| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0090/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 90
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны тахимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Б-д холбогдох эрүүгийн 1918000140053 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.Б-, 1993 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан. Сүүлд:
-Орхон аймаг дахь Сум дундын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч П.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг, Алпео таун хотхоны 3-94 тоотод хардалт, хувийн маргааны улмаас хамтран амьдрагч Б.Б-ыг зодож эрүүл мэндэд нь "тархи доргилт, нүүр болон зүүн сарвууны шарх, нүүрний цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч П.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчим хамтран амьдарч байсан Б.Б-тай хамт архи ууж, улмаар маргалдан түүний гарыг хутгаар зүссэн. Мөн Б.Б-ыг гарах гэхээр нь гаргахгүй гээд барьж авч зууралдаж улмаар түүний нүүр орчимд нь нэг удаа өшиглөсөн. Би өөрийн буруугаа ойлгож, гэмшиж байна гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Б.Б-ын өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчим 16 давхар барилгын ард байрлах цахилгаан эрчим хүчний газар төлбөрийн лавлагаа авахаар хамтран амьдрагч П.Б-ын хамт очиж би заалт авхаар орж тэр хооронд П.Б- хамт явсан хүмүүсийг буулгахаар явсан. Тэгээд намайг гарч ирэхэд ирчихсэн төлбөрөө үзүүлтэл яагаад ийм их гарсан юм ээж тушаасан гэсэн гээд ээж рүүгээ гар утсаар залгаж ярьж асууж байхдаа маргалдаад байхаар нь би ээжтэйгээ аятайхан ярь гэсэн чинь дуугүй бай гэсэн. Би ч юм дуугараагүй. П.Б- тамхи авна гээд үйлчилгээний төвд очиж буусан. Удалгүй гарч ирээд бид хоёр шууд харьсан. Гэртээ ороод маргахад П.Б- нэг шил 0,5 мл савалгаатай Хараа гэдэг архи гаргаж ирээд ширээн дээр тавихаар нь чи яах гээд байгаа юм бэ өнөөдөр хүүхдийн чинь шинэ жил болно гэхэд дүүгээ явуулчихъя хоёулаа ууя гэсэн. Тэгээд би за тэгвэл хоёулаа үүнийг уучихаад унтана шүү гээд бид хоёр хамт ууж байтал найз Цолмонбаяр нь ирсэн. Найз нь ирэхэд П.Б- хамт ууя гээд байсан. Харин Ц- үгүй маргааш ажилтай гээд цай хоол идчихээд гараад явсан. Тэгээд намайг дахиад ганц юм уучихъя гээд байхаар нь би Альфа таун хотхоны зүүн талд байрлах хамгийн ойрхон дэлгүүрээс 0,5 литрийн савалгаатай “Соёрхол” гэх бичигтэй архи нэг том ундаа аваад гэртээ оруулж П.Б-д өгчихөөд хиам зүсэж идээд сууж байтал намайг чи хот явахаараа утсаа авахгүй өөр хүнтэй явалддаг гээд хардаад бид хоёр маргалдсан. Тэгж байгаад би гарах гэтэл намайг гаргахгүй гээд миний үснээс зулгааж татаад миний нүүр рүү өшиглөчихсөн. Ингээд П.Б- гал тогоонд очоод текэн дээр байсан хутга аваад миний баруун талын ташаа орчим хутганы ишээр тулгахаар нь би хутгатай гарыг нь түлхэж холдуулаад чи яаж байгаа юм бэ гэхэд хутгаа орон дээр тавьсан. тэгээд дахиж маргаад П.Б- хутгыг дахиж азаад миний зүүн талын бугалга хэсэг рүү хатгах гэхээр нь би хутганаас нь бариад авахад П.Б- хутгаа татаж авахад миний гарыг зүсчихсэн юм. Би гараа зүсүүлээд цус гараад цусаа тогтоож угааж байх хооронд П.Б- тасраад унтаад өгөхөөр нь би гарч цагдаад дуудлага өгөөд эмнэлэг явсан гэх мэдүүлэг /хх 8/,
Гэрч Б.Ц- өгсөн: Би 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед П.Б-той утсаар ярихад гэртээ байна гэхээр нь очсон. Намайг гэрт нь ороход П.Б- найз хүүхэн Б.Б-тайгаа хоёулаа 0,5 граммын архи ууж байсан. Архи нь талаасаа доошоо орчихсон хоёулаа халамцуу байж байсан би архинаас нь уугаагүй. Тэгэхэд хэнтэй уугаад хэнтэй уудаггүй юм гээд Б.Б- нь үг хаяад байсан. Би удаагүй ойролцоогоор 15 минут болоод л гарч явсан. Тэгтэл орой цагийг нь мэдэхгүй байна П.Б-ын ээж утсаар залгаад та нар өнөөдөр уулзсан уу гэхээр нь би гэрт нь очсон гэж хэлэхэд утсаа салгасан. Ингээд нэлээд хэд хоногийн дараа П.Б- залгаад би өөрөө унаад хөлөө хугалсан гэж хэлсэн өөр юм яриагүй. Цаашаа юу болсныг нь би мэдэхгүй байна. Намайг гарахад П.Б-, Б.Б- хоёр маргалдаж хэрэлдээгүй л үлдсэн юм. Газарт нэг шил архи тавьчихсан хоёулаа хажууд нь сууж байсан гэх мэдүүлэг /хх 11/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 80 дугаартай шинжээчийн дүгнэлт:
"1.Б.Б-ын биед тархи доргилт, нүүр болон зүүн сарвууны шархнууд, нүүрний цус хуралт тогтоогдлоо.
2.Б.Б-ын биед илэрсэн нүүр, зүүн сарвууны шархнууд нь хурц ир, үзүүртэй багажийн, нүүрний цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно
4.Б.Б-ын биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй " гэжээ /хх 25/,
Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдэлийн түвшин 7-12 буюу дунд гарсан гэх тэмдэглэл /хх 6-7/, хамтарсан багийн хурлын дүгнэлт /хх 28/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 29-31/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар "эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд"-ийг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Б- нь Б.Б-тай 2016 оноос хойш хамтран амьдарч байгаа болох нь тэдний мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болно.
Шүүгдэгч П.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-тай маргалдан зодож эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь "тархи доргилт, нүүр болон зүүн сарвууны шархнууд, нүүрний цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т "хамтран амьдарч байгаа хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй" зааснаар бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Б.Б- нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тайлбар /хх 71/ ирүүлсэн тул шүүгдэгч гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч П.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч П.Б- нь урьд нь 2 удаа ял шийтгэгдэж сүүлд: Орхон аймаг дахь Сум дундын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх 55-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх 51/ тогтоогдож байх бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч П.Б- нь дээрх 500 000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн болох нь хавтаст хэргийн 59-р хуудсанд авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2019.01.31-ний өдрийн 42/74 дугаартай "П.Б- нь торгох ялын 500 000 төгрөгийг төлж, 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болгосон байна" гэх албан тоотоор тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч П.Б-д ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Б-ыг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 181800014053 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ