Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хишгээ Байгалмаа |
Хэргийн индекс | 135/2023/00016/и |
Дугаар | 209/МА2024/00060 |
Огноо | 2024-07-08 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 209/МА2024/00060
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 135/ШШ2024/00690 дүгээр шийдвэртэй шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч "*******" ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигтай загвар ашигласны төлбөрт 535,368,000 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
Миний бие нь 1989 онд ХБНГ улсад металлургийн инженер мэргэжлээр их сургуульд суралцан төгсөж, 1991 онд Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехэд технологийн инженерээр ажилд орж, ажиллаж байх хугацаандаа Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн бүтээмжийг дээшлүүлж, бүтээгдэхүүний тоо, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажлын маань нэг бүтээл болох R-40 мм-ийн гөлгөр ган туйван үйлдвэрлэх технологи юм. ... миний бие Монголын Оюуны өмчийн газраас 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ашигтай загварын гэрчилгээ буюу түүнийг өмчлөх онцгой эрхийг өөрийн нэр дээр авсан. /1993.06.25-ны өдрийн Патентийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан бүртгэлд авсан анхдагч огноо/. Тус Патентийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т ...ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж заасны дагуу уг хугацаа нь 2012.12.28-ны өдөр хүртэл хүчинтэй юм.
Дархан Төмөрлөгийн үйлдвэр нь миний энэхүү ашигтай загварын бүтээлээр 2005 оноос ган туйван үйлдвэрлэж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаандаа ашиглаж Эрдэнэт үйлдвэр болон өөр бусад үйлдвэрүүдэд ган туйван нийлүүлж тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу гэрээ байгуулахгүйгээр одоог хүртэл ашиг үр шимийг нь хүртсээр байна. Ашигтай загварын гэрчилгээг 2005.12.25-ны өдөр авснаас хойш удалгүй Патентийн тухай хууль 2006.01.19-ний өдөр шинэчилсэн найруулга орж, тус хуулиар 1993.06.25-ны өдрийн хуулийг хүчингүй болсонд тооцсон. 2006 оны Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, 16.1.5-д заасны дагуу ашигтай загварын зохиогч ******* би 2005.12.28-ны өдрөөс 2012.12.28-ны өдрийг хүртэл 7 жилийн хугацаанд Дархан төмөрлөгийн үйлдвэрт тус R-40 мм-ийн гөлгөр ган туйванг борлуулсан нийт орлогын цэвэр ашгийн 10 хувьтай тэнцэх төлбөр болох 535,368,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Дархан Төмөрлөгийн үйлдвэрээс Эрдэнэтийн УБҮйлдвэрт 2005-2012 онд нийлүүлсэн R-40 мм-ийн гөлгөр ган туйвангийн үр ашгийн тооцоолол:
-2005 оноос 2009 онд R-40 мм, R-80 мм-ийн ган туйван нийлүүлсэн ба нийт 49,357 тонн нийлүүлсэн. Үүнээс 30% нь 14,804 тонн R-40 мм-ийн гөлгөр ган туйван нийлүүлсэн.
- 2009 оноос 2012 онд 7,500 тонн R-40 мм-ийн гөлгөр ган туйванг нийлүүлсэн ба ингээд 2005-2012 онд 14,807 тонн+7500 тонн=22,307,тонн R-40 мм-ийн ган туйванг нийлүүлсэн байна.
- Борлуулалтын нийт орлого 22,307тонн*600,000 төгрөг/хамгийн бага дүнгээр/=13,384,200,000 төгрөг,
-Цэвэр ашиг: 22,307тонн*240,000 төгрөг /цэвэр ашиг/=5,353,680,000 төгрөг,
-Ашигтай загвар ашиглуулсны төлбөр: 5,353,680,000 төгрөгийн 10 хувьтай тэнцэх төлбөр 535,368,000 төгрөг нэхэмжилж байна.
Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу талууд ашигтай загвар ашиглах, ашиглуулах тохиолдолд лицензийн гэрээ байгуулах, гэрээндээ төлбөрийн хэмжээг тусгах хэдий ч хариуцагч компани патент эзэмшигч надтай гэрээ байгуулаагүй нь түүнийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Хэдийгээр бидний хооронд патент ашиглах гэрээ байгуулагдаагүй боловч хариуцагч компани тухайн ашигтай загвар R-40 мм-ийн гөлгөр ган туйванг үйл ажиллагаандаа хэрэглэж, борлуулж ашиг олж байгаа нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна.
Мөн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна гэж заасны дагуу ******* ашигтай загварын гэрчилгээ буюу түүнийг өмчлөх онцгой эрх нь эдийн бус хөрөнгөд хамаарч байх тул тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй байхаар хуульчилжээ.
Иймд хариуцагч компаниас одоогийн дагаж мөрдөж буй 2021.05.06-ны өдрийн Патентийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т патентаар хамгаалагдсан шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын ашиглалтаас төлбөр авах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчаас ашигтай загвар ашигласны төлбөрт 535,368,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1 хх 1-3-р тал/
2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
а.Тус үйлдвэр нь 1993 онд байгуулагдсан бөгөөд жилд 100 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. ... Эрдэнэт үйлдвэрийн санал тавьсны дагуу 2005 онд ******* ТӨХК-ийн захирлын тушаалаар ажлын хэсэг гарч R40 мм-ийн голчтой гөлгөр ган туйван үйлдвэрлэх бэлтгэл ажлыг хангах үйлдвэрлэлийн туршилтыг хийхээр болсон. Тухайн үед туршилтын ажлыг ерөнхий инженер М.Авирмэдээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж үйлдвэрлэлийн бэлтгэл ажлыг хангуулан үйлдвэрлэлийн туршилтыг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн.
Ажлын хэсгийн гишүүнээр Үйлдвэр технологийн хэлтсийн дарга *******, цувимал үйлдвэрлэх цехийн дарга *******, цувимал үйлдвэрлэх цехийн технологи инженер *******, үйлдвэр технологи хэлтсийн инженер *******, Засвар механикийн албаны механик инженер *******, ахлах ган цувигч *******, , , ган сувигч , Токарийн суурь машины оператор , Бул гайдны тохируулагч оператор , , нар ажилласан.
Үйлдвэрлэлийн туршилтын ажлын хүрээнд Үйлдвэр технологийн хэлтсийн дарга ******* Ф38-ым гөлгөр гам туйван үйлдвэрлэх булны калибрын системийг суурь болгон ашигласан ба сүүлийн 11-р калибрын Ф38,5 мм хэмжээтэй калибрыг Ф40,5 мм болгон өөрчилж зураг гарган булны зоролтыг токарчин аар боловсруулалт хийлгэсэн. Дээрх булыг ашиглан үйлдвэрлэлийн туршилтыг хийсэн. Туршилтаар сүүлийн 11-р калибраар бүтээгдэхүүн гаргахад R-40 мм ган туйван геометр хэмжээснийхээ шаардлагыг хангахгүй байсан байна. *******ын 2005 онд авсан R40 гөлгөр ган туйван үйлдвэрлэх арга ашигтай загварын патентад туссан калибрын систем дээрх нийт 11 оролтын эхний 7 оролт буюу эхлэн боловсруулах цувих машины С-1-С-7 хүртэлх калибрын систем нь Ф38 гөлгөр ган туйвангийн калибрын системийг өөрчлөөгүй. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ТӨХК-ийн калибрын системээр явж байсан. Дараагийн 4 оролт буюу Завсар төгсгөлийн цувих машинуудын Н-2-Н5 хүртэлх калибрын систем *******ын калибрын системийн хэмжээснээс өөр хэмжээтэй Р40-ийн үйлдвэрлэл явагдсан байна.
б. Иргэн ******* нь 2005 оны 12 сарын 28-ны өдөр Оюуны өмчийн газраас R40 гөлгөр ган туйван үйлдвэрлэх арга Ашигтай загварын гэрчилгээг авсан байна. 1993 оны 06 сарын 25-ны өдрийн Патентийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т ... Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар хамтран сэдэж бүтээсэн зохиогчид патент авах эрхийг хамтран эдэлнэ гэж заажээ.
Гэтэл дээрх туршилтыг хийхэд ажлын хэсгийн гишүүнээр нэр бүхий 14 хүн ажилласан байна. Иргэн *******ын R40 гөлгөр ган туйван үйлдвэрлэх арга гэх ашигтай загвар дан ганц ******* хийгээгүй, тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн бүтээлийг албан тушаалын байдлаа ашиглан зөвхөн өөрийнхөө нэр дээр Оюуны өмчийн газар бүртгүүлсэн байна гэж үзэхээр байна.
в. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч тухайн бүтээлийг бусдад ашиглуулахдаа гэрээ байгуулна. мөн зүйлийн 2-т ... Гэрээнд бүтээл ашиглах нөхцөл хүрээ, хугацаа, төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх журам зэргийг тусгана гэжээ. Мөн 2006 оны 01 сарын 09-ний өдрийн Патентийн тухай хуулийн 16.8-д . Энэ хуулийн 16 7-д зааснаар зохиогч өөрийн нэр дээр патент, гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө " гэж тус заасан байна. ******* нь 2005 оноос 2012 оны хооронд "******* ТӨХК-тай ашигтай загварын талаар ямар нэгэн гэрээ хийгдээгүй учраас нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнг төлөх үүрэггүй байна.
г. 2006 оны 01 сарын 19-ний өдрийн Патентийн тухай хуулийн 16.6-д ... Албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад бүтээсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварт гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлнэ ... гэжээ. *******ын хийсэн гэх ашигтай загвар нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн Цувимал үйлдвэрлэх цехэд хийгдсэн тул ажил олгогчийн бүтээл гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1 хх 49-56-р тал/
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан *******ын ******* ХХК-д холбогдох 535,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,834,790 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:
а. ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг баримтлан шийдвэр гаргажээ. Энэ нь оюуны өмчийн эрхэд хамаарах зохиогчийн эрх буюу эдийн бус хөрөнгийн эрхийг хамгаалсан хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй” гэж заасныг зөрчсөн,
б. ... Монгол Улсын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Патентын тухай хууль (2006) хүчингүй болсонд тооцох тухай” хуулиар хүчингүй болсон хуулийг буцаан хэрэглэж, хэргийн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.
в. ...Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулах, шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох цувимал үйлдвэрийн цехийн бул зорох токарийн суурь машины оператор , бул гайдны тохируулагч , 2001-2006 онд захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэн нарын гэрчийн мэдүүлгээр R40 гөлгөр ган туйвангийн үйлдвэрлэх технологийг нэвтрүүлсэн зохиогч нь ******* болохыг давхар нотолсон.
г....Анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр *******ын зохион бүтээсэн ашигтай загварын гэрчилгээ бүхий R40 гөлгөр ган туйвангийн үйлдвэрлэх технологийн дагуу 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 28-ны хооронд үйлдвэрлэл эрхэлж, үйлдвэрийн ашгийг нэмэгдүүлсэн нь тогтоогдсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Патентын тухай хуулийн 12.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. /3 хх 67-69-р тал/
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж, шийдвэрийн “үндэслэх” хэсгийн дүгнэлтэд зохих нэмэлт дүгнэлт хийж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Тодруулбал, анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн байх боловч шүүх, хэргийг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааны талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан дүгнэсэн, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу хэргийн зүйлчлэлийг зөв тодорхойлж баримтлаагүй зэргээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Хэргийн материалаас судлан үзвэл:
7.Нэхэмжлэгч ******* нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК-д холбогдуулан ашигтай загвар ашигласны төлбөрт 535,368,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “1989 онд ХБНГУ-н их сургуулийг металлургийн инженер мэргэжлээр төгсөж, 1991 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехэд технологийн инженерээр ажилд орсон ба ажиллаж байх хугацаандаа тус үйлдвэрийн бүтээмжийг дээшлүүлж, бүтээгдэхүүний тоо, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж гүйцэтгэсэн. Үүний нэг бүтээл бол R-40 мм-ийн гөлгөр ган туйван үйлдвэрлэх технологи юм. Тус бүтээл нь Эрдэнэт үйлдвэрийн бутлагч тээрмийн ган бөмбөлгийг хийдэг гол материал бөгөөд Монгол улсад ганц болох тус бүтээлээрээ Монгол Улсын Оюуны өмчийн газраас 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ашигтай загварын гэрчилгээ буюу түүнийг өмчлөа онцгой эрхийг өөрийн нэр дээр авсан. Патентын тухай/1993 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “ ...ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд хүчинтэй байна.” гэж заасны дагуу уг хугацаа нь 201 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хүчинтэй юм. Өнөөдрийг хүртэл Дарханы Төмөрлөгийн үйлдвэр нь энэхүү ашигтай загварын бүтээлээр 2005 оноос ган туйван үйлдвэрлэж үйл ажиллагаандаа ашиглаж, Эрдэнэт үйлдвэр болон бусад үйлдвэрүүдэд ган туйван нийлүүлж, тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу гэрээ байгуулахгүйгээр ашиг, үр шимийг нь хүртсээр байна.
Ашигтай загварын гэрчилгээ авснаас хойш удалгүй Патентын тухай хууль 2006 онд шинэчилсэн найруулга орж, тус хуулиар 1993 оны хуулийг хүчингүй болсонд тооцсон, 2006 оны хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4, 16.1.5-д заасны дагуу ашигтай загварын зохиогч би 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 7 жилийн хугацаанд R-40 мм-н гөлгөр ган туйванг борлуулсан нийт орлогын цэвэр ашгийн 10 хувьтай тэнцэх төлбөр нэхэмжилж байна” гэжээ.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж эс зөвшөөрсөн тайлбарыг гаргаж маргасан./1-р хх-49/
9.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ:“ ... нэхэмжлэгч нь ашигтай загварын гэрчилгээ авах үед хууль шинэчлэгдсэн, түүний эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь 2006 оны хуульд хамаарч байна. Нэхэмжлэгчийн ашигтай загвараа өмчлөх эрх тухайн ашигтай загварын анхдагч огноо буюу 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлсэн, тэрээр түүний зохиосон ашигтай загварыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХХК ашиглаж байгааг мэдэж байсан, энэ талаар гэрээ байгуулахаар шаардах, ашигтай загварыг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хориглох хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч байгууллага нь түүний нэрээр бүртгэлтэй ашигтай загварыг түүний зөвшөөрлөөр ашигласан гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл, тухайн ашигтай загварыг ашиглаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг мэдсээр байж нэхэмжлэгч хориглоогүй, дээрх хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно, Оюуны өмчийн эрхэд зохиогчийн эрх буюу эдийн бус хөрөнгийн эрх, бүтээл өмлөх эрх буюу эд хөрөнгийн эрх нэгэн зэрэг хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү ашигтай загвар ашигласны төлбөр гаргуулах шаардлага нь эд хөрөнгийн эрхэд хамаарах тул Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан зохицуулалтад хамаарна.
...нэхэмжлэгч гэрээ байгуулаагүй, ашигтай загварыг ашигласны төлбөрийг олгохгүйгээр хариуцагч тал үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардлагаа тодорхойлсон, нэгэнт гэрээний үүрэгт хамааралгүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хугацаа хамаарна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1,76.2-т тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацаг шаардах эрх үүссэн үеэс тоолох ба шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.
Нэхэмжлэгчид 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж хугацааг тоолж, хөөн хэлэлцэх хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон байна гэж тус тус дүгнэжээ.
10.Анхан шатны шүүх ... нэхэмжлэгчийн эрхээ хэрэгжүүлэх хугацаа нь 2006 оны хуульд хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, харин ... нэхэмжлэгчийн ашигтай загвар ашигласны төлбөр гаргуулах шаардлага нь эд хөрөнгийн эрхэд хамаарна, нэхэмжлэгчид 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс шаардах эрх үүссэн, хөөн хэлэлцэх хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон ... гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.1,76.2 дахь хэсгүүдийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.
Учир нь:
11.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т “хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж,
Мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно “гэж тус тус заасан. Энэхүү хөрөнгө нь эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө гэж ангилагддаг.
Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д “эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна” гэж заасан.
Иймд нэхэмжлэгч *******ын R-40 мм-ийн гөлгөр ган туйван үйлдвэрлэх технологи бүхий бүтээл нь оюуны үнэт зүйл болохын хувьд эдийн бус хөрөнгөд хамаарах бөгөөд үүнээс улбаалан ашигтай загвар ашигласны төлбөрт 535,368,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Патентын тухай/2006оны шинэчилсэн найруулга/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “патент” гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохигч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг” ,
3.1.5-д “ашигтай загварын гэрчилгээ” гэж ашигтай загварыг эрх бүхий этгээд өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг” тус тус ойлгоно гэжээ.
12.Нэхэмжлэгч нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехэд технологийн инженерээр ажиллаж байх хугацаандаа R-40 мм-ийн гөлгөр ган туйван үйлдвэрлэх технологи бүхий бүтээлийн загварыг зохион бүтээсэн бөгөөд тус бүтээлээрээ Монгол Улсын Оюуны өмчийн газраас 2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Ашигтай загварын гэрчилгээ буюу түүнийг өмчлөх онцгой эрхийг “ өөрийн нэр дээр авсан гэх боловч энэ талаарх баримт бичиг хэрэгт авагдаагүй, тодруулахад алга болсон гэх боловч тэр тухай ч баримтгүй хэдий ч хариуцагч тал тус бүтээлийн загварын талаар маргаагүй, харин зохиогч нь нэг этгээд биш нэр бүхий олон хүн оролцсон тул хамтын бүтээл гэж,
Мөн нэхэмжлэгч ******* нь дээрх бүтээлийг 7 жилийн хугацаанд ашигласны төлбөрт 535,368,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч тал уг төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тус тус маргадаг.
Патентын тухай/2006 оны шинэчилсэн найруулга/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар хамтран бүтээсэн зохиогчид патент авах эрхийг хамтран эдэлнэ” гэж заасан.
Хэрэв хариуцагч талын тайлбарласнаар ... R-40 мм-ийн гөлгөр ган туйван үйлдвэрлэх бүтээлийн загварын зохиогч нь нэр бүхий олон хүн этгээд тохиолдолд тэдгээр нь хамтран патент авах эрхийг эдлэх учиртай. Гэтэл хэрэгт энэ талаар баримтгүй, мөн тухайн нэр бүхий этгээдүүд энэ тухай маргаан үүсгээгүй байх тул хариуцагч талын энэ талаарх тайлбар үндэслэлгүй.
Патентын тухай/2006 оны шинэчилсэн найруулга/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.5-д “ шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах эрх”-ийг зохиогч эдэлнэ гэж,
Мөн хуулийн 16.8-д “энэ хуулийн 16.7-д зааснаар зохиогч өөрийн нэр дээр патент, гэрчилгээ авсан тохиолдолд ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент, гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө “ гэж тус тус заасан байна.
Үүнээс дүгнэхэд: ...тухайн ашигтай загварыг нь ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах эрхийг ашигтай загвар зохиогчид өөрт нь хуулиар олгосон байх боловч ийнхүү төлбөрийг авахын тулд патент, гэрчилгээ эзэмшигч нь ажил олгогч болон бусад ашиглаж буй этгээдтэй гэрээ байгуулах учиртай байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ашигтай загварын бүтээлийг ашигласны хэдий хэмжээний хувийг патент, гэрчилгээ эзэмшигч буюу зохиогчид төлөх талаар талууд гэрээгээр тохирсон байхыг хууль шаардаж байна.
13.Талуудын хооронд дээрх хуульд заасан шаардлагын дагуу гэрээ байгуулагдаагүй байх тул ашигтай загварыг ашигласны төлбөрт 535,368,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болон энэ талаарх давж заалдах гомдол зэргийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
14.Түүнчлэн Патентын тухай/2006 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Патентийг хүчинтэй байлгах хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээ, хугацаагаар төлнө” гэж,
Хуулийн 24.2-т “Патентыг хүчинтэй байлгах эхний 3 жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан өдрөөс хойш 6 сарын дотор, дараах хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын өмнө тус тус төлнө “ гэж тус тус заасан.
Патентыг хүчинтэй байлгах үүднээс хураамж төлөх нь патент эзэмшигчийн үүрэг байна. Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу хураамж төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байдаг.
15.Хэдийгээр нэхэмжлэгч нь ашигтай загварыг ашигласны төлбөрийг олгохгүйгээр хариуцагч тал үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шаардлагаа тодорхойлсон байх боловч энэхүү маргаан нь оюуны бүтээлтэй холбоотой тул Патентын тухай /2006 оны шинэчилсэн найруулга/ хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж энэ үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
16.Нэхэмжлэгч нь ...гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах, ... гэж нэхэмжлэлийн шаардлагадаа тусгаагүй шаардлагыг хангаж өгөхийг давж заалдах гомдолд хүссэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т заасантай зөрчилдөж байх тул цаашид давж заалдах гомдол хүлээн авахдаа энэ талаар анхаарч байхыг анхан шатны шүүхэд магадлалаар анхааруулж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 135/ШШ2024/00690 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасныг баримтлан ... ” гэснийг “Патентын тухай/2006 оны шинэчилсэн найруулга/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д заасныг баримтлан ... “ гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,835,990 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1,172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Х.БАЙГАЛМАА