Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 154

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Х.Г  /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г эд холбогдох эрүүгийн 1918000000190 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х.Г  1963 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, “Оч” талхан цехэд борлуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 24 дүгээр байрны 31 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Х.Г  нь 2019 оны 3 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн заалны ширээн дээрээс иргэн Г.М “Хуавай Смарт” маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.Г  нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн заалны ширээн дээрээс иргэн Г.М “Хуавай Смарт” маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 600000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Х.Г ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Олон улсын худалдааны төв орж, дэлгүүрээс нэг шил 0.33 гр “Хараа” архи аваад гадаа гарч ганцаараа уучихаад гэр лүүгээ харих гээд явж байсан. Манай гэр шинэ хорооллын 24 дүгээр байранд байдаг бөгөөд би архиа уучихаад гэр лүүгээ харих гээд явж байтал замд Хүмүүнлэгийн ухааны сургуулийн спорт зааланд хүүхдүүд шуугилдаад байсан. Тэгээд би тэр сургуулийн спорт зааланд орсон чинь тэнд хүүхдүүд сагс тоглож байхаар нь би тэр спорт заалны шүүгчийн суудаг ширээ сандал дээр очиж сууж, хүүхдүүдийн сагс тоглохыг харж хэсэг суусан. Намайг тэр ширээний хажууд суухад миний хажууд ямар ч хүн байгаагүй. Тэгээд би 30-аад минут сууж байгаад босоод явах гэтэл миний нүдэнд ширээн дээр нэг хар өнгийн “Хуавай смарт” маркийн гар утас байсан. Тэгэхээр нь би тэр гар утсыг аваад халаасандаа хийгээд гараад явж, гэртээ очоод тэр гар утсыг нь унтраасан юм. Би урд өдөр нь гар утсаа гээсэн байсан болохоор тухайн утсыг бурханаас надад өгсөн хишиг гэж бодоод авчихсан юм. Тэгээд тэр гар утсыг 3-4 хоногийн дараа асааж, утсанд нь байсан сим картыг нь аваад өөрийнхөө 99407746 гэсэн дугаарыг хийсэн. Тэгээд ашиглаж байтал миний утсанд “ Цагдаагаас ярьж байна, хүрээд ирээч “гэхээр нь яваад очтол цагдаа дээр миний барьж байгаа “Хуавай смарт” маркийн гар утасны эзэн гээд нэг эмэгтэй хүүхэд ирчихсэн байсан. Тэгээд би цагдаад тэр гар утсыг нь хүлээлгэж өгч тэр утасны эзэн гэх эмэгтэй хүүхэд гар утсаа буцаж авсан юм.

...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гар утсыг буцаан өгсөн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,

-Хохирогч Г.М гаас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 2/,

-“Хуавай Смарт” гар утсыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4/

-Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 7/,

-“Хуавай Смарт” гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 9/,

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар 600000 /зургаан зуун мянга/ төгрөг байна.” гэх 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 11-12/

 

-Насанд хүрээгүй хохирогч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 3 сарын 28-ны өдөр 16 цагийн үед сургуулийнхаа сагсны шигшээ багийн хүүхдийн хамт сургуулийнхаа спорт зааланд бэлтгэл хийж байсан юм. Би гар утсаа ширээн дээр тавьчихаад талбай дээр тоглох гээд гарсан юм. Тэгээд талбай дээр тоглож байгаад бэлтгэлээ дуусгаад буцаж ширээн дээрээ очоод гар утсаа авах гээд ирсэн чинь миний ширээн дээр орхиод явсан байсан гар утас байхгүй байсан. Тэгээд би сургуулийнхаа спорт заалны хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд нэг 50-60 орчим насны эрэгтэй хүн орж ирж сууж байгаад гарахдаа ширээн дээр миний орхисон байсан гар утсыг аваад гарч явж байгаа бичлэг байсан юм. Тэгээд би Цагдаад андсан. Цагдаа нар миний утсыг олж өгсөн. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч Х.Г  нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн заалнаас иргэн Г.М “Хуавай Смарт” маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 600000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Х.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.М  600000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “цагдаа нар миний утсыг олж өгсөн. Надад одоо гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 24/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Х.Г ээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Х.Г  нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүмүүнлэгийн ухааны Их сургуулийн заалнаас иргэн Г.М “Хуавай Смарт” маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 600000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Х.Г ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Г  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Х.Г  нь урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216-т зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 33/, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 44-45/ зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Х.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х.Г ийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Г эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Х.Г эд үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Х.Г эд анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг си ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ