Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 404

 

               Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр баг, 6-08 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОС65111106, Булгадар овогт Дольжавын Цолмонгийн,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Д.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1965 онд төрсөн, 51 настай. Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын аймаг дундын Модны үйлдвэрийн зүсмэлийн цехэд 1981 оноос 1993 оныг дуустал нормчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болсон ба хөдөлмөрийн дэвтэр засвартайгаас гадна орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учраас ажилласан байдлаа тогтоолгохооор шүүхэд хандаж байна. Иймд 1981 оны 7 дугаар сараас 1993 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Б.Хашхүү, З.Нямсүрэн нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Цолмон нь 1981 оны 7 дугаар сараас 1993 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

         Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Дольжавын Цолмонгийн 1981 оны 7 дугаар сараас 1993 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

      Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн захиргаанаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.Цолмонд олгосон 187263 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон болон 1993 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлсөн бичилтүүд засвартай бичигджээ”.

        Увс аймгийн Цагаанхайрхан сумын аймаг дундын Модны үйлдвэрийн даргын 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар “Тарифт цалин олгох тухай” тушаалд: “Таван сумын бүсчилсэн тэмцээнд оролцсон раммчин Д.Цолмонд 5 дугаар сарын 20-25-ны өдөр хүртэл тарифт цалин бодож олгохыг эдийн засагч З.Лхагвасүрэнд зөвшөөрсүгэй” гэжээ.

Намын үүр, Үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Д.Цолмонд олгосон талархалд: “Д.Цолмон та МАХН-ын 19 дүгээр их хурал, Ардын хувьсгалын 66 жил, Үйлдвэр байгуулагдсаны 20 жилийн ой угтсан социалист уралдаанд амжилт гаргасан явдалд баяр хүргэж талархлын хуудас олгов” гэжээ.

       Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаанд: “”Шинэс” ХК нь 1992-1994 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд үйл ажиллагаа явуулж цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн болно” гэжээ.

      Нэхэмжлэгч Д.Цолмон нь 1988 онд Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг хэрэгт авагджээ.

           Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Хашхүү, З.Нямсүрэн нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Хашхүүгийн “Миний бие нь 1975 оноос 2000 оны хооронд Увс аймгийн Цагаанхайрхан  сумын Модны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан. Д.Цолмон нь 1981 онд миний төрсөн дүү Б.Дашхүүтэй 8 дугаар ангиа хамт төгсөөд манай байгууллагад нормчноор ажиллаж эхэлсэн. Д.Цолмон нь хөрөө рамм дээр ажиллаж байсан бөгөөд модыг уулнаас татаж хөрөөдөн банз болгож гаргадаг байсан. Д.Цолмон бид хоёр 1994 он хүртэл хамт ажилласан. Д.Цолмон нь эрхэлсэн ажлаа чанартай сайн хийж гүйцэтгэн Цагаанхайрхан сумын депутат гэсэн тэмдгээр шагнуулж байсан. Тухайн үед Модны үйлдвэрийн даргаар Санжжав, Шархүү, Цэрэндорж гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч З.Нямсүрэнгийн ” Миний бие нь 1977 оноос 1994 оны хооронд Увс аймгийн Цагаанхайрхан  сумын Модны үйлдвэрт уулын тракторчноор ажиллаж байсан. Д.Цолмон нь 1981 оноос эхлэн тус сумын Модны үйлдвэрт нормчноор ажиллаж эхэлсэн. Д.Цолмон нь хөрөө рамм дээр ажиллаж байсан бөгөөд модыг уулнаас татаж хөрөөдөн банз болгож гаргадаг байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

            Нэхэмжлэгч Д.Цолмонгийн 187263 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн бичилтүүд засвартай, 1988 онд Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

           Нэхэмжлэгч Д.Цолмон нь 1981 оны 7 дугаар сараас 1993 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Цагаанхайрхан сумын аймаг дундын Модны үйлдвэрийн даргын 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар “Тарифт цалин олгох тухай” тушаал, Намын үүр, Үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон талархал, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 205 дугаар шимтгэл төлөлтийн лавлагаа, гэрч Б.Хашхүү, З.Нямсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

         Иймд нэхэмжлэгч Д.Цолмонгийн хүсэлтийг хангаж, түүний 1981 оны 7 дугаар сараас 1993 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт нормчноор 12 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булгадар овогт Дольжавын Цолмонгийн 1981 оны 7 дугаар сараас 1993 оныг дуустал Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт нормчноор 12 /арван хоёр/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.        

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Д.Цолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ