Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 171

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч М.М,

Шүүгдэгч М.О /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халзан М.О холбогдох эрүүгийн 1918001330174 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.О, 1989 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн аж ахуйн хашаанд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч М.О нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Чанар малчин” дэлгүүрийн худалдагч М.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Хайрхан YG 150-2E” загварын ногоон өнгийн мотоциклыг залилан авч 1900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.О нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Чанар малчин” дэлгүүрийн худалдагч М.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Хайрхан YG 150-2E” загварын ногоон өнгийн мотоциклыг залилан авч 1900000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч М.О  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр би Өвөрхангай аймгаас Дарханд ирсэн. Маргааш өдөр нь “Чанар малчин” дэлгүүрээс мотоцикль авсан.

...Тухайн үед хүний мал маллах гэж зарын дагуу Дарханд ирсэн боловч надаар мал маллуулна гэсэн хүн ирэхгүй байсан. Надад Дарханд таних хүн байхгүй тул ийм хэрэг хийсэн. Мотоциклийг унаж явах замдаа Төв аймгийн Лүн суманд замын машины жолоочид 300000 төгрөгөөр зарж, мөнгийг нь ахуйн хэрэглээндээ хэрэглэсэн.Мотоцикль худалдаж авсан жолоочийг танихгүй. Ажил хийж хохирлыг төлж барагдуулна.

...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ залуу орж ирээд мотоцикль авна, ээж, эгч 2 захаас бараа авч байгаа, удахгүй ирээд мөнгийг нь өгнө гэж байсан. Манай ах гэж хэлээд, нэг хүнтэй цуг яваад байсан нь таксины жолооч байсан юм билээ. Би мотоцикль авах учир шалгаж үзмээр байна гээд өөрийнхөө мөнгөөр бензин хийгээд унаж үзэж байсан. Намайг худалдаа хийж байх хойгуур мотоцикль унаад явсан байсан. Мотоциклийн үнэ 1900000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,

-Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хэргийн 6-7/,

-Хяналтын камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 17/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 18-19/,

 

-Хохирогч М.Мын “би хараад тэр залууг танина, нэрийг нь бол мэдэхгүй. Миний харж байгаа зурагнуудаас 6 гэсэн дугаартай хүн бол манай дэлгүүрт орж ирээд худал хэлж миний зарах гэж байсан мотоциклийг авч зугтсан хүн мөн байна. Би түүний царайг нь хараад таньж байна гэж 6 гэсэн дугаартай зургийг заав.” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-22/,

 

-Гэрч С.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2019 оны 2 сарын 15-ны өдрийн 17:00 цагийн орчим өөрийн эзэмшлийн 07-28 ДАХ Приус-20 маркийн автомашинтай дотор таксинд явж байтал Дархан сумын 9 дүгээр багийн 17 дугаар сургуулийн замын эсрэг талд “Баянмонгол” худалдааны төвийн дэргэд 20-25 орчим насны залуу гар өргөсөн. Тэгэхээр нь би зогсоод машиндаа суулгаад “хаашаа хүргүүлэх вэ?” гэж асуухад тэр залуу “би Малчин дэлгүүр ороод мотоцикль үзэх гэж байгаа юм. Манай ээж, эгч хоёр зах дээр явж байгаа, тэндээс нэг мөсөн зурагт бусад эд зүйлс аваад машинд чинь хийгээд микрт байрлах “JSI” байранд хүргүүлэх гэсэн юм. Тэгээд би танд 10000 төгрөг өгье.” гэхээр нь би “за” гэж хэлэхэд тэр залуу хэтэвчнээсээ 10000 төгрөг гаргаад надад өгсөн. Би хуучин захын эсрэг талд байрлах “Малчин” дэлгүүрийн гадаа хүргэж өгөхөд тэр залуу буугаад мотоцикль үзэж эхэлсэн. Тэгээд тэр залуугийн ярьснаар ээж, эгч хоёр нь “Малчин” дэлгүүрийн гадаа ирнэ гэсэн болохоор нь би “Малчин” дэлгүүр дотор суугаад хүлээж байсан. Цонхоор харахад тэр залуу дэлгүүрийн худалдагчтай наймаа яриад зогсоод байсан. Тэгээд нөгөө залуу чинь үзсэн мотоциклоо унаж үзнэ гээд хөдлөөд явсан. Тэгээд явсны дараа худалдагч залуу надаас “энэ залуу чинь мотоцикль барьж чаддаг юм уу?” гэж асуухаар нь “мэдэхгүй, чаддаг юм байлгүй” гэж хэлсэн. Нөгөө мотоцикль унаж явсан залуу ирэлгүй нэлээн удаад байсан. Тэгтэл худалдагч залуу “мотоцикль унаж явсан залуу чинь миний мотоциклийг аваад алга болчихлоо” гээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28/,

 

“…Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны байдлаар 1900000 төгрөг байна.” гэх 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 34-36/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.О  бусдыг хуурч, өмчлөгчийн  эд хөрөнгийг шилжүүлэн авч, 1900000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Мт 1900000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 34-36/ нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1900000 төгрөгийг шүүгдэгч М.О гаргуулж, хохирогч М.Мт олгохоор шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч М.О нь 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Чанар малчин” дэлгүүрийн худалдагч М.Мыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “Хайрхан YG 150-2E” загварын ногоон өнгийн мотоциклийг залилан авч, 1900000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч М.О  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч М.О  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч М.О  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, 2-4 насны 2 хүүхэдтэй зэрэг ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн нөхцөл байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.О-г бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, 1900000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.О-д 6 сарын /зургаан сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.О  оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.О 1900000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 9-37 тоотод оршин суух М.М-д олгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.О  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ