Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 153

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба,

Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баянсан,

Шүүгдэгч Г.Б, Г.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, Г.О холбогдох эрүүгийн 1918001150112 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Г.Б 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Ширээнурууны 20-11 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

2.Монгол Улсын иргэн, Г.О / 1996 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, хүргэн ахын хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны Монлаа 3-30 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Б, Г.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” шөнийн цэнгээний газрын нэг давхарт байх хувцасны өлгүүрийн  орчимд иргэн Б.Т “найзыгаа өмөөрч хэрэлдэж, өөдөөс сарвалзлаа” гэдгээр шалтаглан харилцан маргалдаж, улмаар Г.Б нь нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөж, Г.О  нь нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б, Г.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” шөнийн цэнгээний газрын нэг давхарт байх хувцасны өлгүүрийн  орчимд иргэн Б.Т “найзыгаа өмөөрч хэрэлдэж, өөдөөс сарвалзлаа” гэдгээр шалтаглан эрх чөлөөнд нь халдаж, “доод эрүүний хоёрлосон битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүүнд зулгаралт, 1 шүдний мултрал бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Queen бааранд орсон. Манай найз гадаа үлдсэн байсан бөгөөд гараад иртэл хохирогч манай найзыг цохисон байсан. Тэгэхээр нь би өөрийгөө барьж дийлээгүй хохирогчид гар хүрсэн нь үнэн.

…бид хоёр 1160000 төгрөгийг хоёр хуваагаад би 580000 төгрөгийг хохирол төлбөрт төлсөн.

...хийсэн хэрэгтээ гэмшиж байна, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлээд ирвэл ажил төрөл хийгээд төлж барагдуулна.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Г.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр дөрвүүлээ хамт “Queen” бааранд орж, тус бүртээ 2 шил пиво уусан. Манай найз Ариунболдын нүүр рүү хохирогч Б.Т цохисон байхаар нь би хохирогчийг өшиглөсөн.

…Би хохирол төлбөрт бага багаар цувуулж өгсөн. Өөрийн ажил хийж олсон мөнгөөр л хохирлыг төлсөн.

...хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Цагаан сарын шинийн 2-ны өдөр болсон явдал. Манай дүү залгаад эмнэлэгт байна гэж хэлсэн. Маргааш ирээрэй гэж эмч хэлэхээр нь шинийн 4-ний өдөр хүүгээ аваад хот руу очиход “зургийг нь авахуулаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь зургийг авахуулаад 1 дэх өдөр нь хотод очоод 2 дахь өдөр хэвтүүлээд 4 дэх өдөр нь хагалгаанд орсон. Одоо юм идэж чадахгүй, хажуу тал нь яайжийсан байгаа. Эхний хохирол төлбөрийг төлсөн байгаа. “Харзтай” эмнэлэгт очиход имплант шүд хийгээгүй байхад ирээдүйд хийлгэх шүд ийм үнэтэй болно гэсэн бичиг хийж өгөхгүй гэж хэлсэн. Нэг имплант шүдийг 2500000 төгрөг, арааг нь 2000000 төгрөгөөр хийдэг гэсэн. Амыг нь сайн ангайлгаж болохгүй байгаа учир эрүү нь эдгэж дууссаны дараа хийнэ гэж хэлсэн. Шүднүүд нь дээшээ доошоо болоод хөдөлгөөн ороод байгаа. Шүдний гажиг заслын аппаратыг 1200000 төгрөгөөр суулгаж, аппаратыг нь сар бүр 30000 төгрөгөөр чангалуулж байх ёстой гэсэн. Өнөөдөр хохирогч эрүүл мэндээрээ маш их хохирч байгаа. Хадаасыг хэзээ авахуулахыг мэдэхгүй байна.

...сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг, манай хүүхэд “Ихэр могой” дээр өдрийн 25000 төгрөгөөр зөөгч хийдэг байсан учир 10 хоногийн цалин 250000 төгрөг, 2 ширхэг имплант шүд хийлгэх үнэ 5000000 төгрөг, гажиг заслын аппаратын үнэ 1200000 төгрөг, аппаратыг нь 2 жил сар бүр 30000 төгрөгөөр чангалуулахад 660000 төгрөг, хадаас авахуулах, бэхлэх зэрэгт 2000000 төгрөг, нийт 18406000 төгрөгийг нэхэмжилж байна.  Миний хүүхдийн хохирлыг барагдуулаад өгөх юм бол гомдоод байх зүйл байхгүй. Хэрэв уг төлбөрийг төлөхгүй бол гомдолтой байна. Эдийн засгийн хувьд хэцүү байна.” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Хохирогч Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 2 дугаар сарын 6-ны орой 22 цагийн орчимд хамаатны залуу болох Уранхүүтэй Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” нэртэй бааранд орох гээд явж байгаад баарны үүдэнд урьдын танил Батцэцэг гэх эмэгтэйтэй таараад бааранд хамт орсон. Тэгээд бааранд ороод нэг нэг шил 0.5 граммын пиво авч суусан. Баар хаах болоод баарны нэг давхарт байх өлгүүрээс гадна хувцсаа аваад өмсөөд зогсож байхад Уранхүү нэг залуутай маргах шиг болсон. Тэгэхээр нь би Уранхүүтэй маргалдаад байсан залууд хандаж “чи гараад явчихаа, болиоч ээ” гэж хэлэхэд хамт явсан охидууд нь нөгөө залууг дагуулаад гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Уранхүү гаднаас нэг залууд түрэгдээд ороод ирсэн. Тэгэхээр нь би Уранхүүтэй зодолдоод байсан залууг очоод салгахад уг залуу над руу дайраад сарвалзаад ороод ирэхээр нь зугтаад 2 давхар руу гардаг шатны хаалга руу ороод хэсэг байж байгаад гарч ирээд зогсож байтал миний баруун шанаа руу цохих шиг болоход маш их өвдөлт өгөхөөр нь би нүүрээ гараараа хамгаалаад доошоогоо тонгойход миний нүүр рүү өшиглөхөд аймаар өвдөлт өгсөн. Би баарны нойлын өрөөнд ороод хэсэг зогсоход миний амнаас цус гараад үүдэн шүднүүд хоорондоо зайтай болчихсон байсан. Тэгээд нойлын өрөөнөөс гараад ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан.

...би аймгийн нэгдсэн эмнэлэг ороод үзүүлээд зураг авахуулахад эрүү хугарчихсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн11-12/,

 

-Гэрч Х.У-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 2 сарын 6-ны өдөр найз Б.Т уулзаад бааранд бүжиглэхээр болсон. Тэгээд 22:00 цагийн үед шинэ Дарханы Үйлчилгээний төвийн дэргэд байрлах “Queen” бааранд ороод 4 шил пиво хувааж уусан. Тэгээд 23:00 цаг болж баар хаахаар болоод Б.Т бид хоёр баарнаас гараад хувцасны өлгүүрийн дэргэд зогсож байтал миний таньдаг охин дүү Соко явж байхаар нь би мэнд мэдээд “гэртээ эртхэн хариарай” гэж хэлсэн. Тэр үед цаанаас нь миний танихгүй нэг намхан залуу гарч ирээд “чи хэн бэ? ална шүү!” гэж хэлээд намайг заамдаад авсан. Тэгээд цаанаас нь тэр намхан залуутай явсан хэдэн залуучууд гарч ирээд намайг бөөнөөрөө түлхээд хаалгаар оруулсан. Тэр үед надтай хамт явсан найз Б.Т намайг тэр залуучуудаас салгах гээд дундуур ортол тэнд явсан залуучуудаас урт хөх куртика өмссөн залуу нь манай найз Түмэндэлгэрийн нүүр хэсэг рүү нь гараараа цохиод унагаасан. Тэгээд тэр цохисон залуутай хамт явсан найзууд нь Түмэндэлгэрийн дээрээс нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд тэр залуучууд гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,

-Гэрч К.Оскарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сараас хойш “Queen” бааранд хамгаалагчийн ажил хийж байгаа. Тэгээд өнөөдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр баарны хаалган дээр ажлаа хийгээд зогсож байтал 23:40 цагт баарны хөгжим зогсож үйлчлүүлэгчид гарч эхэлсэн. Тэгээд би үүдэнд өлгүүрийн дэргэд хяналт тавиад зогсож байтал гадна хаалганаас хэсэг залуучууд заамдалцаад, зууралдаад ороод ирсэн. Тэгээд тэр залуучууд дунд ороод салгаад зогсож байтал өлгүүрийн дэргэд нилээн эмх замбараагүй байдал үүссэн. Тэгээд би хувцас руугаа нэг хартал миний цамцны ханцуй цус болсон байсан. Тэгээд тэнд маргаад байсан залуусыг хартал хар куртика өмссөн нэг залуугийн хамарнаас цус гарч байгаа харагдсан. Тэгээд нэг цагдаа орж ирээд тэнд маргалдаж байсан залуус гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,

-Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан сумын 16 дугаар багт үйл ажилагаа явуулдаг “Queen” нэртэй бааранд 2019 оны 2 сарын 6-ны орой 22 цагийн орчимд найз О, У, Б нарын хамт орсон. Тэгээд бааранд ороод 0.5 граммын шилтэй пиво хоёр хоёрыг аваад уусан ба Буянбаатар нэг шил пиво л уусан. Тэгээд бид нар бүжиглэж байгаад баар хаах цаг болоод гадуур хувцасаа өмсчихөөд баарны гадна зогсож байтал манай найз У нэг залуутай зууралдаад баар руу орохоор нь арааас нь гүйгээд баар руу ороход бужигнаад зодоон болж байхаар нь Б.У салгаж авах гээд гарнаас нь татахад улаан куртиктэй хохирогч залуу нь миний нүүр рүү 3-4 удаа гараараа цохиход миний хамарнаас цус гарсан. Тэгэхэд манай найз Отгонбаатар хохирогч залууг надаас салгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,

-Гэрч Б.Б.У ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...“Күен” нэртэй бааранд 2019 оны 02 сарын 06-ны орой 22 цагийн орчимд найз О, У, Б нарын хамт орсон. Тэгээд бааранд ороод 0,5 граммын шилтэй пиво хоёр хоёрыг аваад уусан.Тэгээд бид нар бүжиглэж байгаад баар хаах цаг болоод баарнаас гарсан. Би баарны үүдэнд тамхи татах гээд зогсож байтал баарнаас нэг өндөр биетэй залуу гарч ирээд манай найз Ариунбулагруу юм хэлээд орилоод байхаар нь би тэр залууд хандаад “чи юу гээд орилоод байгаа юм бэ” гэхэд тэр залуу над руу “чи муу тэнэг бацаан амжихгүй шүү” гэхээр нь би очоод тэр залууг түлхэх гэхэд намайг заамдаад баар руу чирээд орсон. Тэгээд бааран дотор ороход бужигналдаад бөөн зодоон болсон. Тэгээд би уг залуугаас салахад намайг бас нэг залуу ирээд духаараа мөргөөд дайраад байсан. Тэгэхэд гаднаас цагдаа нар ороод ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 18/,

-“...баруун талын шанаа хавдсан, хөдөлгөөн хязгаарлагдсан, уруул хавдсан.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 22/,

-“…Б.Т биед доод эрүүний хоёрлосон битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүүнд зулгаралт, 1 шүдний мултрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 24/,

 

-Амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, шүдний гэрэл зургийн хуулбарууд /хэргийн 25, 71-74/,

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 37/,

-Хохиролтой холбоотой баримтууд /хэргийн 77-79, 83-84, 119/,

-Өвчний түүх /хэргийн 87-96/,

-Хохирол, төлбөр төлсөн баримт /хэргийн 128-129/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Б, Г.О нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т эрүүл мэндэд “доод эрүүний хоёрлосон битүү хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хүзүүнд зулгаралт, 1 шүдний мултрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд хохирогч Б.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг, 10 хоногийн цалин 250000 төгрөг, 2 ширхэг имплант шүд хийлгэх үнэ 5000000 төгрөг, гажиг заслын аппаратын үнэ 1200000 төгрөг, аппаратыг нь 2 жил сар бүр 30000 төгрөгөөр чангалуулахад 660000 төгрөг, хадаас авахуулах, бэхлэх зэрэгт 2000000 төгрөг, нийт 18406000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг өгч байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсны дагуу шүүгдэгч нарын зүгээс хохирогч эмчилгээний зардалд 1160000 төгрөгийг хувь тэнцүүлэн төлжээ.

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: гаргасан 18406000 төгрөгийн иргэний нэхэмжлэлээс шүүх сэтгэл санааны хохирлыг ямар хэмжээгээр, хэрхэн тооцож гаргах талаар хууль тогтоогч хуульчлаагүй тул сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Харин гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар эмчилгээ хийлгэсэн зардалд 1233760 төгрөг, 10 хоногийн цалинд 200000 төгрөг, нийт 1433760 төгрөгийг шүүгдэгч нар нь хохирогч Б.Т төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 1160000 төгрөг, шүүх хуралдаан түр завсарлах хугацаанд 274000 төгрөг, нийт 1434000 төгрөгийг төлсөн /хэргийн 128-129/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Б, Г.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Queen” шөнийн цэнгээний газрын нэг давхарт байх хувцасны өлгүүрийн  орчимд иргэн Б.Т “найзыгаа өмөөрч хэрэлдэж, өөдөөс сарвалзлаа” гэдгээр шалтаглан харилцан маргалдаж, улмаар Г.Б нь нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөж, Г.О  нь нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Б, Г.О нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Б, Г.О нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлсөн байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б, Г.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.О, Г.Б нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.О, Г.Б нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Г.Б-д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт, шүүгдэгч Г.О т хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт тус тус үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Б, Г.О нарт согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Б, Г.О нарт анхааруулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Г.Б, Г.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж,  сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн 10000000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Г.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Я.ТУУЛ