Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024  05  27  210/МА2024/01125

 

 

Б.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/01600 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Э-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, хариуцагчийг өмчлөгчөөр бүртгэж олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Иргэн С.Т , Б.О нар нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Т.Д-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууц 14,800,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож, урьдчилгаа 6,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг орон сууцны гэрчилгээ гарах үед төлөхөөр тохиролцсон байсан.

Б.Н- нь С.Т , Б.О, Т.Д- нартай урьдчилан ярилцаж, 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр С.Т , Б.О нартай Эрх худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Намъянжугийн гудамж, *** дугаар байр,*** тоот хаягт байрлах, ** м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 14,800,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Үүний үндсэн дээр урьдчилгаанд төлсөн байсан 6,000,000 төгрөгийг иргэн С.Т , Б.О нарт, харин үлдэгдэл 8,800,000 төгрөгийг Т.Д-д тус тус төлж, уг орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

1.2. Т.Д-гаас 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлбөр тооцоо дууссан тул уг байрыг миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох тухай бичиг хийж, нотариатаар гэрчлүүлж надад өгсөн бөгөөд уг орон сууцны өмчлөгч нь намайг мөн гэдэгтэй иргэн Т.Д-гийн хувьд маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн бичиг баримтыг үйлдэж өгсөн тул түүнтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн маргаан байхгүй болно.

1.3. Харин иргэн Т.Д-гийн нөхөр гэх Г.Э- гэрээг чинь цуцална, байрыг зарахаа больсон гэх мэтчилэн элдэв хэл ам хийж явж байсан мөртлөө нэг мэдэхэд өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байсан.

Хариуцагч Г.Э- нь дээрх байдлаар миний төлбөр тооцоог нь бүрэн төлж дуусгасан, Орон сууцны захиалгын гэрээ болон Эрх худалдах, худалдан авах гэрээтэй орон сууцны маань өмчлөх эрхийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Т.Д- нь байрыг зарах бүрэн эрхтэй байх ба тэрээр 8 тооттой холбоотой хүсэлтийг бүртгэлийн байгууллагад гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлөөд Г.Э-тай хамтран хүсэлтээ гаргасан байдаг. Тэгэхээр Т.Д- нь уг орон сууцыг бусдад худалдах эрхтэй этгээд бөгөөд орон сууцны төлбөрийг төлчихсөн учир уг байрыг өмчлөх эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдсан байна. Үүнээс үзэхээр өмчлөгч нь өөр хүн байхад хариуцагч Г.Э-ы нэр дээр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь хуульд нийцэхгүй болох нь тогтоогдож байгаа учраас уг гэрчилгээг хүчингүй болгох бүрэн боломжтой байна гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүрэг, *** дүгээр хороо, *** дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, *** дугаар байр ** тоот хаягтай, ** м.кв талбай, үйлчилгээний зориулалттай, 1 өрөө орон сууцны өмчлөгч нь Б.Н- мөн болохыг тогтоож, өмчлөгчөөр Г.Э-ыг бүртгэж олгосон *** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Г.Э- нь Баянзүрх дүүрэг, ***дүгээр хороо, ** дүгээр хороолол Намъяанжугийн гудамж ** дугаар байрыг 2018-2019 онуудад барилгын ажлыг гүйцэтгэж, 2020 онд улсын комисст хүлээлгэн өгөөд, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр миний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан.

2.2. Эхнэр Т.Д- нь миний өмчлөлийн 8 тоотод өөрийн найз Б.Оыг түр суулгаж байгаа гэж надад тайлбарладаг байсан. Гэтэл гэнэт намайг шүүхэд хариуцагчаар татаж тус 8 тоотын өмчлөгчөөр Б.Н-ийг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Т.Д- нь Г.Э-ы эхнэр боловч тус байрыг бусдад худалдан борлуулах, шилжүүлэх эрхийг түүнд олгож байгаагүй, тэрээр байрыг барьж ашиглалтад оруулсан этгээд биш юм. Мөн Б.Н- нь дээрх хүмүүстэй хэлцлийг хийх үедээ Г.Э-ыг байлцуулаагүй, энэхүү 8 тоот орон сууцыг худалдах, худалдан авах талаар зохих зөвшөөрөл аваагүй. Маргаж байгаа байр бол Г.Э-ы нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, тэрээр өмчлөгч болох нь тогтоогдож байгаа болно.

Гэтэл Г.Э-ы өмчлөлийн 8 тоот орон сууцны үнийг гэрээ хэлцлийн үндсэн дээр төлсөн гэж өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, Г.Э-ы өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь шударга ёс болон хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Э-д холбогдох, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүрэг, *** дүгээр хороо, ** дүгээр хороолол /13335/, Намъяанжугийн гудамж, *** байр зоорийн давхар ** тоот хаягт байршилтай, ** м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр Г.Э-ыг бүртгэж олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж, нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, ** дугаар байр ** тоот, 1 өрөө, ** м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэж хариуцагчид олгосон ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцны өмчлөх эрхийг Б.Н-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтууд болох барилгад хаяг олгосон төрийн байгууллагын албан бичиг, барилгын зураг төсөл, барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын дүгнэлтийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохыг даалгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан боловч миний 3 дахь шаардлагыг огт шийдвэрлээгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон байх боловч хэрэгт авагдсан баримтаар уг орон сууц нь хамгийн анх 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Г.Э-ы нэр дээр өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн, шинээр баригдсан барилга орон сууц болохыг шүүхээс анхаарч үзэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Тодруулбал нэхэмжлэгч орон сууцыг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, төлбөрөө төлөх үед улсын бүртгэлд огт бүртгэгдээгүй, шинээр баригдсан орон сууцны барилга байсан бөгөөд энэ тохиолдолд гэрээ байгуулсан л бол шууд улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй, үүний тулд барьсан этгээдээс заавал холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн өгсний үндсэн дээр өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлдэг болно.

Иймээс дээрх бичиг баримтуудыг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс анхаарч үзээгүйгээр барахгүй огт шийдвэрлээгүй орхигдуулсан нь хууль зөрчиж байна.

4.2. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Э-ы нэр дээр 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор бүртгэл үнэн зөв гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ба учир нь мөн хуулийн 183.2 дахь хэсэгт зааснаар бүртгэлийн талаар маргах эрхийг олгож хуульчилсан. Нэхэмжлэгчээс төлбөр төлсөн баримт, эрх шилжүүлэх гэрээ, орон сууц захиалгын гэрээ, Т.Д-гаас гаргаж өгсөн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн боловч нэг талын баримт гэж үзэж огт үнэлгээгүй нь хэт нэг талыг барьж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаас хариуцагч Г.Э- болон Т.Д- нар албан ёсны эхнэр, нөхөр болох нь тогтоогддог, мөн Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Намъяанжугийн гудамж, ** дугаар байрыг хамтарч барьсан гэдэг үйл баримт тогтоогддог.

4.3. Мөн анхан шатны шүүхээс дүгнэхдээ "...талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжсэн гэж үзэх, тодруулбал нэхэмжлэгч Б.Н- нь орон сууцыг хариуцагч Г.Э-аас худалдаж авахаар тохиролцож, хэлэлцэн тохирсон үнийг түүнд төлөх үүргээ биелүүлсэн, ингэснээр хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй болох нь тогтоогдсонгүй" гэж дүгнэсэн нь мөн л нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, бүр огт дүгнээгүй, хууль зөрчсөн болохыг харуулж байна гэж үзэж байна.

Тодруулбал хариуцагч нь орон сууцыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өмчлөлдөө анх бүртгүүлсэн, нэхэмжлэгч миний хувьд 2020 онд орон сууцыг хамтран барьсан Т.Д-гаас худалдаж авахаар гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн төлсөн байтал Г.Э- нь орон сууцыг дангаар өмчилж, өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад нь өмчлөх эрхгүй өөр хүнтэй буюу түүний эхнэртэй гэрээ байгуулсан мэтээр дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Маргаан бүхий байрыг хариуцагч Г.Э- нь бусадтай хамтарч барьсан. 2022 онд Г.Э- нь тухайн орон сууцыг хууль ёсны эзэмшигчээр өөрийн нэр дээр шилжүүлсэн. ** дугаар байрны ** тоотыг хариуцагчийн эхнэр нь өөрийн найз Б.Оаад түрээсэлж байсан. Гэтэл 2023 оны 05 дугаар сард Б.Н- гэх огт танихгүй хүн өөрийн эзэмшилд авахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгч Б.Н-тэй байрны эзэн Г.Э- нь ямар нэг гэрээ, хэлцэл хийгээгүй, мөнгө өгч, авалцсан үйл баримт байхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Эхнэр нь тухайн байранд хөрөнгө оруулсан, хамтран барьсан гэх баримт хэрэгт байхгүй. Зөвхөн эхнэр нь гэдэг утгаар гэрээ хийсэн гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Г.Э-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагчийг өмчлөгчөөр бүртгэж олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...С.Т , Б.О нараас Т.Д-тай байгуулсан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээнд заасан орон сууцны эрхийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Эрх худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан, Т.Д-д төлбөрийг шилжүүлсэн, Т.Д- орон сууц шилжүүлэх хэлцэл хийх эрхтэй гэж,

хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...Т.Д-д тус байрыг бусдад худалдан борлуулах эрхийг олгоогүй, тэрээр байрыг барьж ашиглалтад оруулсан этгээд биш, Б.Н- нь дээрх хүмүүстэй хэлцлийг хийх үедээ Г.Э-аас зохих зөвшөөрөл аваагүй, маргаж байгаа орон сууц түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, тэрээр өмчлөгч болох нь тогтоогдсон гэж тус тус тайлбарлажээ.

3.2. Нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины тайлбарт дурдагдаж байгаа маргаан бүхий орон сууцны захиалгын гэрээг С.Т , Б.О нартай байгуулсан гэх Т.Д- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэдийгээр нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаа тодорхойлох эрхтэй ч хариуцагч Г.Э-д холбогдуулан гаргасан шаардлагын үндэслэл нь Т.Д-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ болж байгаа нөхцөлд шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч Б.Н-ээс тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх шаардлагатай.

 

4. Үүний зэрэгцээ шүүхээс гарах шийдвэр эрх, үүрэгт нь сөргөөр нөлөөлөх этгээдийг гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан боловч шүүх энэ талаар талуудад тайлбарлаагүй байна.

 

5. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэлийг хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/01600 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 302,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА