэгтэй нэгэн адил нөхцөл байдал бүхий *******д холбогдох хэргийг хяналтын шүүх хурлаар хэлэлцэн гаргасан 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2023/00101 дугаартай тогтоолыг хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх анхаарах шаардлагатай байсан.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажлыг нь гүйцэтгүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргах эрх зүйн зохицуулалтай байхад шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг зөрчин Б.Энхбайгалиас 319,450 төгрөгийн тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж ажилгүй байсан хугацааны 32,300,000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.  /2 хх 146-147-р тал/

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

... “*******” ТӨХК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Ганчимэг нь нэхэмжлэгч *******д дээрх тушаалыг албан ёсоор 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр утсаар ярьж, мессежээр харилцан мэдэгдэж, түүнчлэн Ганчимэг нь Улаанбаатар хотод ажлаар ирсэн байхдаа ч уулзаж ажилдаа орохыг мэдэгдэхэд би ирэх 7 хоногт ажилдаа орно гэж хэлсэн тухай Ганчимэгийн шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт болон харилцсан мессежээр бүрэн нотлогдоно.

Хариуцагчийн зүгээс дээрх үйл баримтыг нотлох зорилгоор анхан шатны шүүхэд гэрч асуулгах, холбогдох утасны мессежинд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаж байсан боловч шүүхээс хангаагүй бөгөөд тухайн баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой эсэх талаас огт дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч ******* нь уг тушаалыг мэдсэнээс хойш огтоос ажлын байран дээрээ ирж, хөдөлмөрлөх эрх үүргээ хэрэгжүүлээгүй тул компанийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/230 дугаартай тушаалаар ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлж, тушаалыг өөрт нь харилцах утасны дугаараар нь ярьж мэдэгдэн, оршин суух хаягийн дагуу шуудангаар хүргүүлсэн байна.

Үүнээс хойш нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байдаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад борлуулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох гэж шаардлагаа өөрчилсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс үүнийгээ би тушаалаа мэдээгүй, намайг ажлын байр руу нэвтрүүлэхгүй байх нэр бүхий иргэдийн нэрсийн жагсаалтад оруулсан байсан гэдэг боловч тухайн жагсаалтад хангамжийн инженер албан тушаалтай байх үед түр нэвтрэхийг хориглосон байсан хэдий ч энэ үйл явдал 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 10 хоногийн хугацаанд буюу хувийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх үйл явцын ажил хүлээлцэх хугацаанд үргэлжилсэн. 2022 оны 04 сарын 13-нд тушаал гарч бүх ажилтнуудыг ажлаас чөлөөлж, эргүүлэн томилсон бөгөөд үүнээс хойш үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан.

Хэдийгээр гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг 4 сарын эхээр нэг удаа ирсэн гэж байгаа боловч дээрх үйл баримт буюу борлуулалтын мэргэжилтний албан тушаалд 2022 оны 04 сарын 13-ны өдөр томилсон.

Ингээд нэгэнт 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өмнөх ажлаас чөлөөлж, шинэ ажилд томилох тушаал гарч уг тушаал гарсан хэдий ч ажлын байран дээрээ ирээгүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлээгүй тул 2022 оны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/230 дугаартай тушаалаар ажлаас халсан боловч анхан шатны шүүхээс уг тушаалыг үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.

Харин нэхэмжлэгч өөрөө ажлын байран дээр ирж хөдөлмөрийн гэрээгээ байгуулаагүй, цалин хөлсний хэмжээгээ талууд тохиролцоогүй, борлуулалтын ажилтнаар огт ажиллагаагүй тул түүний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд ажиллаж байсан ажил албан тушаалаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн нөхцөлд ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох тухай хуулийн зохицуулалт болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. /2 хх 150-152-р тал/

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын   “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 319450 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн” нь хууль зөрчсөн  гэсэн хэсгийг хүлээн авч энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад  өөрчлөлт  оруулах нь зүйтэй  гэж  дүгнэв.

  2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 319450 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул   шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны  байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэргээс судлан үзэхэд:

 3.Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймаг Сайхан сум ******* ТӨХК-д холбогдуулан тус компанийн Борлуулалт, логистикийн хэлтэст Борлуулалтын мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь  авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 32,300,000  төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа *******  ТӨХК-н гүйцэтгэх захирлын “Б.Энхбайгалийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 2022 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн Б/230 тоот тушаал,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэгт үндэслэжээ. /1-р хх-1-2, 6-10,209-211, 2-р хх-48, 58/

4.Хариуцагч ******* ТӨХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тайлбартаа :    ... Нэхэмжлэгч нь бүтцийн өөрчлөлтийн дагуу өөр ажилд шилжүүлэн томилсон тухай гүйцэтгэх захирлын тушаал гарнаас хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ы өдрөөс 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 22 өдрийн  хугацаанд ажлын байран дээрээ ирж, хөдөлмөрлөх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй тул гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/230 дугаартай тушаалаар ноцтой зөрил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн. Тушаалд гомдол гаргах хугацаа дууссанаас хойш буюу 2023 оны 06 дугаар сард уг албан тушаалд томилох хүсэлтээ илэрхийлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргаж маргасан байна. /1-р хх-88, 2-р хх-23, 118-120/

5.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхбайгалийг ******* ТӨХК-ийн Борлуулалт логистикийн хэлтсийн борлуулалтын мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны олговор 32,300,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, ... нэхэмжлэгч Б.Энхбайгалиас улсын тэмдэгтийн хураамжид 319450 төгрөг, хариуцагч ******* ТӨХК-иас 70200 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

6.Нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо ... анхан шатны шүүх нь зохигч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлсний хэмжээг талууд тохироогүй, борлуулалтын ажилтнаар огт ажиллаагүй байх тул ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийг зөрчсөн,  ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргах эрх зүйн зохицуулалттай байхад шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийг зөрчин Б.Энхбайгалиас 319450 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж гаргуулахаар шийдвэрлэсэн зэргийг  зөвшөөрөхгүй байна.

   Иймд анхан шатны шүүхийн 194 дүгээр шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, ажилгүй байсан хугацааны 32,300,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ. /2-р хх-146-147/ 

   7.Нэхэмжлэгч  ******* нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/381 дугаар тушаалаар Хангамж, маркетинг оруулалтын хэлтэст Хангамжийн инженерээр /хоёр сарын туршилтын хугацаагаар/ томилогдон ажиллаж байсан байх ба компанийн удирдлага, өмчийн хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдон  ******* ТӨХК-н гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/163 дугаар тушаалаар Маркетинг, борлуулалтын хэлтэст борлуулалтын ажилтнаар /өөрөө албан тушаал бууруулан  томилсон  гэх/ томилсон байна.

 Үүнээс хойш 20 гаруй хоногийн дараа ******* ТӨХК-н гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/230 дугаартай тушаалаар сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнийг үүрэгт  ажлаас нь чөлөөлжээ. /2-р хх- 1/ 

Ажил олгогчийн дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* нь 2022 оны 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч шүүх, 446 дугаар шүүгчийн захирамж/1-р хх-3/-аар “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаарх хуульд заасан жрмыг зөрчсөн”, “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Нэхэмжлэгч ******* нь шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилган 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дахин  нэхэмжлэл гаргаж, холбогдох баримтуудыг хавсарган шүүхэд ирүүлжээ./1-р хх-1-12/

Дээрх  нэхэмжлэлдээ анхны албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 5,000,000 төгрөг гаргуулах гэсэн агуулга бүхий шаардлага гаргасан, хариуцагч ******* ТӨХК-ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах байдлаар өөрчилсөн байх ба тэрээр эцсийн байдлаар тус компанийн Борлуулалт, логистикийн хэлтсийн Борлуулалтын мэргэжилтнээр томилж, ажилгүй байсан хугацааны олговорт 32,300,000 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх гэж  тодорхойлжээ./1-р хх-209, 2-р хх-58/

8.Ажил олгогч  ******* ТӨХК-ийн  гүйцэтгэх захирлын Б/230 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.5,Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Компанийн дүрийн 8.1,8.9.8, Хөдөлмөрийн гэрээний 6.4,6.4.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.3.3, 2.3.3.5, 5.1, 10.6-д заасныг тус тус  үндэслэл болгож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.  /2-р хх-1/

9.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан/хоёр ба түүнээс дээш/гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор хуульчлан зохицуулсан ба үүгээр давтан зөрчил гаргах, ноцтой зөрчил гаргах гэж сахилгын өөр өөр зөрчлийг ялган заасан байна.

  10.Ажилтны гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөрийн хууль болон  тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн шинжтэй байдаг. 

  Ийнхүү зөрчсөн явдал нь ажилтны хууль бус үйлдэл, эс үйлдлийн аль ч хэлбэрээр дамжин гарч болох ба гагцхүү эдгээр зөрчлүүдийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам-д нэрлэн зааж, тухайн зөрчлүүд нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай.

  11.Гэтэл хариуцагч тал нь  нэхэмжлэгч Б:Энхбайгалийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өмнөх ажлаас чөлөөлж шинэ ажилд томилох тушаал гарч, уг тушаал хүргэгдсэн атал тушаал гарснаас хойш 22 хоног ажилдаа ирээгүй, ажил үүргээ биелүүлээгүй тул мөн оны 05 дугаар  сарын 05-ны өдөр тушаал гарч ажлаас чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн  гэсэн агуулга бүхий  тайлбар гаргаж мэтгэлцсэн.

   12.Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, зохигч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг харьцуулан үнэлж, нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан, ажил олгогч нь  2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/230 дугаар тушаалаар ажил тасалж ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр  Б.Энхбайгалийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцээгүй гэж дүгнэн мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхбайгалийн нэхэмжлэлийн шаардлагын зарим болох  Борлуулалт, логистикийн хэлтсийн Борлуулалтын мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох  шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна. Энэ талаар талуудын хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй.

   13.Харин нэхэмжлэгч тал нь ... ажилгүй байсан хугацааны олговорт нэхэмжилсэн 32,300,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх  гэсэн  шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

  14.Нэхэмжлэгч Б.Энхбайгалийг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өмнөх ажлаас нь чөлөөлж шинэ ажилд томилсон тушаал гарч, уг тушаал нь нэхэмжлэгчид 05 дугаар сарын 02-ны өдөр хүргэгдсэн талаар талууд маргаагүй,  гэвч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлсний хэмжээний талаар хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй, шинэ томилогдсон ажил, албан тушаалд ажилласан хугацаагүй,  өөрөөр хэлбэл, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх хүртэл хугацаанд ажилласан  гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал энэ байдлыг  нотолж, тогтоогоогүй  зэрэг үндэслэлээр  ажлаас чөлөөлсөн тушаалтай холбоотой эрх зүйн үр дагаврын талаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

15.Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч талын гомдлыг хангах үндэслэлгүй, харин анхан шатны шүүх нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 319450 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасанд  нийцээгүй байх тул энэ талаарх  нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авч,  шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

            Учир нь нэхэмжлэгчээс  хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн  2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Б/230 дугаар тушаалыг үндэслэл болгож  ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг тушаалтай холбоотой  үр дагавар болох ажилгүй байсан хугацааны олговор гэж 32,300,000 төгрөг нэхэмжилсэн ба энэхүү нэхэмжлэл нь  гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаардаг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх учиртай. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 150/ШШ2023/00194 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхбайгалийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг  дурдаж, хариуцагч ******* ТӨХК-иас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх  болохыг дурдсугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

                                          

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА                             

                                            ШҮҮГЧИД                                    Г.МЯГМАРСҮРЭН   

                                                                                                       Х.БАЙГАЛМАА