Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 101/2023/06331/И |
Дугаар | 210/МА2024/01087 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01087
2024 05 22 210/МА2024/01087
Б.М ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/01180 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.М ын нэхэмжлэлтэй
Хариуцагч Н.Э д холбогдох
30,648,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Б.М нь Н.Э тай харилцан тохиролцож 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Мини куупэр кантримэн (Mini cooper countryman) маркийн, **** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 30,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Өмнө нь хэд хэдэн удаа үзэж тээврийн хэрэгслийн байдлын талаар лавлаж байсан тул Н.Э д итгэж оношилгоонд оруулаагүй. Гэтэл богино зайнд тээврийн хэрэгслийг ашиглахад их хэмжээний утаа хаяж доголдолтой байсан учраас Н.Э д хэлэхэд өмнө нь ч гэсэн утаа гардаг байсан гэж хариулсан.
1.2. Б.М ХХК-аар тээврийн хэрэгслийг оношлуулахад моторын таг хагарсан, турбин гэмтэлтэй бөгөөд үүнийг засуулах төлбөр 15,000,000 орчим төгрөг гэх дүгнэлт гаргасан. Иймд биет байдлын доголдолтой тээврийн хэрэгслийг мэдсэн атлаа худалдаж намайг хохироосон тул худалдах, худалдан авах хэлцлийг хүчингүйд тооцож, тээврийн хэрэгслийн үнэд төлсөн 30,000,000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэсэн 648,300 төгрөг, нийт 30,648,300 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би тээврийн хэрэгслийг Н.Э д буцаан өгөх болно гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Тухайн үед ямар ч асуудал, доголдолгүй тээврийн хэрэгслийг худалдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анх 04 дүгээр сард Б.М тээврийн хэрэгслийг үзэж, дараа нь тээврийн хэрэгслийг худалдах шаардлагагүй болсон байхад 08 дугаар сард дахин холбогдож, худалдан авсан. Оношилгоо хийлгүүлж, доголдолтой эсэхийг шалгах нь худалдан авагчийн үүрэг, хариуцлага гэж үзэж байна. Утааны талаар асуухад чатаар тийм байсан байх гэж хариулсан. Оношилгооны хуудсанд доголдлыг засуулах шаардлагатай гэж бичсэн зүйл байхгүй бөгөөд 17,000,000 төгрөг болно гэж байгаа нь үнийн санал байна. Мөн баримтад моторын таг цуурсан, тос солиулах хэрэгтэй гэх зөвлөмж байсан. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл доголдолтой, цаашид ашиглах боломжгүй гэж дүгнээгүй байдаг.
2.2. Монгол Улсад орж ирээд 6 сар болсон тээврийн хэрэгсэл бөгөөд анх би оношилгоог хийлгэсэн. Америкийн Нэгдсэн Улс руу явах зардлын мөнгө надад шаардлагатай байсан тул худалдахаар зар байршуулсан ч замын зардлыг өөрөө зохицуулж, худалдах шаардлагагүй болсон. Тээврийн хэрэгслийг ашиглаж байхад Б.М чат бичсэн байсан тул тээврийн хэрэгслийг үнэхээр сонирхсон мэт санагдаж, худалдах болсон гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Э гаас 30,177,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М т олгож, Mini cooper countryman (Мини күүпер каунтримэн) маркийн автомашиныг хариуцагч Н.Э гийн өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгч Б.М т даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 470,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 308,838 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талууд гэрээний дагуу **** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээн авсан болон гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн дээр маргаагүй хэдий ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар маргадаг. Тээврийн хэрэгслийг зарах үедээ оношилгоо хийлгүүлээд ав гэж намайг хэлэхэд Б.М би өөрөө шалгаад үзчихлээ гээд авсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа Б.М ХХК-ийн 2023.9.12-ны өдрийн үйлчилгээний хуудаст Smoke test хөдөлгүүрийн хар таг цуурсан солих, хөдөлгүүрийн цилиндр даралт тэст хэвийн, хөдөлгүүрийн турбо хоолой болон шахах хоолойг шалгав, тостой турбо задалж шалгах, цэвэрлэх шаардлагатай гэсэн нь мотор эвдэрсэн солих шаардлагатай, цаашид ашиглах боломжгүй гэсэн үг үсэг байхгүй, мотор эвдрээгүй, солих шаардлагагүй, мөн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт байхгүй байхад шүүгч мотор эвдэрсэн гэж ямар баримтыг үндэслээд байгаа нь ойлгомжгүй байна. Б.М ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн санал байна.
4.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар тухайн тээврийн хэрэгсэл доголдолтой, мотор эвдэрсэн явах боломжгүй, солиулах шаардлагатай гэсэн нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгчээс үнийн саналыг үндэслэсэн, мөн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаас харахад худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаад байгаа юм уу, аль эсвэл моторын үнэ шаардаад байгаа юм уу, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаад байгаагийн аль нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлоогүй.
4.3. Шүүх өөрийн санаачилгаар зохигчоос хүсэлт гаргаагүй байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг бүрдүүлсэн нь хууль зөрчсөн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн, мөн диспозитив зарчим алдагдаж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх талуудыг мэтгэлцүүлэхэд чиглүүлэх, мэтгэлцэх нөхцөлийг хангах, маргааны зүйлийг тодруулах чиг үүрэгтэй, өөрөөр нэхэмжлэгчийн олж авах боломжтой нотлох баримтыг бүрдүүлэх нь шүүхийн үүрэг биш юм. Анхан шатны шүүхийн захирамжтай танилцахад аль хэдийнээ захирамжид заасан нотлох баримт буюу Авто тээврийн үндэсний төвөөс тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагааг гаргуулахаар албан бичиг захирамж явуулсан байсан нь гомдлын ач холбогдол байхгүй болсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Тээврийн хэрэгслийг анх худалдаж авахдаа хийх ажил байгаа эсэхийг хэд хэдэн удаа амаар тодруулахад хийх юм байхгүй гэж хэлсэн тул гэрээ байгуулсан. Мөн худалдаж авсны дараа ямар нэгэн байдлаар төлбөр нэхээгүй, утаа хаяад байгааг засуулж өгөхийг санал болгосон. Гэвч хариуцагч нь нэгэнт худалдсан тул засуулж өгөх боломжгүй гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэл гаргахад нотлох баримт хэрэгтэй учраас миний бие Б.М ХХК-д хандаж тээврийн хэрэгслийг оношлуулахад моторын таг цуурсан, турбо гэмтэлтэй байгаа учраас тос хаясантай чек холбоотой гэж тайлбарлуулсны үндсэн дээр үнийн санал гаргуулсан.
5.2. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй учраас тодорхойлолт гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад хэрэгт авагдсан үйл баримтуудыг шинжлэн судалж, тодорхой, ойлгомжтойгоор уг асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, эрхийн доголдолтой тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн учраас хэлцлийг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг буцаах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н.Э д тээврийн хэрэгслийн үнэд төлсөн 30,000,000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэсний зардал 648,300 төгрөг, нийт 30,648,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тээврийн хэрэгслийг худалдан авсны дараа богино зайд явахад их хэмжээний утаа хаяад байсан, Б.М ХХК-аар оношлуулахад моторын таг хагарсан, турбин гэмтэлтэй, засварын төлбөр, ажлын хөлс нийт 17,542,677 төгрөгийн зардал гарахаар байна, биет байдлын доголдолтой тээврийн хэрэгслийг мэдсээр байж худалдсан тул буцаан өгч, 30,648,300 төгрөгийг гаргуулна гэж,
хариуцагч татгалзлын үндэслэлээ ...уг оношилгооны хуудсанд доголдлыг засуулах шаардлагатай гэж бичсэн зүйл байхгүй, 17,000,000 төгрөг нь үнийн санал, тээврийн хэрэгсэл доголдолтой цаашид ашиглах боломжгүй гэж дүгнээгүй гэж тус тус тайлбарласан.
4. Талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээнд заасан Мини куупэр кантримэн (Mini cooper countryman) маркийн, **** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгсэл биет байдлын доголдолтой эсэх нь маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн доголдлыг 1. Smoke test (хөдөлгүүрийн хар таг цуурсан солих) сheck engine асаж байгаа шалтгаан, 2. хөдөлгүүрийн цилиндр даралтын тэст (1-12КПа, 2-11КПа, 5, 3-11КПа, 4-11.5КПа хэвийн), 3. хөдөлгүүрийн турбо чаржерын орох хоолой болон шахах хоолойг шалгав. (тостой) турбо задалж шалгах, турбо күүлэр задалж шалгаж цэвэрлэх шаардлагатай гэх Б.М ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн баримтаар тодорхойлсон бөгөөд уг баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.
Өөрөөр хэлбэл, талуудын маргааны зүйл болсон тээврийн хэрэгсэл догололтой эсэх нь тусгай мэдлэг шаардагдахаар байх тул анхан шатны шүүх талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан эрх, үүргийг тайлбарлах, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг дутуу явуулснаас хуульд заасан нотлох баримтыг гаргаж өгөх боломжийг олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй гэж дүгнэхээр байна.
5. Дээрх үндэслэлээр маргааны үйл баримт тогтоогдоогүй, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/01180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,838 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА
АШШШ-г хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байна. доголдлын талаар тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэх агуулгаар гаргасан хариуцагч талын өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй. Зохигчдын хооронд 2023.8.24-ний өдөр автомашин ХХАГ байгуулж, худалдан авагчид шилжсэн. Машиныг авснаас хойш доголдол илэрсэн, үүнийг засахад 17 сая төгрөгийн зардал шаардлагатай. Иймээс гэрээнээс татгалзаж, авсан өгснөө буцаах, гарсан хохирлыг төлүүлэх гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан гэж шүүх шийдвэрлэсэн. ИХ-ийн 243.1, 205.1, 219.1-д зааснаар машиныг буцаах гарсан зардалд 107,650 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байн. Учир нь биет байдлын доголдолтой байж гэрээнээс татгалзах эсэх шаардлага гаргах эрх үүснэ. Хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг задлах шаардлагатай, мөн баримтанд дурдсан шиг гэмтлийг нотлоогүй байна, гэрээнээс татгалзах үндэслэлтэй гэмтлийг тогтоогоогүй байна гэх гомдол үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл гэмтлийн талаар ажиллагаа явуулах шинжээчийн дүгнэлтийг хийх эрхтэй, шүүх энэ талаар асууж байсан эсэх нь тогтоогдохгүй байна. иймээс нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр үнэхээр доголдолтой эсэх, засан сайжруулах машиныг худалдах, ийм боломжтой юу, аль эсхүл доголдлын улмаас татгалзах эрх үүсэх үү гэдэг байдал тогтоогдоогүй байна.