Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 209/МА2024/00062

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
  

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 24-ний өдрийн 135/ШШ2024/00688 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "*******" ХХК,

                  "*******" ХХК-д холбогдох,

   Нэхэмжлэлийн шаардлага: "Цалингийн зөрүү 41,000,000 төгрөг, орон сууцны урамшуулал гаргуулах" тухай нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

   Нэхэмжлэгч ******* нь 2013 оноос эхлэн "*******" ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/15 дугаартай хөдөлмөрийн контракт байгуулагдаж, сарын үндсэн цалинг 1,500,000 төгрөгөөр тогтоож, сар бүр 500,000 төгрөгийг БУА-ын эхний барилга А блокын 45 айлын орон сууцны барилгын ажлыг дуусах хүртэл хугацаанд олгох, энэ хугацаанаас хойших хүртэлх цалинг хэрхэн олгохыг хөдөлмөрийн контрактын 3.2-оор, мөн ажлыг хангалттай гүйцэтгэсэн байдал ажлын үр дүнг үндэслэн эхний А блокын 45 айлын орон сууцнаас 3 өрөө байрыг зохих журмын дагуу урамшуулал болгон олгохоор тус тус харилцан тохиролцож, гэрээний үүргийн биелэлтийг 225 айлын орон сууцны эхний барилга А блокын 45 айлын орон сууцны барилга ашиглалтад орох үед дүгнэхээр тогтоосон. ...холбогдох ажиллагаануудыг гүйцэтгэх зэргээр 2013 оны 06 дугаар сараас 2015 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 25 айлын байрны захиалга авч, урьдчилгаа төлбөрийн 357,904,520 төгрөгийг тус байгууллагын дансанд оруулж, гэрээнд заасан нэмэлт ажлуудыг тухай бүр зохион байгуулж, идэвх зүтгэлтэй хөдөлмөрлөсөн.

******* нь хөдөлмөрийн контрактад заасан үүргээс гадна өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрийн мөнгөөр байр түрээслэх, ээмэг бөгжөө барьцаанд тавих, хүнээс мөнгө зээлж турк мэргэжилтнүүдийн цалин тавих, тэдний ирэх буцах зардлыг төлөхийн зэрэгцээ өөрөө цалингүй ажилласан байна.

******* нь "*******" ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч байсан боловч тус компани шинэчлэгдэж "*******" ХХК болсон гэх ба "*******" ХХК-ийн улсын бүртгэлд хэрхэн өөрчлөлт орсон болон түүний хувьцаа эзэмших эрх хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй болсон байдаг. ******* нь хөдөлмөрийн контрактын 4.2-т заасны дагуу хийсэн ажлын тайлан, холбогдох бичиг баримтыг үйлдсэн боловч компани шинэчлэгдсэн гэх үндэслэлээр түүний ажлын тайланг хүлээн авч дүгнэх компани олдохгүй болсон.

2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн контрактад зааснаар БУА-ын эхний барилга А блокын 45 айлын орон сууцны барилгын ажлыг дууссан үеэс 2014 оны 06 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан саруудын цалигийн зөрүү болон урамшууллыг өгөх авах эрх үүрэг бөгөөд ******* нь дээрх орон сууцны барилгын ажил дууссаныг мэдээд шинэчлэгдсэн гэх "*******" ХХК-ийн захирал М.Хаш-Эрдэнэ болон хуучин "*******" ХХК-ийн захирал ******* нартай холбогдож, цалингийн зөрүү болон урамшууллын талаар удаа дараа хэлж, ярьсан боловч хоорондоо ярилцаж асуудлыг шийдвэрлэж өгнө гэсээр өдий хүрсэн.

2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргахад уг маргааныг хэлэлцээд талууд харилцан тохиролцоонд хүрээгүй гэх үндэслэлээр ажиллагааг дуусгавар болгож шүүхээр шийдвэрлүүлж болно гэж хариу өгсөн. Иймд 2014 оны 06 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан 36 сарын цалингийн зөрүү 41,000,000 төгрөг болон орон сууцны урамшууллыг гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1-3-р тал/

2.Хариуцагч "*******" ХХК хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. "*******" ХХК-ийн хувьцаа худалдан авах гэрээг 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* нь тухайн үеийн захирал *******тэй байгуулж компанийг худалдаж авсан байна. Гэтэл *******ийн нэхэмжлэлд дурдсан 01/15 дугаартай хөдөлмөрийн контракт нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр "*******" ХХК-ийн захирал ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан байна. Энэ "*******" ХХК нь дампуурсны дараа ******* нь "*******" ХХК-ийг байгуулаад улмаар уг компанийг *******д худалджээ.

Компанийг *******ээс худалдаж авахад *******тай байгуулсан хөдөлмөрийн контракт болон санхүүгийн баримтууд, орон сууцны урамшуулал олгох тухай ямар нэгэн шийдвэр байгаагүй. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа А Блок байрыг суурь болон 1 давхрын карказ цутгасан байдалтай, 25 захиалагчтай хүлээж аваад уг 9 давхар барилгыг 2022 оны 09 сард бүрэн барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгч 25 захиалагчийн асуудлыг шийдвэрлэж дуусгасан. Энэ талаарх мэдээлэл компанийн хувьцаа худалдан авах гэрээний 2-р хавсралтад байгаа. Тус компанийн зүгээс *******тай ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй бөгөөд хоорондын тооцоо байхгүй тул хөдөлмөрийн контракт байгуулсан өмнөх захирал *******тэй асуудлаа шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 34-р тал/

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн /1999.05.14/ 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн "*******" ХХК-д холбогдуулан гаргасан цалингийн зөрүү 41,000,000 төгрөг болон орон сууцны урамшуулал гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн "*******" ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

4.1. ... хариуцагчаас хуулийн этгээдүүдийн хувийн хэрэг болон дутуу барьсан барилгын төлбөр төлсөн баримт, өр авлагын  талаар үйлдсэн акт зэргийг нотлох баримтууд гаргуулах хүсэлт,

             мөн "*******" ХХК-ийн захирал нас барсны дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигч ******* нь "Эм Жи Эл Туннель системс" ХХК-ийг хэрхэн өөрчилсөн, тэдгээрийн нэр, хаяг, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгчийн болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд хэн болох зэрэг нөхцөл байдлуудыг тодруулах,

            хариуцагч хуулийн этгээдүүдийн улсын бүртгэлийн лавлагаа гаргуулах зэрэг хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтүүдийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй. ...хувьцаа болон эд хөрөнгө шилжүүлэхдээ өр авлагын талаар тайлан балансанд хэрхэн тусгасан, хэн хариуцахыг хариуцагч хуулийн этгээдүүдийн хувийн хэргээс тодруулахыг хүссэн ба энэ талаарх нотлох баримтгүйгээр маргааныг үнэн зөв шийдвэрлэх боломжгүй.

            4.2.Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Говь- Яшилт"ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулж, *******ийг шүүхэд дуудан ирүүлж, тайлбар авсан байх ба түүнд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 -д заасны дагуу хариуцагчийн татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлаж  өгөөгүйн гадна хариуцагч "Говь-Ягшилт" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг шалгаагүй, мөн шүүх хуралдаанд хариуцагч "Говь-Ягшилт" ХХК-ийн төлөөлөл оролцуулах арга хэмжээ авахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1 дүгээр зүйлийн 168.1.2-т заасныг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг эрэн сурвалжлах зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авалгүйгээр "хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэх зэрэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн.

            4.3. Анхан шатны шүүх "Нэхэмжлэгчийн зүгээс "Говь -Яшилт" ХХК нь "*******" ХХК болж өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байх боловч энэ үйл баримтаар тогтоогдохгүй байна", "нэхэмжлэгч нь контрактын гэрээг "Эм Жи Эл туннельс системс" ХХК-тай байгуулаагүй, нэхэмжлэгчийг уг компаниас контрактын гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхгүй" гэх зэрэг өрөөсгөл дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /3 хх 94-97-р тал/

            5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах  нь зүйтэй гэж  дүгнэв.

2.Нэхэмжлэгч ******* хариуцагч "*******" ХХК, "*******" ХХК-д холбогдуулан "Цалингийн зөрүү 41,000,000 төгрөг, орон сууцны урамшуулал гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх 1х /

  3.Хариуцагч "*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. /хх34х/

4.Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь байгууллагын нууцтай холбоотой учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр хуульчилсан.

4.1 Нэхэмжлэгч “...******* нь "*******" ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч байсан боловч тус компани шинэчлэгдэж "*******" ХХК болсон гэх ба "*******" ХХК-ийн улсын бүртгэлд хэрхэн өөрчлөлт орсон болон түүний хувьцаа эзэмших эрх хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй болсон байдаг” гэсэн тайлбараа нотлох үүднээс хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, байгууллагын нууцтай холбоотой тул тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй гэх үндэслэлээр нотлох баримтыг бүрдүүлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргажээ. /хх55, 56х/

   4.2 Гэвч шүүх 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2475 дугаар шүүгчийн захирамжаар “...******* ХХК болон ******* ХХК нарын хувийн хэргийн бүртгэл, 2021 оны 07 сарын 21-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч "*******" ХХК-иас худалдагч "*******" ХХК-д 9 давхар орон сууцны 1 давхар карказтай дутуу барилга, эд хогшил, тоног төхөөрөмжийн үнэ болон байрны захиалгын урьдчилгаа төлбөрийг төлж барагдуулсан талаарх баримтууд, "*******" ХХК-иас хувьцаа худалдах худалдан авах гэрээнд заасны дагуу бусдад төлөх өр төлбөртэй эсэх болон эд хөрөнгийн талаар маргаантай асуудал байгаа эсэх талаар үйлдсэн акт зэрэг нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэхээргүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /хх57, 58х/

4.3 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дахин 2024 оны 05 дугаар сарын 06-нд "*******" ХХК болон "*******" ХХК нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед компанийн хувьцаа болон өр төлбөрийн талаар үйлдсэн лавлагаа, акт зэргийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч мөн хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэн, хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн /хх73, 74/ атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгчийн зүгээс "*******" ХХК нь "*******" ХХК болж өөрчлөгдсөн, захирал нь ******* гэж хүн байдаг гэж тайлбарлах боловч энэ үйл баримт тогтоогдохгүй байна.... Өөрөөр хэлбэл, дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь "*******" ХХК-ийн хувьцааг өөр иргэнд худалдах гэрээ байхад түүнийг "*******" ХХК-тай байгуулсан гэрээ гэж хамааруулах үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.4 Тодруулбал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй байсан учраас шүүхээр бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг хангаагүй атлаа, нэхэмжлэгчийг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй /нотлох үүргээ хэрэгжүүлээгүй/ гэж буруутгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан буюу энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

5.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр "Говь- Яшилт" ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулж, *******ийг шүүхэд дуудан ирүүлж, тайлбар авсан байх ба түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 -д заасны дагуу хариуцагчийн татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлаж өгөөгүй./хх42-45/

5.1 Хавтаст хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл гэсэн баримтаас үзвэл хариуцагч "*******" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь гэсэн байх ба ыг нас барсан эсэх лавлагаа хэрэгт авагдаагүй, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн эсэхийг шалгаагүй, шүүх хуралдаанд хариуцагч "*******" ХХК-ийн төлөөллийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

6. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хэрэгт бүхэлд нь дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  05 дугаар сарын 24-ний өдрийн 135/ШШ2024/00688 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай.   

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн  70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МЯГМАРСҮРЭН                                                        

                                            ШҮҮГЧИД                                     Я.ТУУЛ

 

                                                                                                         Р.ҮҮРИЙНТУЯА