Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01086

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024  05  22  210/МА2024/01086

 

 

Б.Бий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/01411 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Бий нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Тт холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 3,117,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярчимэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Е.А ы дэлгүүрээс 2,500,000 төгрөгөөр муур худалдан авсан. Аваад удаагүй байхад муур хэт нозоорлын байдалтай байсан тул Ж мал эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн ч 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үхсэн. Н.С ХХК гэх оршуулах үйлчилгээ үзүүлдэг байгууллагаар чандарлуулсан.

1.2. Амьтны дэлгүүр муурыг анхнаасаа өвчин зовиургүй байсан гэсэн ба эмчлэгч эмчийн зүгээс өмнө нь ходоодны өвчтэй байх магадлалтай талаар мэдэгдсэн. Хариуцагчаас муурны бичиг баримтыг нэхэж авч танилцахад 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр туулгалт өвчнөөр эмчилгээ хийлгэж байсан талаар тодорхой бичсэн байсан. Хариуцагч нь муурыг өвчтэй байсныг анхнаасаа мэдэж байсан хэдий ч доголдол шууд илрэх боломжгүйг далимдуулж худалдсан байх тул гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо хариуцагчаас нэхэмжилж байна.

1.3. Худалдах, худалдан авах гэрээний дагуу муурны үнэд төлсөн 2,500,000 төгрөг, Ж мал эмнэлэгт хийсэн эмчилгээний зардал 227,000 төгрөг, Н.С ХХК-ийн муур чандарлуулах үйлчилгээний төлбөр 390,000 төгрөг, нийт 3,117,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Муурыг Монгол Улсад оруулж ирэх үед хоол идэж байгаа байдал, ерөнхий хэлэмжийг хараад замд ирэх үед унаанд явснаас үүдээд гэдэс өвдөж гүйлгэхийг өвчтэй гэж тооцдоггүй. Худалдан авагчийн хувьд мэргэжлийн байгууллага буюу мал эмнэлэг дээр тухайн үед очоод үзүүлэхэд нээлттэй. Энэ нөхцөл байдлын хувьд нуун дарагдуулсан санаатай үйлдэл бол огт байхгүй. Бичиг баримтыг тэр өдөр өгөөгүй, дараа өгснөөрөө муур өвчтэй гэсэн үг биш. Ж мал эмнэлгийн тайлбараас харахад пабро вирус мууранд байсан бол нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйл үндэслэлтэй байж болно. Тус вирусаар өвчилсөн байж магадгүй гээд эмчилгээ хийлгээд 7 гаруй хоносон юм шиг байна. Хэрвээ пабро вирусаар өвчилсөн бол бага насны муур тэгж удаан наслах боломжгүй байдаг. Миний зүгээс нэхэмжлэгч тал муурыг хоолны хордлогод оруулаад түүнийгээ мэдэхгүй байж байгаад үхүүлсэн байж магадгүй гэж харж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.2. Мөн нэхэмжлэгч авсан өдөр өвчтэй юм шиг сул харагдсан бол авч ирээд өгөх бүрэн боломжтой. Түүнчлэн бага насны бус том муур хүртэл орчин, эзэн, нөхцөл байдал солигдох үед хямардаг онцлогтой, хамгийн багадаа авсан өдрийн орой эсвэл маргааш нь хоолоо идэж эхэлдэг. Манайхаас өвчтэй амьтныг нуун дарагдуулж бусдад худалдах шаардлага байхгүй. Дэлгүүрийн утсыг байнга аваад холбогдоод байх боломж байхгүй, ажилчид ажил ихтэй завгүй байдаг гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Таас 3,117,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 64,822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

  4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ баталгаат хугацааг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу 6 сар гэж, мөн 254.7 дахь хэсэгт заасныг баримтлан худалдан авагчид эрсдэл шилжих үед доголдол байсан буюу тухайн муур өвчтэй байсан гэж дүгнэсэн.

4.2. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд шүүхээс үүрэг зөрчсөн нөхцөл, эрсдэл шилжсэн нөхцөл байдлыг буруу тогтоосон. Тухайн муурыг 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хэвийн нөхцөлд нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн бөгөөд шилжүүлэн өгсөн өдрөөс хойш хордлогод оруулсан байж болзошгүй бөгөөд ямар хоол өгсөн, ямар нөхцөлд хонуулсныг тодруулаагүй, мал эмнэлгийн зүгээс муурыг өвчилсөн талаар баттай дүгнэлт гаргаагүй байхад түүнийг нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлж доголдлыг нуун дарагдуулсан гэж үзсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохгүйгээр шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт баталгаат хугацаа тогтоогоогүй тохиолдолд 6 сарын баталгаат хугацаатай гэж үзэх агуулга илэрхийлэгдэж байна.

5.2. Мөн нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байсан мэт тайлбар гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч талаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгч гаргасан бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчийн зүгээс нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхэд захирамжийн биелэлтийг хангуулах зорилгоор 2 удаа шүүх хуралдааныг хойшлуулсан.

5.3. Мөн тухайн муурыг 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр худалдаж авахдаа ерөнхий эмчилгээ хийлгэсэн. Тухайн мууранд эмчилгээ хийлгэж байх үеийн баримтыг Б. Ж мал эмнэлгээс гаргуулж, хэргийн материалд хавсаргасан. Хариуцагчийн зүгээс Б. Ж мал эмнэлгийн нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байсан тохиолдолд тухайн үед нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан.

5.4. Мөн нэхэмжлэгч тухайн муурыг туулгалт өвчтэй байх боломжтой, уг өвчний улмаас үхсэн байх боломжтой гэх тайлбарыг эмнэлгийн тодорхойлолтод үндэслэж гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Тт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 3,117,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр муур худалдан авсан бөгөөд хэт нозоорлын байдалтай байсны улмаас мал эмнэлэгт тасралтгүй 14 хоногийн эмчилгээ хийлгэсэн, шинжилгээгээр вирусийн гаралтай гэдэсний халдварт өвчин илэрч үхсэн, хариуцагч өвчтэй муур худалдсан гэж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч муурыг хоолны хордлогод оруулаад түүнийгээ мэдэхгүй байж байгаад үхүүлсэн байж магадгүй, хэрвээ анхнаасаа өвчтэй, сул харагдсан бол авчраад өгөх бүрэн боломжтой байсан, мал эмнэлгийн зүгээс муур өвчтэй байсан талаар баттай дүгнэлт гаргаагүй гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр муур худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний зүйл болох муур өвчтэй байсан эсэх, эсхүл нэхэмжлэгчийн арчилгаанаас муур өвдөж өвчний улмаас үхсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 11-22-ны өдрийн хугацаанд мууранд эмчилгээ хийсэн Б. Ж ХХК-ийн тодорхойлолтыг баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг тодорхойлолтыг үндэслэн хэргийг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, талуудын маргааны зүйл болсон муур үхсэн шалтгаан нь шинжлэх ухааны тусгай мэдлэг шаардагдахаар байх тул анхан шатны шүүх талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан эрх үүргийг тайлбарлах, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг дутуу явуулснаас хуульд заасан нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй гэж дүгнэхээр байна.

5. Дээрх үндэслэлээр маргааны үйл баримт тогтоогдоогүй, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/01411 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 65,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.ЗОЛЗАЯА