Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдорж Золзаяа |
Хэргийн индекс | 102/2023/01232/И |
Дугаар | 210/МА2024/01096 |
Огноо | 2024-05-22 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01096
2024 05 22 210/МА2024/01096
Б.Э ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/01304 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Э ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Х.Ц.С ТӨХК-д холбогдох
Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаар тушаалаар авагдсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэмбилэг, хариуцагчийн төлөөлөгч Ц.Минжинхүү, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оросоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний бие Д.Х.Ц.С ТӨХК-д материалын нягтлан бодогчоор ажиллаж байгаад Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор ажилласан. Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаар тушаалаар цалин бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд уг тушаалыг надад огт танилцуулаагүй, цалин авах үед хасагдсаныг мэдсэн. Би сар бүр өөрийн ажлын байрны тодорхойлолт, баримт эргэлтийн төлөвлөгөөний дагуу үүрэгт ажлаа хариуцлагатай хийж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь гүйцэтгэсээр ирсэн. Харин миний шууд удирдлага болох Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Ц.А нь албан тушаалын давуу байдлаа ашиглан санхүүгийн программ дээр ажиллах эрхийг хаах, хязгаарлах, программд нэвтрэх нууц үгийг өөрчлөх зэргээр санаатайгаар хясан боогдуулж ажил үүргээ биелүүлэх боломжгүй болгож, дараа нь ажлын үр дүн, тайлан баланс нэхэх, ажлаа хугацаандаа хийгээгүй гэх мэт шалтгаанаар ажлын байрны дарамт үзүүлдэг. Мөн миний бие 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ахлах нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж эхэлсэн атал тендерт шалгарсан хөндлөнгийн гэрээт аудитаар санаатайгаар өмнөх ахлах нягтлан бодогчийн хийсэн ажил үүрэгт буруутган үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан.
Дээрх байдлаар сахилгын шийтгэл авах нөхцөл бүрдээгүй, ямар ч баримтгүй байхад үндэслэлгүй арга хэмжээ авсан, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан арга хэмжээг аваагүй, үндсэн цалинг 20 хувь бууруулсан атлаа уг хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтыг тушаалд үндэслэл болгосон байх тул гүйцэтгэх захирлын дээрх тушаалаар надад холбогдуулан гаргасан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.
1.2. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/132 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал гарч, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, үүнийг эс зөвшөөрч ахин шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тодруулбал, миний бие Д.Х.Ц.С ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.А ын алдаатай гүйлгээ хийсэн тухай шүгэл үлээсний төлөө ийнхүү ажлаас халагдсан. Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан бөгөөд түүний хариуд Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Ц.А ын үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтыг зөрчиж хөдөлмөрийн харилцааны дарамт, хүчирхийлэл үйлдэж, ажлын байрны үл тэвчих орчныг бүрдүүлсэн байж болзошгүй байна гэсэн. Үүнээс үзвэл нэхэмжлэгч надад ажлын байрны дарамт бий болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэл байна. Мөн Үндэсний аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07/753 дугаар албан бичгээр хүргүүлсэн Д.Х.Ц.С ТӨХК-ийн санхүүгийн тайлан балансын алдааны талаар хариу тайлбарт Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Ц.А ын гаргасан санхүүгийн тайланг алдаатай гэж дүгнэсэн.
1.3. Түүнчлэн Д.Х.Ц.С ТӨХК-ийн ажилтны ёс зүйн дүрмийн 4.2-т Зөрчлийг шалгах хугацаа 14 хоног, шаардлагатай бол хугацааг 7 хоногоор сунгаж болно, 5.4-т Ёс зүйн зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллага 03 дугаар сард хурал хийсэн, 04 дүгээр сарын 04-ний өдөр дүгнэлт гаргасан, улмаар 05 дугаар сард ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь байгууллагын дүрэм болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн. Мөн хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг яг ямар зөрчил гаргасныг нарийн тогтоогоогүй, яг ямар зөрчилд нь арга хэмжээ аваад байгаа нь тодорхой бус байхад тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй.
Иймд намайг Д.Х.Ц.С ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Б.Э нь ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 2.9 дэх хэсгийг зөрчиж компанийн 3 дугаар улирлын санхүүгийн тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах ажил үүргийг биелүүлээгүй. Д.Э нь энэхүү зөрчлөө хүлээн зөвшөөрсөн болох нь Д.Х.Ц.С ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дотоод асуудлын талаарх хурлын тэмдэглэл болон Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогддог. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчиж байгаа тул хариуцагч нь хуулийн дагуу нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг авсан.
2.2. Хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-132 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.3, 123.5 дахь хэсэг, компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.1.а, л, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.4.2, 12.4.18 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.2.д заалт, 16.7, 16.8 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 4.13, 5.5, 6.1.1 /а, й/ дэх заалтыг үндэслэл болгон Б.Э ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
Компанийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тухай Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын дүгнэлтээр ...ёс зүйн зөвлөл нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн СБХ-ийн дарга Ц.А д СБХ-ийн ахлах нягтлан бодогч Б.Э ийн гаргасан өргөдлийн дагуу 3 удаагийн хурлыг зохион байгуулсан, талуудын маргааны нотлох баримт хангалтгүй байсан тул СБХ-ийн нийт хамт олноос Ц.А , Б.Э нарын ажлын ур чадвар, харилцаа хандлагын талаар тодруулга авав, СБХ-ийн хамт олны дүгнэлтээр Ц.А нь ажлын ур чадвар, туршлага, харилцаа хандлага сайтай гэж дүгнэгдсэн ба Б.Э нь хамт олон дундаа нэр хүнд муутай, доод тушаалын ажилтнууддаа дээрэнгүй харьцаж, өөрийн бурууг хүлээдэггүй, бусад руу дайрч давшилдаг, бусдыг үл хүндэтгэх, харилцаа хандлага муутай болохыг нийт хамт олон нь илэрхийлж байв. СБХ-ийн дарга Ц.А нь ахлах нягтлан бодогч Б.Э ийн биед халдаж цохисон, ажлын байрны дарамт үзүүлсэн зэрэг нь баримтаар тогтоогдоогүй, Дотоод аудиторын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтээр байгууллагын 252,185,100 төгрөгийн татварын асуудлыг зөрчилгүй гэж дүгнэлт ирүүлсэн, дээрх татварын асуудлыг Б.Э нь өөрийн сошиал хаягаараа мэдээлж, хувь хүний болон компанийн нууцын мэдээллийг задруулж байсан нь баримтаар тогтоогдож байна. Б.Э нь Ёс зүйн дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: 2.1.4, 2.2.9, 2.2.18, 2.2.24, 2.2.3 гэж дүгнэсэн. Зөрчил нь гэрч Э.Э Э.М , Б.Н , Т.Н д, С.Н , П.Б , Э.Н нарын мэдүүлгээр тогтоогддог.
Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт болон дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Э нь ёс суртахууны үлгэр дууриалалтай ажиллаж чаддаггүй, хамт олондоо хүндэтгэлтэй харилцдаггүй, өөрийн удирдлага дор байдаг доод албан тушаалтан болох нярав, нягтлан нартаа дарамт үзүүлдэг, албан томилолтоор явсан үед хамт олондоо мэдэгдэлгүйгээр бичлэг хийж зөвшөөрөлгүй гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийсэн, байгууллагын 252,000,000 төгрөгийн татварын асуудлаар өөрийн хувийн цахим хаягаар, сошиалаар мэдээ тарааж, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулж компанийн ёс зүйн дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн болох нь нотлогдож байгаа болно.
Иймд хариуцагчийн гаргасан маргаан бүхий тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч Б.Э ийн нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Д.Х.Ц.С ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, хариуцагч Д.Х.Ц.С ТӨХК-аас 920,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Д.Х.Ц.С ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8 дахь хэсэгт "...2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Ёс зүйн зөвлөлийн хурлын дүгнэлт"-үүдээс үзэхэд ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй" гэжээ. Шүүх ийнхүү дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан "Ажил олгогч илрүүлснээс хойш" гэх хэсгийг хэрэглэхдээ нэхэмжлэгч Б.Э ийг сахилгын ноцтой зөрчил гаргасан хэдэн сарын хэдний өдрийн, ямар үйлдлийг шүүхийн шийдвэрт дурдсан хариуцагчийн Ёс зүйн зөвлөлийн хэдний өдрийн, хэддүгээр хуралдаан болон дүгнэлтээр илрүүлсэн нь хуулийн уг заалтыг зөрчөөгүй гэдгийг тодорхой тайлбарлаж чадаагүй бөгөөд "хурлын тэмдэглэл, дүгнэлтүүдээс үзэхэд" л гэж тодорхойгүй үлдээжээ. Ёс зүйн зөвлөлийн хуралдаанууд 2023 оны 03 дугаар сарын 05, 20, 31-ний өдрүүдэд хуралдаж дүгнэлт 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр гарсан. Үүнээс шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгож буй гэрчүүд оролцсон хурал 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болж өнгөрсөн бөгөөд уг өдрөөс хойш нэг сарын хугацааг тоолох ёстой байсан.
4.2. Шүүхээс гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгохдоо гэрчүүд хариуцагч байгууллагын ажилтан байхаас гадна хэлтсийн дарга Ц.А ын харьяанд ажилладаг болохыг анхаараагүй. Мөн эдгээр гэрч нь Б.Э т холбогдуулан ёс зүйн зөрчил, ажлын байрны дарамттай холбоотой Ёс зүйн зөвлөлд гомдол гаргаж байгаагүй болох нь гэрчийн мэдүүлгээс харагдаж байх боловч шүүх энэ талаар харгалзан үзээгүй. Мөн шүүх гэрчүүдийн мэдүүлгээс зөвхөн нэхэмжлэгч Б.Э ийн гаргасан ноцтой зөрчилд хамааралтай байж болох талаас шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.7 дахь хэсэгт дурдсан байгаа нь хэргийг шийдвэрлэхэд нэг талыг барьсан болохыг харуулж байна.
Хэрэв гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдаж буй үйл баримтууд нь тодорхой бус, хэзээ, хэрхэн ямар үйлдэл гаргасан, тэр үйлдэл нь бусад ямар эх сурвалжаар нотлогдож байгаа, гэрчүүдийн мэдүүлэгт нөлөөлөх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээгүй тохиолдолд хэргийг бодитоор шийдвэрлэх боломжгүй бөгөөд хэргийн 178 дахь хуудаст "Б.Х э: ерөнхийдөө гомдол гаргасан хүн үргэлж зөвдөнө гэж байхгүй, өргөдөл дээр бичигдсэн хүн үргэлж буруудна гэж байхгүй" гэж тэмдэглэгдсэн нь цаашид тус компанийн ажилтнууд ажил олгогч, удирдлагын буруутай үйлдлийн эсрэг гомдол гаргах, үг хэлэх, цаашлаад Төрийн өмчийн хувьцаат компанид шүгэл үлээх боломжийг хаасан, ажил олгогчид давуу байдал олгосон явдал болж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч ажилдаа эгүүлэн тогтоолгоё гэж байгаа бол ажлаас халсан тушаалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой. Ийм нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байж ажилд эгүүлэн тогтоолгоно гэж ярьж байгаа нь эрх зүйн логикийн хувьд ч тэр, хууль зүйн хувьд ч тэр нэхэмжлэгч маргаагүй гэж үзэж байгаа. Ажлаас халсан тушаал нь нотлох баримтаар нотлогдож байхад энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Ажлаас халсан тушаал хүчин төгөлдөр байхад ажилд эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн.
5.2. Нэхэмжлэгч гомдолдоо шүүх хэт нэг талыг барьсан, гэрчүүдийг асуусан нь үндэслэлгүй гэж дурдсан. Ажил олгогч байгууллагын захиргаа, удирдлагын зүгээс энэ хүнийг халъя гэх санаачилгыг гаргаагүй. Хамт олны удаа дараагийн өргөдөл, гомдол хэрээс хэтэрч Б.Э Ёс зүйн зөвлөлийн хурлаар орсон. Гэрч Т.Н дын мэдүүлэгт нярвын ажил хийж гүйцэтгэдэг, Б.Э ийн удирдлага дор ажилладаг, яг үнэндээ бидэнд хүн шиг ханддаггүй, та нар ажиллаж чадахгүй бол та нарыг зайлуулж чадна шүү гэж биднийг байнга дарамталдаг тул Б.Э тай ажиллаж байх хугацаанд яаж өдрийг барах вэ, хурдхан шиг ажил тараасай, гэртээ харимаар байна гэх мэтчилэн сэтгэл зүйн дарамттай өдөр өнгөрдөг гэж мэдүүлсэн. Б.Э ийн ажлын байран дээр гаргаж байгаа зан харилцааг шүгэл үлээж байна гэж үзэх боломжгүй. Гэрч Б.Н ийн мэдүүлэгт Б.Э нь албаны хурал дээр орж ирээд та нарыг өшөө их чангалдаг байж гэж хэлж байсан, надад маш эвгүй санагддаг байсан гэж мэдүүлсэн. Хамт ажиллаж байсан ахлах нягтлан бодогчийг ажлаа өг, ажлыг чинь авна гэх мэтээр дарамталж байсан тул Б.Э ийг ажлаас халсан.
5.3. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд байгууллагын Ёс зүйн зөвлөл 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хуралдсан. Хуульд зааснаар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэхэд ажлаас халах тушаал гарах ёстой. Ажил олгогч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажлаас халах тушаал гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Х.Ц.С ТӨХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаар тушаалаар авагдсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, түүнчлэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус тус Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ба шүүх эдгээр нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2023/09593 дугаар захирамжаар иргэний хэргүүдийг нэгтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Б.Э нь Д.Х.Ц.С ТӨХК-тай байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр тус компанийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтэст ахлах нягтлан бодогчоор ажилласан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4. Д.Х.Ц.С ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаар тушаалаар Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Б.Э ийг ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын 2.9-д заасан сар, улирал, жилийн тайлан тэнцлийг хуулийн хугацаа болон баримт эргэлтийн төлөвлөгөөнд заагдсан хугацаанд үнэн зөв гаргах, холбогдох газруудад тушаах ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын хариуцлага алдан, санхүүгийн тайлан баланс хугацаанд нь гаргаагүй үндэслэлээр түүнд үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
4.1. Хариуцагч нь Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дотоод асуудлын талаарх 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн болон 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлүүдийг эхээр нь, боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар өгөх хуулийн шаардлагыг хангаагүй тул уг баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцжээ.
4.2. Түүнчлэн байгууллагын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны журнал баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлсэн ба тус баримтаар нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан болох нь нотлогдоогүй байна.
4.3. Иймээс нэхэмжлэгчид үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтад нийцээгүй тул шүүх уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн цалингаас суутгасан 920,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.
5. Д.Х.Ц.С ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/132 дугаар тушаалаар Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Б.Э т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Дээрх тушаалд ажилтныг Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрмийг зөрчиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн доголдол гаргасан нь Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтээр нотлогдсон гэсэн үндэслэл заажээ.
5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан.
Д.Х.Ц.С ТӨХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.1-ийн а, л дэх заалтууд, мөн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-ийн а, й дэх заалтуудад ажилтан компанийн эзэмшил газар, ажлын байранд танхайрах, зодоон хийх, ажлын байранд зохисгүй зан авир гаргах, удаа дараа бусдыг хэл амаар доромжлох, бүх хэлбэрийн дарамт үзүүлэх, мөн өөрийн албан тушаалын эрх мэдэл, давуу байдлыг ашиглан ажилтнуудад бүх хэлбэрийн дарамт, хүчирхийлэл үзүүлэх, эд зүйл болон мөнгө төгрөг нэхэх, авах зөрчлүүдийг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хамааруулжээ.
5.2. Нэхэмжлэгч Б.Э нь Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн дарга Ц.А д холбогдуулан Ёс зүйн зөвлөлд гомдол гаргасны дагуу Ёс зүйн зөвлөл 2023 оны 03 дугаар сарын 05, 20, 31-ний өдөр тус тус хуралдаж, улмаар 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дүгнэлт гаргажээ.
Уг дүгнэлтэд СБХ-ийн дарга Ц.А нь ахлах нягтлан бодогч Б.Э ийн биед халдаж цохисон, ажлын байрны дарамт үзүүлсэн зэрэг нь баримтаар тогтоогдоогүй, Ц.А ыг хэлтсийн хамт олны зүгээс ажил мэргэжлийн ур чадвар, удирдан зохион байгуулалт, харилцаа хандлага сайтай болохыг илэрхийлж байв, Дотоод аудиторын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлтээр байгууллагын 252,185,100 төгрөгийн татварын асуудлыг зөрчилгүй гэж дүгнэлт ирүүлсэн. Дээрх татварын асуудлыг Б.Э нь өөрийн сошиал хаягаараа мэдээлж, хувь хүний болон компанийн нууцын мэдээллийг задруулж байсан нь баримтаар тогтоогдож байна. СБХ-ийн ахлах нягтлан бодогч Б.Э нь Ёс зүйн дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд: 2.1.4. Ёс суртахууны үлгэр дууриалалтай ажиллах, хамт олондоо хүндэтгэлтэй харилцах, 2.2.9. Албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, айлган сүрдүүлэх, эрхшээлдээ байлгах, доромжлох хясан боогдуулах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэх, хавчин гадуурхах, хууль бус үүрэг даалгавар өгөхгүй байх, 2.2.18. Өөрийн удирдлагадаа байгаа ажилтнуудын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх, хамт олны дунд ажил хэрэгч, сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх, 2.2.24. Ажлын байранд зөвшөөрөлгүй гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийхгүй байх, 2.2.3. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх гэжээ.
а. Ёс зүйн зөвлөл нь ажилтан ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай бусад этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, дотоод хяналтаар илэрсэн алдаа, дутагдал, баримт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн мэдээ, мэдээлэл, харьяалах дээд шатны удирдах албан тушаалтны саналд үндэслэн ажиллагаа явуулахаар Ёс зүйн дүрмийн 4.1 дэх заалтад заасан ба нэхэмжлэгч Б.Э т холбогдуулан аливаа гомдол, мэдээ, мэдээлэл, баримт, санал уг зөвлөлд ирүүлээгүй.
б. Түүнчлэн Ёс зүйн зөвлөл нь дүрмийн 4.3, 4.4 дэх заалтын дагуу зөрчлийг хянан шийдвэрлэхдээ гомдолд холбогдсон ажилтан болон гомдол гаргасан этгээдтэй уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсож тэмдэглэл хөтлөж, шаардлагатай гэж үзвэл бусад байгууллагаас баримт бичиг, тайлбар, лавлагаа материалыг гаргуулан авч, улмаар хурлаар хэлэлцээд зөрчил гаргасныг тогтоосон бол тухайн хүнд хариуцлага тооцуулах үндэслэл бүхий дүгнэлт гаргах журамтай байна.
Гэтэл Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар гомдолд холбогдсон Ц.А ын талаар ажилтан С.Н , Б.Н , Э.Э Б.Д , Т.Н д, Э.М , Э.Н нараас тодруулга авахдаа гомдол гаргагч Б.Э ийн зан төлөв, харилцаа, хандлагын талаар асууж, хариулт авч, улмаар Б.Э ёс зүйн зөрчил гаргасан тухай дүгнэлт гаргасан байна.
в. Ёс зүйн зөвлөлийн уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй. Учир нь, дээр дурдсан ажилтнуудын тайлбарт үндэслэн Б.Э ийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх тохиолдолд түүнд тайлбар, санал гаргах боломжийг дүрэмд зааснаар олгох шаардлагатай боловч ийм ажиллагаа хийгдээгүй. Үүний зэрэгцээ тайлбарт Б.Э ийн зан ааш хурц, хэцүү, таатай биш уур амьсгалыг бий болгодог, хэрүүлийн чанартай зүйлүүд их үзэгддэг, дээрэнгүй харьцдаг, сэтгэл зүйн дарамт үзүүлдэг, мэргэжлийн хувьд өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй бусад руу бурууг чихэж дайрч давшилдаг, бусдыг үл хүндэтгэдэг гэсэн нь зөрчил гаргасан цаг хугацаа, зөрчлийн шинж байдал, үр дагавар зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу зайлшгүй тогтоовол зохих нөхцөл байдлыг нотлоогүй байна.
Мөн тайлбарт дурдагдсан хэлтсийн хурал, телеграм чат, Багануурын уурхай руу туршлага судлахаар явахад хийсэн бичлэг гэх баримтууд хэрэгт авагдаагүй учир тухайн тайлбарыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй, Т.Н дын тайлбарт өмнө нь бид өргөдөл өгсөн шийдэгдээгүй гэснээс үзэхэд нэгэнт шийдвэрлэгдсэн асуудалтай холбоотой гэж үзэхээр байна.
5.3. Ажил олгогч нь ажилтан сахилгын зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасныг хөдөлбөргүй тогтоож, үүний үндсэн дээр ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон сахилгын шийтгэл ногдуулсан байх шаардлагатай. Мөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах хугацааг түүний сахилгын зөрчил гаргасан цаг хугацааг үндэслэн тодорхойлохоор Хөдөлмөрийн тухай хуульд заасан болно.
Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий Б/132 дугаар тушаалд заасан Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрмийг зөрчиж хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ёс зүйн доголдол гаргасан болох нь тогтоогдоогүй байна.
5.4. Анхан шатны шүүх гэрч Э.Э Э.М , Б.Н , Э.Н , С.Н , Т.Н д, П.Б , Г.Ц , Б.О нарын мэдүүлгүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн бусад нотлох баримттай харьцуулж үзээгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулах боломжтой.
6. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Э ийг урьд эрхэлж байсан Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтанд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 сар 10 хоногийн хугацаанд Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэг сард 4,495,512 (4,414,333+6,100,281+2,971,925=13,486,539:3) төгрөг, нэг өдөрт 214,072 (13,486,539:63) төгрөг, нийт 46,453,624 (4,495,512*10+214,072*7) төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар тус мөнгөн дүнгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хэмжээнд хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамж төлүүлээгүй алдааг залруулан дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл бүрэн хангагдсан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 535,222 төгрөг (70,200+70,200+394,822) гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2024/01304 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан Д.Х.Ц.С ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/361 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Э ийг Д.Х.Ц.С ТӨХК-ийн Санхүү бүртгэл, эдийн засгийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Д.Х.Ц.С ТӨХК-аас 47,374,324 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э т олгож, нэхэмжлэгч Б.Э ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Д.Х.Ц.С ТӨХК-д даалгасугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 гэсний дараа 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 гэж нэмж, олгосугай гэснийг олгож, хариуцагч Д.Х.Ц.С ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 535,222 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА