Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0047/З |
Дугаар | 221/МА2019/0646 |
Огноо | 2019-12-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2019/0646
А.Ө-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, С.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0634 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу А.Ө-ын нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0634 дүгээр шийдвэрээр: ”Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 26 дугаар зүйлийн 26.1.2, Төрийн албаны тухай хуулийн /2017 оны/ 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Ө-ын “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, дээрх тушаалууд хүчингүй болсныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.Ө давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болсон хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг Эрүүл мэндийн яамны дотоод журмын дагуу Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар тус тус хянаж, Сайдын гарын үсэг бүхий албан тоотоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн, мөн Эрүүл мэндийн сайдын тушаалыг миний бие сольж батлуулсан зүйлгүй, харин Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.С-аас өгсөн чиглэлийн дагуу саналыг тусгаж, батлуулсан болно.
Хариуцагч нь надад сахилгын шийтгэл оногдуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27, 29 дүгээр зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.5-ыг зөрчсөн, нэхэмжлэгчийн цалинг өнөөдрийг хүртэл 1 сарын хугацаагаар 20 хүртэл хувиар буруулаагүй.
Төрийн албаны шалгалтад нэхэмжлэгчээс доогуур оноо авсан Т.Энхзаяаг Нийгмийн эрүүл мэндийн газрын даргаар томилохын тулд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан.
Нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, ...”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцсоноо бичгээр баталгаажуулсан байхыг шаардсан ч харилцан тохиролцсон болон зайлшгүй шаардлага үүссэн эсэхийг тогтоосон зүйлүүд хавтаст хэрэгт огт байхгүй болно.
Нэхэмжлэгчийн албан тушаалыг шилжүүлэн ажиллуулснаар цалин нь нэмэгдсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд худал мэдүүлсэн.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0634 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
НЭГ. “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346 дугаар тушаалыг хүчингүй болгуулах“ шаардлагын тухайд:
Хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга маргаан бүхий тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ө-д цалингийн хэмжээг 1 сарын хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Захиргааны байгууллага, албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуульд өөрөөр зохицуулаагүй бол Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасны дагуу ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох ёстой.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийгмийн эрүүл мэндийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар “Засгийн газрын ээлжит хурлаар[1] “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тулгамдаж буй асуудал” сэдвээр хийсэн Эрүүл мэндийн сайдын мэдээлэл, бичиг хэргийн хоцролт, ажлын цагийн ирц, ашиглалт, ... Хөдөлмөрийн дотоод журмыг дахин уншиж танилцах” зэрэг асуудлуудыг хэлэлцэхдээ А.Ө-ын бичсэн танилцуулга, мэдээллийн талаар яригдсаныг хариуцагч албан тушаалтныг хуульд заасан ажиллагааг явуулж, А.Ө-ын зөрчлийг тогтоосон гэх үндэслэл болохгүй.
Үүнээс гадна хариуцагчийн тушаалын үндэслэл болох “Төрийн нарийн бичгийн дарга болон нэгжийн даргад хянуулж, зөвшөөрөл авалгүйгээр Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг оруулсан, Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралтыг сольж батлуулсан зэрэг зөрчил гаргасан”, “Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” чуулганы нарийн бичгийн даргаар томилогдсон нэхэмжлэгч А.Ө нь шийдвэрийг албажуулахдаа өөр хүний нэрийг оруулж батлуулсан” гэх зөрчлүүд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Эдгээрээс дүгнэвэл хариуцагч албан тушаалтны маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлтэй.
ХОЁР. “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах“ шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч А.Өнөржаргал Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/95 дугаар тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн газрын “Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилогдон ажиллаж байжээ.
Улмаар хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалаар Нийгмийн эрүүл мэндийн газрын Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн А.Ө-ыг Эмнэлгийн тусламжийн газрын Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдлын хэлтсийн “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн”-ээр шилжүүлэн томилжээ.
Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 /Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно/-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулж болохоор заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Ө дээрх албан тушаалд томилогдохоор 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хүргүүлснийг хянасан Авилгатай тэмцэх газрын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 05/4594 дүгээр албан бичиг зэрэг баримтуудаас үзвэл хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгч А.Ө-ыг шилжүүлэн томилохдоо түүнтэй тохиролцоогүй гэж үзэх боломжгүй.
Үүнээс гадна нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээний шатлал буураагүй нэмэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 /Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй/-д нийцжээ.
Анхан шатны шүүх энэ талаар “эерэг нөлөө үзүүлсэн захиргааны акт, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй” талаар зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
ГУРАВ. “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалуудыг хүчингүй болсныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах“ шаардлагын тухайд:
Захиргааны хэргийн шүүх Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан этгээдийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх учиртай.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэг шаардлага болгон тодорхойлсон “хариуцагч албан тушаалтны тушаалууд хүчингүй болсныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг хариуцагчид даалгах тухай” шаардлага нь эрх зүйн үр дагавар шууд үүсгэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, захирамжилсан шинжийг агуулаагүй байна.
Энэ тохиолдолд захиргааны хэргийн шүүх тухайн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авах боломжгүй, өөрөөр хэлбэл, нэмэмжлэгчийн энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах ёстой.
Иймд эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0634 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг баримтлан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346 дугаар тушаалыг хүчингүй болгож, Төрийн албаны тухай /2017 оны/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасныг баримтлан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ө-ын “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/346, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/126 дугаар тушаалуудыг хүчингүй болсныг Эрүүл мэндийн яамны нийт ажилтнуудад мэдэгдэхийг хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Ө-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
[1] 1 дэх хавтсын 44 дэх тал.