| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0167/Э |
| Дугаар | 170 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 170
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат,
Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-д холбогдох эрүүгийн 1918000000146 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.А 1981 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг Ойчдын 8-7 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.А нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 3 дугаар байрны 1 дүгээр орцон дотор Д.П-н гуяны хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.А нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 3 дугаар байрны 1 дүгээр орцон дотор Д.П-н гуяны хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Н.А ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Шарын гол суманд найз Баясаагийнд архи ууж байхдаа утсаар яриад Пүрэвдавааг дуудсан. Тэгтэл хохирогч намайг доромжлоод болохгүй болохоор нь цээжин тус газар нь хоёр удаа цохиод дахиад хутганы ишээр цээжин тус газар цохисон. Дараа нь хохирогчийн зүүн гуяны хэсэг рүү нь хутгаар хатгасан.
...Хохирогчийн эмчилгээний зардалд 300000 төгрөг өгч, хохирлыг барагдуулсан
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-4/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-6/,
-Хохирогч Д.П-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчимд танил дүү нарынхаа хамтаар Шарын гол сумын “Хар морьт” гэх газар руу алтанд яваад, тэнд очиж хэсэг байж байгаад ганц нэг шил архи уучихаад буцаад 15 цагийн орчимд Шарын гол суманд ирээд Хайрхан баг 3 дугаар байрны гадна Цолмонбаяртай хамт байхад Алтанхүү над руу залгаад “ганц юмны мөнгө байна уу?” гэж ярихаар нь “0.33 ийн мөнгө байна” гэхэд “тэгвэл аваад байж байгаарай” гэж ярихаар нь би Цолмонбаярыг архинд явуулчихаад зогсож байтал Алтанхүү намайг хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлоод утсаар ярьж байснаа утсаа таслаад удалгүй над дээр ирсэн. Тэгээд Алтанхүү намайг 3 дугаар байрны 1 дүгээр орц руу дагуулж ороод бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхэд Алтанхүү энгэрээсээ нилээн том хар өнгөтэй хутга гаргаж ирээд хутганыхаа ишээр миний цээж рүү 2 удаа цохиход нь би Алтанхүүг түлхээд өөрөөсөө холдуулахад миний зүүн гуя руу нэг удаа хутгаараа хатгачихсан. Тэгэхэд миний гуянаас цус гараад зогсохгүй байхаар нь Алтанхүү эмийн сан руу боолтонд явж ирээд боосон. Тэгэхэд Цолмонбаяр архи аваад ирсэн. Миний гуянаас цус гараад зогсохгүй болохоор нь Алтанхүү ах Тэгшээгээ дуудаад машинаар нь сумын эмнэлэг орсон. Тэгээд удаагүй байтал цагдаа нар ирээд Алтанхүүг аваад явсан.
...Миний эмнэлэгт хэвтсэн ор хоногийн 300000 төгрөгийг Алтанхүү төлж барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/,
-Гэрч О.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Шарын гол сумын Хайрхан багийн 5 дугаар байранд байдаг хүнсний дэлгүүр орчихоод гараад ирэхэд 3 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд Д.П нь “Алтанхүү миний зүүн гуя руу хутгалчихлаа” гээд хөлнөөс нь цус гарчихсан байсан. Тэгэхэд Алтанхүү эмийн сан ороод бинт авч ирээд Пүрэвдаваагийн хөлийг боогоод ах Тэгшээгээ утсаар дуудаад машинаар нь эмнэлэг оруулж өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд А-г аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,
-Гэрч Ж.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Орхон аймгаас 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд өөрийн аав, ээжийнхээ гэрт очсон. Тэгэхэд 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд миний төгсөн эгчийн хүүхэд болох Н.А миний гар утас руу залгаад “та Хайрхан багийн 3 дугаар байрны гадна машинтайгаа хүрээд ирээч” гэж ярихаар нь би ойрхон байна гэж хэлээд яваад очиход “3 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд хүн цус алдаад байна, та эмнэлэг хүргээд өгөөч” гээд зүс таних П-г машинд суулгасан. Тэгэхэд Пүрэвдаваагийн зүүн хөлнөөс цус гараад өмссөн өмд нь цус болчихсон байсан. Тэгээд би П, А, бас нэг залуу гурвыг сумын эмнэлэг дээр хүргэж өгсөн. Н.А ээс юу болсон талаар нь асуухад “би энэ Пү-тай маргалдаж байгаад зүүн гуя руу нь хутгалчихсан юм” гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16-17/,
-“Д.П-н биед зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 19/,
-Д.П-н Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хэргийн 40-49/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.П-н эрүүл мэндэд “зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 19/ нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Н.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Д.П нь мөрдөн байцаалтын шатанд “...миний эмнэлэгт хэвтсэн ор хоногийн 300000 төгрөгийг Алтанхүү төлж барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Н.А ээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.А нь нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 3 дугаар байрны 1 дүгээр орцон дотор Д.П-н гуяны хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Н.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Н.А нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, ар гэрийн амьдралын болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Н.А анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.А-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Н.А оногдуулсан торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Н.А үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Н.А анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ