Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 169

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,

Шүүгдэгч Г.Б  /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 1918000000144 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г.Б 1978 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал унтраах автомашины жолооч мэргэжилтэй, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангид жолооч ажилтай,  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 15 дугаар байрны 14 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Уянга” нэртэй хүнсний дэлгүүр дотор насанд хүрээгүй З.Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Уянга” нэртэй хүнсний дэлгүүр дотор насанд хүрээгүй З.Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр найз Баярсайхантай хамт 2 литрийн 1 том савтай пиво авч гадаа сууж хувааж уучихаад Баярсайхан гэр лүүгээ явж, харин би Шилэн дэлгүүрээс нэг лааз пиво аваад ард нь байдаг “Уянга” дэлгүүрээс тамхи авах санаатай орсон чинь “тамхи байхгүй” гэсэн. Тэгэхээр нь барьж явсан лаазтай пиво уух гэсэн чинь “дэлгүүр дотор уухгүй шүү” гэж худалдагч хэлэхээр нь гарч үүдэнд нь хэсэг зогсож байгаад эргээд орсон. Тэгтэл удалгүй араас З.Б гэж жаахан хүүхэд ороод ирэхээр нь өхөөрдөөд архины халуунд жаахан ноцолдож гараараа мөрийг нь ороож татах үед хамрыг нь гар шүргэж гэмтээсэн. Түүнээс санаатайгаар тэр хүүхдийг зодож цохисон асуудал байхгүй, аминдаа миний хүүхэдтэй үе болохоор нь өхөөрдөөд “чи миний хүүхдийг бүдүүн гэж хэлдэг бил үү, битгий тэгж дуудаж байгаарай, сайхан найз нөхөд яваарай” гэж хэлж тоглоод ноцолдсон юм. Тэгтэл уйлахаар нь гайхаад хартал хамраас нь цус гарсан байсан. Тэгээд тэр хүүхэд гарч гүйгээд ээжийгээ дагуулаад ирсэн.

...тухайн өдөр би амарч байсан ба шуурхай албаны авто машин барьж, 24 цаг гарч 72 цаг амардаг. Найзтайгаа архи ууснаас болж ийм хэрэг гаргасан миний буруу. Торгуулийн арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлтэй байна, баривчлах юм бол шууд ажлаасаа халагдах болно.” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

 

-Гэрч Ө.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 3 сарын 12-нд “Уянга” хүнсний дэлгүүрт байж байтал гаднаас нэг согтуу хүн орж ирээд надаас “нэг шил архи авна” гэхээр нь би өгөхгүй байж байтал гаднаас “нэгж авъя” гээд нэг хүүхэд орж ирсэн. Тэгтэл согтуу залуу тэр хүүхдийг “чи миний хүүхдийг яагаад бүдүүн гэж шоолоод байгаа юм бэ?” гээд тэр хүүхдийг ноолоод байхаар нь би “наад хүүхдээ зүгээр байлгаач” гээд хэлтэл тэр хүүхэд уйлаад хамраас нь цус гарсан байсан. Тэгээд тэр хүүхэд гүйгээд гараад явсан. Удалгүй ээж нь хүүхдээ дагуулаад орж ирсэн юм.

...Яг цохих үеийг нь хараагүй, толгойг нь уургалаад авчихсан ноолоод байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 5/,

 

-Насанд хүрээгүй хохирогч З.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 3 сарын 12-нд өдрийн 12 цагийн үед Хайрхан багийн 29 дүгээр байрны “Уянга” хүнсний дэлгүүрээс утасны нэгж авах зорилгоор ортол тэр дэлгүүрт байсан үл таних нэг ах намайг дуудаад “ахын дүү хэддүгээр анги юм бэ?” гэж асуухаар нь би “8 дугаар ангид сурдаг юм” гэсэн. Тэгтэл намайг тэр ах “чи манай хүүхдийг бүдүүн гэж хэлэх юм бол манай хүүхдэд алуулна шүү дээ” гээд намайг заамдаад авахаар нь би чимээгүй зогсож байгаад намайг тавихаар нь би худалдагчаас нь нэгжээ авах гээд хүлээгээд зогсож байтал араас ирээд миний толгойг сугдаж аваад миний хамар луу гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд би түлхэж салаад миний хамраас цус гараад би нэгжээ авахаа болиод гэр лүүгээ гүйгээд явсан. Тэгээд гэртээ ороод ээж болох Г.Цэцэгмаад хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 7/,

 

-Иргэний нэхэмжлэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...З.З.Б бол миний хүү байгаа юм. Шарын гол сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангид суралцдаг. 2019 оны 3 сарын 12-ны өдөр 12 цагийн үед би Бат-Амгаланг “дэлгүүрээс нэгж аваад ир” гэж гаргасан. Тэгтэл удалгүй буцаж гүйгээд ороод ирсэн бөгөөд хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тухайн үед яасан талаар асуухад “дэлгүүр дотор нэг ах миний хамар луу цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр дороо хүүхдээ дагуулаад байрны хойд талд байдаг “Уянга” дэлгүүрт ороод “ямар хүн чамайг цохисон юм, заагаад өг” гэсэн чинь Баасандамба гэж хүнийг надад зааж өгсөн. Тэгэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бариулсан.

...Миний хүүгийн эмчилгээнд 700000 төгрөг гарсан. Энэ зардлыг Г.Б гэж хүн өөрөө сайн дураараа төлсөн.

...Миний хохирлыг бүрэн төлсөн учраас надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,

 

-“...хамар өвдөнө, толгой өвдөнө гэсэн зовиуртай. Хамраас цус гарна, хамар хавдсан.” гэх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хэргийн 14/,

 

-“З.Б биед тархи доргилт, хамар ясны цууралт, хамар орчмын зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. З.Б биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 240 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 16-17/

 

-З.Б төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 27/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч З.Б эрүүл мэндэд “тархи доргилт, хамар ясны цууралт, хамар орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 240 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 16/ нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд “...миний хохирлыг бүрэн төлсөн учраас надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 12/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Г.Б ас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Б  нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Уянга” нэртэй хүнсний дэлгүүр дотор насанд хүрээгүй З.Б эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Г.Б  нь бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б  нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан бөгөөд энэ нь эрх зүйн ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй боловч түүний хувийн байдлыг илэрхийлж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 200000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Б д анхааруулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан торгох ялын 1000000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 200000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Б д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Г.Б д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ