Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 101/2022/03404/И |
Дугаар | 210/МА2024/01088 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01088
2024 05 22 210/МА2024/01088
Г.Э гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/01361 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Г.Э гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.З.М.О.У.Б д холбогдох
Дутуу олгосон цалин хөлс 15,162,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Майдри, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Г.Э нь Д.З.М.О.У.Б Баян-Өлгий орон нутгийн хөтөлбөрт хөгжлийн чиглүүлэгчээр ажиллаж байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас халагдсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01878 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2019/01745 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 001/XT2021/00344 дугаар тогтоолоор намайг ажилд эгүүлэн тогтоосон ба 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, сарын 1,624,000 төгрөгийн цалин олгосон.
1.2. Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдаж 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажил олгогч бүх ажилтантай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан боловч Г.Э тай гэрээ байгуулаагүй. Г.Э тай адил хөгжлийн чиглүүлэгч албан тушаалд ажиллаж буй бусад ажилтан сарын цалин 2,313,000 төгрөг авч байхад Г.Э гийн цалин 1,624,000 төгрөг байсан. Үүнийг 50,000 төгрөгөөр нэмж 1,674,000 төгрөг болгосон. Г.Э нь шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж томилогдсон учир түүний цалинг 639,000 төгрөгөөр бага тогтоож олгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд 2020 оны 10 дугаар сараас 2021 оны 10 дугаар сар хүртэл нийт 11 сарын цалингийн зөрүү 7,583,466 төгрөг, 2021 оны 10 дугаар сараас 2021 оны 12 дугаар сарыг дуустал 3 сарын цалингийн зөрүү 1,918,218 төгрөг, мөн 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 07 дугаар сарыг дуустал 7 сарын цалингийн зөрүү 5,327,000 төгрөг, нийт 15,162,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Д.З.М.О.У.Б нь Г.Э тай харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээгээр цалинг тохирсон. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн гэрээнд заасан цалинг бүрэн, цаг тухайд нь олгож байгаа бөгөөд 1,674,000 төгрөгөөр цалинжуулж байгаа нь хуульд харшлаагүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй. Г.Э гийн нэхэмжлэлтэй манай байгууллагад холбогдох 3 дахь хэргийг шүүх хянан шийдвэрлэж байна. Уг хэрэг маргааны хүрээнд өмнөх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор цалин хөлстэй холбоотой асуудлыг хянан шийдвэрлэсэн тул дахин маргах ёсгүй. Өөрөөр хэлбэл, бид 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Г.Э г ажилд нь эгүүлэн авсан ба тус өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэрийн дагуу өгсөн. Нэхэмжлэлд 15,162,000 төгрөгийн хугацааг 2020 оны 10 дугаар сараас гэж тодорхойлсон, гэтэл 2021 оны 07 дугаар сар хүртэл нэхэмжлэгчийн цалин хөлсийг шүүхийн шийдвэрээр шийдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй маргаан гэж үзэж байна.
2.2. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй гэж заасан. Ажлаас халсан, албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсан гэдэг маргаанд нэхэмжлэлийг нэг сарын дотор, бусад маргаанд 3 сарын дотор гаргахаар хуулийн хугацааг тодорхойлсон. Тэгэхээр нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд уг асуудлыг огт хөндөөгүй, маргаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
2.3. Ажил олгогчоос 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тушаал гарч нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлсийг 1,624,000 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Бид хөдөлмөрийн эрхийн хүрээнд эрх, үүргээ хэрэгжүүлж байгаа учир бусад ажилтан, албан хаагчтай ижил байна гэх зарчим яг энэ тохиолдолд шууд хэрэглэгдэхгүй. Г.Э гийн хувьд Баян-Өлгий аймагт хамгийн ойрхон нэг сумын хүүхдийн хөтөлбөрийг хариуцаад ажилладаг бол бусад хөгжлийн чиглүүлэгчид 2-3 сум хариуцаж ажилладаг. Тэгэхээр цалин хөлс тогтооход ажилтны хариуцаж байгаа ажлын цар хүрээ болон ажлын ачаалал гэх зэрэг ялгаатай. Тийм учир хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, гэрээгээр тохирсон цалин хөлсийг бүрэн олгосон, маргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, цалин хөлсийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Э гийн гаргасан хариуцагч Д.З.М.О.У.Б д холбогдох дутуу авсан цалин хөлс 15,162,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Д.З.М.О.У.Б захирлын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 198/20 дугаар тушаалаар тус байгууллагын нийт ажилтны цалингийн хэмжээг баталсан бөгөөд уг тушаалаас үзэхэд хөгжлийн чиглүүлэгч албан тушаалын цалин 2,313,406 төгрөгөөр тогтоогдсон. Улмаар Г.Э г 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд эгүүлэн авахдаа 1,624,000 төгрөгийн цалин олгосон. Нийт ажилтны цалингийн хэмжээг баталсан тушаал гарах үед нэхэмжлэгч ажлаас халагдсан, шүүх дээр маргаантай байсан. Хэрэв халагдаагүй байсан бол нэмэгдсэн цалингийн цэсний дагуу цалинжих байсан.
4.2. Ажил олгогч нь жил бүр ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулдаг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Г.Э тай сарын 1,624,000 төгрөгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулах санал ирүүлэхэд нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бөгөөд бусад хөгжлийн чиглүүлэгчтэй ижил цалин авах хүсэлтээ гаргахад боломжгүй гэсэн хариу ирүүлээд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч хөдөлмөрийн харилцаа үргэлжилсэн. Улмаар цалин нэмэгдсэнийг хамтран ажиллагч Б.Е аас мэдсэн. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалын жагсаалтад орсон хөгжлийн чиглүүлэгч албан тушаалын сарын цалин 2,313,000 төгрөг байхаар баталсан бөгөөд тухайн байгууллагын ажилтнуудад ижил тэгш үйлчлэх ёстой.
Шүүхийн шийдвэрийн 6 дахь талд эхний догол мөрөнд "...Г.Э гийн цалин хөлсийг харьцуулахад бага байгаа боловч заавал ижил байх ёстой гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна" гэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч ижил байх ёстой хэмээн маргаж шүүхийн журмаар нотлох баримтуудыг бүрдүүлэхэд дээрх тушаал баримтаар ирсэн, энэ тохиолдолд хариуцагч яагаад өөр байгааг нь нотолж татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй байсан. Өөр байх ёстойг хариуцагч нотлоогүй. Шүүх уг баримтыг буруу үнэлж хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй.
4.3. Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтад ажил олгогч нь 4110 гэсэн кодоор хөгжлийн чиглүүлэгч албан тушаалыг бүртгүүлж тайлангуудыг илгээснийг шүүх үнэлээгүй. Тодруулбал шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д "...4110 гэсэн код нь конторын үндсэн ажилтан гэсэн ажил мэргэжлийг илэрхийлсэн бөгөөд үүнд хэд, хэдэн ажил, албан тушаалыг хамруулсан байх тул..." гэсэн ба хэд хэдэн ажил, албан тушаалыг хамруулсан гэх баримт хэрэгт байхгүй.
4.4. Гэрч Б.Е ы мэдүүлгээс үзэхэд бодит байдал дээр өдөр тутам хийж гүйцэтгэдэг ажил нь нэхэмжлэгч Г.Э тай яг ижил чиг үүрэгтэй байсан талаар болон цалин нэмэгдсэн тухайд Г.Э д хэлж байснаа мэдүүлдэг. Энэ гэрчийн мэдүүлгийг хариуцагч ямар нэг баримтаар няцаагаагүй. Шүүх гэрчийн мэдүүлгийг дүгнээгүй.
4.5. Шүүх хоёр өөр утгатай дүгнэлт хийсэн. Тодруулбал шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д ...хэрэгт хөгжлийн чиглүүлэгч албан тушаалын ажлын байрны тодорхойлолт авагдаагүй байх тул... гэсэн нь үндэслэлгүй. Учир нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг ажил олгогч нэхэмжлэгчид өгөөгүй байдаг. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.
4.6. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 303,960 төгрөг, 60,464 төгрөг, нийт 434,624 төгрөг төлсөн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөөгүй төлчихсөн. Тиймээс нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, хангаагүй тохиолдолд нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрийн 2 дахь заалтад тусгаж хэргийн бодит байдалд нийцүүлэн хуулийг зөв хэрэглэх ёстой байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нэхэмжлэлийн үндэслэлтэй ерөнхийдөө ижилхэн байх бөгөөд үүнийг анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрт 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх цалин хөлсийг 1,523,812 төгрөгөөр тооцож олголоо хэмээн сарын цалинг тодорхойлон дүгнэсэн байдаг. Энэ нь шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн цалингийн хэмжээ бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжилж буй хугацаа нь шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн хугацаатай давхцаж байгааг дурдах нь зүйтэй.
5.2. Цалин хөлстэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах хугацаа Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 3 сар байдаг. Гэтэл нэхэмжлэгч энэхүү хуулийн хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан. Мөн Хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороонд гомдол гаргахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул үүнийг анхаарч үзнэ үү.
5.3. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилогдохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар тушаал гарч ажлын байрыг хүлээлцсэн. Түүнчлэн 2022 онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотой ажилчдын гэрээг шинэчлэх тухай байгууллагын саналыг нэхэмжлэгч хүлээж аваагүй.
5.4. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий орон нутгийн хөгжлийн хөтөлбөрт хөгжлийн чиглүүлэгч буюу орон нутгийн хүүхдүүдтэй уулзан тэдэнд чиглэсэн хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлж судалгаа авах талбарт ажилладаг. Хэд хэдэн хөгжлийн чиглүүлэгч Баян-Өлгий орон нутагт ажилладгаас нэхэмжлэгчээс бусад хөгжлийн чиглүүлэгчид бүгд 2 сумын дунд буюу илүү олон хүүхдүүдийг хамран хөдөө орон нутагт ажилладаг байхад нэхэмжлэгч нь төвийн нэг сумын хүүхдүүдийг хариуцан ажилладаг тул гүйцэтгэж байгаа ажил үүрэг, аяллын хугацаа гэх зэргээр ялгаатай учир гүйцэтгэлд нь тохирсон цалинг тогтоож олгож байсан, үүнийг нэхэмжлэгч зөвшөөрөн гарын үсэг зурсан нь иргэний эрх зүйн талуудын чөлөөт байдлын зарчим хэрэгжсэн гэж үзэж байна.
5.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн Д.З.М.О.У.Б нь жил болгон хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулдаггүй ба зайлшгүй хөдөлмөрийн харилцаанд өөрчлөлт орсон тохиолдолд л шинэчлэгддэг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Д.З.М.О.У.Б д холбогдуулан дутуу олгосон цалин хөлс 15,162,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь 2007 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагч байгууллагын Баян-Өлгий орон нутгийн хөтөлбөрт хөгжлийн чиглүүлэгчээр ажилласан ба ийнхүү ажиллах хугацаанд суурин төлөөлөгчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, улмаар үүнтэй холбоотой маргаан 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд хянан шийдвэрлэгджээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/01878 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1745 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2021/00344 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг Д.З.М.О.У.Б Баян-Өлгий аймаг дахь орон нутгийн хөтөлбөрт хөгжлийн чиглүүлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 9,142,872 төгрөг олгосон. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2021/04031 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны олговорт 28,420,875 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгожээ.
Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс урьд эрхэлж байсан хөгжлийн чиглүүлэгчийн албан тушаалд эгүүлэн ажиллуулахдаа түүний сарын цалинг 1,624,000 төгрөгөөр тогтоожээ.
Гэтэл Д.З.М.О.У.Б үндэсний захирлын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 198/20 дугаар тушаалаар нийт ажилтны цалинг хамгийн бага хэмжээ, дундаж хэмжээ, хамгийн их хэмжээ гэсэн 3 шатлалаар баталж, үүнд хөгжлийн чиглүүлэгчийн сарын цалингийн хамгийн бага хэмжээ 2,313,406 төгрөг, дундаж хэмжээ 2,891,406 төгрөг, хамгийн их хэмжээ 3,470,109 төгрөг гэжээ.
Нэхэмжлэгчийн сарын цалинг 1,624,000 төгрөгөөр тогтоосон нь тус шатлалд нийцээгүй байх боловч нэхэмжлэгч нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаанд холбогдох гомдлоо шүүхэд гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан тул түүнийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй холбоотой шаардах эрхээ алдсан гэж дүгнэнэ.
Үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь ажилгүй байсан бүх хугацааны олговрыг шүүхийн шийдвэрийн дагуу авсан атлаа шатлал мөрдөгдсөн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд цалингийн зөрүү төлөхийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй болно. Энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэстэй.
5. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөнтэй холбоотойгоор ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг шинэчлэхдээ нэхэмжлэгчийн сарын цалинг 1,624,000 төгрөгөөр тусгасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Тухайн цаг хугацаанд дээр дурдсан үндэсний захирлын 2020 оны 198/20 дугаар тушаалаар баталсан цалингийн шатлал хүчинтэй мөрдөгдөж байжээ.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд тусгагдсан цалин хөлсний хэмжээг албан тушаалын цалингийн хамгийн бага шатлал болох 2,313,406 төгрөгтэй харьцуулахад, 2022 оны 01 дүгээр сард 1,802,571 төгрөг буюу 510,835 төгрөгөөр бага, 2022 оны 02 дугаар сард 1,849,000 төгрөг буюу 464,406 төгрөгөөр бага, 2022 оны 03, 04, 05, 06 дугаар сард тус бүр 1,674,000 төгрөг буюу тус бүр 639,406 төгрөгөөр бага, нийт 3,532,865 төгрөгийн зөрүүтэй байна.
Дээрх 198/20 дугаар тушаалын 3 дахь заалтад зайлшгүй тохиолдолд, онцгой нөхцөлд үндэсний захирлын шийдвэрээр ажилтны цалин хөлсийг хавсралт 1-д заасан цалингийн шатлалын хэмжээнээс илүү, эсхүл бага дүнгээр тогтоож болох-оор заасан байх ба хариуцагч нь Баян-Өлгий аймагт нэхэмжлэгчээс бусад хөгжлийн чиглүүлэгчид 2-3 сум хариуцдаг бол нэхэмжлэгч 1 сум хариуцан ажилладаг, гүйцэтгэж байгаа ажил үүрэг, ачаалал зэргээр ялгаатай гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчийн баримтлах суурь зарчим, эдлэх үндсэн эрхийг тодорхойлсон бөгөөд үл ялгаварлан гадуурхах суурь зарчмыг тусгасан. Тухайлбал ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно гэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан. Түүнчлэн ажил олгогч нь гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үүрэгтэй.
Хариуцагч Д.З.М.О.У.Б нь нэхэмжлэгч Г.Э д 2022 оны 01-06 дугаар саруудад тогтоосон хамгийн бага хэмжээ-ээс 3,532,865 төгрөгөөр бага цалин олгосон нь дээрх үл ялгаварлан гадуурхах суурь зарчмыг зөрчсөн, ажилтны гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлс олгох үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар уг зөрүү дүнг нөхөн төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 3,532,865 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 11,629,135 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, мөн улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/01361 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.З.М.О.У.Б ас 3,532,865 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Э д олгож, нэхэмжлэгч Г.Э гийн 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сард хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч Д.З.М.О.У.Б д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 11,629,135 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 434,624 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан олгож, хариуцагч Д.З.М.О.У.Б ас 141,676 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЗОЛЗАЯА