Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 163

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 1918000000114 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э.Э 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Хөтөл цемент шохой” ХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл 1 дүгээр баг 26 дугаар байрны 37 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 2 дугаар сарын 18-наас 2019 оны 2 дугаар сарын 19-ний хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр байрны 33 тоотод оршин суух иргэн Б.Э гэрт түлхүүр тааруулан нэвтэрч 59 хайрцаг тамхи хулгайлан авсан, мөн 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 40 хайрцаг тамхи хулгайлж авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 2 дугаар сарын 18-наас 2019 оны 2 дугаар сарын 19-ний хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр байрны 33 тоотод оршин суух иргэн Б.Э гэрт түлхүүр тааруулан нэвтэрч 59 хайрцаг тамхи хулгайлан авсан, мөн 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 40 хайрцаг тамхи хулгайлж авахыг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Э.Э-ний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хоёр охин дүүдээ амь байдаг. Манай хоёр дүү хоёулаа оюутан бөгөөд сургалтын төлбөр нь нэхэгдэж байсан. Манай үйлдвэр зогссон, би ажил орлогогүй болоод санхүүгийн хувьд хүнд байдалд орсон байсан болохоор дүү нартаа хэрэглээний мөнгийг явуулах, мөн дүү нарын дүн гарах гээд сургалтын төлбөр нэхэгдээд байна гэж манай дүү нар яриад байсан. Тухайн үед энэ асуудлаас болж сэтгэл зүйн хувьд дарамтад орж их муухай хэрэг хийсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, цаашдаа ажлаа хийгээд явах хүсэлтэй байгааг харгалзан үзнэ үү. Дүү нар маань удаа дараа залгаад байсан учир би сэтгэл зүйн хувьд хямарч явж байгаад, муухай хэрэг хийчихлээ.

...2 удаагийн үйлдлээр 99 блок тамхи хулгайлж авсан, гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хулгай хийсэн нь үнэн.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/, 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-7/,  

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 9-10/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 11-12, 18-19/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 13-14/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 15-16/,

 

-Хохирогч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 02 сарын 24-ний орой 22 цагийн үед өөрийн гэртээ байж байхад манай найз Б.У 99910272 дугаарын утаснаас над руу залгаж “танай аавын гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн нөхөр Н.Г-тэй цуг аав ээжийнхээ гэрт очиход гэрийнх нь хаалга онгорхой төмөр бүргэд хаалганы цоожийг дарсан никл төмрийн 2 талаас нь хөшсөн гэхээр байсан болохоор хуруугаа хийж үзэхэд миний гарын хуруу орж байсан. Тэгээд бид хоёр аавын гэрийн түлхүүрээр хаалгыг онгойлгох гээд нэг эргүүлтэл хаалга онгойсон болохоор дотор ороод гэрээ шалгаж үзэхэд үүдэнд ил бүтэн хайрцагтай буюу дотроо 50 ширхэг блоктой тамхи байсан.  Харин аавын гэрийн голд нь байдаг өрөөнд байсан тамхинаас энгийн “ESSE” 36 блок, ногоон “ESSE” 5 Блок парламент 2 блок, Майлд сэвэн 3 блок, Саарал вест 1 хайрцаг, чэнж ESSA 1 хайрцаг тамхи нийт 3130000 төгрөгийн тамхи байсан.

...би алдагдсан эд зүйлээ тоо ширхгээр нь бүрэн хүлээж авсан. Надад одоо гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 21-22, 27/

 

-Гэрч О.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг үүрэг гүйцэтгэх байх хугацаанд 22 цагийн орчим байх би цаг хугацааг нарийн хэлж мэдэхгүй байна. Жижүүрээс “21 дүгээр байранд танихгүй хүн эзэнгүй айлын хаалга оролдоод байна.” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Т-ийн хамтаар 21 дүгээр байранд очиход эрэгтэй, эмэгтэй 2 хүн нэг нүдний шилтэй эрэгтэй хүнийг бариад зогсож байсан. Юу болсон талаар тухайн 2 хүнээс асууж тодруулахад “эзэнгүй айлаас энэ хүн шуудайнд тамхи хийгээд аваад гарч байсныг бариад авлаа.” гэж хэлж байсан. Мөн тэр үед нөгөө нүдний шилтэй хүнээс нь хэдүүлээ явж байсан талаар асуухад ганцаараа явж байсан гэж хэлж байсан. Тэгээд би тухайн хүнийг авч явсан тамхины хамтаар төв цагдаа дээр жижүүрт хүлээлгэн өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 23/,

 

-Гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гарахад орцны 1 давхарт эрээн цамцтай, нүдний шилтэй залуу орц руу орж таарсан. Тэгээд 30-40 минутын дараа гэртээ ирэхдээ би дэлгүүр орчихоод нөхөр хүүхдийнхээ араас нь гэр лүүгээ ороход манай гэрийн хаалга онгорхой байхаар нь “яагаад гэрийн хаалга онгойлгочихсон юм” гэж асуухад “манай хажуу талын 33 номерын хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь хүн байна уу гэж шагайхад дуугарахгүй байхаар нь хаачихлаа. гэсэн. Тэгэхэд нь би “яах гэж хаасан юм, энэ айл эзэнгүй байгаа, хулгай орсон юм биш үү?” гээд гэртээ нөхөр, хүүхдээ загнаж байхад дээрээс хүн буугаад ирсэн. Тэгэхээр нь харахад анх намайг гарч байхад орц руу зөрөөд орж байсан залуу мөн байсан. Тэгээд хаалгаа хаагаад цагдаад дуудлага өгөөд байж байхад орцонд хөлийн чимээ гарахад дурангийн нүхээр харах гэтэл харагдахгүй байсан болохоор нь хаалга онгойлгоод харахад орцонд зөрсөн нүдний шилтэй залуу шар шуудайтай юм бариад доош буухаар нь араас явтал зугтаад гүйсэн. Тэгээд би тэр хүнийг хулгай хийсэн хүн мөн байна гэж бодож байтал хүүхэд хажуугаар гүйж гараад нөгөө хүнийг бариад цагдаад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 24-26/,

 

-Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би одоо хэзээ гэдгийг тодорхой санахгүй байна. Одоогоос ойрын 10 хоногийн дотор гэж санаж байна. Намайг гэртээ байхад над руу өөрийнхөө дугаараас залгаад “би хэдэн ширхэг тамхи зармаар байна, тамхины зөвшөөрөлтэй таньдаг дэлгүүр мэдэх үү? Та хэрэв мэдэх бол заагаад өгөөч” гэсэн. Тэгээд би тухайн үед Эрдэнэчулуунд хорооллын ойр орчмын зөвшөөрөлтэй дэлгүүрүүд авах байх гэж ярьсан. Тэгэхэд надад одоо би буцаад Дархан-Уул аймаг руу явах ажилтай болоод байна тийм болохоор ирж байгаад Дархан руу асууя, хэрэв хүн авахаар бол та зарж байгаарай гээд манайд ирээд манай гэр лүү том цаасан хайрцагтай дотроо нилээд олон ширхэгтэй тамхи оруулж ирж орхисон. Би яг хэдэн ширхэг байсныг санахгүй байна. Би тамхи татдаггүй, тамхины нэр мэдэхгүй учраас ямар нэртэй тамхи байсан талаар мэдэхгүй байна. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа ирээд надаас 15 блок тамхийг нь ирж аваад явсан. Дараа нь 2019 оны 2 сарын 24-ний өдөр ирээд үлдсэн бүх тамхиа аваад явсан. Өөр ямар нэг зүйл мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 40-41/,

 

-Гэрч Л.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би хэзээ гэдгийг нарийн санахгүй байна. Намайг дэлгүүр дээрээ байхад нэг танихгүй хүн ирээд “тамхи авах уу?” гэхээр нь “ямар тамхи вэ” гэж асуухад “ченж эссэ” байна гэхээр нь 10 блок тамхийг 250000 төгрөгөөр худалдан авсан. Өөр тамхи аваагүй. Харин 2019 оны 2 сарын 24-ний өдөр Эрдэнэчулуун манай дэлгүүр дээр ирээд зарсан тамхиа тоогоор нь буцаагаад мөнгийг нь өгөөд авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 43-44/,

 

-Гэрч Ж.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хэзээ гэдгийг нь санахгүй байна. Намайг дэлгүүр дээрээ байхад 15 цагийн орчим зүс мэдэх Эрдэнэчулуун орж ирээд надад “ажил хийгээд цалин өгөхгүй болохоор оронд нь тамхи авчихлаа, та цөөхөн тамхи авчхаач гэхээр нь би 5 блок эссэ, 2 блок парламент, нийт 7 блок тамхи авсан. Тэгэд 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр буцаагаад авъя гэхээр нь би эргүүлээд өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 45-46/,

 

- “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар 3328000 төгрөг байна.” гэх 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 48-49/,

 

-“Э.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, сайн дураараа гэм буруугаа хүлээж байгаа. Мөн гэмт хэргийг улмаас төлөх төлбөргүй учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хэргийн 80/,

 

-Э.Э-аас гаргасан “Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдүүлж байгаатай холбоотой эрх, үүргээ ойлгосон. Надад хүлээлгэх ял, хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх баталгаа /хэргийн 82/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Э.Э нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ шаардахгүй байхаар хуульчилсан байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Э.Э-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э  3328000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 48-49/ нотлогдож байх бөгөөд хохирогч Б.Э  нь мөрдөн байцаалтын шатанд: “...би алдагдсан эд зүйлээ тоо ширхгээр нь бүрэн хүлээж авсан, надад одоо гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 21-22/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Э.Эрдэнэчулуунаас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.  

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь нь 2019 оны 2 дугаар сарын 18-наас 2019 оны 2 дугаар сарын 19-ний хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 21 дүгээр байрны 33 тоотод оршин суух иргэн Б.Э гэрт түлхүүр тааруулан нэвтэрч 59 хайрцаг тамхи хулгайлан авсан, мөн 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 40 хайрцаг тамхи хулгайлж авахыг завдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл,  ар гэрийн амьдралын болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан 1 жил 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг түлхүүрийг шийтгэх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялын хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Э ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3328000 /гурван сая гурван зуун хорин найман мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Э д 1 жил 1 хоногийн /нэг жил нэг хоног/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг түлхүүрийг шийтгэх шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Э.Э-ний эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ