Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 84

 

 

Б.Ариунтөмөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2016/00232 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант суманд байрлалтай “c” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ариун шүд” ХХК-ний захирал Б.Ариунтөмөр, түүний өмгөөлөгч Г.Бадамцэцэг, хариуцагч Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд үзсэн үзлэгийн хөлс 7.597.680 / долоо сая таван зуун ерөн долоон мянга зургаан зуун наян / төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Монгол улсын засгийн газрын 2012 оны 39 тоот тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 69 тоот тушаалын дагуу “Эрүүл хүүхэд” аяныг 2 үе шаттайгаар зохион байгуулсан юм. Уг ажлын аяны хүрээнд 18 хүртэлх насны бүх хүүхдийг амны хөндий, чих, хамар хоолой, нүдний ерөнхий үзлэгт хамруулан бие бялдрын хөгжлийг үнэлж, эрүүлжүүлэх ажлыг төлөвлөсөн бөгөөд үзлэг, оношлогооны зардлыг нэг хүүхдэд 10.500 / арван мянга таван зуу /  төгрөг, шүдийг эрүүлжүүлэх эмчилгээний зардлыг 1 хүүхдэд 22.680 / хорин хоёр мянга зургаан зуун наян / төгрөг байхаар тогтоож аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эх хүүхдийн эрүүл мэндийн төвд нийт санхүүжилтийн 40% буюу 7.2 тэр бум төгрөгийг урьдчилан олгож гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн сайдаас 2012 онд 1 удаа санхүүжүүлэхээр заасан байна. Хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлын эхний ээлжинд аймгийн төвд зохион байгуулахаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан Б.Жамсраны тушаал гарч аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг хувийн 4 шүдний эмнэлэг, БОЭТ-ийн шүдний кабинетын эмч нарт багуудыг хуваарилан өгч эмчлүүлэх ажлыг зохион байгуулсан. Манай ариун шүд эмнэлэг нь мөн гэрээ байгуулж уг аяныг хэрэгжүүлэх аяныг эмнэлэг дээрээ эрчимтэй зохион байгуулж нийт 800 гаруй хүүхэд үзэж, эмчилж эрүүлжүүлсэн. Үзлэг хийсэн 800 гаруй хүүхдээс Компьютерийн шивэлтээр баталгаажсан 376 хүүхдийн нийт 8.597.680 төгрөгийг БОЭТ-өөс нэхэмжилсэн боловч санхүүжилт дууссан гээд 1 /нэг/ сая төгрөг өгсөн үлдсэн 7.597.680 төгрөгийг авч чадаагүй байгаа юм. Гэтэл БОЭТ-ийн санхүүгийн баримт материал болон аудитын дүгнэлтээс үзэхэд Эрүүл хүүхэд аяны санхүүжилт зүй бусаар зарцуулагдсан болох нь нотлогдсон. БОЭТ-ийн тухайн үеийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Цагаанхүү санхүүжилт зогссон, орж ирээгүй байна гэж манай эмнэлгийн санхүүжилтийг өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Иймд үзлэг, эмчилгээний хөлсний үлдэгдэл 7.597.680 төгрөгийг БОЭТ болон Эрүүл мэндийн газраас гаргуулж өгнө үү ” гэжээ.

Хариуцагч Эрүүл мэндийн газрын тайлбарын агуулга: “Энэ аяны эхний шатны санхүүжилт болон гурвалсан гэрээнээс харахад санхүүжилт нь Нийгмийн даатгалын ерөнхий газраар дамжиж олгогдох ёстой байсан учраас манай байгууллага уг мөнгийг төлөх боломжгүй” гэжээ.

Хариуцагч  Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн тайлбарын агуулга: “Нэхэмжлэлийн үндсэн шаардлага Эрүүл хүүхэд аяны хүрээнд үзсэн үзлэгийн хөлс 7.597.680 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 39 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 69 дүгээр тушаалын дагуу Эрүүл хүүхэд аяныг 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Хариуцагч БОЭТ биш аймгийн Эрүүл мэндийн газартай Ариун шүд эмнэлэг нь гэрээ байгуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2016/00232 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвөөс 7,597,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ариун шүд ХХК-д олгож, Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,513 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвөөс 136,513 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ариун шүд ХХК-д олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “ Нэхэмжлэгч Ариун шүд эмнэлэг нь Эрүүл хүүхэд аяны хүрээнд хийгдэх үзлэг оношилгооны зардлыг 1 хүүхдэд 22.680 / хорин хоёр мянга зургаан зуун наян / төгрөг байхаар тогтоож аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эх хүүхдийн эрүүл мэндийн төвд нийт санхүүжилтийн 40% буюу 7.2 тэр бум төгрөгийг урьдчилан олгож гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн сайдаас 2012 онд 1 удаа санхүүжүүлэхээр заасан байна. Монгол улсын засгийн газрын 2012 оны 39 тоот тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 69 тоот тушаалын дагуу эрүүл хүүхэд аяныг 2 үе шаттайгаар зохион байгуулсан юм. 2012 оны 06 дугаар сарын 19-ны Хамтран ажиллах гэрээг нэг талаас Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Жамсран, БОЭТ-н дарга П.Эрвээхэй, Ариун шүд эмнэлгийн дарга Б.Ариунтөмөр нар гарын үсэг зурсан байна. Гэтэл анхан шатны шүүх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй, нэхэмжлэгч тал шаардлагатай нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлж өгсөнгүй. Мөн шүүх нэхэмжлэлд хамааралгүй баримтыг үнэлсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж  өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Ариун шүд” ХХК-нийн нэхэмжлэлтэй Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Ховд аймгийн эрүүл мэндийн газарт холбогдох  иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөнөөс  шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

“Ариун шүд” ХХК-нь  “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хийгдсэн үзлэгийн хөлс 7.597.680 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаарлагыг  Бүсийн оношлогоо эмчилгээний төвд   холбогдуулан гаргажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Эрүүл мэндийн газрыг хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хангаж Ховд аймгийн Эрүүл мэндийн газрыг хамтран хариуцагчаар  татан оролцуулсан байна. /хх-ийн 32-36 дугаар тал/

Нэхэмжлэгч нь Ховд аймгийн  Эрүүл мэндийн газраас “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хийгдсэн үзлэгийн хөлс 7.597.680 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Шүүх  Бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс 7.597.680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэснийг хариуцагч   эс зөөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан  байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Эрүүл мэндийн газар гэх хоёр тусдаа байгууллагаас тус бүр 7.597.680 төгрөгийг нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Шүүх “Ариун шүд” ХХК-нь  хамтран ажиллах гэрээний 5.4,5.5, 5.6-д зааснаар “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хийгдсэн үзлэгийн мэдээг Эрүүл мэндийн газарт хүргүүлж байсан, 376 хүүхдийг цахим бүртгэлд бүртгүүлж үзлэг эмчилгээнд хамруулсан нь нотлогдож байна гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн өөрийнх нь “хуулбар үнэн” гэсэн дардастай  хуулбар баримтуудыг /хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас/ нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-дэх заалтуудыг  зөрчжээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээр даалгавар гүйцэтгүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

            Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 03ны өдөр гэрчээр С.Ламбааг асууж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэргээн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь заалттай нийцээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх  зөрчлийн улмаас  хэргийн оролцогчдын мэтгэлзэх эрх зөрчигдсөн бөгөөд шийдвэр хууль ёсны  байх шаардлагад нийцээгүй учир маргааны агуулгын талаар дүгнэлт хийж  шийдвэрлэх боломжгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч төсвийн байгууллага тул нь давж заалдах гомдол гаргахдаа хуульд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 153/ШШ2016/00232 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

            ШҮҮГЧИД                                                       С.ӨМИРБЕК

 

                                                                                    Н.ТУЯА