| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00365/И |
| Дугаар | 399 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 399
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 1 дүгээр баг, 10-11 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЛ74012283, Сорос овогт Батхүүгийн Оюунтуяагийн,
Нөхөр Ц.Одонхүүгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний нөхөр Цэвэгмэдийн Одонхүү нь 2013 онд нас барсан. Нөхөр маань 1982 оноос 1984 оны хооронд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд тууварчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдан явсан. Цэргийн албанаас 1987 онд халагдаж ирээд тус нэгдлийн уурын зууханд машинистаар ажиллах болсон. Ялалт нэгдэлд машинистаар 1991 он хүртэл ажиллаад дараа нь малчнаар ажиллаж эхэлсэн. 1992 онд Ялалт нэгдэл хувьчлагдаж “Ялалт” ХК болоход мөн л малчнаар ажиллаж байсан. “Ялалт” ХК-д 1997 оныг дуустал малчнаар ажилласан. Нөхөр Ц.Одонхүүгийн хөдөлмөрийн дэвтрийг гээгдүүлсэн тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1982 оны 7 дугаар 1984 оны 5 дугаар сарыг дуустал, 1987 оны 10 дугаар сарын 01-нээс 1997 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл болон “Ялалт” ХК-д тууварчин, машинист, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Ц.Одонхүүтэй хамт ажиллаж байсан А.Ганхуяг, Я.Цэцэгмаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь нөхөр Ц.Одонхүүгийн 1982 оны 7 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарыг дуустал, 1987 оны 10 дугаар сараас 1997 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл болон “Ялалт” ХК-д тууварчин, машинист, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Ч.Нанзадын 97642 дугаар нас барсны бүртгэлийн гэрчилгээнд: “Цэвэгмэдийн Одонхүүг 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нас барсныг 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр нас барсны бүртгэлийн 2-т бүртгэж, гэрчилгээ олгов” гэжээ.
Мөн Цэвэгмэдийн Одонхүү, Батхүүгийн Оюунтуяа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбарт: “Цэвэгмэдийн Одонхүү, Батхүүгийн Оюунтуяа нарыг 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 1998 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв” гэжээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Цэвэгмэдийн Одонхүүгийн 1987 оны 10 дугаар сараас 1997 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл болон “Ялалт” ХК-д тууварчин, машинист, малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Цэвэгмэдийн Одонхүүгийн 1982 оны 7 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарыг дуустал ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “Ц.Одонхүүг уурын зууханд машинистаар 1987 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаар лавлагаанд: “”Ялалт” ББХК нь 1992 оны 6 дугаар сарын 05-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч А.Ганхуяг, Я.Цэцэгмаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч А.Ганхуягийн “Би 1974 оноос Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл, “Ялалт” ББХК, “Ялалт” хоршоонд тооцооны нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор 2003 он хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг ажиллаж байхад буюу 1982 оноос Б.Оюунтуяагийн нөхөр Ц.Одонхүү тус сумын Ялалт нэгдэлд тууварчнаар ажиллаж эхэлсэн. Дараа нь Ц.Одонхүү Ялалт нэгдлийн уурын зууханд машинист, малчин зэрэг ажлуудыг хийж байсан. 1992 онд Ялалт нэгдэл хувьчлагдагдаж “Ялалт” ББХК болоход Ц.Одонхүү нь мөн л ажиллаж байсан. Тухайн үед Ялалт нэгдлийн даргаар Нацагдорж, Содномжамц, Ц.Давааням гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Я.Цэцэгмаагийн “Миний бие нь 1983 оноос 1995 оны хооронд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл болон “Ялалт” ББХК-д малчин, саальчнаар ажиллаж байсан. Намайг ажилд орсны дараа буюу 1982 оноос Б.Оюунтуяагийн нөхөр Ц.Одонхүү тус сумын Ялалт нэгдэлд тууварчнаар ажиллаж эхэлсэн. Дараа нь 1987 оноос Ц.Одонхүү нь Ялалт нэгдлийн уурын зууханд машинистаар ажиллах болсон. 1992 онд Ялалт нэгдэл хувьчлагдагдаж “Ялалт” ББХК болоход Ц.Одонхүү нь малчнаар ажиллаж байсан. Намайг 1995 онд ажлаас чөлөөлөгдөхөд Ц.Одонхүү нь “Ялалт” ББХК-д малчнаар ажиллаад үлдсэн” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Ц.Одонхүү, Б.Оюунтуяа нар нь 1997 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсон болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Ц.Одонхүү нь 2013 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан болох 97642 дугаар нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь нөхөр Ц.Одонхүүгийн ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Ц.Одонхүү нь 1982 оны 7 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарыг дуустал, 1987 оны 10 дугаар сараас 1997 оныг дуустал Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл болон “Ялалт” ХК-д тууварчин, машинист, малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтууд, Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаар лавлагаа, гэрч А.Ганхуяг, Я.Цэцэгмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн хүсэлтийг хангаж, түүний нөхөр Ц.Одонхүүгийн Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарыг дуустал тууварчнаар 1 жил 11 сар, 1987 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оныг дуустал уурын зууханд машинистаар 3 жил 3 сар, Сагил сумын Ялалт нэгдэл болон “Ялалт” ХК-д 1991 оноос 1997 оныг дуустал малчнаар 7 жил, нийт 12 жил 2 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэвэгмэдийн Одонхүүгийн Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1984 оны 5 дугаар сарыг дуустал тууварчнаар 1 жил 11 сар, 1987 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оныг дуустал уурын зууханд машинистаар 3 жил 3 сар, Сагил сумын Ялалт нэгдэл болон “Ялалт” ХК-д 1991 оноос 1997 оныг дуустал малчнаар 7 жил, нийт 12 /арван хоёр/ жил 2 /хоёр/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Оюунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ