| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0133/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2019-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 148
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч С.Ю нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт С.Ю-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1818003390036 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Ю 1998 оны 5 сарын 8-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 17 дугаар байрны 2 дугаар орцны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:2 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Ю нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” захаар үйлчлүүлж байсан иргэн А.Г хувцасны халааснаас “iPhone 6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 550000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ю нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” захаар үйлчлүүлж байсан иргэн А.Г хувцасны халааснаас “iPhone 6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 550000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч С.Ю шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зах дээр явж байгаад хохирогч А.Г гэх охины карманаас айфон маркийн цагаан өнгийн гар утсыг авч, Теди төв орж, 300000 төгрөгөөр зарсан.
...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Удахгүй 21 нас хүрнэ. Ажил хийгээд хөдөлмөрөөрөө амьдарна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 2/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12/,
-Хяналтын камерын бичлэг бүхий сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 13/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хэргийн 16/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 17-18/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны байдлаар 550000 /таван зуун тавин мянга/ төгрөг байна.” гэх 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 20-21/,
-Насанд хүрээгүй хохирогч А.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах бирж дотор шүр үзээд явж байсан. Тэгээд би тухайн үзэж байсан шүрээ авах гээд куртикны халааснаас мөнгөө гаргаж өгөх гэсэн чинь миний утас байхгүй болсон байсан. Тэгээд би тухайн газрын хяналтын камерыг шүүсэн чинь 20 гаран насны 4 банди миний хажууд зогсож байгаад халааснаас миний утсыг авсан байсан.
...би 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Ихэр могойн 2 давхрын утасны лангуунаас 490000 төгрөгөөр худалдаж авч байсан. ” гэх мэдүүлэг /хэргийн 27/,
-Гэрч А.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 22-нд 20 гаруй насны банди ирээд “iphone-6” маркийн гар утас зарах гэсэн юм, Улаанбаатар хот явах гэсэн мөнгөгүй болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би үзэж байгаад 300000 төгрөгөөр худалдаж авсан.
...хулгай хийж надад зарсан хүн нь надад 300000 төгрөгийг буцаан өгч намайг хохиролгүй болгосон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 30, 110/,
-Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг руу найз Батбаяр, Мөнгөнтулга нарын хамт шоудах гээд оройн галт тэргээр яваад шөнө 01:00 цагийн орчим буугаад буудалд хоноод маргааш өглөө нь цүнхэндээ оосор авч хийх гээд зах руу явж байтал танил Укатай таараад бид 4 хамт хоол идээд гарч явж байгаад Ука “утсаа тавиад шоудъя” гээд өөрийнхөө халааснаас iPhone-6 маркын гар утас гаргаж ирэхээр нь Дархан-Уул аймгийн Тэди төв рүү Батбаяр, Мөнгөнтулга нар ороод утсыг нийт 300000 төгрөгөөр зараад гарч ирсэн. Би Укатай хамт хүлээж байсан. Гар утас зарсан мөнгөөр бид 4 шоудаад үрээд дуусгасан. Маргааш орой нь Мөнгөнтулга, Батбаяр бид 3 Улаанбаатар хот руу гарсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 31-32/,
-Гэрч П.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр би найз Батбаяр, Энхтөр нарын хамт “Дархан-Уул аймаг руу явж шоудаж үзье” гээд Улаанбаатар хотоос жижиг тэргэнд суугаад Дархан-Уул аймагт шөнийн 00:00 цагийн орчим очоод буудалд гурвуулаа хоноод өглөө нь босоод “захаар нь явж үзье” гээд явж байхад Ука гэх Батбаяр, Энхтөр нарын танилтай таараад тэгээд бид 4 хамт хоолонд орох гээд явж байхдаа захаар лангуугаар эд бараа үзэж байгаад захаас гарч ирээд хоол идчихээд би ганцаараа салж яваад усанд ороод хувцасаа угаагаад гараад ирье гээд Батбаяр, Энхтөр, Ука нараас салаад яваад ажлаа амжуулж буцаад оройн 19:00 цагийн орчим гарч Ука, Энхтөр, Батбаяр нартай уулзаад гадаа пиво ууж байгаад хамт бар луу орсон. Ука “мөнгө байна уу?” гээд асууж байгаад мөнгөө нийлүүлээд хамт архи ууж байгаад Энхтөр, Батбаяр бид гурав буудалдаа 01:00 цагийн орчим очиж унтаад Ука бид нараас салаад явсан.
...лангуунд бараа сонирхоод явсан, ингэж явж байхдаа гар утас хулгайлсан байх. Намайг хамт явж байхад гар утас хулгайлсан гэж хэлээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 33-34/,
-Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг руу найз нарын хамт шоудахаар явсан. Бид 3 Улаанбаатар хотоос оройн 20:00 цагийн вагонаар яваад оройн 02:00 цагт Дархан-Уул аймагт буугаад ойролцоо буудалд 1 өрөө авч хоноод өглөө босоод хоол идэх гээд зах руу явж байгаад бид гурвын танил Ука гэж дууддаг хүүхэд явж байхаар нь нийлээд хамт хоол идэхээр явж байхад Ука зах дотор байх лангуунаас “Ай фоне 6” маркийн цагаан өнгийн утас аваад гараад ирсэн. Бид 4 захаас гараад явж байгаад цайны газарт хоол идээд гар утсыг Дархан-Уул аймгийн Тэди төвийн 2 давхарт байх эрэгтэй хүнд 300000 төгрөгөөр зарсан юм. Мөнгийг нь Ука аваад бид 4 бааранд ороод Дарханы төвд байх 4 давхар буудалд 60000 төгрөгөөр хоноод маргааш өглөө нь бид 3 Укагаас салаад Улаанбаатар хотруу жижиг таксигаар ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 35-36/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч С.Ю нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” захаар үйлчлүүлж байсан иргэн А.Г хувцасны халааснаас “iPhone 6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 550000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч С.Ю гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.А.Г д 550000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 20-21/ нотлогдож байх бөгөөд гар утсыг буцаан өгч хохиролгүй болгосон /хэргийн 17-18/, иргэний нэхэмжлэгч А.Х 300000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч А.Х нь мөрдөн байцаалтын шатанд “...хулгай хийж надад зарсан хүн 300000 төгрөгийг буцаан өгч намайг хохиролгүй болгосон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 110/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч С.Ю нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан” захаар үйлчлүүлж байсан иргэн А.Г хувцасны халааснаас “iPhone 6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 550000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч С.Ю гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Ю нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч С.Ю нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, бие муутай эхийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг шүүгдэгч С.Ю үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Ю нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн /хэргийн 119-123/ бөгөөд тэрээр 128 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 3/3983 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Ю эдлээгүй үлдсэн 128 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Ю-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 550000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Ю-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Ю Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 128 /нэг зуун хорин найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг шүүгдэгч С.Ю үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.Ю анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч С.Ю нь энэ хэрэгт 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 63 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ю авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ