| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00325/И |
| Дугаар | 400 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 400
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнхангай сумын 1 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЕ66042008, Элжигэн овогт Дагвын Үнэбатын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлт-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Үнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлт-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1981 оноос эхлэн илгээлтээр малчин болж 1990 оны 2 дугаар сар хүртэл хонь маллаж байсан. Миний бие нь 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон. Миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Н.Батжаргал, Ц.Сэржбадам нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Үнэбат нь 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дагвын Үнэбатын 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Н.Батжаргал, Ц.Сэржбадам нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Н.Батжаргалын “Миний бие нь 1973 оноос 1991 оны хооронд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Үнэбат нь аав, ээжийнхээ хамт багаасаа мал маллаж байсан. Д.Үнэбат нь 1981 оноос тус сумын Давшилт нэгдэлд 500-600 тооны суурь хонь маллаж байсан. Д.Үнэбат нь нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл малчнаар ажилласан ба голдуу эх хонь малладаг байсан. Тухайн үед Давшилт нэгдлийн даргаар Памаж, Сүхбаатар, Баттэгш гэх хүмүүс ажиллаж байсан”, гэрч Ц.Сэржбадамын “Миний бие нь 1984 оноос 1991 оны хооронд Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд зоотехникчээр ажиллаж байсан. Намайг анх тус сумын Давшилт нэгдэлд зоотехникчээр ажилд ороход Д.Үнэбат тус нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Д.Үнэбат нь нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл малчнаар ажилласан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Д.Үнэбат нь 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Н.Батжаргал, Ц.Сэржбадам нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Үнэбатын хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар 9 жил 2 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Элжигэн овогт Дагвын Үнэбатын 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Зүүнхангай сумын Давшилт нэгдэлд малчнаар 9 /ес/ жил 2 /хоёр/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Үнэбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ