Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2024  05  27  210/МА2024/01126

 

 

Н.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/01931 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч МОХНН УБТЗд холбогдох

Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, Б.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Н.Н- нь МОХНН УБТЗд Замын 3 дугаар ангийн 2 дугаар хэсгийн тор засагчаар 2011 оноос эхлэн ажилласан. Гэтэл Замын 3 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6/417 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан.

Н.Н- нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн газраас дуудсаны дагуу Говьсүмбэр аймгийн Чойр суманд очиж тайлбар мэдүүлэг өгсөн бөгөөд энэ талаар шууд удирдах албан тушаалтан болох хэсгийн ахлагч Г.Б-д хэлж, амаар чөлөө авсан. Ингээд мэдүүлэг өгөөд ирэхэд төмөр замын гарам руу 2 ямаа орж дайруулсан байсан ба намайг чөлөө авсан байх үед хэсгийн мастер орны хүнийг томилж, гармын хаалтыг хаалгаагүй байсан.

1.2. Ажил олгогч нь чөлөө авсан хүндэтгэн үзэх шалтгааныг нягтлан шалгалгүйгээр, үүн дээр нэмж өөрийн эзэмшлийн малыг торон хашаанд удаа дараа оруулсан, ажлын ур чадвар хангалтгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулахдаа хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүйгээр өөр ажлын байр буюу замчнаар байнга оршин суудаг газраас 200 км зайд байрлах өөр хэсэг рүү шилжүүлсэн нь Н.Н-гийн эрх зүйн байдлыг дордуулж хөдөлмөрлөх эрхийг нь зөрчиж байна.

Иймд МОХНН УБТЗын Замын 3 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6/417 дугаар "Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, Улаанбаатар төмөр замын Замын 3 дугаар ангийн 2 дугаар хэсгийн тор засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Улаанбаатар-Чойр чиглэлд аялалд явсан 3632 дугаар галт тэрэг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Наран-Элгэн Оорцог-Энгэр хоорондын замын 596 дахь км-ын 6 дугаар зуутад галт тэрэгний зам дээр 2 ямаа дайрч яаралтай зогсолт хийн 17:32-17:42 цагийн хооронд 10 минут саатсан. Дайрагдсан мал нь иргэн Ц.Д болон нэхэмжлэгч Н.Н- нарын эзэмшлийнх байсан ба малыг төмөр замын аюултай бүс рүү хараа хяналтгүй нэвтрүүлсэн, тухайн хэсэглэлийн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий ажилтан болох Н.Н- нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн ажлын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйгээс мал төмөр зам руу нэвтэрч дайрагдан галт тэрэг яаралтай тоормос хийх шалтгаан нөхцөл болсон.

2.2. МОХНН УБТЗ нь төмөр зам дагуух малчин айл өрх, иргэдтэй төмөр замын аюултай бүсэд мал хариулахгүй байх, зам руу малаа оруулахгүй байх чиглэлээр гэрээ байгуулдаг. Энэ гэрээг иргэн Ц.Д тай 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, Н.Н-тай 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус тус байгуулсан. Гэрээний 1.1, 1.2, 1.3 дахь заалтаар өөрийн малаа төмөр замын торон хашаанаас 2 тийш 500 м-ээс ойр зайнд малаа бэлчээхгүй, зам хөндлөн гаргахдаа тодорхой хэсгүүдээр буюу гүүрэн хоолойгоор гаргах, гаргах бүртээ тухайн хэсэглэл хариуцсан төмөр замын ажилтанд мэдэгдэх үүргийг хүлээсэн байдаг.

2.3. Тухайн гарсан зөрчлийн асуудлыг хэлэлцсэн хурлын тэмдэглэлээс харахад Н.Н- нь тус өдөр чөлөөтэй байсан гэж тайлбарладаг боловч Хөдөлмөрийн дотоод журамд заасан ёсоор чөлөөг албан ёсоор аваагүй болно.

2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах-аар заасан ба Н.Н-гийн эзэмшлийн мал төмөр зам руу нэвтэрсэн, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн зөрчил зөвхөн нэг удаа биш, өмнө 4 удаа гарч байсныг давтан зөрчлөөр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч МОХНН УБТЗын Замын 3 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/417 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Н-г МОХНН УБТЗын Замын 3 дугаар ангийн замын 2 дугаар хэсгийн тор засагчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч МОХНН УБТЗаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29,750,595 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгож, цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Н.Н-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч МОХНН УБТЗд даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-т Ажилтныг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлтэй тохирч байх ёстой гэж дүгнэжээ. Нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтуудыг баримталж сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сараас хэтрээгүй байхаар зохицуулсан. Үүнтэй холбоотой шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргасан талаарх хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэжээ. Хэрэгт Н.Н-гийн төмөр замын аюултай бүс рүү малаа оруулах зөрчлийг өмнө нь 4 удаа гаргаж байсан талаарх баримтууд хангалттай авагдсан ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг судлуулсан байхад заавал сахилгын шийтгэл ногдуулсан байх ёстой мэтээр дүгнэлээ.

Ажилтан өөрийн ажил үүрэгтэй холбоотой зөрчлийг давтан гаргасан байх, тухайн зөрчлүүдийн хоорондох хугацаа зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш 1 сараас хэтрээгүй байх урьдчилсан нөхцөлтэй ба хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь зөрчлийг удаа дараа гаргаж байсан, тухай бүрт өөрт нь тусгайлан анхааруулж сануулсаар ирсэн байхад давтан зөрчил гараагүй байна гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэнтэй холбоотой байна.

4.2. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д хөдөлмөрийн гэрээний 5.3.4 дэх заалтыг дурджээ. Сахилгын арга хэмжээ ногдуулсан тушаалд уг заалтыг үндэслэсэн нь техникийн алдаа болсныг шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс хангалттай тайлбарласан, хөдөлмөрийн гэрээний дээрх заалтаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй, тушаалд хөдөлмөрийн гэрээний заалтыг алдаатай бичсэн нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд ажилтан зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэл бүр ч болохгүй юм. Нөгөөтэйгүүр албан тушаалыг бууруулж сахилгын шийтгэл ногдуулсан нөхцөл байдлыг анхаарч үзэх ёстой.

4.3. Шийдвэрийн 10 дахь хэсэгт "...шууд харьяалах албан тушаалтан хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах байжээ" гэж шүүгч дүгнэжээ. Гэтэл ямар баримтыг үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан нь ойлгомжгүй, тодорхойгүй. Нэхэмжлэгч нь ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаанаар орхих бол өөрийн ажлаа орлон гүйцэтгэх хүнд хүлээлгэн өгөх ёстой ба чөлөө авсан гээд ажлын байраа хаян явах эрхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ажлын байр галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюултай бүсийн дэглэмийг сахиулах чиг үүрэгтэй албан тушаалтан бөгөөд цагдаа дуудсан гэх шалтгаанаар ажлын байрыг сул орхин явах эрхгүй, ажлаа бусад ажилтанд хариуцуулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байгаад шүүхээс дүгнэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой, үүнийг давж заалдах шатны шүүхээс онцгой анхаарахыг хүсч байна. Төмөр замын тээвэрлэлтийн ажил нь замын хөдөлгөөнтэй адил бус бүхий л тээврийн хөдөлгөөн нь хуваарийн дагуу урьдчилан төлөвлөгддөг, яаралтай тормос хийсэн галт тэрэг зөрчлийг арилгаж хөдлөх хүртэл бусад өртөө, зөрлөгт галт тэргүүдийг барилт хийн хүлээлгэж байдаг.

4.4. Нэхэмжлэгч нь чөлөө авахдаа Замын даргын баталсан хувийн чөлөө олгох хуудсаар баталгаажуулаагүйгээс дутагдал гарсныг шүүгч анхаараагүй. Цагдаагийн газраас ирүүлсэн бичгийг нотлох баримтаар үнэлж дүгнэсэн атлаа хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтыг үнэлж дүгнээгүй.

4.5. Шийдвэрийн 12 дахь хэсэгт Улаанбаатар төмөр замын Замын 3 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/417 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэжээ. Хариуцагч нь тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар аваагүй нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгчийн өмнө нь гаргасан зөрчилтэй холбоотой баримтыг хэрэгт нотлох баримтаар хүргүүлсэн боловч анхан шатны шүүх ажил олгогчийн дээрх тушаалын сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлтэй холбоотой баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй.

Хэрэв тушаалд баримталсан Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалттай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байгаа бол түүний ач холбогдлыг харгалзан шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг хэрэглэх бүрэн эрхтэй ба энэ эрхээ хэрэгжүүлээгүй.

4.8. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15, 16-д нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож 11,728,835 төгрөг олгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэлийн шаардлагад ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах гэж заасан хэдий ч хэдний өдрөөс эхлэн хэзээ хүртэлх ажилгүй байсан, ямар хэмжээний олговрыг яаж тооцон шаардаж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд огт мэтгэлцээн өрнөөгүй ба шүүхээс энэ шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны явцад энэхүү шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулж энэ талаар мэтгэлцүүлэх байтал энэхүү ажиллагааг явуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй, харин замын 9 дүгээр хэсэгт замчнаар бууруулсан ба тухайн газарт үргэлжлүүлэн ажиллах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч өөрөө ажилдаа ирээгүйгээс болж уоьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах шийдвэр гарган албан тушаалын цалин хөлсийг ажилласан мэтээр тооцож олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Н.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.10 дахь заалтад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар заасан ч ажил олгогчийн зүгээс албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, гэрээний 3.2.13 дахь заалтад хууль тогтоомж болон нийгэмлэгийн дотоод үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журамд заасан бусад үүргийг хүлээнэ гэж заасныг шүүгч анхаарсангүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч байгууллагын тушаал нь Н.Н-гийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, үндэслэх хэсгээсээ эхлээд хууль хэрэглээ болон байгууллагын дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний заалтуудыг буруу хэрэглэсэн. Ажилтны албан тушаал бууруулах шийтгэл оногдуулсан боловч тушаал дээрээ хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тавьсан. Зөрчлийн үндэслэл нь шүүхэд тайлбарлаж байгаа зөрчлүүдээс өөр зөрчил. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан эсэх асуудал хангалттай нотлогдоогүй.

5.2. Н.Н- нь өөрийн дээд албан тушаалтан болох ээлжийн мастераас чөлөө авсан. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 10.4-д ...ажилтанд ажлын 1-5 өдрийн чөлөө олгохдоо чөлөө олгох хуудсыг хэрэглэнэ гэж заасан. Бодит байдал дээр Н.Н- ажлын 1 өдөр болон түүнээс дээш хугацааны чөлөө аваагүй. 12 цагаас ажил тарах хугацааны 4-5 цагийн чөлөө авсан. Хөдөлмөрийн дотоод журамд ажлын цагаар чөлөө авах талаар тодорхой зохицуулалт байхгүй. Энэ талаар ажилтанд урьдчилж сануулж, мэдэгдсэн зүйл байхгүй тул ажилтан өөрийн дээд албан тушаалтнаас чөлөө авсан нь хууль зүйн үндэслэлтэй. Үүнийг зөрчилд тооцох боломжгүй.

5.3. Ажилтан ажлын байранд байгаа тохиолдолд өөрийн малыг хариулах ямар ч боломжгүй бөгөөд малтай холбоотой гэрээг Н.Н-гийн нөхөртэй давхар байгуулсан. Н.Н- нэг гэр бүлийн хүн гэдэг утгаар гэрээнд гарсан үсэг зурснаас биш малаа хариуцан маллаж байгаа этгээд Н.Н-гийн нөхөр. Төмөр замын аюултай бүс рүү мал оруулсантай холбоотой үүссэн төлбөрийг нэхэмжлэгч төлсөн.

5.4. Хурлын тэмдэглэлд Н.Н- гэх хүн ээлжийн мастераас чөлөө авсан талаар тэмдэглэгдсэн. Гэхдээ Н.Н-гийн өөрийн нөхцөл байдлыг тайлбарласан тухай тайлбаруудыг дэлгэрэнгүй оруулаагүй, дандаа өөрийн бурууг хүлээн зөвшөөрсөн гэж зөрчилтэй тэмдэглэл гарсан. Мөн тус тэмдэглэлийг Н.Н-д танилцуулж, гарын үсэг зуруулсан зүйл байхгүй.

5.5. Н.Н-гийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулан, гэрээс нь 200 км зайтай газарт ажил, албан тушаалыг бууруулж томилж байгаа нь үндэслэлгүй. Тушаал гарсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлсийг нэхэмжилж, үүнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, лавлагаагаа хавсаргаж өгсөн, энэ талаар шүүхэд тайлбар гаргасан.

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дэлгэрэнгүй тайлбарлаж, дүгнэлт гаргасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н.Н- нь хариуцагч МОХНН УБТЗд холбогдуулан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.6 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус гомдол гаргаж шийдвэрлүүлсэн, улмаар мөн хуулийн 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журамд нийцсэнийг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. МОХНН УБТЗын Замын 3 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6/417 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.4, Замын 3 дугаар ангийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.4, хөдөлмөрийн гэрээний 5.3.4-д заасныг үндэслэн Замын 2 дугаар хэсгийн тор засагч Н.Н-гийн хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс цуцалж, мөн өдрөөс замын 9 дүгээр хэсэгт замчин (2-р зэрэг)-аар албан тушаал бууруулан ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсныг шүүх зөв тогтоосон байна.

Уг тушаалд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хариуцсан гармыг цагийн хуваарийн дагуу хаагаагүйн улмаас мал орж галт тэрэг яаралтай тормоз хийсэн дутагдал гарсан, мөн өөрийн эзэмшлийн мал торон хашаанд удаа дараа орсон, ажлын ур чадвар хангалтгүй гэсэн үндэслэл заажээ.

 

5. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар-Чойр чиглэлд аялалд явсан 3632 дугаар галт тэрэг Наран-Элгэн Оорцог-Энгэр хоорондын замын 596 дахь км-ын 6 дугаар зуутад галт тэрэгний зам дээр 2 ямаа дайрч яаралтай зогсолт хийж, 17:32-17:42 цагийн хооронд 10 минут саатсан үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

6. Тухайн өдөр Төмөр замын цагдаагийн газар Н.Н-гаас мэдүүлэг авах шаардлагатай талаар замын мастер Г.Б-д болон тор засагч Н.Н-д тус тус утсаар мэдэгдсэн, үүний дагуу Г.Б- нь Н.Н-д зөвшөөрөл олгож явуулсан, Н.Н- нь Төмөр замын цагдаагийн газрын Чойр зангилааны хэсэгт 12:00-16:25 цагийн хооронд байсан үйл баримтыг Замын 3 дугаар ангийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэл, Төмөр замын цагдаагийн газрын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13-3д/2062 дугаар албан бичиг, зохигчийн тайлбарыг үндэслэн шүүх зөв тогтоосон байна.

6.1. Замын 2 дугаар хэсгийн тор засагчийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл шууд харьяалан удирдах албан тушаалтан нь замын мастер байх бөгөөд Н.Н- нь Төмөр замын цагдаагийн газраас дуудсан талаар замын мастер Г.Б-д урьдчилан мэдэгдсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.9-д Ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ... ажлын цагаар ажлын байрандаа байгаагүй шалтгаанаа шууд харьяалах албан тушаалтан болон цахим бүртгэл хариуцсан ажилтанд урьдчилан мэдэгдэнэ гэж заасныг зөрчөөгүй.

Мөн замын мастер Г.Б- нь Н.Н-г цагдаагийн байгууллагаас дуудсантай холбоотойгоор түүнд чөлөө олгож явуулсан болох нь тогтоогдсон бөгөөд уг чөлөө нь Хөдөлмөрийн дотоод журмын 10.4 дэх заалт дахь хувийн чөлөө олгох хуудсаар олгох ажлын 1-5 өдрийн чөлөөнд хамаарахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.2. Түүнчлэн Замын 3 дугаар ангийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлд ангийн дарга Ж.А-ын Тухайн өдөр мастераас чөлөө авахдаа бичсэн чөлөө хүссэн өргөдөл хаана байна гэсэн асуултад ПД-2 Г.Б- ажил дээрээсээ цаашаа шууд яваад мэдүүлэг өгчихөөд ирье гэсэн болохоор зөвшөөрсөн. Тор засагч Н.Н-гаас тодорхойлолт авсан байгаа гэж хариулсан, мөн хурлын шийдвэрт ПД-2 мастерт сануулж байна. Дахиж хувийн чөлөө өгөхгүй, өргөдлийг үндэслэн чөлөө олгож байх гэж тусгасныг маргаан бүхий Замын 3 дугаар ангийн даргын 6/417 дугаар тушаалд заасан хууль зүйн үндэслэл, мөн ажилтны сахилгын зөрчлийг тодорхойлсонтой харьцуулж дүгнэхэд, Н.Н- чөлөө авахдаа эрх бүхий албан тушаалтны хувийн чөлөө олгох хуудас-аар баталгаажуулсан эсэх нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болоогүй байна.

6.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажилтны хувийн чөлөөтэй байх хугацаа нь ажлын цагт хамаарахгүй учир тухайн өдөр цагийн хуваарийн дагуу гарам хаагдаагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Үүний зэрэгцээ дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хувийн чөлөө олгох журам хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулагдах бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байр нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюултай бүсийн дэглэмийг сахиулах чиг үүрэгтэй албан тушаалтан бөгөөд цагдаа дуудсан гэх шалтгаанаар ажлын байрыг сул орхин явах эрхгүй, ажлаа бусад ажилтанд хариуцуулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал хариуцагчийн гаргасан Хөдөлмөрийн дотоод журам, Төмөр замын гарам ашиглах журамд ийм агуулга бүхий зохицуулалт тусгагдаагүй.

Иймд ажилтанд чөлөө олгосноор байгууллагын үйл ажиллагаанд үүсэх үр дагаврыг ажил олгогч хариуцах талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

7. Хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ц.Д тай Малчин айл өрх, иргэдтэй байгуулах гэрээ хэлцэл-ийг байгуулж, төмөр замын аюултай бүсэд мал хариулахгүй, оруулахгүй байх талаар тохиролцсон байх ба уг асуудал нэхэмжлэгчийн хөдөлмөр гэрээний үүрэгт хамааралгүйг шүүх зөв тогтоожээ.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий 6/417 дугаар тушаалд өөрийн эзэмшлийн мал торон хашаанд удаа дараа орсон гэсэн үндэслэл заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох-оор заасантай нийцээгүй гэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн тушаалд заасан нэхэмжлэгчийн ажлын ур чадвар хангалтгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба хариуцагч нь татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй талаар шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцжээ.

 

8. Дээр дурдсанаас дүгнэхэд, нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хариуцсан гармыг цагийн хуваарийн дагуу хаагаагүйн улмаас мал орж галт тэрэг яаралтай тормоз хийсэн дутагдал гарсан, мөн өөрийн эзэмшлийн мал торон хашаанд удаа дараа орсон, ажлын ур чадвар хангалтгүй гэсэн сахилгын зөрчлүүд гаргасан болох нь тогтоогдоогүй байна. Хариуцагчийн гаргасан шүүх нотлох баримтыг үнэлээгүй, буруу үнэлсэн, үйл баримтыг буруу дүгнэсэн гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

9. Иймээс хариуцагч МОХНН УБТЗын Замын 3 дугаар ангийн даргын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/417 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т нийцээгүй тул шүүх мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Н-г МОХНН УБТЗын Замын 3 дугаар ангийн замын 2 дугаар хэсгийн тор засагчийн ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тушаалд заасан тул шүүх тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь зөв.

Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажлын 119 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу холбогдох тооцоолол хийж 11,728,835 төгрөгөөр тогтоосон, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч ажилгүй байсан ямар хугацаанд ямар хэмжээний олговрыг хэрхэн тооцон шаардаж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээгүй, шүүх энэ шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулаагүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь, тус маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасан байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол-оор авч хэлэлцэх хэрэг бөгөөд мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч нь гомдлын хууль зүйн үндэслэл, нотолгоог гаргах, байгууллагын төлөөлөгч нь гомдлыг зөвшөөрөхгүй байвал татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох замаар мэтгэлцэх журамтай. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцсон нь үндэслэлтэй.

Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт олговрын дүнг тусгахдаа 29,750,595 төгрөг гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй алдааг залруулсан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2024/01931 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад 29,750,595 гэснийг 11,728,835 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 202,611 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Д.ЗОЛЗАЯА