Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 352

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн П.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох

Гуравдагч этгээд: Д.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119, Б-120 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, түүний өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Э, өмгөөлөгч Б.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Э миний бие Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №Б/59 дүгээр тушаалаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны салбарын ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдсон. 

Улмаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б-17 дугаар тушаалаар тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтэст ерөнхий санхүүчээр жинхлэн томилогдсон бөгөөд төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаар тогтоолын дагуу төрийн албаны тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болж бүтцийн өөрчлөлтөд орсонтой холбогдуулан, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б-05 тушаалаар тус яамны Санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогчоор томилогдож, төрийн албыг нэр төртэйгөөр гүйцэтгэж байна.

Гэтэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасныг баримтлан ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөв. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/119 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д Захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан тусгай журамтай. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан. Харин тушаалын агуулгыг харвал шилжүүлэн ажиллуулсан тушаал биш ажлаас чөлөөлөх тухай байдаг. Тус тушаалын 2 дугаар зүйлд шилжүүлэх тушаалын төсөл бэлтгэж оруулж ирэх тухай заасан нь тус тушаал нь чөлөөлөх тухай биш гэдгийг харуулж байна. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө гэж заасан 3 үндэслэлийн алинд нь нэхэмжлэгчийн нөхцөл байдалд тохирохгүй байна. 

Мөн хариуцагч ажлын зайлшгүй шаардлага үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч ямар нэгэн нотлох баримт одоог хүртэл хэрэгт авагдаагүй. Шилжүүлсэн ажлын байрны тодорхойлолтыг үзвэл нягтлан бодогч биш техникийн мэргэжилтэн шаардлагатай гэдэг нь тодорхой байна. Анхнаасаа ажилд шилжүүлэх болон ажлаас чөлөөлөх ямар ч шаардлага үүсээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол захиргааны акт илт хууль бус болно” гэж заасан. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/120 тоот тушаал гарсан хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө” гэж заасан. “Сул орон тоог нөхөх зорилго бүхий захиргааны акт” гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбарт Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25, 26 дугаар зүйлүүдэд тус тус заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн ажлын байр суларсан байхыг хэлнэ. Гэвч гуравдагч этгээд Д.А-г ерөнхий нягтлан бодогчоор авах зорилго чиглэл, хууль зүйн зайлшгүй шаардлага байгаагүй. Зорилгодоо нийцээгүй тус захиргааны акт мөн л хууль зүйн хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгч ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад Д.А-г 2016 оны 10 дугаар сард ажилд авахаар материалыг нь авч, П.Э шилжин ажиллах гэж байгаа гэдэг хүсэлтийг Сангийн яаманд мөн өгсөн. Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч П.Э-ыг Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хөнгөн үйлдвэрийн салбарын бусад асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага гарсан тул түүнийг ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас нь  чөлөөлсөн. 

Харин түүнийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулахад түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн хянуулсны үндсэн дээр томилох шаардлагатай болсон ба тэрээр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргаж өгөөгүй тул Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хөнгөн үйлдвэрийн салбарын бусад асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн томилоогүй болно. Засгийн газрын бүтцийн тухай 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн хуулиар Аж үйлдвэрийн яам татан буугдан Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болж өөрчлөгдөн батлагдаж, “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоол, 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тус яамны бүтэц зохион байгуулалт батлагдсан.

Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 22.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно’’ гэж заасны дагуу тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Бодлого төлөвлөлтийн газрын 3 албан хаагчидтай тус тус тохиролцон тус яамны газарт шилжүүлэн томилсоны нэгэн адил П.Э-тай уулзаж, санал тавьж тохиролцон хуулийн дагуу Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хөнгөн үйлдвэрийн салбарын бусад асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 119 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн. Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь шинээр бий болсон тул хөнгөн үйлдвэрийн бусад салбарын асуудал, үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төсөл, эдийн засгийн тооцоолол, судалгаа гаргах боловсруулах, гүйцэтгэх албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын чиг үүргийн хүрээнд эдийн засагч, бизнесийн удирдлагаар мэргэшсэн, мөн Бодлого төлөвлөлтийн газарт харьяалагдан ажиллаж байсан зэрэг олон туршлагыг харгалзан Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын хөнгөн үйлдвэрийн салбарын бусад асуудал хариуцсан албан тушаалтны ажлын байранд томилохоор санал тавьж тохиролцсоны эцэст тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 119 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн юм. Мөн энэ шийдвэр нь П.Э-ын өмнө эрхэлж байсан төрийн захиргааны албан тушаалын зэрэглэлтэй адил бөгөөд цалин хөлс буурахгүй, түүний хөдөлмөрийн болоод хувийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мөн хөндөөгүй болно.

Өмчийн аль ч хэлбэрийн байгууллагад холбогдох ажлын байранд, албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахад хуулийн дагуу зохицуулагддаг хэвийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Нэхэмжлэгчтэй уулзаж хөнгөн үйлдвэрийн бусад асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар ярилцсан нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/119 тоот тушаалаар баталгаажиж байна. Хэрвээ П.Э тохиролцоогүй, тохиролцохгүй байсан бол Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д Албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ хэрэгжүүлэн өргөдөл, хүсэлт гаргах боломж байсан. П.Э нь төрийн албаны захирах, захирагдах зарчмыг баримтлаагүй. 

Нэхэмжлэгч 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 тоот тушаалаар тус албан тушаалд томилогдохдоо ТЗ-10 ангилалд байсан. Хүнс, хөдөө аж ахуйн яам нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болж өөрчлөгдөхдөө бүх ажилтан, албан хаагчдыг ажлаас чөлөөлж, эгүүлэн томилсон. Тус тушаал дотор санхүүгийн хэлтсийн дарга нь н.Ц гэдэг хүнтэй зэрэгцэж цалинжиж эхэлсэн байдаг. 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 08 дугаар сар хүртэл ТЗ-9 шатлалаар цалинжиж байгаад 2016 оны 09 дүгээр сараас эхлэн ТЗ-8 шатлалаар цалинжсан. Энэ нь Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 441 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн “Төрийн захиргааны байгууллагын албан тушаал” гэсэн хэсгийн ТЗ-8 зэрэглэлд “4. Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч” гэж баталсан байхад нэхэмжлэгч үүнийг зөрчсөн байна. 

Санхүү төсвийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь санхүү төсвийн удирдлагын асуудлаар өөрийн эрх хэмжээний хүрээнд журам батална гэж заасны дагуу тус журмын 4 дүгээр зүйлийн 4.3.9-т Төсвийн захирагчийн гаргасан тушаал шийдвэр нь төсөв, санхүү бүртгэлийн тайлан тооцооны талаар мөрдөж байгаа хууль, тогтоомжид нийцэхгүй тохиолдолд ерөнхий ахлах нягтлан бодогч уг шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхын зэрэгцээ энэ тухай тайлбарыг байгууллагын удирдлагад бичгээр мэдэгдэнэ гэсэн боловч П.Э нь Сангийн яамны сайдын шийдвэрийг зөрчиж цалинжиж байсан нь цаашид ажиллах итгэл үнэмшилгүй, шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Мөн 2016 онд 4 удаа тодорхой шалтгаантайгаар ажлын байрыг эзэнгүй орхигдуулсан нь төсвийн ерөнхийлөн захирагч ёс зүйгүй гэдгийг харуулж байна. Төрийн албаны тухай хуульд тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийг хүндэтгэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, захирах, захирагдах ёсны зарчмыг биелүүлэх үүрэгтэй тул дээр дурдсан үндэслэлүүдээр ажилд шилжүүлж байгаа болно. Хөнгөн үйлдвэрийн бусад асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны шаардлагад бусад мэргэжил гэж заасан байх тул ямар нэгэн хууль зөрчсөн шийдвэр байхгүй.

Мөн ажиллаж байсан албан тушаалд тавигдах шаардлагын 2 дугаар зүйлийн 2.1.3-т Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү, төрийн сангийн газар хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх гэж заасан байхад нэхэмжлэгч мөн л тодорхой шаардлагыг хангахгүй байгаа нь шилжүүлэх нэг үндэслэл мөн. Төрийн албаны тухай хуулийн дагуу өөртэй нь тохиролцоогүй удаа дараа уулзаж байхад үндэслэлгүй гэж үзэж үл зөвшөөрч байсан бол Төрийн албаны тухай хуульд эвлэрэхгүй байж, өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломж байсан.  П.Э нь Төрийн нарийн бичгийн даргын Б-119 дүгээр тушаалаар санал болгосон албан тушаалын ажлын байрны холбогдох мэдүүлгээ гаргаж өгөөгүй тул ажилгүй байгаа хугацааны нөхөн олговор олгох үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд Д.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-120 дугаар тушаалаар тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон.

Д.А нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст салбар хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд дээрх ажлын байр гарсан мэдээллээр 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тус яамны хүний нөөцийн хэсэгт зохих материалаа бүрдүүлж өгөөд шаардлагыг хангасны үндсэн дээр уг ажлын байранд томилогдсон. Ажил хүлээлцэх болон бусад асуудлаар Төрийн нарийн бичгийн даргатай уулзахад ерөнхий нягтлан бодогч П.Э-тай тохиролцож өөр албан тушаалд шилжин ажиллах талаар тайлбарласан. Төрийн албаны тухай хууль болон бусад хуулинд тохиролцох гэдэг хэлбэрийн шаардлага тавигдаагүй байдаг тул Төрийн нарийн бичгийн даргын саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. Тушаалыг боловсруулж, танилцуулахыг н.Б-д даалгасан нь хэлбэрийн алдаа учраас засах боломжтой тул П.Э-ын хууль ёсны, эрх ашгийг хөндөхгүй гэж үзэж байна. П.Э нь Төрийн нарийн бичгийн дарга  Л.Б-д бичгээр өргөдөл гаргахдаа хууль хяналтын байгууллагад хандах болно гэсэн агуулгатай байдаг. Энэхүү өргөдлийг Төрийн албаны зөвлөлд хандаж гаргах ёстой байтал ажлаас чөлөөлсөн албан тушаалтанд хандаж гаргасныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзээд хэрэг үүсгэсэн нь мөн хууль зүйн үндэслэлгүй. 

Ерөнхий нягтлан бодогчид тавигдах шалгуурыг бүрэн хангасан, төрийн албанд 13 жил ажилласан тул Авлигатай тэмцэх газар, салбар яамны тодорхойлолтоор тэнцэнэ гэж заасан тул намайг тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-120 дугаар тушаал нь албан ёсны, хууль журмын дагуу гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Э “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119, Б-120 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Анх Үйлдвэр, хөдөө аж ахуй яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар П.Э-ыг салбарын ерөнхий нягтлан бодогчоор , Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б-17 дугаар тушаалаар Санхүү эдийн засгийн хэлтсийн ерөнхий санхүүчээр , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б-05 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчоор томилжээ . 

Үүний дараа 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119 дүгээр тушаалаар П.Э-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн  бөгөөд мөн өдөр Б-120 дугаар тушаалаар Д.А-г тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон байна . 

Хариуцагч маргаан бүхий захиргааны акт болох Б-119 дүгээр тушаалыг гаргахдаа Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийг тус тус үндэслэжээ.  

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заажээ. 

Уг хуулийн заалт нь албан ажлын зайлшгүй шаардлага гарсан, төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцох гэсэн 2 нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулж болох хуулийн зохицуулалттай. 

1. Албан ажлын зайлшгүй шаардлага гэдэг нь мэргэжил, мэргэшил, ур чадварын хувьд тухайн этгээдийг төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулах зайлшгүй шаардлагатай болсоныг ойлгоно. 

Нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байр нь “Засгийн газрын бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт нийцүүлэн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийн зардлын гүйцэтгэл, салбарын тайлан блансийг нэгтгэж, дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргаж санал боловсруулах, удирдлагыг нягтлан болох бүртгэлийн бодлого, санхүүгийн мэдээллээр хангах”  чиг үүрэгтэй байсан бол шилжүүлэн ажиллуулах болсон тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөнгөн үйлдвэрийн салбарын бусад асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр нь “Хөнгөн үйлдвэрийн бусад салбар болох гоо сайхан, бэлэг дурсгал, ахуйн хими болон бусад үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах”  чиг үүрэгтэй байна. 

Нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тохиолдолд ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөхгүй байх шаардлагыг хангасан байх ёстой боловч эдгээр ажлын байрны тодорхойлолтуудаас үзвэл чиг үүргийн хувьд хоёр өөр албан тушаал ажээ. 

Мөн нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах болсон албан тушаал болох Хөнгөн үйлдвэрийн салбарын бусад асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байранд инженер, технологич, бусад мэргэжлийн дээд боловсролтой иргэн ажиллах шалгуур тавигдсан бол П.Э-ын ажиллаж байсан Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч албан тушаалд мэргэшсэн нягтлан бодогч, эдийн засагч гэсэн шаардлага тавигджээ. 

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан агуулга нь ажлын байранд тавигдах мэргэжил, мэргэшил адил байхын сацуу тухайн албан тушаалтны эрх зүйн байдал дордохгүй байхыг ойлгоно. Гэтэл мэргэшсэн нягтлан бодогч П.Э-ыг инженер, технологич мэргэжлийн шаардлага бүхий ажлын байранд томилохоор шийдвэрлэсэн нь албан ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлсэн гэж үзэхээргүй байна. 

2. Төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцох гэдэг нь түүний санал, хүсэл зоригийнх нь илэрхийлэл ямар байгааг харгалзан үзэж, хоёр тал хэн аль нь ашигтай байдлаар санал нийлэхийг ойлгоно.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь шинээр бий болсон тул хөнгөн үйлдвэрийн бусад салбарын асуудал, үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төсөл, эдийн засгийн тооцоолол, судалгаа гаргах, боловсруулах, чиг үүргийн хүрээнд эдийн засагч, бизнесийн удирдлагаар мэргэшсэн, албан хаагч шаардлагатай болсон талаар тус газрын дарга Б.Б-ээс санал ирүүлсэн гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна .  

Тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Б-ийн “...Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Б надтай 2016 оны сүүлээр уулзаж Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий санхүүч П.Э-ыг эдийн засагч, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувийн секторт ажиллаж байсан туршлагатай гэсэн мэдээлэл өгч, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын бусад асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар П.Э-тай уулзаж, ярилцсан тухай танилцуулсан. 

Миний бие Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд ерөнхий санхүүч П.Э-ын мэргэжил, туршлага нь манай газарт байсан сул орон тооны ажлын байрны шаардлага хангасан, уг албан тушаалд томилоход татгалзах зүйлгүй болохыг хариу илэрхийлсэн юм” гэсэн тайлбараас үзвэл Б.Б дарга албан хаагч шаардлагатай болсон талаар Төрийн нарийн бичгийн даргад хандаагүй,  харин Төрийн нарийн бичгийн дарга Б.Б-д санал тавьсан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай тохиролцсон зүйл байхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тохиролцох гэдэг нь заавал бичгээр байхыг шаардахгүй гэж тайлбарлаж байгаа боловч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаас үзвэл төрийн захиргааны байгууллага гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох ёстой. Энэ тохиолдолд нэхэмжлэгч П.Э-тай тохиролцсон талаар баримт байхгүй, Төрийн нарийн бичгийн дарга түүнтэй уулзаж, ярилцсан гэх боловч энэ талаарх тэмдэглэл байхгүй, тохиролцсон гэдэг нь нотлогдохгүй байна. 

Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-120 дугаар тушаалаар Д.А-г Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч албан тушаалд томилжээ . 

Тус яамнаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Н-д, Авлигатай тэмцэх газарт 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус хүргүүлсэн, Авлигатай тэмцэх газраас тус яаманд ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгүүдээс үзвэл гуравдагч этгээд Д.А-г Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилохоор нэр дэвшүүлэн, санал болгож байжээ. Дээрх албан бичгүүдийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119 дүгээр тушаал гарахаас өмнө хүргүүлж байсан байх бөгөөд нэхэмжлэгчтэй өөр албан тушаалд шилжүүлэх талаар тохиролцоогүй атлаа Д.А-г ажилд авахаар судалж байсан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа байна. 

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119 дүгээр тушаалд “Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч П.Э-ыг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж заасан байх бөгөөд Төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд тусгайлан заасан. 

Маргаан бүхий захиргааны актын агуулга нь нэхэмжлэгчийг нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан гэж байгаа боловч уг тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар “Утга агуулгын илэрхий алдаатай”  гэж үзэхээр байна. 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бий болоогүй байхад П.Э-ыг ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.  

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119 дүгээр тушаал хууль бус байх тул хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119 дүгээр тушаал үндэслэлгүй гарсан тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасны дагуу гуравдагч этгээд Д.А-г тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон Б-120 дугаар тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй.  

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч П.Э нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлийн дарга бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан өргөдөл гаргаж байсан . Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 195 дугаар албан бичигт “...П.Э-ын өргөдөлд дурдсан асуудлыг салбар зөвлөлийнхөө бүрэн эрхийн дагуу хянан шийдвэрлэж хариуг иргэн П.Э-т түүгээрээ өгч, дүнг Төрийн албаны зөвлөлд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү” , Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр албан бичигт “...П.Энхбаяр нь Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119 дүгээр тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн нахан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул шүүхийн шийдвэр эцэслэн гартал Салбар зөвлөл өргөдөлд дурдсан гомдлыг шийдэх боломжгүй”  гэснээс үзвэл нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлэх журмыг биелүүлээгүй, түүнийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж зааснаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх цалинг Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын дагуу ТЗ-8 зэрэглэлээр бодож 4,270,639.1 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгах нь зүйтэй. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс П.Э нь тухайн ажлын байранд тавигдах шаардлага хангаагүй, ажил тасалсан зэрэг бусад үндэслэлүүдийг шүүх хуралдаан дээр тайлбарлаж байх бөгөөд шүүх захиргааны актыг гаргах шалтгаан нөхцөл, түүний хууль зүйн үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.1, , Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг тус тус баримтлан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119, Б-120 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, П.Э-ыг урьд эрхэлж байсан тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус баримтлан П.Э-ын ажилгүй байсан хугацааны цалин 4,270,639.1 /дөрвөн сая хоёр зуун далан мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 70200 төгрөгийг гаргуулж, П.Э-т олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ