Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 168

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н ,

Өсвөр насны шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-д холбогдох эрүүгийн 1918001250173 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э.Э 2002 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 11б ангид суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Манхан толгойн 1-45 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь 2019 оны 2 дугаар сарын 5-наас 2019 оны 2 дугаар сарын 6-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жаспер” зочид буудалд үйлчлүүлж байсан иргэн Н.Амаржаргалын “Huawei V6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 489000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь 2019 оны 2 дугаар сарын 5-наас 2019 оны 2 дугаар сарын 6-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жаспер” зочид буудалд үйлчлүүлж байсан иргэн Н.А “Huawei V6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 489000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Өсвөр насны шүүгдэгч Э.Э мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би тухайн өдөр Үйлчилгээний төвийн “Сатурн” бааранд тоглолт болно гэхээр нь орой 20 цагийн үед Үйлчилгээний төв орсон юм. Тэгээд явж байгаад танил ах Анхбаяр, Баттулга нартай тааралдаад “Queen”баар луу орж, бааранд үйлчлүүлж байхад Анхбаяр ах явлаа гээд гараад явсан. Тэгээд Баттулга ах бид 2 хэсэг сууж байгаад баарнаас гараад үүдэнд Баттулга ах 4 эмэгтэй хүнтэй юм ярьж байхаар нь би явлаа гээд таксинд суух гэтэл Баттулга ах “нэг зүгт явах юм чинь цуг явъя” гэхээр нь “за тэгье” гээд Баттулга ах болон 4 эмэгтэй нэг танихгүй ах суугаад долуулаа нэг таксинд явсан. Тэгээд бид 7 микрийн хажууд байдаг “Жаспир” нэртэй буудлын 4 давхрын 3 ортой нэг өрөөнд орсон. Баттулга ах буудлаас архи, пиво аваад уусан. Тэгж байгаад тэр хэд хоорондоо маргалдаад байхаар нь Баттулга ах, Амраа, Дашмаа гэх 2 эмэгтэйн хамт бид 4 тухайн буудлын 3 давхрын өөр өрөөнд ороод амрахаар болоод унтсан. Унтаж байтал Баттулга ахын гар утас нь дуугараад байхаар нь гар утасных нь дууг хаагаад 00 өрөө ороод хувцсаа өмсөөд явахаар гарсан юм.

...яг үнэндээ буйдан дээр байхаар нь аваад гарчихсан юм.

...хүнээс өрөндөө авсан утас, мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд ломбардад тавиулсан.

...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж ойлгож байгаа учраас хорихгүйгээр ял оногдуулж өгнө үү. Цаашид сурч хөдөлмөрлөж, ийм алдаа дутагдал гаргахгүйгээр явна. Намайг хоривол би цаг хугацааны хувьд болон ирээдүйд маш их алдагдалд орж байгаа.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 5/,

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-9/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 10/,

-Хохирогч Н.А, шүүгдэгч Э.Э нарын хоорондоо бичсэн мессэжний хуулбар /хэргийн 14/,

 

-Хохирогч Н.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 2 сарын 5-ны өдөр ажлаасаа тараад найз Дашмаагийн хамт “Queen” бааранд орсон. Бааранд сууж байгаад гарахаар болоод баарны үүдэнд Дашмаагийн танил Баттулга гэх залуу нэг найзтайгаа зогсож байхад мэндэлсэн чинь Баттулга “би найзтайгаа явж байна, дөрвүүлээ нэг газар орж юм ярьж сууя” гэхээр нь “тэгье” гэж зөвшөөрөөд бид 4 Дархан сумын 8 дугаар багт байрлах “Жаспир” зочид буудалд орсон. Буудалд ороод 0.75 литрийн “Экс” нэртэй архи, 4 шил пиво аваад Баттулгатай цуг явж байсан залуу өөрийгөө Эрдэнэжаргал “Тесо” ХХК-д ажилладаг гэж танилцуулаад бид дөрөв авсан архи, пивоо уусан. Тэгээд архи, пиво уугаад нойр хүрээд байхаар нь би унтаад өгсөн. Тэгээд үүрээр 05 цаг 40 минутын үед Баттулгын гар утас дуугарсан чинь Эрдэнэжаргал босоод гар утасны дууг нь хаасан. Тэр үед нь би “цаг хэд болж байна” гэж асуухад “05 цаг 40 минут болж байна” гэж хэлсэн. Тэгээд буцаад хэсэг унтаж байгаад сэрсэн чинь 07 цаг 50 минут болж байсан. Тэгээд босоод миний гар утас дуугарах ёстойдоо гэж бодсон чинь миний гар утас олдохгүй байсан. Өөрийн гар утас руугаа залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь Эрдэнэжаргалын гар утас руу залгахаар гар утсаа авахгүй байсан. Тэгж байгаад орой 19 цагийн үед залгасан чинь гар утсаа аваад “би гар утсыг чинь гаргаад ирвэл яах вэ?, гар утасны чинь мөнгийг нь төлье” гээд байсан. Тэгээд гар утсаа авахгүй над руу мессэж бичээд байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/,

 

-Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр үеэл болох Энхтөрийн хамт Хээтэй хороололд явж байсан чинь Энхтөрийн найз Эрка гэх залуутай тааралдсан юм. Тэгээд Эрка гэх залуу Энхтөрөөс “иргэний үнэмлэхтэй бол ломбардад гар утас тавиад өгөөч” гэж гуйсан юм. Тэгсэн Энхтөр “иргэний үнэмлэхтэй бол гар утсыг нь ломбардад тавиад өгөөч” гэж надаас гуйсан юм. Тэгээд би зөвшөөрөөд үйлчилгээний төвийн урд байрлах “АЧИТ” гэх нэртэй ломбардад 100000 /зуун мянган/ төгрөгөөр барьцаанд тавьж өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 21/,

 

-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тэр орой найз Анхбаяртай “QUEEN” баарны урд зогсож байсан чинь Эрка буюу Эрдэнэжаргал машинаас бууж ирээд тааралдсан. Тэгээд Эркаг хаашаа явах гэж байгаа юм вэ? гэхэд “Сатурн орох гэж байна” гэж хэлэхээр нь цуг жаахан юм ярьж байгаад Анхбаяр, Эрдэнэжаргал бид гурав “Queen” баар орохоор болж, бааранд хэсэг сууж байгаад Анхбаяр явлаа гээд явсан. Тэгээд Эрка бид 2 хэсэг сууж байгаад баарнаас гарсан. Баарны үүдэнд зогсож байтал танил ах Алиа тааралдаад 3ах нь найзуудтайгаа явж байна, хамт явах уу?” гэсэн. Тэгэхээр нь Эрка бид хоёр “тэгье” гээд цуг яваад микрийн хажуу талын “Жаспир” нэртэй буудалд долуулаа 4 давхарт 3 ортой нэг өрөөнд орсон юм. Ороод гаднаас архи пиво авч уугаад нэг эмэгтэй нь яваад Амараа, Дашмаа, Алиа, Эрка, нэрийн мэдэхгүй нэг эгч бид 6 үлдсэн. Тэгээд Эрка, Амараа, Дашмаа бид 4 тухайн буудлын 3 давхарт 2 ортой нэг өрөө аваад тэндээ орж амарсан юм. Тэгээд өглөө 07 цаг өнгөрч байхад босоод Амараа гэх эмэгтэй гар утсаа хайгаад олдохгүй байсан. Тэр үед Эрка босоод явсан байсан. Буудлын өрөөнд гар утсыг хайгаад олдохгүй байхаар нь Эрка аваад явчихлаа гэж бодсон. Би гар утаснаасаа Эркагийн дугаар луу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд бид 3 салаад явсан. Би гэртэй хариад Эрка руу чатаар “тэр өрөөнд дөрвүүлээ ороод гар утас нь байхгүй болсон байна, чамаас өөр авах хүн байхгүй” гэж мессэж бичсэн чинь “би Улаанбаатарт явж байна, би аваагүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Цагдаагаар асуудлаа шийдүүлээд яахав дээ” гэж хэлсэн чинь намайг фэйсбүүкээс блок хийсэн байсан. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Амараатай уулзсан чинь Эрка утсаа авахгүй мессэж бичээд байна. Мөн гар утсыг чинь төлөөд өгье гэж хэлсэн байсан. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 22/,

 

-Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд тэр буудалд бид дөрөв 1 шил 0,5 литрийн архи, хүний тус бүр 0.5 литрийн пиво уусан. Тэгээд бид дөрөв амрахаар хэвтсэн юм. Тэгээд өглөө 07 цагийн үед Амаржаргал миний нөгөө талын орон дээр ганцаараа унтаж байсан. Тэгээд босоод явъя гэхэд Амаржаргал”миний гар утас алга байна” гээд хайгаад олдохгүй байсан. Өглөө босоход Тулгын найз гэх залуу байхгүй байсан бөгөөд Амаржаргал түүн рүү залгахад гар утас нь холбогдохгүй байсан. Тэгээд бид Амаржаргал бид хоёр ажил уруу явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23-24/,

 

-Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...барьцааны гэрээнд Ганбаатарын Энхбаатар /МВ99052319/ гэж хүний нэр дээр тавьсан байсан.

...тухайн гар утас нь 2018 оны загварын алтлаг өнгийн HUAWEI V6 маркийн утас байсан. 100000 төгрөгөөр барьцаалсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 25/,

 

-Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Манай компанийн харъяа Дархан сум 13 дугаар баг Найрамдал төвийн 1 давхарт байрлах “Ачит-1” нэртэй ломбардад 2019 оны 2 сарын 10-ны өдөр хулгайд алдагдсан гар утас тавигдаж, уг хэрэгт манай ажилтан Анхбаяр гэрчээр мэдүүлэг өгсөн. Манай ломбардад тавигдсан байсан хулгайн гар утсыг цагдаагаас хураан авч, хулгай хийсэн хүүхдийн ээж нь манайд учирсан 100000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 26/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 489000 /дөрвөн зуун наян ес/ төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 28-29/,

 

-Э.Э-ын нас тоолсон тухай тэмдэглэл /хэргийн 39/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь 2019 оны 2 дугаар сарын 5-наас 2019 оны 2 дугаар сарын 6-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жаспер” зочид буудалд үйлчлүүлж байсан иргэн Н.А-ын “Huawei V6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 489000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Э.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.А-д 489000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 28-29/ нотлогдож байх бөгөөд гар утсыг буцаан өгч хохиролгүй болгосон /хэргийн 10/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Э.Э-аас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Э.Э нь 2019 оны 2 дугаар сарын 5-наас 2019 оны 2 дугаар сарын 6-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Жаспер” зочид буудалд үйлчлүүлж байсан иргэн Н.А-ын “Huawei V6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 489000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба өсвөр насны шүүгдэгч Э.Э нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул өсвөр насны шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э-д  ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч Э.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 489000 /дөрвөн зуун наян есөн мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг өсвөр насны шүүгдэгч Э.Э-д  үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд өсвөр насны шүүгдэгчийг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч Ж.Н д үүрэг болгосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд өсвөр насны шүүгдэгч Э.Э-д  хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э-д  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ