Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 149

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Хохирогч Т.Буяннэмэх,

Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шинжээч С.Энхжин,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х,

Шүүгдэгч Д.А-н өмгөөлөгч З.Энхтуяа,

Шүүгдэгч Г.Г гийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Шүүгдэгч Д.А, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А, Г.Г  холбогдох эрүүгийн 1818008300543 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Г.Г 1986 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Дархан минж” ХХК-д түүхий эдийн нярав, чанар шалгагч ажилтай /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байсан/, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн Парк таун хотхоны 45 дугаар байрны 28 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

2.Монгол Улсын иргэн, Д.А 1977 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, испани хэлний орчуулагч мэргэжилтэй, “Дархан минж” ХХК-ийн борлуулах үйлдвэрийн захирал буюу Дархан салбарын гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 7, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн Парк таун хотхоны 50а байрны 14 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч “Дархан минж” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Г.Г , “Дархан минж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн боловсруулах үйлдвэрт осол гарч, ажилтан Т.Б эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Г.Г гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Үйлдвэрийн осол гарч хохирогчид гэмтэл учирсанд албан ёсоор уучлалт гуйж байна. Осол болох үед түүхий эд бэлтгэлийн ажлыг би хариуцан ажиллаж байсан. Би тухайн үед аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр зуруулаагүй буруугаа хүлээн зөвшөөрч байна. Давсны тээрмийн дуу их байсан учир чимээг нь арай бага болгохын тулд арааны хаалтыг авсан боловч засвар хийгээд араа хийгээрэй гэж хэлээд би явсан. Тухайн өдөр Б давс тээрэмдэж байсан бөгөөд тээрэмдсэн давс хангалттай байсан учир би Т.Б  хандаж “одоо болно” гэж хэлэхэд над руу инээгээд толгой дохисон. Тэгээд үүнээс хойш 10-20 минутын дараа тээрэм чанга чихарч дуугарахаар нь очоод хартал уг тээрмийн араанд хохирогч Т.Б  гар орчихсон байсан. Тэгээд тээрмийг зогсоогоод Буяннэмэхийг эмнэлэгт очиж үзүүлсэн.

...ажлын хувцасаар хангаагүй байсан нь үнэн. Хөдөлмөр хамгааллын талаар анхааралтай ажиллаж байсан бол ийм осол болохгүй байх боломжтой байсан. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Д.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Ийм зүйл болсонд маш их харамсаж, албан ёсоор уучлалт гуйж байна. Миний хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулаад энэ компанид 11 дэх жилдээ ажиллаж байна. Сүүлийн 2 жил Улаанбаатар хотоос ирж боловсруулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаа. Тухайн үед оффис дээр хурал хийгээд явж байхад ийм осол гарсан талаар надад хэлж мэдэгдсэн. Тэгээд тухайн өдрийн орой нь мэргэжлийн хяналтын байцаагч С.Энхжин манай үйлдвэр дээр ирж ажилласан. Хөдөлмөрийн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зэргийг хангалттай биелүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагааг хангалттай хэрэгжүүлж явж байсан. Миний хувьд өдөр тутам хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд оролцоод явах боломж байдаггүй учир орон тооны бүтэц, зохион байгуулалтыг бий болгож, тодорхой үүрэг хариуцлагыг тухайн хүмүүст хариуцуулж ажиллуулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд мэргэжлийн үнэмлэх сертификаттай хүн авч ажиллуулж байсан. 2/17 тоот тушаал гаргаж зөвлөлийн ахлахаар нэг хүн, дагалдах 7 хүнийг томилсон байгаа. Тухайн тушаалд бүх дүрэм журмыг заагаад өгчихсөн учир хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан ажлаа хийгээд явж байсан. 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр тушаал гаргаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдалтай холбогдуулж төсөв гаргасан бөгөөд уг тушаалаар хэн ямар сургалтыг явуулж, хэн хяналт тавихыг заагаад өгчихсөн, сургалтын төлөвлөгөөг гаргаад төсөв хөрөнгийг саадгүй гаргаад явж байсан. Жилд 2-оос дээш удаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу сургалт орох ёстой бөгөөд уг сургалт нь танхимын журмаар явагдах сургалт байсан. 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ажлын байранд үзлэг шалгалт хийх тухай журам баталсан. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ажиллагсдад олгох хөдөлмөр хамгаалалтын хувцас хэрэглэлийн жагсаалтыг баталж, хөдөлмөр хамгааллын хувцсыг хийлгэж, хувцас хэрэглэлийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны дотор олго гэсэн үүргийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Г.Г  даалгасан тушаал гаргасан байдаг. Үйлдвэрийн машин төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаанд хэн хяналт тавих талаар журам баталж, журмын биелэлтийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу би хариуцан ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын газрын гаргасан дүгнэлтийг  би хүлээн зөвшөөрөөгүй. Шинжээчийн дүгнэлтээс яг ямар үйл ажиллагааны улмаас намайг буруутгаж байгааг олж хараагүй. Шинжээч дүгнэлтдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу хаалт, ажлын заавар байх ёстой, хэрэв тоног төхөөрөмж эвдэрсэн байвал мэргэжлийн хүнээр засуулах ёстой гэж тусгасан байсан. Хөдөлгөөнт хийц материалд хаалт байх ёстой гэсэн байгаа нь уг хэрэгтэй шинжээч ерөөсөө танилцаагүй байна гэдгийг харуулж байна. Прокурор уг тогтоолыг танилцуулахад хүлээн зөвшөөрөхгүй талаар хэлж байсан. Шүүгдэгч Г.Г , гэрч нарын мэдүүлж байгаагаар бол өөрсдөө засварчиндаа мэдэгдэлгүйгээр дур мэдэн давсны тээрэмд засвар үйлчилгээ хийгээд хаалт хийлгүйгээр ажиллаад уг гэмт хэрэг гарсан. Хаалт хамгаалалтыг авсан болон засвар хийснийг би мэдээгүй...

...би уг 7 хоногийн хугацаанд маш их зүйлийг эрэгцүүлэн бодсон. Хууль номыг уншиж танилцаж уг гэмт хэргийг гарах үед миний буруутай үйлдэл байсан байна хэмээн ухамсарлан гэмшиж, уучлалт гуйж байна. Цаашид өөрийн гаргасан алдаа дутагдлыг засч, ажлын хариуцлага гэсэн тал дээр маш их анхаарал тавьж ажиллах болно. Энэ хариуцлагын асуудлыг шийдээгүйгээс болж ямар их хохирол учирч болох талаар маш сайн ойлгосон. Хохирогчийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах талаар санаачлага гаргаж, компанийн эзэдтэй ярьж хохирогчийн сэтгэл санааны хохирлыг барагдуулах үүднээс хохирлыг төлсөн. Осол гарснаас хойш хохирогч болон хохирогчийн ээжтэй байнга холбоотой байсан. Миний хувьд санхүүгийн ямар нэгэн эрх мэдэлгүй гэдгийг сайн ойлгож, надад хүлээцтэй хандаж байсан хохирогч Т.Б болон хохирогчийн ээж Энхтуяа эгчид талархаж байна. Би ийм гэмт хэрэгт холбогдсоноос болж өөрийн эхнэр, өндөр настай ээжийнхээ сэтгэлийг зовоосондоо үнэхээр их харамсаж байна. Би гэрээсээ ганцаараа ажил хийж, ар гэрийн амьдралаа авч явдаг. Эхнэр маань 4 хүүхэд, өндөр настай ээжийг минь асраад ажил төрөл хийж чадахгүй байгаа. Гэм буруугаа ухамсарласан байдал, хохирлыг төлсөн, анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэргийг харгалзан үзнэ үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр “Дархан Минж” ХХК-д ажилд орсон. Осол болохоос өмнө тээрэм нь эвдэрсэн байсныг Сумъяа, Г.Г  ах бид гурав зассан. Тухайн үед “тээрмийн арааны хамгаалалтыг авчих” гэж Г.Г  ах хэлээд хамгаалалтыг авахуулсан байсан бөгөөд түүхий эд ирж, ажлын ачаалал их биш байсан. Давсыг тээрэмдэж байх явцад даарахаар нь би хамт ажиллаж байсан хүний цамцыг гуйж өмссөн юм. Тэр үед хоёр портероор ирсэн түүхий эдийг Г.Г  ах шалгаж авна гээд явсан. Ингэж явахдаа надад давс тээрэмдэхийг зогсоо гэж хэлээгүй бөгөөд би  давсаа тээрэмдэж байхдаа нэг мэдэхэд тээрэмд наалдсан байсан. Тэгээд  “Ганаа ах аа” гэж орилоход Чинбат, Г.Г  ах 2 товчлуурыг дарж, тээрмийг унтрааж байсан. Намайг эмнэлэгт хүргээд хагалгаа хийсэн. Ийм л зүйл болсон.

...Иргэний нэхэмжлэлийн хувьд хиймэл эрхтэнг /гарыг/ дотоодын үйлдвэрт хийлгэж, 2 өрөө орон сууц өгнө гэж хэлцэл хийсэн учир гомдол саналгүй” гэх мэдүүлэг,

 

-Иргэний хариуцагчийн төлөөлөгч Д.Ха-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...шүүхийн шийдвэрийн дагуу нэг сарын дундаж цалинг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6693770 төгрөгийг завсарлага авсан хугацаанд төлж барагдуулсан. Компанийн зүгээс хохирогч Т.Б  дотоодын үйлдвэрт хиймэл эрхтэн хийлгэж өгөх, 45 хоногийн дотор 2 өрөө байр авч өгөх талаар харилцан тохиролцож, хэлцэл хийсэн байгаа.” гэх мэдүүлэг,

 

-Шинжээч С.Энхжингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөгчөөс ирсэн тогтоолд заасан асуултуудад хариулт өгч, дүгнэлтээ гаргасан. Машин механизм, техник тоног төхөөрөмжийн шаардлага хангаагүй, ажилчдыг хөдөлмөр хамгааллын сургалтад сургаагүй, ажлын хувцас олгоогүй гэсэн үндсэн хүчин зүйлүүдийг дүгнэлтдээ дурдсан. Хэргийн газарт очиж үзэхэд давс тээрэмдэх тоног төхөөрөмжийн арааны хаалт байгаагүй бөгөөд газар буюу доор хэвтэж байсан. Мөн ажлын хувцсыг өгсөн, авсан гарын үсэг байхгүй, хохирогч хүний хувцсыг даарсны улмаас өмссөн байсан. Хөдөлмөр хамгааллын сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулах ёстой. Мөн шинээр ажилд орж байгаа ажилтанд заавал сургалт явуулсны дараа ажил үүргийг нь гүйцэтгүүлж эхлэх ёстой боловч ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал зэргийг ажилчдад тайлбарлаагүйгээс уг осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна.

...Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжээч томилдоггүй учир өөрийн мэргэжил мэдлэгийн хувьд, энэ ажлыг олон жил хийсний хувьд хувь хүнийхээ үүднээс уг дүгнэлтийг гаргасан. Хувь хүний хувьд дүгнэлт гаргасан учир байгууллагын болон хувийн тэмдгийг дүгнэлт дээр дарах хууль зүйн үндэслэлгүй.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 6-8/,

-“Дархан минж” ХХК-ийн Т.Б байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 9/,

-“...түүхий эдийн түр ажилтан Т.Б нь бүрэн бус тоног төхөөрөмжтэй ажилласан, хөдөлмөр хамгааллын зааварчилгааг бичгээр өгөөгүй, хөдөлмөр хамгааллын зориулалтын хувцас олгоогүй, ажилчин хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны аман зааварчилгааны талаар анхааруулга, зааврын учрыг сайн ойлгоогүй, давс тээрэмдэх машиныг унтраалгүй бүхэл давсыг цэвэрлэх ажлыг хийсэн зэргээс үүдэн осол гарсан гэж үзэв.” гэх Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан, бүртгэсэн акт, хурлын тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10-13/,

-Үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох орон тооны бус байнгын комиссыг шинэчлэн байгуулах тухай “Дархан Минж” ХХК-ийн захирлын тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 14/,

-Т.Б  түүхий эдийн ажилтнаар түр хугацаагаар ажилд авах тухай “Дархан Минж” ХХК-ийн захирлын тушаал /1 дүгээр хавтаст хэргийн 19/,

-Давсны тээрэм дээр ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар /1 дүгээр хавтаст хэргийн 21/,

-Түүхий эдийн бэлтгэлийн ажилчдад ажлын бээлий, сонсгол хамгаалах хэрэгсэл олгосон тухай бүртгэл /1 дүгээр хавтаст хэргийн 28-29/,

 

-Дархан Минж” ХХК-иас хохирогч Т.Б  хохиролтой холбоотой төлбөр шилжүүлсэн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 34-35, 242, 2 дугаар хавтаст хэргийн 80-81, 86, 89-90, 113-118, 125-157, 209-210/,

 

-Гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Ч.Б нарын хамтаар түүхий эдийн тээрэмний складанд арьс годолж байхад тээрэмний мотор гацаад дан гээд их сонин чимээ гарахаар нь эргээд харсан чинь Чинбат гээд залуу тээрэмний унтраалга руу гүйгээд тээрмийг унтраасан. Харин Г болохоор тээрэм рүү гүйгээд очсон. Тэгэхээр нь би бас тээрэм дээр яваад очиход давс тээрэмдэх ажил хийж байсан Б гэж залуугийн баруун гар нь тээрэмний араанд хавчуулагдаж, мөн цамц нь уг араанд хавчуулагдаж орооцолдсон байдалтай байсан.

...бичгээр бол ямар нэгэн зааварчилга өгч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй ээ. Би энэ газарт ажилд орсноос хойш амаар л байнгын зааварчилга авснаас биш бичгээр бол уг осол болох хүртэл бичгээр зааварчилга авч, гарын үсэг зураагүй ээ. Харин уг ослоос хойш байнга бичгээр зааварчилгаа авч гарын үсэг зурж байгаа.

...бид нарт тухайн өдөр болон түүнээс өмнө ажлын хувцас, хэрэглэл гэж огт өгч байгаагүй бөгөөд бид нар өөрсдийнхөө авчирсан муу ажлын хувцсыг өмсдөг байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47/,

 

-Гэрч С.Ч-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн өдөр Б гэж залуу түүхий эдийн агуулахад байрлах тээрэм дээр давс тээрэмдэх ажил хийж байсан. Харин А.Н бид 3 арьс годлох ажил хийж дуусгаад хутгаа ирлэж байхад тээрэм чахраад муухай дуугарахаар нь эргээд харсан чинь давс тээрэмдэж байсан Б тээрэмний арааны хажууд цамц нь орооцолдсон бололтой суучихсан байхаар нь би тээрэмний унтраалга руу гүйж очоод тээрмийг унтраасан. Харин арьсны чанар шалгаж байсан Г.Г , Наранбаяр нар Б рүү очсон. Би тээрмийг унтраачхаад Б рүү очих гэсэн боловч айдас төрөөд байсан учир очоогүй.

..надад энэ компанид ажилд орсон үеэс аюулгүй ажиллагааны зааварчилгыг бичгээр өгч, гарын үсэг зуруулж байсан зүйл байхгүй. Г.Г  амаараа л ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд ажилд гаргадаг байсан.

..намайг ажилд орсон цагаас хойш тухайн осол болох өдөр хүртэлх хугацаанд бол ажлын ямар нэгэн хувцас, хэрэгсэл олгож байгаагүй. Харин тухайн осол болсноос хойш бид нараас ажлын хувцасны хэмжээ, захиалга авч хийгдсэн байгаа талаар Г.Г  хэлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48/,

 

-Гэрч Н.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед Б гэж залуу тээрэм дээр давс тээрэмдэх ажил хийж байсан. Харин чанар шалгагч Г.Г  гэх залуу арьсны чанар шалгаад явж байсан. Ингээд 16:30 минутын үед би Чинбатын хамтаар арьс годолж байхад гэнэт тээрэмний араа чахраад сонин дуугарахаар Чинбат тээрэмний унтраалга руу гүйгээд, чанар шалгагч Г.Г  тээрэм рүү гүйж байсан. Тэгээд Чинбат, Амарбаясгалан 2 тээрэм рүү гүйгээд явчихаар нь араас нь яваад очиход тээрэм дээр давс тээрэмдэж байсан Т.Б  цамцны баруун гарын ханцуй болон энгэр хэсэг нь баруун гартайгаа хамт тээрэмний араанд орооцолдсон байсан бөгөөд Б тээрэмний арааны дэргэд суучихсан юу ч дуугарахгүй шоконд орсон байдалтай байсан. Тэгээд би Амарбаясгаланг “хутгаа аваад ир” гэж хэлээд авчирч өгөхөөр нь Т.Б  цамцны энгэр хэсгээс нь хутгаар огтлоод гарыг нь тээрмийн араанаас салгасан. Тэгэхэд Т.Б  баруун гарынх нь шууны мах унжсан байдалтай гар нь тэнийхгүй байсан. Тэгээд би чанар шалгагч Г.Г гийн хамт эмнэлэг рүү хүргэж өгсөн.

..тухайн өдөр бол амаар л ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байснаас бичгээр бол аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан зүйл байхгүй.

..тухайн өдөр ажил гүйцэтгэх үед ажлын хувцас, хэрэгсэл олгосон зүйл байхгүй. Бид нар ажил үүргээ гүйцэтгэхдээ өөрсдөө ажлын муу хувцас авчирч ажил үүргээ гүйцэтгэдэг юм.

...Тухайн осол болсноос хойш хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаарх сургалтыг орсон. Тухайн осол болохоос өмнө ийм сургалт ороогүй байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49/

 

-Гэрч Б.-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...осол болдог өдрөөс 1 хоногийн өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр давс тээрэмддэг машины давс буталдаг хэсэг нь хоорондоо нийлэхгүй зай гараад давс тээрэмдэхгүй байсан болохоор нь Г.Г , Т.Б бид 3 тухайн тээрэмний өмнө нь ажиллаж байгаад эвдэрсэн тээрэмний бутлуурын зай баригчийг нь авч тухайн давс тээрэмдэж байсан машиндаа сэлбэж хэвийн ажиллагаатай болгосон. Ингэж тээрмийг засаж сэлбэхдээ арааных нь хаалтыг авч янзалсан юм. Янзалж дуусаад арааны хаалтыг буцааж хийхэд араа нь хаалттайгаа хавирч дуугараад байхаар нь Т.Б бид 2 хоорондоо ярилцаж байгаад авахаар болсон. Тээрэмний хаалтыг авахаас өмнө Г.Г д Т.Б бид 2 “тээрэмний араа хаалттайгаа хавирч чанга дуугараад байна, авчих уу?” гэхэд “түр авчихгүй юу, тэгээд дараа нь та 2 янзлаарай” гэж хэлсэн боловч бид 2 тухайн хаалтыг нь янзалж буцааж хийгээгүй юм.

...тухайн компанид ажиллаж байх хугацаанд бол аюулгүй ажиллагааг хангах тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгож байгаагүй.

...түүхий эдийн агуулахад ажиллаж байх үед бичгээр аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байгаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51/,

 

-Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ажилд гаргах үедээ бол бичгээр аюулгүй ажиллагааны зааварчилга өгч байгаагүй. Харин амаараа бол өдөр болгон зааварчилгаа өгдөг байсан.

...намайг давс тээрэмдэх болон арьс годлох ажил үүрэг гүйцэтгэх үед аюулгүй ажиллагааг хангах тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгож байгаагүй. Бээлий л өгч байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53/,

 

-Гэрч Ж.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Энэ давс тээрэмддэг машин бол үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэлээс үзэхэд 2000 оны 6 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулж суурилуулсан тоног төхөөрөмж байсан. 2018 оны 5 сарын 26-ны өдөр үндсэн хөрөнгийн тооллого хийхэд энэ давсны тээрэм хэвийн ажиллагаатай байсан. Техникийн ашиглалтын паспортыг нь үзэхэд 2018 оны 8 сарын 16-ны өдөр уг давсны тээрэмд тослогоо үйлчилгээ хийгдэж, моторыг нь бүрэн задалж тохиргоо хийж, 2 холхивчийг нь сольсон. 2018 оны 9 сарын 21-ний өдөр 2 булны хоорондох тохиргоо алдагдсаныг тохируулсан талаар үйлдвэрийн засварчин Батсайхан тэмдэглэсэн байсан. Өөр засвар үйлчилгээ хийгдэж байсан эсэх талаар нь би мэдэхгүй. Энэ давсны тээрэм нь 2018 оны 5 сарын 26-ны өдрийн тооллогоор хамгаалах хаалттайгаа хэвийн ажиллаж байсан учир сольж өөрчлөх санал гаргаж байсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54/,

 

-Гэрч Ч.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг давс тээрэмдэх машинд өмнө нь эвдэрсэн даруйд нь болон хоёр булных нь тохиргоо алдагдсан даруйд нь би янзалж байсан. Ингэж засвар үйлчилгээ хийж байсан талаар тэмдэглэж, бүртгэж байгаагүй. Харин энэ жилээс буюу 2018 оноос тухайн давс тээрэмдэх машин болон бусад тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийсэн даруйд нь техникийн паспорт дээр нь бүртгэж тэмдэглэл хөтөлж хэвшсэн. Энэ жилийн тухайд уг давс тээрэмдэх машинд 2018 оны 8 сарын 16-ны өдөр тослогоо хийж, тохиргоо алдагдсан байсныг тохируулж, хоёр холхивчийг нь сольсон. 2018 оны 9 сарын 16-ны өдөр уг тээрэмний хоёр булны хооронд зай гарч тохиргоо алдагдсан байсныг тохируулж засвар хийсэн. Ингэж засвар үйлчилгээ хийх бүртээ тухайн тээрэмний хамгаалалт буюу арааных нь хаалтыг нь аваад буцаагаад угсардаг байсан. 2018 оны 09 сарын 16-ны өдрөөс хойш уг давс тээрэмдэх машин эвдэрснийг би мэдээгүй, надад мэдэгдээгүй. Харин 2018 оны 10 сарын хэдэн гэдгийг нь тодорхой санахгүй байна, тухайн осол болдог өдрөөс 2-3 хоногийн өмнө Т.Б гэдэг залуу надаас “түлхүүр багажаа өгч байгаач” гээд давс тээрэмддэг машиныг засварлахад шаардлагатай түлхүүр багажийг аваад гарч байсан. Тухайн үед нь би юунд ашиглах гэж байгааг нь асуугаагүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56/,

 

-Т.Б хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, мэс заслын тэмдэглэл зэрэг Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 60-86/,

-“…Т.Б биед баруун шуу, сарвуу, тохойн доод хэсгээр тайрах мэс ажилбар хийгдсэн, цээжний хэсэг, баруун тохойд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун бугалганы дунд 1/3-н гэмтлийн тайрагдалт нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 65% нөлөөлнө.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1064 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 89/,

 

-“Дархан Минж” ХХК-ийн үндсэн хөрөнгийн тооллогын хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 103/,

-Г.Г г хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтнаар хавсруулан ажиллуулах тухай “Дархан Минж” ХХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 15/18 дугаартай тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 106/,

-Г.Г г тооцоологчийн ажил, албан тушаалаас чөлөөлж, түүхий эдийн нярав, нойтон цехийн чанар шалгагчаар томилон ажиллуулах тухай “Дархан Минж” ХХК-ийн захирлын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 15/69 дугаартай тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 107/,

-Түүхий эдийн няравын ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 108-109/,

-Хохирогч Т.Б мөрдөн байцаалтын шатанд хэрэгт гаргаж өгсөн гэрэл зургууд /1 дүгээр хавтаст хэргийн 138-140/,

-“Дархан Минж” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 157/,

 

-Гэрч А.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ингээд тухайн “Дархан Минж” ХХК-ийн арьсны чанар шалгагч гэх залуу эхлээд миний авчирсан арьснуудыг 1 цаг гаруй хугацаанд чанарыг нь шалгаж авсан ба дараа нь Ууганбаярын машинтай арьсны чанарыг шалгаж авч эхэлсэн. Ингээд арьснуудыг үзээд бараг дуусч байхад тухайн компанийн давсны тээрэмний дуу нь эвгүй дуугарахаар нь анзаарч харахад тухайн давсны тээрэм дээр ажиллаж байсан залуугийн гар нь тухайн тээрэмний араанд орж гацсан байдалтай байсан ба өмссөн гадуурх цамц нь араатай орооцолдсон байдалтай байсан. Тэр үед тэр агуулахад ажиллаж байсан залуучууд ирж нэг нь унтраалгыг унтрааж, нэг нь ханцуйг нь хутгаар зүсэж авсан. Ингэж гарыг нь тээрэмний араатай орооцолдсон байсныг нь гаргахад Ууганбаяр бид хоёр тусалсан.

...Г.Г  гэдэг залуу арьсны чанар шалгаж байхдаа “одоо болноо, тээрмээ унтраа” гэж давсны тээрэм дээр ажиллаж байсан залууд орилоод хэлж байсан. Учир нь тухайн давс тээрэмдэх машин нь дуу чимээ ихтэй болохоор орилж чангаар хэлсэн. Ингэж хэлснээс хойш 20-30 минутын дараа тухайн тээрэм дээр ажиллаж байсан залуу осолдсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160/,

 

-Гэрч Н.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ингээд тухайн “Дархан Минж” ХХК-ийн арьсны чанар шалгагч гэх залуу Аззаяагийн портер маркийн машин дээр ачсан байсан арьснуудыг 1 цаг гаруй хугацаанд чанарыг нь шалгаж авсан ба дараа нь миний машин дээр ачсан байсан арьснуудыг үзээд бараг дуусч байхад тухайн компанийн давсны тээрэмний дуу нь эвгүй дуугарахаар нь харахад тухайн давсны тээрэм дээр ажиллаж байсан залуугийн гар нь тухайн тээрэмний араанд орж гацсан байдалтай байсан ба өмссөн гадуурх цамц нь араатай орооцолдсон байдалтай байсан. Тэр үед тэр агуулахад ажиллаж байсан залуучууд ирж нэг нь унтраалгыг нь унтрааж, нэг нь ханцуйг нь хутгаар зүсэж авсан. Ингэж гарыг нь тээрэмний араатай орооцолдсон байсныг нь гаргахад Аззаяа бид хоёр бас тусалсан.

... миний авчирсан арьсны чанарыг шалгаж байсан Г.Г  гэдэг залуу арьсны чанар шалгаж байхдаа “одоо болноо, тээрмээ унтраа” гэж тухайн давсны тээрэм дээр ажиллаж байсан залууд орилоод хэлж байсан. Давсны тээрэм дээр ажиллаж байсан залуу ингэж хэлэхэд урдаас нь хараад инээгээд байсан. Ингэж хэлснээс хойш 20-30 минутын дараа тухайн тээрэм дээр ажиллаж байсан залуу осолдсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 161/,

-Д.Д.А г 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс Дархан салбарын Гүйцэтгэх захирлаар 4 жилийн хугацаатай томилсон тухай “Дархан Минж” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/69 дугаартай тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 162/,

-Ажлын байрны тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 163, 180-181/,

-Ажиллагсдад олгох хөдөлмөр хамгааллын хэрэгслийн жагсаалт, төсөв батлах тухай “Дархан Минж” ХХК-ийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 18/59 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 183-187/,

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах тухай “Дархан Минж” ХХК-ийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн тушаалын хуулбар, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 192-195/,

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл томилон ажиллуулах, журам баталж мөрдүүлэх тухай “Дархан Минж” ХХК-ийн захирлын 2017 оны 9 сарын 1-ний өдрийн 2-17 дугаартай тушаалын хуулбар, журам /1 дүгээр хавтаст хэргийн 196-202/,

-“Дархан Минж” ХХК-ийн “Үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах тухай” журам /1 дүгээр хавтаст хэргийн 210-214/,

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 2018 оны төлөвлөгөө, төсөв батлах тухай “Дархан Минж” ХХК-ийн захирлын 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн тушаалын хуулбар, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 215-216/,

-“...тус үйлдвэрийн ажлын байранд нэхий, арьс шир боловсруулах, оёдлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаж байна.” гэх Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 36/08.10/1137 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 217/,

-Давсны тээрэмд хийж байсан урсгал засварын тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 219/,

-Хохирол төлбөртэй  холбоотой баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 31-45/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 92-93/,

-“Дархан Минж” ХХК-ийн дүрэм / 2 дугаар хавтаст хэргийн 119-124/,

-“Дархан Минж” ХХК-ийн дотоод хяналт шалгалтын 2018 оны ажлын тайлан /1 хавтас материал/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Г.Г  нь “Дархан Минж” ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны ажилтнаар хавсран ажиллаж байсан болох нь “Дархан Минж” ХХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 15/18 дугаартай тушаалын хуулбараар /1 дүгээр хавтаст хэргийн 106/,

-Шүүгдэгч Д.А нь Дархан салбарын гүйцэтгэх захирлаар 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 4 жилийн хугацаатай томилогдон ажиллаж байсан болох нь “Дархан Минж” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/69 дугаартай тушаалын хуулбараар /1 дүгээр хавтаст хэргийн 162/,

-Хохирогч Т.Б нь 2018 оны 9 сарын 8-ны өдрөөс эхлэн “Дархан Минж” ХХК-нд түүхий эдийн ажилчнаар ажиллаж байсан болох нь Т.Б  түүхий эдийн ажилтнаар түр хугацаагаар ажилд авах тухай “Дархан Минж” ХХК-ийн захирлын тушаалын хуулбараар /1 дүгээр хавтаст хэргийн 19/ тус тус нотлогдож байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ.” гэж хуульчилсан тул хохирогч Т.Б нь “Дархан Минж” ХХК-ийн ажилтан байна.

“Дархан Минж” ХХК-ийн 58.6 хувийг иргэн Б.А, 41.4 хувийг иргэн Б.Б эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 92-93/, “Дархан Минж” ХХК-ийн дүрэм / 2 дугаар хавтаст хэргийн 119-124/ зэргээр тус тус нотлогдож байгаа боловч “компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна, гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчидтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.” гэж тус компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-т заажээ.

 

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ” гэж хуульчилсан бөгөөд хохирогч Т.Б Дархан салбарын гүйцэтгэх захирал Д.А 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Д.Д.А г ажил олгогч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Ажил олгогч нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам батлах тухай” Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2008 оны 12 сарын 2-ны өдрийн 127 дугаар тушаалын дагуу шинээр ажилд орж байгаа ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар 7 төрлийн 14 цагийн сургалт явуулж, сургалтад хамрагдсан боловч шалгалтад тэнцээгүй тохиолдолд давтан сургасны дараа дахин шалгалт авч, үүний дараа ажил үүрэг гүйцэтгүүлж эхлэх эрхтэй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-т зааснаар “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” үүрэгтэй.

Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал Д.А нь хуулиар хүлээсэн энэхүү үүргээ зөрчиж, 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хөдөлмөр хамгааллын талаарх сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтан Т.Б  тус үйлдвэрийн түүхий эд бэлтгэх цехэд түр ажилтнаар ажиллуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтууд, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Г гийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар өдөр тутам зааварчилгаа өгч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллах ёстой болох нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны ажлын байрны тодорхойлолтоор /1 дүгээр хавтаст хэргийн 180-181/ нотлогдож байгаа боловч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд гэм буруугийн асуудлаар ямар нэгэн маргаан гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч Г.Г , Д.А нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Т.Б эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх шүүгдэгч Г.Г , Д.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б эрүүл мэндэд “баруун шуу, сарвуу, тохойн доод хэсгээр тайрах мэс ажилбар хийгдсэн, цээжний хэсэг, баруун тохойд шарх, зулгаралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1064 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 89/ нотлогдож байх бөгөөд хохирогч Т.Б нь гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг, 2 өрөө байр буюу 50 сая төгрөг, хөдөлмөрийн чадвараа 65 хувь хүртэл алдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т зааснаар 9 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13387540 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 113387540 төгрөгийн иргэний нэхэмжлэл, мөн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж болон цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэх зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргасан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасан нөхөн төлбөрийг ажил олгогч нэг буюу түүнээс дээш удаа олгох үүрэгтэй бөгөөд иргэний хариуцагч “Дархан Минж” ХХК-ийн хувьд 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 6693770 төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогч Т.Б  олгожээ. /2 дугаар хавтаст хэргийн 113/

Хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсан ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасан нөхөн төлбөрийг ажил олгогч нь ажилтанд хэдэн удаа олгохыг тухайн байгууллага өөрийн дотоод журмаар зохицуулах эрхтэй бөгөөд “Дархан Минж” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам хэрэгт авагдаагүй, ажил олгогч нь дээрх нөхөн төлбөрийг ажилтанд 1 буюу түүнээс дээш удаа олгох үүргийг хуулиар үүрэг болгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасан нөхөн төлбөрт 6693770 төгрөгийг иргэний хариуцагч “Дархан Минж” ХХК-иас гаргуулж, хохирогч Т.Б  олгож, 6693770 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн бөгөөд завсарлага авсан хугацаанд “Дархан Минж” ХХК нь 6693770 төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогч Т.Б төлж барагдуулсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсны дагуу иргэний хариуцагчийн зүгээс хохирогч Т.Б эмчилгээ хийлгэсэн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан байна.

 

Сэтгэл санааны хохирлыг ямар хэмжээгээр, хэрхэн тооцож гаргах талаар хууль тогтоогч хуульчлаагүй, 2 өрөө орон сууцыг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг, 2 өрөө орон сууц буюу 50 сая төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж болон цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэхтэй холбогдон гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн юм.

Ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд хохирогч нь “эмчилгээний зардлаа бүрэн авсан, компаниас 2 өрөө орон сууц өгөх, хиймэл эрхтэнг дотоодын үйлдвэрт хийлгэж өгөх талаар хэлцэл хийсэн тул гомдол саналгүй, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж болон цалингийн зөрүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст нэхэмжилнэ.” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа боловч талуудын хийсэн хэлцлийн талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч “Дархан минж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Д.А , хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан Г.Г  нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “Дархан минж” ХХК-ийн боловсруулах үйлдвэрт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр осол гарч, тус компанийн ажилтан Т.Б эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх шүүгдэгч Г.Г , Д.А нарыг хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г , Д.А нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Г.Г , Д.А нарт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарт тогтоогдоогүй тул шүүгдэгч нар нь анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г , Д.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, мөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Г , Д.А нарыг хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Мэргэжлийн хяналтын шинжээчийн дүгнэлт  нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно.” гэж заасныг зөрчсөн байх тул уг дүгнэлтийг нотлох баримтаар тооцох боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

“Дархан Минж” ХХК-иас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Дотоод хяналт шалгалтын 2018 оны ажлын тайлан” гэх 1 хавтас 152 хуудас материалыг хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.А , Г.Г  нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.А , Г.Г  нарт тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 1 /нэг /жилийн хугацаагаар хасаж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.А, Г.Г нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, “Дархан Минж” ХХК-иас шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Дотоод хяналт шалгалтын 2018 оны ажлын тайлан” гэх 1 хавтас 152 хуудас материалыг хэрэгт хавсаргаж үлдээхийг тус тус дурдаж, хохирогч Т.Б 2 өрөө орон сууц буюу 50 сая төгрөг, сэтгэл санааны хохирол 50 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмж болон цалингийн зөрүү, хиймэл эрхтэн хийлгэхтэй холбогдон гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Д.А, Г.Г нарыг хорих ялаас чөлөөлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.А, Г.Г нарын эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Д.А, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ